- Нүүр
- Сайдын тушаал
- СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын
2014 оны 05 сарын 30-ны өдрийн
180 тоот тушаалын
нэгдүгээр хавсралт
СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ,
ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
1.1.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд хоёр, гуравдахь шатны тусламжид илгээх, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байгууллагын идэвхтэй хяналтад авах, эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж, үйлчилгээ авсны дараа үйлчлүүлэгчийн сэтгэцийн байдалд хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэгдэнэ.
1.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт хүн амын дунд зонхилон тохиолддог дараах сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг (олон улсын өвчний X ангилалаар) оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
1.2.1. Тэнэгрэл-деменци (F00)
1.2.2. Ухаан балартал/делирий (F05)
1.2.3. Архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд (F10)
1.2.4. Мансууруулах бодис хэрэглэх эмгэгүүд (F11)
1.2.5. Тамхи хэрэглэх эмгэгүүд (F17,1)
1.2.6. Архаг солиорох эмгэг (F20)
1.2.7. Цочмог солиорох эмгэг (F23)
1.2.8. Сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг (F31)
1.2.9. Сэтгэл гутрал (F32)
1.2.10. Айдсын эмгэгүүд (F40)
1.2.11. Сандрах эмгэг (F41.0)
1.2.12. Түгээмэл сэтгэл түгших эмгэг (F41.1)
1.2.13. Сэтгэл түгших, сэтгэл гутрах холимог эмгэг (F41.2)
1.2.14. Дасан зохицохын эмгэг (F43.2)
1.2.15. Диссоциатив эмгэг /истери (F44)
1.2.16. Тайлбарлаж болмооргүй бие махбодын зовиур (F45)
1.2.17. Архаг ядаргаа неврастени (F48.0)
1.2.18. Хооллох дурын эмгэгүүд (F50)
1.2.19. Нойрны тулгамдсан асуудлууд (F51)
1.2.20. Бэлгийн эмгэгүүд (F52)
1.2.21. Оюуны хомсдол (F70)
1.2.22. Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагшлын эмгэг (F90)
1.2.23. Хүүхдийн зан үйлийн эмгэгүүд (F91#)
1.2.24. Орондоо шээх эмгэг (F98.0)
1.2.25. Уй гашуу тохиолдох эмгэг (Z63)
1.3. Тусламж үйлчилгээг үзүүлэхдээ дараах аргуудыг ашиглана.
1.3.1.Асуумж ярилцлага хийх
1.3.2.Эмнэлзүйн үзлэг хийх
1.3.3.Сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйн шинжүүдийг үнэлэх
1.4.Сэтгэцэд нөлөөт эмийн эмчилгээний сонголт хийнэ.
1.5.Сэтгэцийн эмгэгтэй хүнийг хамт олон, гэр бүлийн дотор асран сувилах, хараа хяналт тавих, дахилтаас сэргийлэх зөвлөгөө өгөх болон сургалтыг олон нийт, гэр бүлийн гишүүдэд тогтмол явуулна.
1.6.Сэтгэцэд нөлөөт эмийг хэрэглэх тун, хугацаа, хэрэглэх арга, илрэх гаж нөлөөний талаар үйлчлүүлэгч болон түүний гэр бүлийнхэнд тодорхой мэдээлэл өгнө.
1.7.Үйлчлүүлэгчийн эмчилгээний үр дүн муу эсвэл засрал авахгүй, өөртөө болон нийгэмд хор хохирол учруулж болзошгүй тохиолдолд нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон тусгай мэргэжлийн төвд шинжилгээ хийлгэх, эмчлүүлэхээр илгээнэ.
1.8.Нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
1.9.Иргэд, хамт олны дунд сэтгэц-зан үйлийн эмгэгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн цогц арга хэмжээ болох сэтгэцийн эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.10.Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төвд сэтгэц, зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, лавлагаа тусламжид илгээх, хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.11.Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс сэргийлэх, амьдралд тохиолдох аливаа бухимдлыг тайлах, сэтгэц нийгмийн тулгамдсан асуудлуудыг зохистой шийдвэрлэх, эрүүл аж төрөх ёс болон эрүүл зан үйлийг амьдралд төлөвшүүлэх, нийгэм, хамт олон, гэр бүлийн дотор дасан зохицох чадварыг эзэмшүүлэх, архи тамхи болон мансууруулах бодис хэрэглэх эрүүл бус зан үйлээс өөрийгөө хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, холбогдох “Дэлхийн болон үндэсний өдөр”-үүдийг нутаг дэвсгэрийн хэмжээнд тэмдэглэнэ.
