A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦАГДАН ХОРИХ БАЙР, ХОРИХ АНГИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ҮЕД ХУЯГЛАН ХҮРГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон/.
Бүлэг: 1979

/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон/.

Хууль зүйн сайдын 2014 оны

А/97 дугаар тушаалын хавсралт

 

ЦАГДАН ХОРИХ БАЙР, ХОРИХ АНГИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ

ҮЕД ХУЯГЛАН ХҮРГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар цагдан хорих байр, хорих ангид байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх ажиллагаа явуулах, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх ажиллагааг явуулахдаа Тахарын албаны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3.Цагдан хорих байр, хорих ангийг өөрчлөн байгуулах, татан буулгах болон байгалийн гамшиг учирсан үед хоригдож байгаа болон ял эдэлж буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хүч нэмэгдүүлсэн харуул хамгаалалтын дор техник хэрэгсэл ашиглан хуяглан хүргэх ажиллагааг ойлгоно.

Хоёр.Нүүлгэн шилжүүлэх үеийн хуяглан хүргэх ажиллагааны хамрах хүрээ

2.1.Цагдан хорих байрыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийн дагуу Тахарын алба хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааг хариуцан зохион байгуулна.

2.2.Хорих ангийг нүүлгэн шилжүүлэх үед Тахарын албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу ял эдэлж байгаа ялтныг хуяглан хүргэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүсэлтээр Тахарын алба дэмжлэг үзүүлж болно.

Гурав.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагаа явуулах удирдлага, зохион байгуулалт

3.1.Цагдан хорих байрыг нүүлгэн шилжүүлэх үед хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны төлөвлөгөө, хуваарийг Тахарын ерөнхий газрын дарга батална.

3.2.Хорих ангийг нүүлгэн шилжүүлэх үед ял эдэлж байгаа ялтныг хуяглан хүргэх ажиллагааны төлөвлөгөө, хуваарийг Тахарын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран боловсруулж батална.

3.3.Нүүлгэн шилжүүлэх үеийн хуяглан хүргэх ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дараах зүйлийг тусгана:

3.3.1.цуваанд хүлээлгэн өгөх бүлэг, цувааны хамгаалалтын бүлэг, яллагдагч, ялтныг хүлээн авч байршуулах бүлгийн гүйцэтгэх үүрэг;

3.3.2.зайлшгүй тохиолдолд галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх, хамгаалалтын болон дайралтын бүлгийн гүйцэтгэх үүрэг;

3.3.3.албаны нохой ашиглах;

3.3.4.нүүлгэн шилжүүлэх сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны нас, хүйсийн байдал;

3.3.5.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны тоо;

3.3.6.цаг агаар, газар орон, улирлын нөхцөл байдал;

3.3.7.учирч болзошгүй нөхцөл байдал;

3.3.8.зорчих тээврийн хэрэгслийн тоо, техникийн бүрэн бүтэн байдал;

3.3.9.явах чиглэлийн 2-оос доошгүй хувилбар;

3.3.10.дэмжлэг үзүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах талаар.

3.4.Нүүлгэн шилжүүлэх үеийн хуяглан хүргэх ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчийг томилохдоо, галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл олгон, албаны болон хувийн бэлтгэлийг сайтар хангуулна.

3.5.Нүүлгэн шилжүүлэх үеийн хуяглан хүргэх ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд орсон алба хаагчийн хувийн болон албаны бэлтгэлийг шалгаж дараах үүргийг өгнө:

3.5.1.нүүлгэн шилжүүлэх ажиллагааны зорилго, хугацаа;

3.5.2.хуяглан хүргэх газар, явах чиглэл, түр зогсолт хийх, хоноглох газар;

3.5.3.хуяглан хүргэх ажиллагааны явцад байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл болон нийтийн эмх замбараагүй байдал үүсч болзошгүй үед ажиллах;

3.5.4.тээврийн хэрэгслийн осол, эвдрэл гэмтэл гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хэрхэн хуяглан харгалзах заавар.

Дөрөв.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үеийн хуяглан хүргэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах

4.1.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед яллагдагч, шүүгдэгч, ялтныг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааны журмаар хуяглан хүргэнэ.

