- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2014 оны 278 дугаар
тогтоолын хавсралт
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР (2014-2016)
(Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн талаарх асуудал нь аль ч улс орны хувьд хөгжлийн ямар ч шатанд авч үзэх, шийдвэрлэх шаардлагатай гол асуудлын нэг байдаг.
Засгийн газраас 1999, 2005 онд батлан хэрэгжүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль батлагдан эрх зүйн таатай орчин бүрдэж, санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэр нэмэгдэн өрхийн болон хувиараа бизнес эрхлэгчдийн дунд албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол, үүсгэл санаачилга идэвхижсэн.
2013 оны эцсийн дүнгээр бизнес регистрийн санд бүртгэлтэй 99603 аж ахуйн нэгжээс 54929 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 81,7% буюу 44854 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна.
Тус салбарт 766910 хүн ажиллаж байгаа нь нийт хөдөлмөрийн зах зээл дэх ажиллагсдын 69,6 хувийг эзэлж байна.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд бизнесээ эхлүүлэх, санхүү, татвар болон үйл ажиллагааны стандарттай холбоотой хууль, эрх зүйн таатай орчин бий болгох нь аж ахуйн нэгжийн тогтвортой өсөлтийг дэмжиж, өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг.
Дэлхийн олон оронд кластерын хөгжлийг өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улмаар тухайн улсын экспортын чадавхийг нэмэгдүүлж хөгжлийг хурдасгах гол арга хэрэгсэл гэж үзэж байна.
Монгол Улсад кластерыг хөгжүүлэх нь олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал нөхцөлийн нэг болно.
Судалгаа боловсруулалт (R&D), инноваци болон оюуны өмчийн хэлбэрүүдийг арилжааны болгон ашиглах нь эдийн засгийн тогтвортой өсөлт болон өрсөлдөх чадварын гол үзүүлэлтүүд болж байдаг.
Иймээс “төр-шинжлэх ухаан-бизнес (үйлдвэрлэл)”-ийг хамруулсан шинэ мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий инновацийн тогтолцоог дэмжих, улмаар нэмүү өртөг шингэхүйц шинэ технологи, мэдлэгийг жижиг, дунд үйлдвэрийн салбарт бий болгон хамтарсан судалгаа, үйлдвэрлэл, өргөн хүрээний хамтын зах зээлийг үүсгэн ажиллах шаардлагатай байна.
Жижиг, дунд үйлдвэрийн менежер, ажилтнуудын ур чадвар, чадамжийг хөгжүүлэх нь тухайн аж ахуйн нэгжийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай байхад чухал нөлөө үзүүлдэг.
Санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь энэ салбарт учирч байгаа томоохон асуудал бөгөөд санхүүгийн түрээс, факторинг, хувьцаагаар хөрөнгө оруулах зэрэг санхүүжилтийн бусад арга хэрэгслүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймээс дээрх асуудлуудыг цогцоор шийдэх, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жижиг, дунд үйлдвэрийн чиглэлийн 15 зорилт, 43 үйл ажиллагааг хэрэгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдсан нэгдсэн зорилго, зорилт бүхий үндэсний хөтөлбөрийг боловсруулсан болно.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
Жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт
3.1. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:
3.1.1. хууль, эрх зүйн орчныг сайжруулах;
3.1.2. кластераар хөгжүүлэх;
3.1.3. судалгаа боловсруулалт болон инновацийг хөгжүүлэх;
3.1.4. жижиг, дунд үйлдвэрийг чадавхижуулах;
3.1.5. санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүртээмжийг хангах;
3.1.6. зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн хугацаа
4.1. Хөтөлбөрийг 2014-2016 онд хэрэгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.1.1. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5.1.2.Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5.1.3. аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хүртэл хувийг буцаан олгох буюу чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
5.1.4. нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татварын бодлогоор жижиг, дунд үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
5.1.5. жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг салбар тус бүрээр тогтоох, бүс нутгийн онцлогт тулгуурласан тэргүүлэх салбарыг тодорхойлон тухайн салбарт дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
5.1.6. ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
5.1.7. үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
5.2. Кластераар хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.2.1. жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэл, статистикийн маягтыг боловсруулж нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, мэдээллийг иргэдэд ил тод болгох;
5.2.2. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлэх хөшүүргийг бий болгох, бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэнд төрөөс дэмжлэг, хөнгөлөлт авах тогтолцоог бүрдүүлэх;
5.2.3. жижиг, дунд үйлдвэрийн салбарт кластер хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
5.2.4. жижиг, дунд үйлдвэрийн кластер байгуулах санаачилга, кластерт нэгдэх үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн кластерын талаар баримтлах стратегийг боловсруулах.
5.3. Судалгаа боловсруулалт болон инновацийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.3.1. их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаа өрнүүлэх;
5.3.2. жижиг, дунд үйлдвэрт инновацийг нэвтрүүлэхийг дэмжих, урамшуулах;
5.3.3. оюуны өмчийн үр ашигтай менежментийг нэвтрүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг өсгөх;
5.3.4. жижиг, дунд үйлдвэрийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргийг тооцох аргачлалыг боловсруулах.