1.12.Сэтгэцийн эмгэгтэй хүн, тэдний гэр бүлд туслах сайн дурын бүлгийг нийгмийн ажилтны хүрээнд зохион байгуулна.
1.13.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх, сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ явуулах өрөө гаргаж тохижуулна.
1.14.Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон зайлшгүй шаардлагатай сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлүүлэгчдийг хангана.
1.15.Оношлогдсон сэтгэцийн эмгэгийг бүртгэж, өвчлөлийн тайлан мэдээг хагас жил тутам аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдээлнэ.
Хоёр. Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
2.1.Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сэтгэцийн болон донтолтын их эмч, сэтгэц донтолтын сувилагч, нийгмийн ажилтан, сэтгэл засалч нар үзүүлнэ.
2.2.Сэтгэц, зан үйлийн эмгэгийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх, амбулаторийн идэвхтэй хяналтад авах, шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжлийн төвд илгээх, хүн амын дунд сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа орно.
2.3.Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй хүнд үзүүлэх бөгөөд түүнчлэн сэтгэцийн хувьд эрүүл хүнд үзүүлж болно.
2.4.Олон улсын өвчний Х ангиллын Y бүлэгт заасан Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг оношилж эмчилнэ.
2.5.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгээс илгээх бичгээр ирсэн үйлчлүүлэгчид онош тодруулах эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийнэ.
2.6.Эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
2.7.Үйлчлүүлэгчид эмийн болон эмийн бус, сэтгэл зүйн эмчилгээ хийх бөгөөд сэтгэц нөлөөт эм хэрэглэж байгаа бол хэрэглэх арга, тун, хугацаа, илрэх гаж нөлөөний талаар үйлчлүүлэгч болон түүний гэр бүлийнхэнд мэдээлэл өгнө.
2.8.Албадан эмчлүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчийг магадлан тогтооно.
2.9.Нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийж болзошгүй үйлчлүүлэгчдэд номхотгох арга хэрэглэнэ.
2.10.Үйлчлүүлэгчийн эмчилгээний үр дүн муу эсвэл засрал авахгүй, өөртөө болон нийгэмд хор хохирол учруулж болзошгүй тохиолдолд тусгай мэргэжлийн төвд илгээж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
2.11.Амбулаторийн идэвхтэй хяналтад авч, хяналтын үйлчлүүлэгчдийн хөдөлмөр зохицуулалтын асуудлыг шийдвэрлэнэ.
2.12.Сэтгэц нийгмийн сэргээх засах (нийгэм хамт олонд тулгуурласан болон эмнэлгийн дэргэдэх) тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
2.13.Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс сэргийлэх, сэтгэцийн эмгэг үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар боловсрол олгох, амьдралд тохиолдох аливаа бухимдлыг тайлах, сэтгэц нийгмийн тулгамдсан асуудлуудыг зохистой шийдвэрлэх, эрүүл аж төрөх ёс болон эрүүл зан үйлийг амьдралд төлөвшүүлэх, нийгэм, хамт олон, гэр бүлийн дотор дасан зохицох чадварыг эзэмшүүлэх, архи тамхи болон мансууруулах бодис хэрэглэх эрүүл бус зан үйлээс өөрийгөө хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, холбогдох “Дэлхийн болон үндэсний өдөр”-үүдийг нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг удирдан, хамтран тэмдэглэнэ.
2.14.Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, тэдний гэр бүлд туслах сайн дурын бүлгийг нийгмийн ажилтны хүрээнд зохион байгуулна.
2.15.Сэтгэцийн эрүүл мэндийн хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, сургууль хамт олон, гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор явуулна.
