- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВИЙГ ТООЦОХ, ТӨЛБӨР НОГДУУЛАХ АРГАЧЛАЛ (Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2014 оны 220 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН
ХУВИЙГ ТООЦОХ, ТӨЛБӨР НОГДУУЛАХ АРГАЧЛАЛ
(Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулахад энэ аргачлалыг мөрдөнө.
Хоёр. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг
тооцох, ногдуулах
2.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээг дараах байдлаар тооцно:
2.1.1. төмрийн хүдэр, нүүрснээс бусад ашигт малтмалыг өөрөө эсхүл бусдаар дамжуулж экспортолсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн сард гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн тухайн сард баримтлах зах зээлийн үнийг үндэслэн; /Энэ заалтад ЗГ-ын 2015-3-16-ны өдрийн 103-р тогтоолоор нэмэлт орсон бөгөөд үүнийг 2015-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрөө эсхүл бусдаар дамжуулж тухайн сард экспортолсон нүүрсний борлуулалтын үнэлгээг Засгийн газраас баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын дагуу;
2.1.3. Монголбанк болон түүний эрх олгосон банкинд худалдсан мөнгө болон Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3-т заасан алтны борлуулалтын үнэлгээг Монголбанкнаас тухайн өдөр зарласан үнийг баримтлан;
2.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн сард олборлож дотоодын зах зээлд худалдсан, ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн.
2.2. Засгийн газрын тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн өмнөх сарын үнийн дунджийг тооцох зарчмаар мэдээлсэн үнийг үнэ зарласан тухайн сард төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тооцоход ашиглана.
Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг
төсөвт төлөх, тайлагнах
3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн сард худалдсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараа сарын 10-ны дотор улсын төсөвт төлнө.
3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монголбанк болон түүний эрх олгосон банкинд алт, мөнгө худалдсан, тушаасан тухай бүр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн банкинд төлнө.
3.3. Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ.
3.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эдэлбэр талбайд орших ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдоогүй ашигт малтмалыг өөр бусад этгээдэд худалдах, ашиглуулах замаар боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан нь түүнийг тухайн ашигт малтмалын нөөцөд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй.
3.5. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлангаар энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн тухайн сар бүрийн үнийн дагуу залруулж эцсийн тооцоог хийнэ.
Дөрөв. Хяналт тавих
4.1. Энэ аргачлалын хэрэгжилтэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байнгын хяналт тавьж ажиллана.
4.2. Тухайн сард экспортоор гарсан ашигт малтмалын бүтээгдэхүүний мэдээг Гаалийн ерөнхий газраас дараа сарын 5-ны өдрийн дотор Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газарт албан бичгээр болон цахим сүлжээгээр хүргүүлж байна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A