- Нүүр
- Сайдын тушаал
- ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ //Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хасаж, хөдөлгөөн хийсэн.
//Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хасаж, хөдөлгөөн хийсэн.
Хууль зүйн сайдын 2014 оны А/147
дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Нэг.Хуульчийн мэргэжлийн шалгалтын зорилго, баримтлах зарчим
1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “шалгалт” гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.
1.3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.2-т заасны дагуу Хуульчийн шалгалт зохион байгуулахад хууль дээдлэх, шударга ёс, тэгш эрхийг хангах, ил тод, хараат бус байх, олон нийтийн итгэлийг даах зарчмыг баримтална.
Хоёр.Хуульчийн шалгалтад орох эрх
2.1.Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.
2.2.Мэргэжлийн дадлага гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан ажил, албан тушаалыг эрхэлсэн байхыг ойлгоно. Дадлагын хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан хугацааг оруулж тоолно.
2.3.Гадаад улсын их дээд сургуульд суралцаж эрх зүйн бакалавр, түүнтэй дүйцүүлэх зэрэг /LLB, JD/ эзэмшсэн этгээдийг магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөнд тооцно.
Гурав.Хуульчийн шалгалтын зохион байгуулалт
3.1.Хуульчийн шалгалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар тухай бүр томилно.
3.2.Хуульчийн шалгалтын зохион байгуулалт, бэлтгэлийг хангах ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцана.
3.3.Ажлын хэсэг зохион байгуулалтын дараах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
3.3.1.шалгалтын товыг олон нийтэд мэдээлэх;
3.3.2.шалгалтын талаар мэдээлэл, арга зүйн уулзалтууд зохион байгуулах;
3.3.3.бүртгэх бэлтгэлийг хангах, шалгалтын бүртгэлийг зохион байгуулах;
3.3.4.шалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах, өргөдөлд дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг батлах баримт бичгийг өргөдөл гаргагчаас шаардах;
3.3.5.шалгалт авах бэлтгэл ажлыг хангах, танхим, компьютер, програм хангамжийг бэлтгэх;
3.3.6.сорилгын шалгалтын санг бүрдүүлэх, шалгалтад оруулахад бэлтгэх;
3.3.7.бодлогын шалгалтын даалгаврын санг бүрдүүлэх, шалгалтад оруулахад бэлтгэх;
3.3.8.шалгалтад ашиглах компьютер, програм хангамжийн хяналтын зөвлөлийг байгуулах, ажиллах нөхцөлөөр хангах;
3.3.9.шалгалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах арга хэмжээ авах;
3.3.10.шалгалтын комиссыг ажиллах нөхцөл боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх;
3.3.11.оролцогчтой сонирхлын зөрчилгүй этгээдүүдийг шалгалтын үеийн хянагчаар томилох;
3.3.12.шалгалтыг зохион байгуулахтай холбоотой бусад бэлтгэл ажлыг хангах;
3.3.13.оролцогчийн биеийн байцаалтыг нягтлан шалгаж оруулах, оролцогчдыг дугаарлах, суудал хуваарилах;
3.3.14.шалгалтын явцад мөрдөх журам, зааврыг оролцогч болон бусад этгээдэд танилцуулах;
3.3.15.шалгалтын явцад энэ журмын дагуу хяналт тавих, шалгалтын явцыг баримтжуулах;
3.3.16.шалгалттай холбоотой техникийн туслалцаа үзүүлэх, техникийн саатал гарвал энэ тухай баримтжуулж яаралтай арга хэмжээ авах;
3.3.17.шалгалтын бодлогын даалгаврын хариултыг кодлож шалгалтын комисст хүлээлгэж өгөх;
3.3.18.сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн дүнг шалгалт дууссан даруй оролцогч ба нийтэд мэдээлэх;
3.3.19.бодлогын шалгалтын дүнг шалгалт дууссанаас хойш 5 хоногт багтаан сорилгын дүнтэй нэгтгэж оролцогч ба нийтэд нууц дугаар бүхий жагсаалтаар үнэн зөв мэдээлэх;
3.3.20.шалгалтын комиссын хүлээлгэн өгсөн бодлогын жишиг хариуг мэдээлэх;
3.3.21.шалгалтад тэнцсэн оролцогчдын мэдээллийг Монголын Хуульчдын холбоонд мэдээлж, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;
3.3.22.шалгалтын нэгдсэн дүн ба явцын талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ба олон нийтэд тайлагнах;
3.3.23.бодлогын шалгалтын даалгаврыг шалгалт эхлэх хүртэл, түүний хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл нууцлах, хамгаалах арга хэмжээ авах.