2.16.Нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь сэтгэцийн эмч болон наркологийн эмч, сэтгэл засалч, сэтгэцийн сувилагч, нийгмийн ажилтан нарыг багаар ажиллуулна.
2.17.Сэтгэл заслын өрөө болон сэтгэц нийгмийн сэргээх засах эмчилгээний өрөөг тусад нь зохион байгуулж, эд материалаар хангана.
2.18.Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон болон төр хариуцан амбулаториор үнэ төлбөргүй олгогдох сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг мөрдлөг болгон нэр бүхий сэтгэцэд нөлөөт эмээр үнэгүй үйлчилнэ
2.19.Нэгдсэн эмнэлэгт сэтгэцийн болон наркологийн орыг ажиллуулна.
2.20.Сэтгэцийн эмч, сувилагчийн аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлнэ.(хонх, дохиоллын хэрэгсэл, өрөөг камержуулах)
2.21.Сэтгэцийн болон зан үйлийн оношлогдсон эмгэгийг бүртгэж, өвчлөлийн тайлан мэдээг жилийн эцэст Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдээлнэ.
Гурав. Тусгай мэргэжлийн төвд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
3.1.Сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэргэжлийн тусламж, үйлчилгээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /цаашид төв гэх/ үзүүлнэ.
3.2.Сэтгэцийн тусгай мэргэжлийн тусламж, үйлчилгээг дараах төрлөөр амбулатороор болон хэвтүүлэн эмчилнэ.
3.2.1. Нийгмийн сэтгэцийн эмгэг судлал
3.2.2. Клиникийн сэтгэцийн эмгэг судлал
3.2.3. Анагаахын сэтгэл судлал
3.2.4. Эмнэл зүйн сэтгэл судлал
3.2.5. Шүүхийн сэтгэцийн эмгэг судлал
3.2.6. Донтох эмгэг судлал
3.2.7. Хүүхдийн сэтгэцийн эмгэг судлал
3.2.8. Настны сэтгэцийн эмгэг судлал
3.2.9. Бэлгийн эмгэг судлал
3.2.10. Сэтгэц эм судлал
3.2.11 Сэтгэл засал
3.2.12 Психосоматик анагаах ухаан
3.3.Сэтгэцийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэлбэрүүд:
3.3.1. Нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж, үйлчилгээ
3.3.2. Сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн тусламж, үйлчилгээ
3.3.3. Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ
3.4.Сэтгэцийн эмгэг даамжран архагшиж, хүний хөдөлмөрийн чадварыг алдуулах, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэхэд чиглэгдсэн сэтгэцийн эмгэгийн гуравдагч урьдчилан сэргийлэлтийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
3.5.Төв нь улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хяналтад авах, сэтгэл засал хийх, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавьж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.
3.6.Сэтгэцийн эмгэгийн талаар үндэсний нэгдсэн тайлан, мэдээ гаргах, мэдээллийн лавлагааны сан ажиллуулж, холбогдох хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулна
3.7.Шүүхийн тогтоолоор шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
3.8.Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сургалт, сурталчилгаа, тандалт судалгааг зохион байгуулж, шийдвэр гаргагч нарыг шаардлагатай мэдээллээр хангана.
3.9.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэвшилтэт арга, технологи, эм, хэрэгслэл, олон улсын туршлагыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулна.
Дөрөв. Нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн сэргээн засах өдрийн эмчилгээ, үйлчилгээ
4.1.Нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ нь сэтгэцийн эмгэгийн улмаас хүний амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг сэргээх, сэтгэцийн эмгэгтэй хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм.
4.2.Сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, мөн эмнэлгээс гадуур нийгэм, хамт олонд тулгуурлан сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
4.3.Сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон үйлчлүүлэгчид ажлын өдрүүдэд, өдрийн цагаар нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд өдөрт нэг удаа хоол, цайгаар үйлчилнэ.
4.4.Нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ нь дараах хэлбэртэй байна. Үүнд:
4.4.1. Эмнэлгийн дэргэдэх нийгэм, хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж, үйлчилгээ;
4.4.1.1. Үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусгай төвийн сэтгэцийн ортой эмнэлэгт сэтгэц, нийгмийн сэргээн засах өдрийн эмчилгээний өрөө/ кабинет ажиллана.
