- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ, ИМПОРТЫГ ОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Засгийн газрын 2014 оны 212 дугаар
тогтоолын хавсралт
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ, ИМПОРТЫГ ОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг зүйл
1.1. Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт хүссэн төслийг Засгийн газрын арилжаалж бүрдүүлсэн үнэт цаас, Засгийн газрын баталгаатайгаар Хөгжлийн банкнаас гаргаж арилжаалсан Үйлдвэржилтийн бондын хөрөнгөөс санхүүжүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журмыг экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийни2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт хүссэн төслийг санхүүжүүлэх харилцаанд оролцох Эдийн засгийн хөгжлийн яам, салбарын яамд, Хөгжлийн банк, арилжааны банкууд, бусад оролцогчид дагаж мөрдөнө.
1.3. Засгийн газраас нээлттэй зарласан төсөл сонгон шалгаруулалтад төслөө ирүүлсэн, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэх зориулалтаар санхүүжилтийг олгоно.
1.4. Төсөл хэрэгжүүлэгчийн 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төслийг санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 176 дугаар тогтоолд зааснаар “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохицуулна.
1.5. Санхүүжилтийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудтай гэрээ байгуулан дамжуулан зээлдүүлэх замаар олгоно.
1.6. Төслийн зээлийн эрсдэлийг тухайн арилжааны банк бүрэн хариуцахаар гэрээнд тусгана.
Хоёр.Төслийг санхүүжүүлэхэд тавигдах шаардлага
2.1. Санхүүжүүлэх төслүүд нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэлд заасны дагуу холбогдох салбарын яаман дээр зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлэгт хамрагдан яамны зүгээс бодлогын хувьд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад төсөл байх;
2.1.2. арилжааны банкнаас эргэн төлөх чадварыг нь тогтоож, зээл олгох шийдвэр гаргасан байх;
2.1.3. арилжааны банкнаас олгохоор шийдвэрлэсэн зээлийн хэмжээ Банкны тухай хуулийн 17.1-д заасан хязгаарлалтаас хэтрээгүй байх;
2.1.4. төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51 хувиас доошгүй нь үндэсний хөрөнгө оруулалт байх;
2.1.5. төсөл хэрэгжүүлэгчийн хүссэн санхүүжилт нь эргэлтийн хөрөнгөд зарцуулагдахгүй, хөрөнгө оруулалтын төсөл байх.
2.2. Төсөл хэрэгжүүлэгчид зээл олгох арилжааны банк нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 460 дугаар тушаалаар баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан байх.
2.3. Эдийн засгийн хөгжлийн яам нь энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан төслийн жагсаалт, 2.2-т заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан арилжааны банкны мэдээллийг Хөгжлийн банкнаас гаргуулан авч тухай бүрт Засгийн газарт танилцуулж, Засгийн газрын хүралдааны тэмдэглэл гаргуулсан байна.
Гурав. Төслийг санхүүжүүлэх эх үүсвэр болон зээлийн нөхцөл
3.1. Энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан төслүүдийг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
3.1.1. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгө;
3.1.2. Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн Үйлдвэржилтийн бондын хөрөнгө;
3.1.3. Хөгжлийн банкны гадаадын Экспорт-Импорт банкинд нээсэн экспортын зээлийн шугамын эх үүсвэр.
3.2. Төсөл хэрэгжүүлэгчид олгох зээл нь дараах ерөнхий нөхцөлтэй байна:
3.2.1. 5 хүртэлх жилийн хугацаатай;
3.2.2. жилийн 9 хувиас илүүгүй хүүтэй;
3.2.3. үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 1 жил хүртэл;
3.2.4. зээлийг төгрөгөөр олгоно.
Дөрөв. Зээл олгох үйл ажиллагаа
4.1. Төсөл хэрэгжүүлэгчид олгох зээлийн эх үүсвэрт зориулан Хөгжлийн банкнаас арилжааны банкинд олгох зээлийн харилцааг Хөгжлийн банк болон арилжааны банкны хооронд байгуулах “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-гээр зохицуулна.
4.2. Арилжааны банкуудаас төсөл хэрэгжүүлэгчид олгох зээлийн харилцааг тухайн арилжааны банк болон төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулах зээлийн гэрээгээр зохицуулна.
4.3. Төсөл хэрэгжүүлэгч дараах үүрэг, оролцоотой байна:
4.3.1. төсөл хэрэгжүүлэгч нь харьяалагдах салбарын яаман дээр зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцон төслөө танилцуулсан байна;
4.3.2. төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн сонгосон арилжааны банкинд хандан төслөө судлуулж, тухайн банк өөрийн журмын дагуу хэлэлцэн зээл олгох шийдвэр гаргасан байна.
