A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ /ЭМС-ын 2019 оны А/387 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2019 оны А/387 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 148 дугаар тушаалын хавсралт

 

ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ


1.Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1, 32.2 дугаар заалт, “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” MNS 5488:2005 Монгол улсын стандартыг хэрэгжүүлэн, үр хөндөлттэй холбоотой асуудлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

2.Үр хөндөлтийг эрт үеийн, хожуу үеийн гэж тодорхойлно.

а.“Эрт үеийн үр хөндөлт” гэж жирэмсний эхний 12 долоо хоног дотор үр хөврөлийг авах ажилбарыг хэлнэ,

б.“Хожуу үеийн үр хөндөлт” гэж жирэмсний 13 долоо хоногоос 22 долоо хоногийн дотор жирэмсэлтийг эмнэлгийн аргаар таслах ажилбарыг хэлнэ.

3.Эрт үеийн үр хөндөлтийг эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх бэлтгэлийг бүрэн хангасан, хүндрэл гарсан тохиолдолд арга зүйн дагуу найдвартай эмчлэх, 24 цагаар үйлчилгээ үзүүлэх, “Эх барих буюу эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт хийнэ.

4.Эрт үеийн үр хөндөлтийг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгээр, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр төлбөргүйгээр холбогдох шинжилгээг бүрдүүлж, зөвхөн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гүйцэтгэнэ.

5.Хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр дор дурьдсан заалтаар зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт туршлагатай, мэргэжлийн зэрэгтэй эх барих, эмэгтэйчүүдийн эмч гүйцэтгэнэ.

а. Тухайн жирэмсэлт нь эх, ургийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон,

б. 18 хүртэлх насны охид өөрөө хүсвэл эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр,

в. 40-өөс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл,

г. Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийгөө болон бусдыг асрах чадваргүй эмэгтэй өөрөө хүсвэл,

/Энэ хэсэгт Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

д. Цусан төрөл ойртсон нь нотлогдсон,

е. Бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн.

6.Дээр дурьдсан заалтуудаас бусад тохиолдолд жирэмснийг хожуу хугацаанд таслахыг хориглоно.

7.Дараах тохиолдолд үр хөндөхийг түр хойшлуулж, холбогдох эмчилгээг хийсний дараа үр хөндөх ажилбарыг гүйцэтгэнэ.

а. Эрхтэн тогтолцооны цочмог үрэвсэл болон үрэвсэлт өвчний сэдрэлттэй,

б. Бэлэг эрхтний хурц үрэвсэлтэй болох нь нотлогдсон,

8.Үр хөндөх ажилбар хийсэн эмч тухайн ажилбарын талаар “Үр хөндөлт”-ийн түүхэнд тэмдэглэж, үр хөндөлтийн бүртгэлийн маягтанд бүртгэнэ.

9.Эрт үеийн үр хөндөлтийг хийхийн өмнө эмэгтэйд үр хөндөлтийн талаар таниулж, сонгосон аргаар үр хөндүүлэх зөвшөөрлийг бичгээр авч, “Үр хөндөлт”-ийн түүхэнд хавсаргана.

10. Хожуу үед үр хөндөхөд дараах баримт бичгийг бүрдүүлж, “Үр хөндөлт”-ийн түүхэнд хавсаргана.

а. Эмч нарын зөвлөгөөний шийдвэр,

б. Үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх, асран хамгаалагчийн, эрхийн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, зөвшөөрлийг бичгээр авсан байна,

/Энэ хэсэгт Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

в. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай хуулийн байгууллагын тодорхойлолт,

г. Цусан төрөл ойртсон нь нотлогдсон хуулийн байгууллагын тодорхойлолт.

11.Үр хөндөлтийн дараа гарч болох хүндрэл, жирэмслэхээс сэргийлэх үр дүнтэй аргын талаар зөвлөгөөг үйлчлүүлэгчид өгч, энэ тухай “Үр хөндөлт”-ийн түүхэнд тэмдэглэнэ.

12.Эрүүл мэндийн статистик мэдээлэл хариуцсан эмч үр хөндөлтийн тухай тайланг ЭМТ 201.11 маягтыг үндэслэн нэгтгэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцооны судалгаа, статистикийн хэлтэст мэдээлнэ.

 

 

 

----оОо----