- Нүүр
- Сайдын тушаал
- ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ТУСГАЙ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Хууль зүйн сайдын 2014 оны
А/113 дугаар тушаалын хавсралт
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ТУСГАЙ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ,
ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан иргэний аюулгүй байдлыг нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгсэл /цаашид “тусгай техник хэрэгсэл” гэх/-ээр хангах, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. ХЗДХС-ын 2021 оны А/74 дүгээр тушаалаар өөрчилсөн.
1.2.Цагдаа, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/ нь энэхүү журмыг өөрийн эрх хэмжээний хүрээнд дагаж мөрдөнө./ХЗДХС-ын 2017 оны А/153 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/, Мөрдөх алба болон гэсэн хэсгийг ХЗДХС-ын 2021 оны А/74 дүгээр тушаалаар хассан.
Хоёр.Тусгай техник хэрэгслийн жагсаалт
2.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7.1.5-д заасан аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэгжүүлэхдээ гэрч, хохирогчийг дараах тусгай хэрэгсэл, техникээр хангана../ХЗДХС-ын 2017 оны А/153 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
2.1.1.Тусгай техник хэрэгсэл:
2.1.1.1.дохиолол хамгаалалтын;
2.1.1.2.галын аюулын;
2.1.1.3.дүрсний хяналтын;
2.1.1.4.байршил тогтоогч;
2.1.1.5.хаалганы цахим болон хурууны хээ мэдрэгч цоож;
2.1.1.6.бусад.
2.1.2.Хамгаалах хэрэгсэл:
2.1.2.1.хутга, сумнаас хамгаалах хантааз.
2.1.3. Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл../ХЗДХС-ын 2017 оны А/153 дугаар тушаалаар нэмсэн/
2.2.Энэ журмын 2.1.1-д заасан тусгай техник, тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт олгоно../ХЗДХС-ын 2017 оны А/153 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
Гурав.Гэрээ байгуулах, тусгай хэрэгсэл, техник олгох
3.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7.1.5 дахь заалтад заасан хамгаалалтанд авах тухай прокурор, шүүгчийн шийдвэрийг хүлээн авсан албан тушаалтан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөлийг хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу судалж, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагад бичгээр танилцуулна. ХЗДХС-ын 2021 оны А/74 дүгээр тушаалаар өөрчилсөн.
3.2.Гэрч, хохирогчтой Гэрч, хохирогчийг хамгаалах тухай гэрээ байгуулах, тусгай хэрэгсэл, техникээс дангаар буюу хамтатган тавьж олгох, хяналт тавих тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагын дарга бичгээр гаргана.
3.3.Гэрээнд дараах нөхцөлүүдийг тусгана. Үүнд:
3.3.1.талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага;
3.3.2.тусгай хэрэгсэл, техникийг ашиглах хугацаа;
3.3.3.бусад зүйл.
3.4.Тусгай хэрэгсэл, техник олгохын өмнө тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар гэрч, хохирогчийг богино хугацааны сургалтад хамруулан бичгээр зааварчилгаа өгнө. Зааварчилгаанд түүнийг өгсөн албан тушаалтны албан тушаал, цол, нэр, газар, он, сар, өдөр, цаг, минут, тусгай хэрэгсэл, техник хэрэглэх аргачлал, хориглох зүйлийн талаар тусгаж гэрч, хохирогч, зааварчилгаа өгсөн албан тушаалтан гарын үсэг зурна.
3.5.Гэрч, хохирогч нь нэг бүрийн тусгай хэрэгслийг биедээ авч явах эрхтэй.