4.2.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагааг удирдаж буй албан тушаалтан нь цагдан хорих байрнаас батлагдсан нэрсээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хүлээн авч, хувийн хэргийн бүрдлийг шалган түүний бие болон эд зүйлд үзлэг, нэгжлэг хийж, холбогдох хууль, дотоод журмаар зөвшөөрөгдсөнөөс бусад эд зүйлийг хураан авч, тухайн цагдан хорих байрны тоо бүртгэлийн ажилтанд тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө.

4.3.Хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагаа явуулж байгаа бие бүрэлдэхүүн шаардлагатай тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны эрүүл мэндийн байдалд эмнэлгийн дүгнэлт гаргуулж болно.

4.4.Хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагаагаар хүргэгдсэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байр, хорих ангийн ээлжийн бүрэлдэхүүнд хувийн хэрэгтэй нь тулган хүлээлгэн өгөөд Тахарын Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэсэгт нэн даруй мэдэгдэнэ.

4.5.Галт тэрэг, нисэх онгоцоор хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагаа явуулах, аюулгүй байдлыг хангах журмыг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллана.

4.6.Эмэгтэй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг эсрэг хүйсний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтнаас тусад нь хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэнэ.

4.7.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх ажиллагааны үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж болох ба насанд хүрээгүй, сэтгэцийн өвчтэй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэхэд шаардлагатай тохиолдолд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж болно.

4.8.Нүүлгэн шилжүүлэх үед хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааны үед дуу, дүрс бичлэгийн техник, хэрэгсэл ашиглан баримтжуулж тэмдэглэл хөтөлнө.

4.9.Цагдан хорих байр, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх үед хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаа явуулахдаа батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу дараах байдлаар зохион байгуулна:

4.9.1.тээврийн хэрэгслүүд нь цуваагаар явах бөгөөд цувааны урд, хойд талд нь 2-оос доошгүй тусгай дуут болон гэрлэн дохиотой автомашин хамгаалалтад явах;

4.9.2.цуваа саадгүй явах замын чиглэл, түр зогсох байрлал /төмөр замын гарам, гэрлэн дохио/-ыг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэж, хамгаалалтын арга хэмжээ авах;

4.9.3.тээврийн хэрэгсэлд яллагдагчийг нэг нэгээр нь суулгах, буулгах;

4.9.4.ажиллагааны явцад замын уулзвар, саад учирч болзошгүй цэгт замын хөдөлгөөнийг зохицуулахад Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах.

4.10.хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарь болон Тахарын албанаас дэмжлэг үзүүлэхээр ирсэн алба хаагчид нүүлгэн шилжүүлэх ажиллагааг удирдаж буй албан тушаалтны тушаал зааврын дагуу ажиллана.

4.11.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагааг удирдаж буй албан тушаалтан нь бусад томилогдсон албан хаагчдын бэлэн байдал, сахилга бат, түүнчлэн яллагдагч, ялтны аюулгүй байдлыг хангаж ажиллана.

4.12.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагаанд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл нь холбооны хэрэгслээр тоноглогдсон, дуут дохио, зориулалтын дагуу тусгаарлах кабин, бэхлэгдсэн сандал, бэхэлгээний тоноглол, цонх, хаалганд хамгаалалтын тортой байна.

4.13.Хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагааг удирдаж буй албан тушаалтан нь ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүнийг шуурхай удирдлагаар хангаж, аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд Мэдээлэл шуурхай удирдлагын хэсэгт мэдэгдэн бусад байгууллагын дэмжлэг авах асуудлыг шийдвэрлэнэ.

4.14.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарь, үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, хугацаа, хуяглан хүргэж байгаа этгээдийн тоо, чиглэлийн нууцлалыг хангаж ажиллана.

4.15.Нүүлгэн шилжүүлэх үед хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагааны батлагдсан чиглэлийг өөрчлөх, зөрчихийг хориглоно.

4.16.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагаа явуулсан тухай илтгэх хуудсыг Тахарын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад илтгэснээр дуусгавар болно.

Тав.Бусад зүйл

5.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.