- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2019 оны 418 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2014 оны 279 дүгээр
тогтоолын хавсралт
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2019 оны 418 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Хөтөлбөрийн зорилго, зорилт
1.1. Иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээний цогцолбор төвийн тоог нэмэгдүүлэн үйлчилгээг ойртуулах, ажилгүйдлийг бууруулах, албан бус хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөнийг багасгахад хөтөлбөрийн зорилго оршино.
1.2. Энэхүү зорилгыг дараах зорилтоор хэрэгжүүлнэ:
1.2.1. ахуйн үйлчилгээний төвүүдийг улсын төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар бий болгох;
1.2.2. төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон ахуйн үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
1.2.3. албан бус хөдөлмөр эрхлэлтээс зохистой албан хөдөлмөрт шилжин орох ахуйн үйлчилгээ эрхлэгч иргэдийн санал, санаачилгыг урамшуулах;
1.2.4. салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
1.3.1. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого, нийгмийн хөгжлийн хандлага, сум, орон нутгийн иргэдийн хэрэгцээтэй уялдсан байх;
1.3.2. үйлчилгээний салбарын хууль тогтоомж, стандарт, хөгжлийн чиг хандлагатай уялдсан байх;
1.3.3. үйлчилгээ нээлттэй, хүртээмжтэй, уян хатан байх;
1.3.4. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд зэрэг сонирхогч бүх талуудын бодит оролцоог хангасан байх;
1.3.5. үйлчилгээний олон улсын жишиг, үндэсний онцлогт нийцсэн байх.
Хоёр. Хөтөлбөрийн хамрах хүрээ, үйлчилгээний төрөл
2.1. Монгол Улсын нийт 21 аймаг, 330 сум.
2.2. Ахуйн үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд.
Гурав. Хөтөлбөр хэрэгжих хугацаа
3.1. Хөтөлбөрийг 2014-2016 онд хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хэрэгжүүлэх арга хэмжээ
4.1. Төвүүдийг улсын төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар бий болгох зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.1.1. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ашиглан ахуйн үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх;
4.1.2. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ахуйн үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх;
4.1.3. явуулын ахуйн үйлчилгээний хэлбэрийг дэмжих.
4.2. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон ахуйн үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.2.1. тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ (лизинг)-нд хамруулах;
4.2.2. хөнгөлөлттэй зээлд хамруулах;
4.2.3. зээлийн батлан даалтын үйлчилгээнд хамруулах.
4.3. Албан бус хөдөлмөр эрхлэлтээс зохистой албан хөдөлмөрт шилжин орох ахуйн үйлчилгээ эрхлэгч иргэдийн санал, санаачилгыг урамшуулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.3.1. албан бус хөдөлмөр эрхлэлтээс зохистой албан хөдөлмөр эрхлэлтэд шилжин орох ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг ажлын байраар хангаж байгаа ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг 1 удаа олгох.
4.4. Салбар дахь хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгож, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.4.1. ахуйн үйлчилгээний салбарт ажиллагчдыг мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах;
4.4.2. ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг бизнес, менежментийн сургалтад хамруулах;
4.4.3. мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд нарийн мэргэжлийн ажилчин сургаж бэлтгэх, залгамж чанарыг хадгалах.
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт, удирдлага зохион байгуулалт
5.1. Санхүүжилтийн эх үүсвэр:
5.1.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
5.1.2. Сум хөгжүүлэх сан;
5.1.3. Зээлийн батлан даалтын сан;
5.1.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
5.1.5. Орон нутаг хөгжүүлэх сан.
5.2. Удирдлага зохион байгуулалт:
5.2.1. ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллана;
5.2.2. ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын үүргийг орон нутагт Хөдөлмөрийн хэлтэс гүйцэтгэнэ;
5.2.3. орон нутгийн засаг захиргаа хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
5.3. Ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан ажлыг эрхэлнэ:
5.3.1. хөтөлбөрийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;
5.3.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улсын төсөв, Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө болон гадаадын хандивлагчдаас олгосон хөрөнгө, зээл, тусламжийг орон нутагт хуваарилах, хөрөнгө, нөөцийг үр ашигтай зохион байгуулах;
5.3.3. ахуйн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааны жишиг стандарт, журмыг тухай бүр боловсруулж мөрдүүлэх;
5.3.4. хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн дүнг Засгийн газарт тайлагнах.
5.4. Холбогдох Засаг дарга нар дор дурдсан ажлыг эрхэлнэ:
5.4.1. хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлан хэрэгжүүлэх;
5.4.2. орон нутгийн өмчит ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж болох барилгыг иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах;
5.4.3. хувийн өмчийн байрыг ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх;
5.4.4. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улсын болон орон нутгийн төсөв, Засгийн газрын тусгай сангаас ахуйн үйлчилгээний хөгжлийг дэмжих чиглэлээр хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах явцад хяналт тавих;
5.4.5. хөтөлбөрийн хэрэгжилтийн орон нутгийн тайланг хэлэлцэн дүгнэж, хагас болон бүтэн жилээр гарган аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэх;
5.4.6. ахуйн үйлчилгээг дэмжих чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Зургаа. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ үнэлгээг Хөдөлмөрийн яам хийж гүйцэтгэнэ.
6.2. Хөдөлмөрийн хэлтсээс улирал бүрийн эхний сарын 3-ны дотор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд ирүүлсэн тайлан мэдээг ажлын 3 хоногт багтаан Хөдөлмөрийн яаманд хүргүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
7.1. Ахуйн үйлчилгээний төв, үйлчилгээ эрхлэгчдийн тоо нэмэгдсэн байна.
7.2. Ахуйн үйлчилгээний салбарт ажлын шинэ байр нэмэгдсэн байна.
7.3. Тус салбарт албан бус хөдөлмөр эрхлэлтээс зохистой албан хөдөлмөрт шилжсэн иргэдийн тоо нэмэгдсэн байна.
7.4. Ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн ур чадвар, үйлчилгээний стандарт дээшилсэн байна.
7.5. Орон нутагт ахуйн төрлийн үйлчилгээний хэлбэр нэмэгдсэн байна.
Текст томруулах
A
A
A