3.4.Шалгалтын даалгаврыг дүгнэх ажлыг шалгалтын комисс хариуцан ажиллана.
3.5.Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн ёс зүйн алдаа зөрчилгүй, хууль зүйн магистр ба түүнээс дээш зэрэгтэй шүүгч, прокурор, өмгөөлөгч ба профессоруудаас гадна хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголын Хуульчдын холбооны төлөөлөл орно.
3.6.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Монголын Хуульчдын холбооны саналыг харгалзан тухай бүр томилно.
3.7.Шалгалтын комиссын гишүүдийн нэрсийн жагсаалт ба шалгалтын даалгавар нь шалгалт явагдаж дуусах хүртэл нууцлана.
3.8.Шалгалтын комиссын гишүүдэд урамшуулал олгож болно.
3.9.Шалгалтын комисс нь дараах үйл ажиллагааг гүйцэтгэнэ:
3.9.1.сорилгын шалгалтад оруулах тестийн сан, хариултын үнэн зөв байдалд хяналт тавих;
3.9.2.бодлогын шалгалтын даалгаврын сангаас шалгалтад оруулах бодлогыг сонгох ажлыг зохион байгуулах;
3.9.3.бодлогын шалгалтын даалгаврыг дүгнэх, үнэлэх ерөнхий аргачлалыг батлах, жишиг хариуг боловсруулах;
3.9.4.бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг баталсан аргачлалын дагуу дүгнэж, үнэлгээ өгөх, дүнг үнэн зөв нэгтгэн Ажлын хэсэгт хүргүүлэх;
3.9.5.бодлогын шалгалтын даалгаврын хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл нууцлах, хамгаалах арга хэмжээ авах;
3.9.6.дээрх чиг үүргээ хэрэгжүүлсэн тухай тайланг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх;
3.9.7.шалгалтын даалгавар гүйцэтгэлийг үнэлэхтэй холбоотой бусад ажил.
Дөрөв.Хуульчийн шалгалтын товыг нийтэд зарлах, оролцогчдыг бүртгэх
4.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд явуулах хуульчийн шалгалтын товыг тогтооно.
4.2.Ажлын хэсэг хуульчийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
4.3.Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан этгээд хуульчийн шалгалтад орох тухай өргөдлөө гаргана.
4.4.Шалгалтад оролцогч бүртгэх ажиллагаа шалгалтын товыг зарласан өдрөөс эхэлж, шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө дууссан байна. Хугацаа хэтэрч ирүүлсэн өргөдлийг бүртгэхгүй.
4.5.Шалгалтын бүртгэл цахим хэлбэртэй байж болно.
4.6.Шалгалтад орохыг хүссэн өргөдөлд баталсан маягтын дагуу бөглөсөн өргөдөл гаргагчийн хувийн мэдээлэл, эрх зүйн боловсрол, мэргэжлийн дадлага ба бусад шаардлагтай мэдээллийг агуулна.
4.7.Өргөдөл гаргагч нь шалгалтад орох шаардлагыг хангаж өргөдлийг үнэн зөв бөглөсөн болохоо хариуцаж баталгаажуулна.
4.8.Шалгалттай холбогдон гарах зардлыг оролцогч өөрөө хариуцна. Зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хэмжээгээр оролцогч төлнө.
4.9.Ажлын хэсэг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу өргөдөл гаргагчийн хуульчийн шалгалтад орох зөвшөөрлийг жагсаалтаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.
Тав.Хуульчийн шалгалтын хэлбэр, түүнийг авах журам
5.1.Хуульчийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана.
5.2.Сорилгын болон бодлогын шалгалтыг тусгайлан бэлтгэсэн танхимд компьютер дээр авна.
5.3.Хуульчийн шалгалтын үргэлжлэх нийт хугацаа гурав хоног байна.
5.4.Шалгалт нь сорилго, бодлого гэсэн дарааллаар явагдана.
5.5.Оролцогч бүр шалгалт тус бүрд нууц дугаартай байна.
5.6.Хуульчийн шалгалтыг дараах журмын дагуу авна.
