A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖИЙГ БҮРТГЭЖ, САНХҮҮЖИЛТ /ТАРИФААР ТООЦОЖ/ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 05 дугаар

              сарын 27-ны өдрийн А/123 дугаар тушаалын

                                                                               хавсралт

 

ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖИЙГ БҮРТГЭЖ,

САНХҮҮЖИЛТ /ТАРИФААР ТООЦОЖ/ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Ажилд зуучлах үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, санхүүжилт олгоход Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Хөдөлмөрийн төв бирж /цаашид төв бирж гэх/, хөдөлмөрийн хувийн бирж /цаашид хувийн бирж гэх/ нь ажилд зуучлах үйлчилгээнд Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/154 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний жишиг дүрэм”-ийг баримтална.

1.3.Төв бирж нь хувийн биржийг бүртгэх, санхүүжилт олгох асуудлыг зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, бүртгэлээс хасах

2.1 Хувийн бирж нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.12 дахь заалтад заасан нийтлэг шаардлагыг хангаж, төв биржид бүртгүүлэхэд дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ:

2.1.1. албан хүсэлт;

2.1.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.1.3. удирдах ажилтан /захирал/-ны иргэний үнэмлэхний хуулбар;

2.1.4. үйл ажиллагааны танилцуулга;

2.1.5.хувийн биржийн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх журам, бизнес төлөвлөгөө, үйлчилгээнд ашиглах тоног төхөөрөмж, тавилгын жагсаалт;

2.1.6.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэшсэн зөвлөх, хөдөлмөр зуучлал хариуцсан ажилтны анкет, диплом, гэрчилгээний хуулбар;

2.2.Төв бирж нь энэхүү журмын 2.1-д заасан бичиг, баримтыг бүрдүүлсэн хувийн биржийг бүртгэж, гэрчилгээ олгоно.

2.3.Бүртгэлийн гэрчилгээний загварыг төв биржийн даргын тушаалаар батална.

2.4.Хувийн биржийг дараах тохиолдолд бүртгэлээс хасна:

2.4.1.хувийн бирж нь өөрөө хүсэлт гаргасан;

2.4.2.хуулийн этгээд татан буугдсан;

2.4.3.бүртгэл мэдээллийн санд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд зарласан ажлын байрны болон ажил хайгчийн зарыг дур мэдэн, зөвшөөрөлгүй бүртгэх, бүрэн бус, бодит бус, худал мэдээлэл оруулах, түүнд үндэслэн санхүүжилт хүссэн;

2.4.4.иргэнийг хуулиар хориглосон үйл ажиллагаатай ажилд зуучилсан болон зуучлахыг оролдсон нь нотлогдсон;

2.4.5.төв биржтэй гэрээ байгуулснаас хойш зургаан сарын хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэг ч ажил хайгчийг ажилд зуучлан оруулсан тухай бүртгэгдээгүй  бол;

2.4.6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.4-т заасныг зөрчсөн буюу хувийн бирж нь ажилд зуучлуулсан иргэнээс шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авсан. /Энэ хэсгийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/

2.5. Бүртгэлийн гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгоно./Энэ хэсгийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/

2.6. Хувийн биржийн албан хүсэлт, төв биржтэй байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээ, дүгнэлтийг тус тус үндэслэн гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгана./Энэ хэсгийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/

Гурав. Хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаа

 

3.1.Хувийн бирж нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн  29.11 дэх заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.Хувийн бирж нь энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд ажил хайгч иргэн, ажилгүй иргэн, 40- өөс дээш насны ажилгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажил олгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн ажилд зуучилна. 

3.3.Хувийн бирж нь өөрийн байгууллагын эрхэлж буй хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа болон шууд харьяалах, харьяалагдах аж ахуйн нэгж, байгууллагад ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх зорилгоор ажил хайгчийг ажилд авсан тохиолдолд ажилд зуучлах үйлчилгээнд хамаарахгүй.

3.4 Хувийн биржийн үйл ажиллагаа нь ажил мэргэжил болон эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүрээнд эсхүл иргэн, ажил хайгч хүн амын тодорхой, онцлог бүлгүүдэд дагнасан байж болно.

