A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХАНГАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 Хууль зүйн сайдын 2014 оны

А/112 дугаар тушаалын хавсралт

 

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХАНГАХ АЮУЛГҮЙ

БАЙДЛЫН ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан иргэний мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, уг арга хэмжээнд оролцох байгууллагын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг тогтооход Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Цагдаагийн албаны тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн нууцыг хамгаалах журам, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг баримтална./ХЗДХС-ын 2017 оны А/153, 2021 оны А/79 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

1.2.Эрх бүхий байгууллага гэдэгт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт дурдсан байгууллагуудыг ойлгоно.

1.3.Эрх бүхий албан тушаалтан гэдгийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад зааснаар ойлгоно.

Хоёр.Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах

2.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хамгаалалтын арга хэмжээг бүртгэлийн асуудал эрхэлсэн холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

2.2.Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу прокурор, шүүгч, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авах шийдвэрийг бичгээр гаргана. ХЗДХС-ын 2021 оны А/79 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон.

2.3.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан мэдээллээс гадна регистрийн дугаар, эрхэлж байгаа албан тушаал, цахим хаяг,  харилцагч банкны мэдээлэл зэрэг бусад шаардлагатай мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагад нь шийдвэрийг хүргүүлж, хамтран ажиллах талаар гэрээ байгуулна. ХЗДХС-ын 2021 оны А/79 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан.

2.4.Энэ журмын 2.2 дахь хэсэгт заасан шийдвэрийг хүлээн авсан байгууллага нь гэрч, хохирогчтой холбоотой цахим мэдээллийн санд нэвтрэх боломжийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаагаар хязгаарлах техник технологийн арга хэмжээ авч, бусад баримт бичгийг нууцын архивт шилжүүлэн байршуулна.

2.5.Бүртгэлийн байгууллага нь гэрч, хохирогчтой холбоотой мэдээллийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

2.6.Шаардлагатай тохиолдолд энэ журмын 2.3-т заасан мэдээллийг өөрчлөх түүнд зохиомол нэр хэрэглүүлэх ажлыг зохион байгуулна.ХЗДХС-ын 2021 оны А/79 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон.

2.7.Гэрч, хохирогчид зохиомол нэрийг эрх бүхий байгууллагаас өгөх ба гэрч, хохирогч нь уг нэрийг зөвхөн мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд оролцох үед хэрэглэнэ.

Гурав.Нууцлалыг хамгаалах

3.1.Эрх бүхий байгууллагын хамгаалалтын тусгай алба нь энэ журамд заасны дагуу мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, алба хаагч, хамгаалуулагчаас нууцын баталгаа гаргуулна. /ХЗДХС-ын 2017 оны А/153 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

3.2.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэрч, хохирогчид байнгын хяналт тавьж, хамгаалалтын үйл ажиллагааны нууцлалыг хангана./ХЗДХС-ын 2021 оны А/79 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

 

---оОо----