5.6.1.шалгалт тусгайлан бэлтгэгдсэн байранд товлосон цагт эхэлнэ. Оролцогч нь зөвхөн өөрийн хуваарьт заасан байр, цагт шалгалтад орно;
5.6.2.оролцогч нь товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд ирсэн байна;
5.6.3.оролцогч нь Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт эсвэл түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй ирнэ. Оролцогч нь бүртгэлийн хуудас ба энэ журмын 4-т заасан баримт бичгийг эх хувиар нь авчираагүй тохиолдолд шалгалтад оруулахгүй;
5.6.4.оролцогч нь Ажлын хэсгээс тараасан материал, цааснаас өөр зүйл авч орохыг хориглоно. Тухайлбал: мэдээлэл дамжуулах боломжтой электрон ба бусад хэрэгсэл, тооны машин, камер, дуу хураагаар, дуу хүлээн авагч, гар утас, пейжер, бүх төрлийн диск, халаасны компьютер, дуут сэрүүлэг, чихэвч, түүнчлэн цүнх, уут, ном, товхимол, сургалтын материал, хүнсний зүйл, ус, ундаа, эм, үзэг, харандаа, цаас зэрэг аливаа эд хэрэгслийг өөрийн биед болон ойр орчимд байлгахыг хориглоно;
5.6.5.оролцогч шалгалтын үеэр эм буюу эмнэлгийн бусад зүйлсийг гар дороо байлгах шаардлагатай бол энэ тухай шалгалтаас өмнө Ажлын хэсэгт бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авна. Ажлын хэсэг зөвшөөрсөн тохиолдолд эм, эмнэлгийн зүйлсийг оролцогчийн нэрийг бичсэн шошготой нэвт харагдах уутанд нааж шалгалт эхлэхээс өмнө шалгалтын хянагчид шалгуулан хадгалуулж, хэрэглэнэ.
5.7.Энэ журмын 5.6.4, 5.6.5-т заасан шаардлага нь зохион байгуулагчид, хянагчид мөн адил хамаарна. Тухайн байран дээр шалгалтыг ахалж буй зохион байгуулагч гар утсыг чимээгүй тохиргоонд тавьж зохион байгуулалтын зорилгоор ашиглана.
5.8.Шалгалтын эхэнд шалгалтын үед мөрдөх дүрэм, зааврыг танилцуулна.
5.9.Шалгалт авах хугацааны турш шалгалтын танхим, бие засах газар, бусад газарт оролцогчид хоорондоо ярилцах, утсаар ярих, шалгалтын хянагч, Ажлын хэсгийн бусад төлөөлөгчөөс өөр хөндлөнгийн этгээдтэй харилцахыг хориглоно.
5.10.Техникийн саатал болон бусад гарцаагүй нөхцөл байдлаас болж даалгаврыг компьютер дээр гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд сорилгын шалгалтыг дахин авах, бодлогын даалгаврыг гараар бичин дуусгах ёстой ба компьютер дээр бичсэн хэсэг нь гараар бичсэн хэсэгтэй нэгтгэгдэн дүгнэнэ.
5.11.Шалгалт журмын дагуу явагдаж буйд хянагчид хяналт тавьж ажиллана.
Зургаа.Хуульчийн шалгалтын даалгавар, түүний бүтэц, оноо
6.1.Оролцогчийн шалгалт тус бүрээр авбал зохих дээд оноо нь сорилгын шалгалтад 40, бодлогын шалгалтад 60 байх ба эдгээр хоёр шалгалтад авбал зохих нийт оноо нь 100 байна.
6.2.Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн буюу оролцогч нь шалгалтын авбал зохих нийт 100 онооны 70 ба түүнээс дээш оноог авсан тохиолдолд түүнийг хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэнд тооцно.
6.3.Сорилгын шалгалтын даалгавар нь эрх зүйн ерөнхий болон хуулийн тодорхой зохицуулалт, ойлголтыг тайлбарлан хэрэглэхэд шаардагдах мэдлэгийг сорьсон байна.
6.4.Сорилгын шалгалт нь тусгайлан бэлтгэсэн цахим сангаас шалгалтын эхэнд тохиолдлын байдлаар сонгогдсон асуулт-хариултын хувилбараас бүрдэнэ.
6.5.Сорилго нь 2 хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт өгөгдөл, асуултыг тодорхойлох ба хоёр дахь хэсэгт боломжит хариуны 4 өөр хувилбарыг заана. Хариуны зөвхөн нэг хувилбар нь зөв байна.
6.6.Сорилгын шалгалтын асуулт ба хариултын хувилбарууд нь хүн бүрт өөр байдлаар эрэмблэгдсэн байж болно.
6.7.Оролцогч шалгалт өгөх хугацаандаа ямар нэг туслах материал, ном, хууль тогтоомж ашиглахгүйгээр хариуг сонгон тогтоож болохоор даалгаврын агуулгыг тогтооно. Сорилгын үеэр аливаа туслах материал, ном, хууль тогтоомж ашиглахыг хориглоно.