4.4.1.2. Үйлчлүүлэгч бусдын асрамжид байдаг бол сэтгэц, нийгмийн сэргээн засах өдрийн эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авч өвчтөний түүхэнд хавсаргана.
4.4.1.3. Өдрийн эмчилгээний эмч, сувилагч үйлчлүүлэгчид тохирох нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний төрлийг сонгоно.
4.4.1.4. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан үйлчлүүлэгчийг 14-21 хоногийн хугацаагаар сэтгэц нийгмийн сэргээн засах тасаг/кабинетийн эмчийн хяналтад байлгаж, өдөрт 3 цагаас илүүгүй хугацаагаар эмчилгээг явуулна.
4.4.1.5. Эмчилгээний явцад өвчтөний бие хямарсан, өвчин сэдэрсэн тохиолдолд эмч, сувилагч нар шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ.
4.4.1.6. Нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн сэргээн засах зарим эмчилгээнээс бүтээгдэхүүн гаргаж, бүтээл хийнэ.
4.4.1.7. Эмнэлэгт хэвтэж байгаа, үндсэн эмчилгээ үр дүнгээ өгсөн, өвчний хурц үе дарагдсан, хэвтрийн дэглэм сахих шаардлагагүй өвчтөнүүдийг үндсэн эмчилгээний зэрэгцээ нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээнд хамруулна.
4.4.2. Эмнэлгийн гадуурх нийгэм, хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж, үйлчилгээ;
4.4.2.1.Амбулаторийн байнгын хяналтад байдаг буюу хэвтэн эмчлүүлээд гарсан үйлчлүүлэгчид нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлнэ.
4.4.2.2.Нийгэм, хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх бие даасан төрийн болон төрийн бус байгууллага нь эмнэлгийн байгууллага, мэргэжилтэнтэй хамтран ажиллана.
4.5. Нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ:
4.5.1. Соёлын эмчилгээ
4.5.2. Зураг урлан эмчилгээ
4.5.3. Хөгжим эмчилгээ
4.5.4. Ном эмчилгээ
4.5.5. Бүжиг эмчилгээ
4.5.6. Тоглоом эмчилгээ
4.5.7. Физик эмчилгээ
4.5.8. Биеийн тамир эмчилгээ
4.5.9. Психодрам эмчилгээ
4.5.10.Сэтгэл заслын театр
4.5.11.Нэр хаяггүй шизофреникүүдийн бүлгийн эмчилгээ
4.5.12. Нэр хаяггүй невротикүүдийн бүлгийн эмчилгээ
4.5.13. Өөртөө туслах бусад бүлэг ажиллуулах эмчилгээ
4.5.14. Хувьчилсан сэтгэл засал эмчилгээ
4.5.15. Бүлгийн сэтгэл засал эмчилгээ
4.5.16. Бусад сэтгэл засал эмчилгээ
4.5.17. Гипноз эмчилгээ
4.5.18. Сэтгэц задлан ялгал эмчилгээ
4.5.19. Аялал зугаалга эмчилгээ
4.5.20. Үзвэр үйлчилгээ эмчилгээ
4.5.21. Оёдол эмчилгээ
4.5.22. Мужаан гар урлал эмчилгээ
4.5.23. Биеэ дааж амьдрах эмчилгээ (Sheltered living)
4.5.24. Үйлдвэрлэл эмчилгээ (талх нарийн боовны цех, гутал засварын газар ажиллуулах, монгол, буриад гутал хийх, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх, мал аж ахуйд хэрэглэх ногт, чөдөр зэрэг бүтээгдэхүүн хийх г.м)
4.6.Эмнэлэг болон эмнэлгийн гадуурх нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн сэргээн засах өдрийн эмчилгээний санхүүжилтийг тухайн байгууллага өөрийн санхүүжилтэд тусган хэрэгжүүлнэ.
Тав. Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээнд хяналт тавих
5.1.Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзүүлж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хяналт тавих комисс ажиллах бөгөөд комиссын бүрэлдэхүүнд тухайн байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын менежер, сэтгэцийн эмч, тухайн байгууллагын хуулийн зөвлөх орно.
