A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ ТҮР БАЙРЛУУЛАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

ХЗДХС-ын 2021 оны А/73 дугаар тушаалаар хүчингүй болсон

 

 

Хууль зүйн сайдын 2014 оны

А/114 дүгээр тушаалын хавсралт

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ ТҮР БАЙРЛУУЛАХ

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь гэрч, хохирогчийг бие махбод, сэтгэл зүйн дарамт, заналхийлэл, зүй бус бусад нөлөөлөл, болон амь нас, эрүүл мэндэд аюул учруулах гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор аюулгүй газарт түр байрлуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулна.

1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн гэрч, хохирогч, түүний хамаарал бүхий этгээдийг аюулгүй газар хамгаалалтанд авна.

1.4.Гэрч, хохирогчийг түр байрлуулах хамгаалалтын байр нь MNS 6040:2009 Монгол Улсын стандартаар тавигдах шаардлагыг хангасан байна.

1.5.Тусгай хамгаалах болон хамгаалах байр нь эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн хүмүүс байрлах тусгай өрөөнүүдтэй байна.

1.6.Тусгай хамгаалах болон хамгаалах байрны үйлчилгээ нь үнэ төлбөргүй байх ба зардлыг улсын төсөв болон хуульд заасан бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

Хоёр.Эрсдэлийн түвшинг тодорхойлох

2.1.Хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан нь гэрч, хохирогчийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлнэ.

2.2.Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулахдаа доор дурдсан эрсдлийн түвшинг харгалзан үзнэ:

2.2.1.эрсдэлийн өндөр түвшин: амь насанд нь бодитой заналхийлсэн, бие махбодид хохирол учруулсан, тарчлаасан, байнгын дарамтанд байлгасан, гэмт хэрэг үйлдэхийг тулган шаардсан;

2.2.2.эрсдэлийн дунд түвшин: айлган сүрдүүлсэн, дарамталсан, дагаж мөшгисөн, ятгасан, нөлөөлсөн, мөнгө, эд зүйл, албан тушаал амласан;

2.2.3.эрсдэлийн бага түвшин: гэрч, хохирогчтой уулзах, харилцаа тогтоохыг оролдсон.

Гурав.Эрсдлийн өндөр болон дунд түвшний гэрч, хохирогчид хамгаалалтын арга хэмжээ авах

3.1.Хамгаалах болон тусгай хамгаалах байрыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын мэдэлд байгуулан ажиллуулна.

3.2.Хамгаалах болон тусгай хамгаалах байр нь стандартад нийцсэн, үйл ажиллагааны дотоод журамтай байна.

3.3.Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу зөвхөн эрсдэлийн өндөр түвшинтэй гэрч, хохирогчийг тусгай хамгаалах байранд байрлуулна.

3.4.Хамгаалах болон тусгай хамгаалах байр нь тасралтгүй ажиллах, аюулгүйн нөхцөл, хамгаалалтын техник хэрэгслээр хангагдсан, хүрэлцэхүйц хүн хүчний нөөцтэй байна.

3.5.Хамгаалах болон тусгай хамгаалах байранд байрласан гэрч, хохирогчийн талаарх мэдээллийн санг үүсгэж, улирал тутам Цагдаагийн албанд хүргүүлнэ.

3.6.Нэг гэмт хэргийн гэрч, хохирогч нарыг хамгаалах байранд хамт байрлуулахыг хориглоно.

3.7.Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгч, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрлөөр, эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамтаар байрлуулна.

3.9.Хамгаалах байрны ажилтныг тухайн ажлын байр /албан тушаал/-д томилогдсон даруйд ажил, үүргээ гүйцэтгэх хугацаанд болон тухайн ажлаас чөлөөлөгдсөн буюу өөрчлөгдсөн /халагдсан/-ий дараа хамгаалах байрны байршил, гэрч хохирогчийн талаарх мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх тухай баталгаа гаргуулан авна./3.8, 3.9 дэх заалтыг ХЗДХС-ын 2017 оны А/153 дугаар тушаалаар нэмсэн/

Дөрөв.Эрсдлийн бага түвшний гэрч, хохирогчид үзүүлэх туслалцаа

4.1.Шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагын шийдвэрээр эрсдэлийн бага түвшний гэрч, хохирогчийг хамгаалах байранд байрлуулж болно.

Тав. Бусад

5.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. /Энэ заалтыг 2017 оны А/153 дугаар тушаалаар нэмсэн/

Зургаа.Хамгаалалтанд байгаа гэрч, хохирогчид үзүүлэх туслалцаа

6.1.Тусгай хамгаалах болон хамгаалах байранд байгаа гэрч, хохирогчид Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үйлчилгээг Цагдаагийн албаны гэрч, хохирогчийг хамгаалах нэгжийн дэргэдэх хамгаалалтын тусгай нэгжийн дэргэдэх мэргэжлийн баг үзүүлнэ./ХЗДХС-ын 2017 оны А/153 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

6.2.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагууд нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан мэдээллээр гэрч, хохирогчийг шуурхай хангана.

6.3.Энэхүү журмын хэрэгжилтэд Цагдаагийн алба болон эрх бүхий байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.