6.8.Сорилгын даалгавар бүгд 100-200 асуулттай байна. Бүх асуултыг зөв хариулсан тохиолдолд 40 оноо өгнө.
6.9.Сорилгын шалгалтын үргэлжлэх хугацаа 75-150 минут байна.
6.10.Сорилгын даалгавар нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэн ба тэдгээрийн процессын салбар эрх зүй, хуульчийн мэргэжлийн ёс зүй гэсэн сэдвүүдийг хамрана.
6.11.Бодлогын даалгавар нь салбар эрх зүйн хүрээнд тодорхой өгөгдлийг эрх зүйн үндсэн зарчим, хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийх, үнэлж дүгнэх мэргэжлийн ур чадвар сориход чиглэсэн агуулгатай байна. Бодлогын шалгалт нь зөвхөн мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй.
6.12.Сорилгын шалгалтад 60 ба түүнээс дээш хувь буюу 24 ба түүнээс дээш оноо авсан оролцогч бодлогын шалгалтад орох эрхтэй.
6.13.Бодлогын шалгалтын үед тодорхой хязгаарлагдмал үйлдлүүдийг ашиглах /copy, redo, undo, cut, paste, word count/ боломжтой програм хангамжийг ашиглана.
6.14.Оролцогч тус бүр Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санг /legalinfo.mn/ ашиглах боломжоор хангаж болно.
6.15.Нэг бодлого бодох хугацаа 150 минут байна.
6.16.Бодлогын шалгалт нь дараах эрх зүйн салбарын хүрээнд боловсруулагдсан 3 даалгавартай байна. Үүнд:
а.Нийтийн эрх зүй (Үндсэн хууль, Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй);
б.Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй;
в.Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй.
6.17.Оролцогч нь бодлогын бодолт тус бүрд 20 хүртэл, нийт 60 хүртэл оноо авна.
Долоо.Шалгалтын гүйцэтгэлийг дүгнэх, мэдээлэх, батламж олгох
7.1.Шалгалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг тусгай кодоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох оролцогчийн нэрийг нууцлана.
7.2.Сорилгын даалгаврын гүйцэтгэлийг автоматаар тестийн санд орсон түлхүүртэй тулгаж дүгнэнэ.
7.3.Бодлогын даалгаврын гүйцэтгэлийг оролцогчийн бичсэн хариултын хууль зүйн үндэслэл, логик дэс дараалал, бүрэн зөв байдал, найруулгыг харгалзан шалгалтын комисс дүгнэнэ.
7.4.Бодлогын даалгаврын гүйцэтгэлийг даалгавар тус бүрээр гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 4 хоногийн дотор дүгнэж, тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар дүнг гарган ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.
7.5.Шалгалтын материалыг Архивын хууль тогтоомжид заасан журмын дагуу хадгална.
7.6.Сорилгын шалгалтын хариуг тэр даруй оролцогчид, бүртгэлийн дугаараар олон нийтэд мэдээлнэ.
7.8.Бодлогын шалгалтын дүнг оролцогч тус бүрээр сорилгын дүнтэй нэгтгэж шалгалт дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан оролцогчийн бүртгэлийн дугаараар гаргаж, нийтэд мэдээлнэ.
7.9.Шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор уг шалгалтад тэнцсэн этгээдэд өргөдөлд дурдсан мэдээллийг баримтжуулах баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр Ажлын хэсэг батламж олгоно.
Найм.Шалгалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх
8.1.Шалгалттай холбоотой дараах гомдлыг оролцогч ба бусад этгээдээс бичгээр хүлээн авч хянан шийдвэрлэнэ.
8.1.1.шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдол;
8.1.2.шалгалтын ажлын хэсгийн болон комиссын гишүүн журам зөрчсөн тухай гомдол;
8.1.3.шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдол;
8.1.4.шалгалтын нууцлалтай холбоотой гомдол;
8.1.5.сорилго ба бодлогын шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдол;
8.1.6.шалгалттай холбоотой бусад гомдол.
8.2.Гомдол гаргагч нь энэ журмын 8.1.1-т заасан гомдлыг бүртгэл дууссанаас хойш 7 хоногийн дотор, 8.1.3-д заасан гомдлыг шалгалт өгсөн өдрөөс хойш ажлын 1 өдөрт, сорилгын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гарсан гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор Ажлын хэсэгт тус тус бичгээр ирүүлнэ.