5.4. Жижиг дунд үйлдвэрийг чадавхижуулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.4.1. өндөр технологи, мэдлэг, нэмүү өртөг шингэсэн жижиг, дунд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхижуулах;
5.4.2. жижиг, дунд үйлдвэрийн технологийн шинэчлэлийг технологи дамжуулах үйл ажиллагаагаар дэмжих;
5.4.3. хүүхэд, залууст бизнесийн соёл эзэмшүүлэн бэлтгэх үйл ажиллагааг дэмжих;
5.4.4. жижиг, дунд үйлдвэрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог сайжруулан мэргэжлийн ажилчид бэлтгэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвтэй хамтран ажиллах;
5.4.5. иргэдэд бизнес эхлүүлэх, аж ахуй эрхлэх санаачилгыг идэвхжүүлэх, гарааны компанийг дэмжих;
5.4.6. жижиг, дунд үйлдвэрт зориулсан зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх;
5.4.7. бизнес-инкубатор төвийг аймаг бүрт байгуулах, үйл ажиллагааг нь дэмжих.
5.5. Санхүүгийн эх үүсвэрийн нэмэгдүүлэх хүртээмжийг хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.5.1. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хэмжээнд хүргэн бүрдүүлэх;
5.5.2. бичил, жижиг зээлийн нэг ажлын байранд ногдох санхүүгийн хэмжээ, хугацааг нэмэгдүүлж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх дэмжлэгийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх;
5.5.3. зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтад хамрагдах бололцоог өргөтгөх;
5.5.4. жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс (лизинг)-ээр олгох үйл ажиллагааг өргөтгөх;
5.5.5. өндөр технологи, мэдлэг, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дэмжих.
5.6. Жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.6.1. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах борлуулалтын сүлжээг аймаг, орон нутгийн онцлогт тулгуурлан байгуулах, тэдгээрийг холбосон чөлөөт сувгийг бий болгох;
5.6.2. жижиг, дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтад цахим худалдааг өргөн нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх;
5.6.3. үйлдвэр эрхлэгчийн борлуулалтыг дэмжих, иргэдийг дундын зуучлалгүй, гол нэрийн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээр хангах борлуулалтын цэгийг бий болгох;
5.6.4. жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд аутсорсинг үйлчилгээг нэвтрүүлэх;
5.6.5. үндэсний жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх;
5.6.6. гадаадад амьдарч, ажиллаж байгаад буцаж ирсэн иргэдийн жижиг, дунд үйлдвэр эрхлэх санал, санаачилгыг дэмжих, тэдний мэдлэг, туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
6.1. Удирдлага зохион байгуулалт:
6.1.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах үүрэг бүхий Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон бусад төлөөлөл бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл ажиллана;
6.1.2. Үндэсний зөвлөл нь орон нутагт салбар зөвлөлтэй байх бөгөөд салбар зөвлөл нь орон нутагт жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл олгох дэд комисс байна;
6.1.3. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн салбар зөвлөлийн ажлын албаны үүргийг аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтэс, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв гүйцэтгэнэ;
6.1.4. Үндэсний болон салбар зөвлөл нь жилд 2 удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулж болно.
6.2. Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
6.2.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
6.2.2. Засгийн газрын бонд;
6.2.3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө;
6.2.4. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө;
6.2.5. Орон нутгийг хөгжүүлэх тусгай сангийн хөрөнгө;
6.2.6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;
6.2.7. Инновацийг дэмжих сангийн хөрөнгө;
6.2.8. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;
6.2.9. олон улсын болон хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
6.2.10. бусад эх үүсвэр.
6.3. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дор дурьдсан ажлыг эрхэлнэ:
6.3.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагын хамтын ажиллагааг хангах;
6.3.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын зохицуулалтыг бий болгох;
6.3.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын оролцоог хангах;
6.3.4. хөтөлбөрийн санхүүжилтийг хөтөлбөрт заасан бодлого, арга хэмжээний хүрээнд тухайн жилийн төсөвт тусгагдсан хөрөнгийн дүнд багтаан батлагдсан хуваарийн дагуу зарцуулж тайлагнана.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
7.1. Жижиг, дунд үйлдвэрийн талаар шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт орсон хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, журмын хэрэгжилтийн явц сайжирсан байна.
7.2. Үйлдвэрлэлийн кластерыг дагаж бий болсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоо нэмэгдсэн байна.
7.3. Дэмжлэгт хамрагдсан болон шинээр бий болсон ажлын байрны тооны өсөлт, салбар, бүс нутгаар тодорхой гарч, хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчийн тоо нэмэгдсэн байна.
7.4. Бизнес-инкубацийн үйлчилгээнд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөн байна.
7.5. Мэдээллийн сангийн үйл ажиллагааг хэвшүүлж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх хэрэглэгчийн тоо өссөн байна.
7.6. Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн лизинг, батлан даалтын үйлчилгээнд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөн байна.
7.7. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, борлуулалтын хэмжээ өссөн байна.
7.8. Шинэ санаачилга, техник технологи, инновацийг дэмжсэнээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлсэн байна.
Найм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хагас болон бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийнэ. Хяналт-шинжилгээ хийсэн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд үндэслэн үнэлгээг хийлгэх бөгөөд эцсийн үр дүнгийн судалгаа, шинжилгээг хөндлөнгийн байгууллагын оролцоотойгоор, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
8.3. Салбар зөвлөлүүд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ тус бүрээр улирал бүр гаргаж, дүнг хэлэлцэн дараа улирлын эхний сарын 10-ны дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлснээр дэлгэрэнгүй тайланг хагас болон бүтэн жилээр гаргаж, тухайн жилийн 7 дугаар сарын 20, дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор Үндэсний зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлнэ.
8.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй уялдуулан дэд зөвлөлийг урамшуулах, хариуцлага тооцох болон бусад зохион байгуулалтын арга хэмжээний талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал боловсруулж Үндэсний зөвлөлд танилцуулж болно.
8.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг холбогдох байгууллагууд цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
Текст томруулах
A
A
A