3.6.Гэрч, хохирогч нь нэг бүрийн тусгай хэрэгслийг Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
3.7.Гэрч, хохирогч нь тусгай хэрэгсэл, техникийг өөрийн буруугаас эвдэж гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн төлнө../ХЗДХС-ын 2017 оны А/153 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
3.8.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гэрч, хохирогчийн аюулгүй байдалд үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд хэрэглэж байгаа тусгай хэрэгсэл, техникийн төрөл болон гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын албан тушаалтны гаргасан саналыг үндэслэн тухайн байгууллагын удирдлага шийдвэрлэнэ.”;
3.9.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага нь дараах тохиолдолд гэрч хохирогчийг хамгаалах тухай гэрээг цуцлах саналаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад заасан албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлнэ.”;
3.10.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7.1.2-7.1.9 дэх заалтад заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний үед гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлэл үүсэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол энэ журамд заасан тусгай техник, хэрэгсэлийн аль тохирохыг сонгох, шаардлагатай тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг хамтатган нэн даруй хэрэгжүүлнэ. 3.8, 3.9, 3.10 дахь заалтыг ХЗДХС-ын 2021 оны А/74 дүгээр тушаалаар өөрчилсөн.
3.12.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь энэ журмын 3.9-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарах хүртэл хугацаанд үргэлжилнэ../ХЗДХС-ын 2017 оны А/153, 2021 оны А/74 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/, мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэр болон гэсэн хэсгийг ХЗДХС-ын 2021 оны А/74 дүгээр тушаалаар хассан.
Дөрөв.Гэрээт харуул, хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллах
4.1.Эрх бүхий байгууллага өөрийн хүн хүч, техникээр аюулгүй байдлын хамгаалалтыг зохион байгуулах боломжгүй тохиолдолд гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай гэрээ байгуулж болно.
4.2.Гэрээгээр дохиолол хамгаалалтын төхөөрөмж, галын аюулын дохиолол, дүрсний хяналтын болон байршил тогтоох хэрэгсэл, хаалганы цахим болон хурууны хээ мэдрэгч цоож ашиглахтай холбоотой ажил, үүргийг гүйцэтгүүлнэ.
4.3.Гэрээнд Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмыг баримтлахаас гадна техник, хэрэгслийн үзлэг, засвар үйлчилгээ зэрэг урсгал зардал, нууцлалыг хадгалах талаар тусгана.
4.4.Гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь сүүлийн 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, татварын өргүй, санхүүгийн болон хүний нөөц, техник, хэрэгслийн чадавхитай байна.
4.5.Эрх бүхий байгууллага гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай гэрээ байгуулахдаа гэрч, хохирогч, аюул занал учруулж байгаа этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг судална.
Тав.Тусгай хэрэгсэл, техникийн ашиглалтанд хяналт тавих, буцаан авах
5.1.Гэрч, хохирогчийн хэрэглэж буй тусгай хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх, шаардлагатай бол солих ажлыг эрх бүхий байгууллага хариуцна.
5.2.Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хамгаалалтыг цуцалмагц тусгай хэрэгсэл, техник тавьж олгосон байгууллага, албан тушаалтан түүний бүрэн бүтэн байдлыг шалган хүлээж авна.
5.3.Тусгай хэрэгсэл, техникийн талаар дараах тэмдэглэлийг хөтөлнө:
5.3.1.гэрч, хохирогчид тусгай хэрэгсэл, техник тавьж олгосон болон буцаан авсан тухай тэмдэглэл хөтөлж, гэрч, хохирогчоор гарын үсэг зуруулна. Тэмдэглэлийг гэрч, хохирогчийн хувийн хэрэгт хадгална;
5.3.2.тэмдэглэлд гэрч, хохирогчийн овог, нэр, хаяг, тусгай хэрэгсэл, техникийн нэр, төрөл, дугаар, тоо ширхэг, шинж байдал, тавьж олгосон болон буцаан авсан албан тушаалтны албан тушаал, цол, овог, нэр, он, сар, өдөр, цаг, минутыг тусгана;
5.3.3.тусгай хэрэгсэл, техникийн нэр, төрөл, дугаар, тоо ширхэг, бүрэн бүтэн байдал, тавьж олгосон буцаан авсан, ашиглалтын хугацаанд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийсэн албан тушаалтны албан тушаал, цол, овог, нэр, гэрч, хохирогчийн овог, нэр, он, сар, өдөр, цаг, минутыг тусгай хэрэгсэл, техникийн хувийн хэрэгт тэмдэглэж архивын хадгаламжийн нэгж үүсгэн хадгална.
Зургаа.Бусад
6.1.Энэхүү журмын хэрэгжилтэнд эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
Текст томруулах
A
A
A