- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ ШААРДАГДАХ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫГ ХАЙХ, АШИГЛАХ ТУСГАЙ ЖУРАМ
Засгийн газрын 2014 оны 222 дугаар
тогтоолын хавсралт
АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ
ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ ШААРДАГДАХ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ
АШИГТ МАЛТМАЛЫГ ХАЙХ, АШИГЛАХ ТУСГАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Журмын зорилго нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг саадгүй, шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасан Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах (цаашид “Зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах” гэх)-тай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.3. Зарим төсөл, хөтөлбөр гэдэгт дараах төсөл, хөтөлбөрүүдийг хамааруулна:
1.3.1. улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц барих, засварлах;
1.3.2. олон улс болон улсын чанартай, түүнчлэн Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр, эсхүл Засгийн газраас баталгаа гарган хэрэгжүүлэх том бүтээн байгуулалтын төслийн авто зам, замын байгууламж барих, засварлах. /Энэ заалтад ЗГ-ын 2015-11-9-ний өдрийн 440-р тогтоолоор нэмэлт орсон/
1.4. Зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй, журмын 1.3-т заасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хуулийн этгээдэд зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас олгоно.
1.5. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нь ажил эхлэхээс 3 сарын өмнө шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөл, хэмжээ, ашиглалтын хугацааны саналыг бүсчилсэн байдлаар гаргаж, ашиглалтын эрх олгох хүсэлтийн хамт зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Хоёр. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах
талбайд тавигдах шаардлага
2.1. Зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбай дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байгаа болон эсхүл уг зориулалтаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эхэлж гаргасан этгээдийн талбайтай давхцаагүй байх;
2.1.2. Газрын тухай хуулийн 16.1.1, 16.1.3, 16.1.4-т зааснаас бусад улсын тусгай хэрэгцээний газар, ердийн ба стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон газар, нөөцөд авсан талбайтай давхацсан байж болно. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсөн байх;
2.1.3. талбайн хэмжээ 1 гектараас багагүй, 5 гектараас ихгүй байх;
2.1.4. тухайн бүсэд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөл, хэмжээ төслийн техник эдийн засгийн үндэслэлд нийцсэн, ашиглалтын талбайн тоо, талбай хоорондын зай байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх.
Гурав. Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах
байгууллагын бүрэн эрх
3.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. энэ журмын 3.3-т заасан зураглалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан батлах;
3.1.2. энэ журмын 3.2-т заасан саналыг үндэслэн зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох асуудлаар Засгийн газарт санал оруулах.
3.2. Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 1.3-т заасан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх авто зам, төмөр замын чиглэл, энэ журмын 1.4-т заасан эрх авах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн санал, холбогдох баримт бичгийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.
3.3. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан, ирүүлсэн мэдээлэлд үндэслэн авто зам, төмөр замын чиглэлийн дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц, ашиглах боломжтой талбайн байршлын зураглал боловсруулж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.4. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.4.1. орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн ажлын явцад байгаль орчин, түүх, соёлын өвийг хамгаалах талаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
3.4.2. түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тогтоох, өөрчлөх.
3.5. Нутгийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.5.1. түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох тухай Засгийн газрын шийдвэрийг үндэслэн энэ журмын 3.1.1-т заасан зураглалд тусгасан ашиглалтын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлэх, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах;
3.5.2. түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хууль тогтоомжид заасан хэмжээгээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх;
3.5.3. ашиглалтын явцад түгээмэл тархацтай ашигт малтмалыг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.
Дөрөв. Эрх эзэмшигчийн эрх, үүрэг
4.1. Зарим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэг бүхий эрх эзэмшигч (цаашид “эрх эзэмшигч” гэх) нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгчид ашиглалтын талбайг ашиглуулж болно.
4.2. Ашиглалтын талбайгаас олборлосон түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвхөн энэ журмын 1.3-т заасан авто зам, төмөр замын бүтээн байгуулалтад ашиглана.
4.3. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн үнэлгээ, археологи, палеонтологийн судалгааны тайлан зэрэг шаардлагатай мэдээллээр эрх бүхий төрийн байгууллагыг хангана.
4.4. Ашиглалтын болон нөхөн сэргээлтийн ажлын тайланг нутгийн захиргааны байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухайн жилийн 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ.
4.5. Ашиглалтын талбай дахь талбай ашиглагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, байгаль орчныг хамгаалах болон түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авна.
4.6. Талбай ашиглагч нь үйл ажиллагаандаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйл, Газрын хэвлийн тухай хуулийн 43 дугаар зүйл болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан аж ахуйн нэгжийн үүргийг хэрэгжүүлнэ.
Тав. Төлбөр тооцох, төлөх
5.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашигласан хэмжээг ажлын гүйцэтгэлд үндэслэн тогтооно. Нутгийн захиргааны байгууллага болон эрх эзэмшигч хамтран сар бүр гүйцэтгэлийг баталгаажуулна.
5.2.Концессын гэрээгээр барих болон тусгай зориулалтын авто зам барихад ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь нэг шоо метр тутамд 5000 төгрөгөөс хэтрэхгүй байна. (Засгийн газрын 2023 оны 463 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
5.3.Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь нэг шоо метр тутамд 1 төгрөг байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 463 дугаар тогтоолоор нэмсэн)
5.4. Талбай ашиглагч нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг дараа сарын 25-ны дотор орон нутгийн төсөвт төлнө. (Энэ заалтын дугаарлалтыг Засгийн газрын 2023 оны 463 дугаар тогтоолоор өөрчилсөн)
Зургаа. Бусад
6.1. Энэ журмын 1.3-т заасан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээд болон энэ журмын 4.1-д заасан ерөнхий гүйцэтгэгч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ”-г энэ журмын 1.4-т заасан эрхтэйд тооцно.
6.2. Энэ журмын 6.1-д зааснаар эрхтэйд тооцсон хуулийн этгээд нь журам мөрдөж эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус холбогдох мэдээллийг хүргүүлнэ.
6.3. Энэ журмаар зохицуулаагүй харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A