- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУЛЖ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ҮЙЛДВЭРЛЭЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /ЗГ-ын 2002 оны 97-р тогтоолоор хүчингүй болсон/
/ЗГ-ын 2002 оны 97-р тогтоолоор хүчингүй болсон/
Засгийн газрын 2001 оны
174 дүгээр тогтоолын хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ СОНГОН
ШАЛГАРУУЛЖ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ҮЙЛДВЭРЛЭЛД
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 5, 14 дүгээр зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дүгээр заалтад заасны дагуу согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулж зөвшөөрөл олгох, үйлдвэрлэлд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.
2. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын үйлдвэрийн газарт энэ журам нэгэн адил хамаарна.
Хоёр. Сонгон шалгаруулах журам
3. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд зөвшөөрөл олгох аж ахуйн нэгж, байгууллагын тоо, байршил, үйлдвэрлэлийн хүчин чадал, сонгон шалгаруулах хугацааг согтууруулах ундааны хэрэгцээ, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан жил бүрийн 1 дүгээр сард тогтоож зарлана.
4. Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр олгох бөгөөд төсөлд дараахь нөхцөл, шаардлагыг тусгасан байна:
4.1.Зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр байх;
4.2.Согтууруулах ундааны үйлдвэр байгуулах зургийн даалгавар, эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоог боловсруулсан байх;
4.3.Үйлдвэрийн зураг төсөл боловсруулахад шаардагдах техникийн нөхцлийг бэлэн болгосон байх, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу хэмжил зүйн экспертиз хийлгэсэн байх;
4.4.Исгэлтийн үйлдвэрлэлийн технологич, мэргэшсэн ажилчидтай байх;
4.5.Үйлдвэрийн дотоод дүрэм, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлыг хангах дүрмийн төслийг бэлтгэсэн байх;
4.6.Үйлдвэрлэл явуулах байр нь эрүүл ахуй, ариун цэвэр, техникийн болон галын аюулгүйн дүрмийн шаардлага хангасан байх, энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагуудын санал, дүгнэлт авсан байх;
4.7.Түүхий эд, бүтээгдэхүүний чанарт физик, хими,микробиологийн иж бүрэн шинжилгээ хийх лаборатори байгуулах шаардлагыг хангасан байх;
4.8. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний 20-иос доошгүй хувийг жижиглэн /250 гр, түүнээс бага хэмжээгээр/ савлах нөхцөл бүрдүүлэх, шошгоны загварыг стандартад заасны дагуу боловсруулж, түүнд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс гарч болох хор хөнөөл, хэрэглээний соёлын талаархи санамж тусгасан байх;
4.9.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдах татварын албаны тодорхойлолт.
5.Аж ахуйн нэгж, байгууллага нь согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргах ба энэхүү журмын 4-т заасан шаардлагыг тусгасан төслийг хавсаргасан байна.
6.Хүсэлт, төслийн материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүлээн авч, мэргэжлийн хэсэг томилон урьдчилсан сонгон шалгаруулалт хийж, зөвшөөрөл гаргуулах шаардлагатай гэж үзсэн материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын саналын хамт хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан ирүүлнэ.
7. Дээрх материалыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч Санхүү, эдийн засгийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан шийдвэрээр ажлын хэсэг томилон сонгон шалгаруулах нөхцөл, согтууруулах ундааны орон нутгийн хэрэгцээ, хангалтын бодлого, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл эрхлэх нөхцөл, шаардлага, шалгуурыг үндэслэн сонгон шалгаруулалт хийж, дүгнэлт санал гаргана.
8. Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагад согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.