3.5. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон их сургууль, дээд сургуулиудад суралцагсдыг суралцаж байх үеэс нь ажил олгогчтой холбох үйл ажиллагааг зохион байгуулна./Энэ хэсгийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/

 

3.6. Хувийн бирж энэ журмын 3.1, 3.2 дахь хэсэгт заасан чиг үүрэг, үйлчилгээг цахимаар гүйцэтгэж болно./Энэ хэсгийг ХНХС-ын 2021 оны А/37 дугаар тушаалаар нэмсэн/

Дөрөв. Хөдөлмөрийн төв биржийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

4.1. Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төв бирж нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.1.хувийн биржийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, санал, дүгнэлт гаргах;  

4.1.2.хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, татгалзсан тухай  үндэслэлийг хууль тогтоомжийн дагуу гаргаж, хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад албан ёсоор хүргүүлэх;   

4.1.3.хувийн биржийн үйл ажиллагааг үнэлэх, гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт тогтоох;

4.1.4.хувийн биржтэй хамтран ажиллах гэрээ  байгуулах, гэрээг хагас жил, бүтэн жилээр дүгнэх, санхүүжилт олгох;

4.1.5.хувийн биржийг бүртгэсэн болон бүртгэлээс хассан тухай олон нийтэд ил тод мэдээллэх;

4.1.6.эдгээр болон хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

4.1.7. Хувийн биржийн үйл ажиллагаанд жилд 1 удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд гэнэтийн шалгалт хийнэ./Энэ хэсгийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/

Тав.  Мэдээ, тайлан, санхүүжилт

 

5.1. Хувийн бирж нь дараах тайлан, мэдээг гаргаж төв биржид тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

5.1.1.Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/04 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн зах зээлийн анхан шатны ХЗЗ-1, ХЗЗ-2, ХЗЗ-3, ХЗЗ-7а, ХЗЗ-7б маягтын дагуу сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, мэдээллийн сүлжээгээр болон албан бичгээр тухайн сарын 30-ны дотор;

5.1.2.Үйл ажиллагааны хагас жилийн тайланг 6 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, төв биржид 6 дугаар сарын 30-ны дотор, жилийн тайланг 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, 12 дугаар сарын 20-ны дотор;

5.2.Төв бирж нь хувийн биржтэй байгуулсан гэрээнд заасан ажил, үйлчилгээний биелэлтийг хянан баталгаажуулж, санхүүжилтийг тогтоосон тарифаар тооцон сар бүр олгоно.

5.3. Цахим болон цахим бус ажил, үйлчилгээний санхүүжилтийн хэмжээ ижил байна. /Энэ хэсгийг ХНХС-ын 2021 оны А/37 дугаар тушаалаар нэмсэн/

5.4.Төв биржийг хувийн биржийн үйл ажиллагааг үндэслэлгүй дүгнэх, санхүүжилтыг нотлох баримтгүйгээр олгох, хасах, саатуулахыг хориглоно.

5.5.Энэхүү журмын 3.3-т заасан хувийн биржийн үйл ажиллагаанд санхүүжилт олгохгүй.

5.6. Ажил хайгчийг ажилд зуучлагдан орж тогтвортой ажиллах хугацааг харгалзан санхүүжилтийг тарифаар тооцон давхардуулахгүйгээр олгоно./Энэ хэсгийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/

5.7. Төв бирж нь хувийн биржийн үйл ажиллагааны мэдээ, тайланг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагад тогтмол мэдээлж, тайлагнана./Энэ хэсгийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/

 

Зургаа. Бусад

6.1.Журмын хэрэгжилт, хувийн биржийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, холбогдох бусад байгууллагаас хяналт тавих бөгөөд хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэж болно. Энэхүү журмыг зөрчигчдөд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар өөрчлөлт орсон./

6.2.Хувийн биржийг бүртгэх, санхүүжилт олгох, бүртгэлээс хасахтай холбоотой гомдол, маргааныг Төв биржид гаргах ба маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхэд хандаж болно.

 

-----------оОо--------------