5.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт үзүүлж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тухайн өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгийн эрхлэгч их эмч хяналт тавина.
5.3.Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээнд хяналт тавихдаа дараах үзүүлэлтийг анхаарна. Үүнд:
5.3.1.Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчдэд шатлалын дагуу сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эсэх;
5.3.2.Тухайн үйлчлүүлэгчийн оношийг зөв тогтоож, эмнэлзүйн заавар, удирдамж, стандартын дагуу эмчилж байгаа эсэх;
5.3.3.Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчдийн эрхийг сэтгэцийн эмгэгээс өөр шалтгаанаар (улс төр, эдийн засаг, хувийн өш хонзон, яс үндэс, арьсны өнгө, хувийн ашиг сонирхол, шашны зан үйлээр ялгаварлан гадуурхах мэт) бүдүүлгээр боогдуулах, эрхийг нь хязгаарлаж байгаа эсэх;
5.3.4.Сэтгэцийн эмгэгтэй хүнд хүнлэг, энэрэнгүй, шударга, эмнэлгийн ёс зүйд тохирсон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эсэх;
5.3.5.Өвөрмөц эмчилгээ, шинжилгээ хийхэд эмчлүүлэгч ба ар гэрийнхнээс нь бичгээр зөвшөөрөл авсан байдал;
5.3.6.Үйлчлүүлэгчийг хашраах зорилгоор сэтгэцэд нөлөөт эм болон номхотгох аргыг хэтрүүлэн хэрэглэсэн байдал;
5.3.7.Сэтгэцийн эмгэгтэйг нь далимдуулж хүчээр ажил хийлгэх, бие махбод, эд материалыг ашиглан завшсан байдал;
5.3.8.Үйлчлүүлэгчийг хууль хяналтын байгууллагад санал гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байдал зэрэгт тогтмол хяналт тавина.
5.4.Сэтгэцийн эмгэгтэй хүнд үзүүлж буй сэтгэцийн тусламж үйлчилгээний хяналтыг дараах үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:
5.4.1. Сэтгэцийн эмгэгийг өвчний олон улсын X ангилалаар оношлосон байдал;
5.4.2. Шинээр илэрсэн үйлчлүүлэгчийг идэвхитэй хяналтад авсан байдал;
5.4.3. Идэвхтэй хяналтын үйлчлүүлэгчээс сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээнд хамрагдсан хувь;
5.4.4. Идэвхтэй хяналтаас гарсан эмчлүүлэгчийн эзлэх хувь;
5.4.5. Сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулсан байдал;
5.4.6. Амбулаториор үнэ төлбөргүй олгох эмийг олгосон байдал;
5.4.7. Зайлшгүй шаардлагатай эмээр хангагдсан байдал;
5.4.8. Сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчийн эмнэлэгт хэвтсэн ор хоног;
5.4.9. Албадлагын арга хэмжээ авсан шалтгаан, хэлбэрийн протокол хөтлөлт;
5.4.10. Номхотгох, тусгаарлах эмчилгээ хийсэн талаар протокол хөтөлсөн байдал;
5.4.11. Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчийн эрх зөрчсөн тохиолдлын эзлэх хувь;
5.4.12. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн сэтгэцийн эмгэгтэй хүний эзлэх хувь;
5.4.13. Сэтгэцийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааны хүртээмж, чанар;
5.4.14. Нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн тусламж үйлчилгээний чанар, үр дүн.
5.5.Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст үзүүлж буй сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хяналтын үнэлгээг тухайн шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчид улирал тутам хийж, дүгнэлт гаргах ба жилийн эцсийн тайланд оруулна.
5.6. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт үзүүлж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тухайн өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгийн эрхлэгч их эмч, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тухайн байгууллагын эмчилгээний чанарын алба улирал тутам хяналт тавьж тэмдэглэл хөтлөн жилийн эцэст тайланг СЭМҮТ-д мэдээлнэ
5.7.Тусгай мэргэжлийн төвд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд байгууллагын чанарын алба өдөр тутам тогтмол хяналт тавьж жилийн эцэст тайлан гарган ЭМЯ-д мэдээлнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A