- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН 106 ТАЛБАЙД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
Засгийн газрын 2014 оны 216 дугаар
тогтоолын хавсралт
ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН 106 ТАЛБАЙД
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
Нэг. Зорилго
1.1. Энэ журмын зорилго нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9 дахь заалтуудыг зөрчиж олгосон гэж үзэн Баянгол дүүргийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолын дагуу хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтыг явуулахад оршино.
1.2. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх) зохион явуулна.
1.3. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, шударга, ил тод, олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хоёр. Сонгон шалгаруулалт явуулах
бэлтгэл ажлыг хангах
2.1. Төрийн захиргааны байгууллагаас хүргүүлсэн сонгон шалгаруулалт зарлах талбайн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батална.
2.2. Сонгон шалгаруулалтын комисс нь сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг өдөр тутмын сонинд нийтэлж, төрийн захиргааны байгууллагын цахим хуудасны нүүр хуудсанд байршуулна.
2.3. Сонгон шалгаруулалтын саналыг хүлээн авах эцсийн хугацаа нь өдөр тутмын сонин, байгууллагын цахим хуудсанд сонгон шалгаруулалтын зар нийтлэгдсэнээс хойш хуанлийн 21 хоногоос доошгүй байна.
2.4. Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулна.
Гурав. Сонгон шалгаруулалт явуулах комисс
3.1. Сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг төрийн захиргааны байгууллагын албан хаагч болон мэргэжлийн холбоодын гишүүдээс бүрдүүлж, бүрэлдэхүүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална.
3.2. Сонгон шалгаруулалтын комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.3. Сонгон шалгаруулалтын комисс нь сонгон шалгаруулалт явуулах үнэлгээний бичиг баримт, холбогдох маягтыг боловсруулан төрийн захиргааны байгууллагын даргаар батлуулна.
3.4. Сонгон шалгаруулалтын комисс нь Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуульд заасан мэдээллийг задлах, нийтлэх, тараахыг хориглоно.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага
4.1. Сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдсан тухайн талбайд тогтоосон сонгон шалгаруулалтын босго үнийг төлөх санхүүгийн чадвартай хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулна.
4.2. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хуулийн этгээд нь тухайн талбайн сонгон шалгаруулалтын босго үнийн 30 болон түүнээс дээш хувийг тусгай дансанд байршуулсан байна.
4.3. Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь тухайн талбайд геологийн судалгаа, ашиглалтын үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байна.
Тав. Сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх
5.1. Сонгон шалгаруулалтын саналыг энэ журмын 3.3-т заасан үнэлгээний бичиг баримтын дагуу сонгож, шалгаруулалтын комисс сонгон шалгаруулалтын санал тус бүрт нь үнэлгээ өгнө.
5.2. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хуулийн этгээд энэ журмын 2.4-т заасан сонгон шалгаруулалтын босго үнээс дээш үнийн санал ирүүлсэн бол сонгон шалгаруулалтын нийт үнэлгээний 70 хүртэл хувийн оноо өгнө.
5.3. Сонгон шалгаруулалтын саналыг ажлын 15 өдөрт багтаан үнэлж, үнэлгээний талаар хуралдааны тэмдэглэл үйлдэнэ.
Зургаа. Сонгон шалгаруулалтад оролцогчдын эрх, үүрэг
6.1. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хуулийн этгээд дараах эрх, үүрэгтэй:
6.1.1. сонгон шалгаруулалтын журам, үнэлгээний бичиг баримттай танилцах;
6.1.2. сонгон шалгаруулалт зарласан хэдэн ч талбайн сонгон шалгаруулалтад оролцох;
6.1.3. сонгон шалгаруулалтын саналыг үнэн зөв бүрдүүлж ирүүлэх;
6.1.4. сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлттэй танилцах.
Долоо. Сонгон шалгаруулалтад
шалгарсан оролцогч
7.1. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан боловч үнэлгээ тэнцсэн тохиолдолд түрүүлж саналаа ирүүлж бүртгүүлсэнд тооцогдох оролцогч нь тухайн талбайн сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч болно.
7.2. Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч энэ журмын 5.2-т заасан сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналын төлөөгүй үлдсэн зөрүүг ажлын 10 хоногт багтаан тусгай дансанд байршуулна.
7.3. Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч нь энэ журмын 5.2-т заасан сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналд тусгасан мөнгөн дүнг энэ журмын 7.2-т заасны дагуу ажлын 10 хоногийн дотор төлөөгүй бол тухайн талбайн сонгон шалгаруулалтад удаах оноо авсан хуулийн этгээдийг шалгарсанд тооцно.
Найм. Сонгон шалгаруулалтын дүнг зарлах
8.1. Сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна.
8.2. Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн шалгарсан оролцогчдод сонгон шалгаруулалтад шалгарсан тухай, харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг өгнө.
8.3. Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн Ашигт малтмалын тухай хууль, холбогдох дүрэм, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд энэ журмын 7.2-т заасан сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналд тусгасан мөнгөн дүнг бүрэн төлсөн нөхцөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгоно.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A