Гурав. Шинээр үйлдвэрлэл эрхлэгчийн
хэрэгжүүлэх үйл ажиллагаа
9.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага нь доорхи үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
9.1. Зургийн даалгаврын дагуу зураг төсөл хийлгэж, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулан, үйлдвэрийн барилгыг барьж байгуулах, ашиглалтад бэлэн болгох;
9.2.Ажиллагсдыг сургаж дадлагажуулах, мэргэжлийн заавар, зөвлөмж өгөх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, хүнсний үйлдэрлэлийн ариун цэвэр, аюулгүй ажиллаагааны дүрэм, заавартай танилцуулах;
9.3.Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг угсрах, лаборатори байгуулах, даралтат сав, хэмжих хэрэгслийг шалгуулж баталгаажуулах;
9.4.Үйлдвэрлэлийн туршилт явуулах;
9.5.Туршилтаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, түүхий эд /спирт, зөөлрүүлсэн ус, улаан буудай, арвайн соёолж/-ийг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж холбогдох хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулах;
9.6.Мэргэжлийн технологич ажиллуулж, түүхий эд хүлээн авахаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн гаргах хүртлэх технологийн үе шатанд чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлж, технологийн бүртгэл хөтөлж хэвших;
9.7.Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн болон лабораторийн шинжилгээнд мөрдөх улсын стандартыг бүрдүүлсэн байх.
10. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага үйлдвэрийг ашиглалтад оруулах хүсэлтийг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын албанд тавина.
11. Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба, Эрүүл мэндийн улсын хяналтын алба, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв, тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын алба, гал түймэртэй тэмцэх байгууллагатай хамтран үйлдвэрийн байр, техник технологийн байдал, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, лабораторийн нөхцөл, ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлыг төслийн материалтай харьцуулан шалгаж, дүгнэлт санал гаргана.
12. Уг дүгнэлт, саналыг үндэслэн зохих шаардлага хангасан аж ахуйн нэгж,байгуулагад Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээ олгоно.
13.Гэрчилгээнд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх шийдвэр, байршил, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, бүтээгдэхүүний чанарын шинжилгээний дүгнэлт, үйлдвэрлэл эрхлэх хугацааг заана.
14.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага нь бүтээгдэхүүнээ Стандартчилал,чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 8, 11 дүгээр зүйлийн дагуу баталгаажуулалтад хамруулж, зохих зөвшөөрөл, гэрчилгээ авсан байна.
15. Согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь байршлаа өөрчлөн тухайн хот, аймгаас өөр хот аймагт шилжих, өөрийн салбарыг шинээр нээн ажиллуулах тохиолдолд үйлдвэрлэл шинээр эрхлэгчийн нэгэн адил материал бүрдүүлж, энэхүү журмын хоёрдугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлүүлнэ.
16.Сүүн бүтээгдэхүүнээр шимийн архи үйлдвэрлэх эрх олгох, үйлдвэрлэлийн ажиллагаанд хяналт тавих ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохицуулна.
17.Согтууруулах ундааг үйлдвэрийн зөвшөөрөгдсөн байршлаас өөр газар савлах, бусдын шошго, нэр ашиглаж үйлдвэрлэл эрхлэхийг хориглоно.
Дөрөв. Хяналт тавих журам
18. Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүний чанар, стандартын мөрдөлт, лабораторийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар байнгын хяналт тавьж ажиллана.
19. Согтууруулах ундааны аюулгүйн болон чанарын хөндлөнгийн хяналтын бүрэн шинжилгээг /хими, микробиологи, хор судлал, хүнд металл/ итгэмжлэгдсэн лабораториудад улиралд хоёроос доошгүй удаа хийлгэж, эрх бүхий албан тушаалтнаар дүгнэлт гаргуулна. Шинжилгээний дээжийг мэргэжлийн хяналтын байцаагч газар дээр нь зохих журмын дагуу авна.
20. Аж ахуйн нэгж, байгууллага нь хандмал болон тусгай технологиор үйлдвэрлэх согтууруулах ундаа, цагаан архинд улсын стандартын үзүүлэлт, шаардлагыг өндөржүүлсэн буюу дэлгэрүүсэн хэм хэмжээг заасан байгууллагын стандартыг батлуулж мөрдүүлсэн байна.
21. Согтууруулах ундааны үйлдвэр, цех нь байгууллагын дотоод хяналтыг бүтээгдэхүүний болон шинжилгээний аргын улсын стандартын хангалт мөрдөлт, лабораторийн шинжилгээгээр дамжуулан хэрэгжүүлнэ.
22. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар аж ахуйн нэгж, байгууллагын жилийн үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хийсэн шалгалтын дүнг жил бүрийн эхний улиралд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж байна.
23. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон мэргэжлийн хэсэг тухайн орон нутагт согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж байгаа нийт аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл эрхлэх эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө техник, технологийн ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэвэр, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүйн шаардлага, анхан шатны бүртгэл /технологийн болон лабораторийн журнал/ хөтлөлт, татвар төлөлт болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж аттестатчилна.
24. Аттестатчилалын дүнг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг сунгах эсэх тухай саналаа аймаг, нийслэлийн Засаг дарга хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Энэ саналд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:
24.1. Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн акт, хурлын тэмдэглэл;
24.2. Стандартчилал хэмжил зүйн төв, эрүүл мэндийн улсын хяналтын алба, гал түймэртэй тэмцэх байгууллагын шалгалтад оролцсон байцаагчдын дүгнэлт;
24.3. Спиртийн татан авалт, зарцуулалт, зориулалт, онцгой албан татварын төлөлтийн талаар татварын албанаас шалгасан шалгалтын дүн;
24.4. Бүтээгдэхүүний чанарт хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн бүрэн шинжилгээ /хими, микробиологи, хүнд металл, хор судлалын үзүүлэлтээр/-ний дүн;
24.5. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний болон согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хуулбар, жилийн ажлын тайлан;
24.6. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв, эрх бүхий чанарын баталгаажуулалт хийх лабориториос олгосон зохих зөвшөөрөл, гэрчилгээний хуулбар.
25.Үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх хугацааг хүнсний асуудал эрхэлсэн сайдын тушаалаар сунгана.
26.Согтууруулах ундааны үйлдвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагууд хэрхэн хяналт тавьж, ямар үр дүнд хүрч байгаа талаар мэргэжлийн хяналтын улсын албад шалгаж, холбогдох арга хэмжээ авна.
Тав. Хариуцлага
27.Улсын байцаагч нь аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дараахь тохиолдолд хүчингүй болгох тухай саналыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулна:
27.1.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулалгүй үйлдвэрлэл эрхэлсэн;
27.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн;
27.3.Зөвшөөрөлд заагдсан үйлдвэрийн байршлыг дур мэдэн өөрчилсөн;
27.4.Согтууруулах ундааг хүнсний зориулатын бус түүхий эдээр болон зориулалтын биш төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн;
27.5.Технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан;
27.6.Үйлдвэрийн дотоодын болон хөндлөнгийн хяналтын шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн;
27.7.Онцгой албан татварын тэмдэггүй архи худалдаанд нийлүүлсэн, хуурамч тэмдэг хэрэглэсэн буюу үйлдвэрлэх, худалдах, худалдан авах, хадгалах үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах зэргээр Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчсөн;
27.8.Согтууруулах ундааг зөвшөөрсөн байршлаас өөр газар савласан, бусдын шошго, нэр ашиглаж үйлдвэрлэл явуулсан.
28.Энэ дүгнэлт саналыг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуйн сайд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
29.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн бол үйлдвэрлэлийг зогсоож,холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
30.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх явцад зөрчил, дутагдал гарсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан холбогдох хуулийн заалтын дагуу захиргааны арга хэмжээ ногдуулна.
31.Засгийн газрын шийдвэр гарснаас хойш архи, дарс, пивоны үйлдвэрлэл эрхлэлгүй 2 жил, спиртийн үйлдвэрлэл эрхлэлгүй 3 жилийн хугацаа өнгөрсөн аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцно. Энэ тухай саналыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
Зургаа. Бусад зүйл
32.Энэхүү журмыг мөрдөх явцад үйлдвэрлэгч нь зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, мэргэжлийн хяналтын болон захиргааны байгууллагуудын хяналт шалгалтын дүгнэлт, шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо дээд шатны байгууллага буюу шүүхэд хандан тавьж болно.
---оО---
Текст томруулах
A
A
A