4.4. Арилжааны банк дараах үүрэг, оролцоотой байна:
4.4.1. өөрийн банкин дээр судлагдсан, зээл олгохоор шийдвэрлэсэн төслүүдийн жагсаалт болон шаардлагатай эх үүсвэрийн хэмжээ, тооцоог “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу Хөгжлийн банкинд хүргүүлнэ;
4.4.2. арилжааны банкнаас 1 зээлдэгчид олгох зээлийн хэмжээ Банкны тухай хуулийн 17.1-д заасан хязгаарлалтаас хэтрэх нөхцөл үүссэн тохиолдолд бусад банк, санхүүгийн байгууллагатай хамтран зээл олгож болно.
4.5. Хөгжлийн банк дараах үүрэг, оролцоотой байна:
4.5.1. арилжааны банктай байгуулсан “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу шаардлагатай эх үүсвэрт зориулан холбогдох хууль тогтоомжийг үндэслэн зээлийг олгоно;
4.5.2. төслийн санхүүжилтийн хэмжээ Банкны тухай хуулийн 17.1-д заасан хязгаарлалтаас давсан, бүтээн байгуулалтын томоохон төсөл бол Хөгжлийн банкнаас арилжааны банктай хамтран зээл олгох замаар санхүүжүүлж болно.
4.6. Эдийн засгийн хөгжлийн яам дараах үүрэг, оролцоотой байна:
4.6.1. энэхүү журмын дагуу олгох болон олгогдсон зээлийн мэдээллийг Хөгжлийн банкнаас 7 хоног тутам гаргуулан авч Засгийн газарт танилцуулна;
4.6.2. журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн болон шаардлагатай бусад дэмжлэг туслалцааг Хөгжлийн банкинд үзүүлнэ.
4.7. Салбарын яамд дараах үүрэг, оролцоотой байна:
4.7.1. Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэлийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна;
4.7.2. нээлттэй хэлэлцүүлгийн дүгнэлт, зөвлөмжийг Хөгжлийн банкинд тухай бүрт нь хүргүүлнэ;
4.7.3. төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Тав. Төслийн мэдээлэл нэгтгэх, тайлагнах
5.1. Хөгжлийн банк нь энэхүү журмын 2.1.4-т заасан мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухай бүрт гаргуулж авна.
5.2. Хөгжлийн банк нь экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийн санхүүжилтийн мэдээллийг нэгтгэн Монголбанкинд тухай бүр хүргүүлж байна.
5.3. Төсөл хэрэгжүүлэгчийн хүссэн санхүүжилтийн дүн өөрчлөгдөн 2 тэрбум төгрөгөөс дээш эсхүл доош болсон тохиолдолд Хөгжлийн банк нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон холбогдох яамдад мэдэгдэх арга хэмжээ авна.
5.4. Эдийн засгийн хөгжлийн яам нь энэхүү журмын 2.1-д заасан шаардлага хангасан төслийн жагсаалтыг нэгтгэн Засгийн газарт тухай бүрт танилцуулна.
5.5. Хөгжлийн банк нь төсөлд олгосон зээл болон арилжааны банкинд олгосон зээлийн мэдээллийг нэгтгэн Эдийн засгийн хөгжлийн яаманд тогтоосон хугацаанд танилцуулж байна.
Зургаа. Хяналт, хариуцлага
6.1. Энэхүү журамд заасан дэд зээлийн олголт, ашиглалт, эргэн төлөлтийн байдалд арилжааны банкууд, эх үүсвэрийн зээлийн олголт, ашиглалт, эргэн төлөлтийн байдалд Хөгжлийн банк тус тус хяналт тавина.
6.2. Зээлээр санхүүжиж байгаа төслийн хэрэгжилтийн явц, төслийн худалдан авалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт зэрэг бүх үйл ажиллагаанд холбогдох яамдын төсөл хариуцсан нэгж хяналт тавьж ажиллана.
6.3. Энэхүү журмын дагуу зээлийн харилцаанд оролцогчид зээлийг зориулалтын бусаар ашигласан, хуурамч баримт материал бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.4. Энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй төсөлд зээл олгосон арилжааны банкуудын холбогдох албан тушаалтнууд тухайн банкны хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлага хүлээнэ.
------oooOooo------
Текст томруулах
A
A
A