8.3.Гомдол гаргагч нь гомдолдоо үндэслэлээ тодорхой дурдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
8.4.Ажлын хэсэг гомдлыг холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан хугацааны дотор шуурхай, шударгаар шалган шийдвэрлэнэ.
8.5.Ажлын хэсэг нь гомдлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж тэдний тайлбар, санал дүгнэлтийг сонсож, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, гомдол гаргагчаас гаргуулан авч танилцана.
8.6.Ажлын хэсэг гаргасан шийдвэрээ ажлын 2 өдөрт багтаан гомдол гаргагчид хүргүүлнэ.
8.7.Ажлын хэсэг нь гомдлыг шаардлагатай бол зохих байгууллагад шилжүүлж болно.
8.8.Зохион байгуулалттай холбоотой гомдлыг дараах журмаар шийдвэрлэнэ:
8.8.1.шалгалтын зохион байгуулалттай холбоотой гомдлыг ажлын хэсгийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
8.8.2.ажлын хэсэг нь маргааныг гомдолд нэр заан буруутгаж байгаа зохион байгуулалтын ажилтныг оролцуулахгүйгээр шийдвэрлэнэ.
8.9.Сорилго ба бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлтэй холбоотой гомдлыг дараах журмаар шийдвэрлэнэ.
8.9.1.шалгалтын комисс нь сорилго ба бодлогын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой маргаан шийдвэрлэхдээ комиссын гишүүдээс бүрэлдэхүүн томилно;
8.9.2.энэ журмын 8.9.1-д заасан бүрэлдэхүүн гомдол гаргагчийн маргаж буй даалгаварын гүйцэтгэлийг дахин үнэлнэ;
8.9.3.гомдол гаргагчийн анхны ба 8.9.2-т заасны дагуу авсан бодлогын шалгалтын оноо 1-3 оноогоор зөрүүтэй тохиолдолд хоёр шатны үнэлгээний голчоор эцсийн оноог тодорхойлно;
8.9.4.дээрх үнэлгээнүүд нь 4 буюу илүү олон оноогоор зөрүүтэй тохиолдолд шалгалтын комиссын дарга I болон II дугаар шатанд өгсөн үнэлгээний дээд, доод хязгаар дотор эцсийн үнэлгээ өгнө.
Ес.Шалгалтын журам зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
9.1.Шалгалтын журам зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй зохион байгуулагч, шалгалтын комиссын гишүүд, бусад үүрэг хүлээсэн этгээдэд холбогдох хууль болон гэрээнд заасан хариуцлага хүлээлгэх ба шаардлагатай тохиолдолд зохих хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулахаар харьяалах байгууллагад хандана.
9.2.Шалгалттай холбоотой өөрт хариуцуулсан нууцлалыг задруулсан шалгалтын комиссын гишүүн, зохион байгуулагчийг шалгалтын үйл ажиллагаанд цаашид оролцуулахгүй бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцно.
9.3.Энэ журмын 9.1-д заасан зөрчил гаргагч нь хуульч бол Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн дагуу хариуцлага тооцуулахаар Хуульчдын холбоонд хандана.
9.4.Ажлын хэсэг нь дараах тохиолдолд оролцогчид сануулах арга хэмжээ авна.
9.4.1.энэ журмын 5.9-д заасан газар бусадтай харилцахаар оролдсон.
9.5.Ажлын хэсэг нь дараах тохиолдолд оролцогчийг шалгалтаас гаргаж шалгалтыг хүчингүй болгоно.
9.5.1.нэгээс дээш сануулах арга хэмжээ авсан;
9.5.2.энэ журмын 5.6.4, 6.7-д заасан зөвшөөрөгдөөгүй материал ашиглахаар завдах, авч орсон;
9.5.3.шалгалтын хуудсан дээр зөвшөөрснөөс бусад тэмдэглэгээ хийсэн;
9.5.4.бусдаас хуулах, бусдад хуулуулсан, эдгээр үйлдэлд завдсан бол.
9.6.Ажлын хэсэг нь дараах тохиолдолд оролцогчийн шалгалтын дүнг хүчингүй болгоно:
9.6.1.шалгалтад бүртгүүлэхдээ хуурамч эсхүл дутуу мэдээлэл өгсөн нь материалд шалгалт хийх явцад тодорхой болсон;
9.6.2.оролцогч нь өөрийнхөө өмнөөс өөр хэн нэгнийг оролцуулсан нь илэрсэн;
9.6.3.шалгалтын журам зөрчиж, нууцлал алдагдсаны улмаас шалгалтад тэнцсэн нь илэрсэн.
Текст томруулах
A
A
A