A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ ТӨЛӨХ ХУГАЦААГ 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР СУНГАХ ЭСХҮЛ УГ ТАТВАРЫГ 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭСЭГЧЛЭН ТӨЛӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 192 дугаар
тогтоолын хавсралт

 

ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ
ТӨЛӨХ ХУГАЦААГ 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР СУНГАХ
ЭСХҮЛ УГ ТАТВАРЫГ 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД
ХЭСЭГЧЛЭН ТӨЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарт улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажил (цаашид “улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ” гэх)-д зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд оруулах эсхүл оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100.0 (нэг зуун) тэрбум төгрөг болон түүнээс дээш бол Засгийн газраас энэ журамд заасны дагуу хөрөнгө оруулагчийн төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх (цаашид “албан татвар хойшлуулах” гэх) шийдвэрийг гаргаж болно. 

1.3. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар 2 жил тутам шинэчлэн тогтоож байна.

Хоёр. Улсын чанартай томоохон төсөл,
арга хэмжээ

2.1. Албан татвар хойшлуулах улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээний саналыг тухайн хөрөнгө оруулалтыг хүлээн авах салбарын яамнаас тодорхойлж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсэний үндсэн дээр Засгийн газарт хүргүүлнэ.

2.2. Засгийн газраас албан татвар хойшуулах хугацааг улсын чанартай томоохон төсөл, хөтөлбөрийн онцлог, түүний үр өгөөж, хэрэгжих хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч 2 жил хүртэл хугацаагаар ялгавартайгаар тухай бүр тогтооно.

2.3. Энэ журмын 2.2-т заасан хугацааны хуваарь, төлөх татварын хэмжээг Засгийн газрыг төлөөлж тухайн хөрөнгө оруулалтыг хүлээн авах салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай албан татвар хойшуулах гурвалсан гэрээ байгуулан  тогтоож, гэрээний хэрэгжилтэд хамтын хяналт тавина.

2.4. Албан татвар хойшлуулах гэрээнд талуудын эрх, үүрэг, импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн (БТКУС) дагуу ангилсан жагсаалт, хойшлуулах албан татварын хэмжээ, албан татвар хойшлуулах хугацаа, төлөх дараалал, хариуцлага зэргийг тусгасан байна.

2.5. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нь энэ журмын 2.4-т заасан гэрээний эрх, үүргээ шууд болон шууд бус аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.

2.6. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээний үргэлжлэх хугацаа тасалдсан, хойшлогдсон, түр хугацаагаар зогссон, сунгагдсан зэрэг аливаа байдлаар өөрчлөгдсөн нь албан татвар хойшлуулах хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй.


Гурав. Гаалийн бүрдүүлэлт

3.1. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн /БТКУС/ дагуу ангилсан жагсаалт, албан татвар хойшлуулах Засгийн газрын шийдвэрийг тус тус үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ.

3.2. Гаалийн бүрдүүлэлтэд Гаалийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн     61.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно.” гэж заасны дагуу тухайн мэдүүлсэн өдөр Монголбанкнаас зарласан албан ханшаар гаалийн үнэлгээ, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож ногдуулна.

3.3. Албан татварыг хойшлуулах хугацаанд тухайн албан татварын хувь, хэмжээнд хууль тогтоомжоор өөрчлөлт орсон нөхцөлд гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрийн албан татварын хувь, хэмжээг дагаж мөрдөнө. 

Дөрөв. Албан татвар хойшлуулах хугацаа

4.1. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн албан татвар хойшлуулах хугацааг Засгийн газрын шийдвэрт зааж өгнө.

Тав. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан
татварыг барагдуулах

5.1. Энэ журмын 4.1-д заасан хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж барагдуулаагүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн          294 дүгээр зүйлийн 294.1-д заасны дагуу төлөгдөөгүй албан татварын дүнд хүү тооцно.

5.2. Албан татвар хойшлуулах гэрээнд заасан албан татвар төлөх графикт хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй нь энэ журмын 5.1-д заасан хүү тооцох үндэслэл болно.

Зургаа. Бусад


6.1. Энэ журмаар зохицуулаагүй бусад асуудлыг Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар зохицуулна. 

 

 

----оОо----