- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙГЭМД АЮУЛТАЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНД ХЭРЭГЛЭХ ТУСГААРЛАХ БОЛОН НОМХОТГОХ АРГЫН ЖАГСААЛТ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын
2014 оны 05 сарын 30-ны өдрийн
180 тоот тушаалын
дөрөвдүгээр хавсралт
НИЙГЭМД АЮУЛТАЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНД ХЭРЭГЛЭХ
ТУСГААРЛАХ БОЛОН НОМХОТГОХ АРГЫН ЖАГСААЛТ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэхэд энэ журмыг баримтална.
Хоёр. Зорилго
Сэтгэцийн эмгэгийн улмаас сэтгэц хөдөлгөөний дошгиролд орж өөртөө болон бусдад, нийгэмд хохирол учруулах магадлалтай хүний чөлөөт хөдөлгөөнийг механик аргаар хязгаарлах замаар номхотгох арга хэрэглэж, түүнийг нийгэмд аюултай хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.
2.1 Хэрэглэх заалт
Сэтгэц хөдөлгөөний дошгиролд орсны улмаас өөртөө болон бусдад, нийгэмд хохирол учруулж болзошгүй тохиолдолд буюу аргагүйдсэн нөхцөлд номхотгох аргыг зөвхөн эмчийн заалтаар, хатуу хяналтын дор хэрэглэнэ. Үүнд:
2.1.1 Сэтгэцийн эмгэгийн улмаас сэтгэц хөдөлгөөний догширолд орж биеэ барих чадваргүй болсон үед;
2.1.2 Сэтгэц хөдөлгөөний догширолд орсноос өөртөө болон нийгэмд хохирол учруулах хандлага гаргаж буй үед;
2.1.3 Сэтгэцэд нөлөөт солиорлын эсрэг эм байхгүй тохиолдолд;
2.1.4 Сэтгэцэд нөлөөт солиорлын эсрэг эм хэрэглэж байгаа боловч сэтгэц хөдөлгөөний дошгирол арилахгүй байгаа үед;
2.1.5 Сэтгэцийн хурц солиорол бүхий үйлчлүүлэгчийг зөөвөрлөх, тээвэрлэх үед;
2.1.6 Амиа хорлох бодолтой буюу үйлдэл хийсэн тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ.
2.2 Номхотгох аргын жагсаалт
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн номхотгох аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
2.2.1 Үйлчлүүлэгчийг орон дээр хэвтүүлэн хөнжлөөр нь өлгийдөх арга
2.2.2 Үйлчлүүлэгчийг орон дээр нь хэвтүүлэн цээж ба өвдөгний тус газарт даруулга хийх арга
2.2.3 Үйлчлүүлэгчийг орон дээр хэвтүүлэн бугуй, шилбэний тус газар даруулга хийх арга
2.2.4 Үйлчлүүлэгчийг дамнуурга дээр хэвтүүлэн хөнжлөөр нь өлгийдөх арга
2.2.5 Үйлчлүүлэгчийг дамнуурга дээр хэвтүүлэн цээж ба өвдөгний тус газарт даруулга хийх арга
2.2.6 Үйлчлүүлэгчийг хоёр хүний оролцоотойгоор авч явах арга
2.2.7 Үйлчлүүлэгчийг гурван хүний оролцоотойгоор авч явах арга
2.3 Номхотгох аргыг хэрэглэх
2.3.1 Сэтгэцийн үзлэг хийсэн их эмч үйлчлүүлэгчийн өвчний онош, сэтгэцийн байдлыг зөв тогтооно.
2.3.2 Номхотгох арга хэрэглэх тухай эмчийн заалт өвчний түүхэнд бичигдсэн байх ёстой.
2.3.3 Номхотгох аргуудаас аль нэгийг сонгон богино хугацаагаар хэрэглэнэ.
2.3.4 Номхотгох аргыг хэрэглэхдээ эелдэг зөөлөн хүнлэг харилцана.
2.3.5 Үйлчлүүлэгчид эмчийн заавраар номхотгох аргыг хэрэглэж байгаа үед эмч, сувилагч, туслах сувилагчийн тасралтгүй хараа хяналтад байлгана.
2.3.6 Номхотгох арга хэрэглэх буюу тухайн хүний хөдөлгөөнийг хязгаарлах хугацаа нь аль болохоор богино байх ба ямар ч тохиолдолд 4 цагаас хэтрэхгүй байна.
2.3.7 Номхотгох аргыг шийтгэлийн арга хэрэгсэл болгон хэрэглэхийг хориглоно.
2.4 Номхотгох аргыг хэрэглэх арга техник
2.4.1 Эмчлүүлэгчийг ор болон дамнуурган дээр хэвтүүлэн хөнжлөөр нь өлгийдөх арга техник:
2.4.1.1 Үйлчлүүлэгчийг зориулалтын ор (төмөр) болон дамнуурга дээр дээш харуулан хэвтүүлээд хоёр гарыг нь их биений дагуу байрлуулж, толгойг ил гарган хэвтүүлнэ.
2.4.1.2 Үйлчлүүлэгчийг нимгэн хөнжил эсвэл орны бүтээлэг, дээлэнд өлгийдөн ор болон дамнуурга дээр хэвтүүлээд, тохойны үе, өвдөгний үений орчмоор өргөн даавуу материалаар бүсээр даруулан уяна.
2.4.1.3 Хөнжлөөр өлгийдөхдөө чөлөөтэй амьсгалж болох эсэхийг заавал шалгана.
2.4.1.4 Биед шигдэхгүй, хэмжээний хувьд хүрэлцээтэй тул орны даавууг ашиглах нь илүү зохимжтой.
2.4.2 Эмчлүүлэгчийг ор болон дамнуурган дээр нь хэвтүүлэн цээж, өвдөгний тус газарт даруулга хийх арга техник:
2.4.2.1 Үйлчлүүлэгчийг дамнуурга дээр хэвтүүлээд хоёр гарыг нь их биений нь дагуу байрлуулан цээж болон өвдөгний тус газарт өргөн урт бүс буюу орны дэвсгэр даавуугаар даруулж ортой нь бэхлэж уяна.
2.4.2.2 Даруулга хийх бүс нь 10-15 см өргөнтэй 1-1,5 метр урттай, хөвөн даавуун,суналтгүй,цайварөнгийн материалаар хийгдсэн байна.
2.4.2.3 Дошгиролыг номхотгох тариа хийлгэхээс татгалзах буюу эсэргүүцэл үзүүлж байгаа хүнийг орон дээр нь хэвтүүлээд тариа хийхгүй талын гарыг нь оролцуулан цээж болон 2 өвдөгний тус газарт өргөн бүс буюу даавуугаар даруулж уяна. Даруулганы гадна үлдсэн нөгөө гарт тариа хийнэ. Тариа хийсний дараа гарыг цээжний даруулганд оруулна.
2.5 Эмчлүүлэгчийг орон дээр хэвтүүлэн бугуй, шилбэний тус газар даруулга арга, техник:
2.5.1 Үйлчлүүлэгчийг орон дээр хэвтүүлээд 2 гарыг нь их биений нь дагуу байрлуулан 2 гарын бугуй, 2 хөлийн шагайны тус газарт өргөн урт бүсээр даруулж ортой нь бэхлэж уяна.
2.5.2 Даруулж уях бүс нь 10-15 см өргөнтэй, дотор талдаа зөөлөвчтэй, 1-1,5 метр урттай, хөвөн даавуун, суналтгүй, цайвар өнгийн материалаар хийгдсэн байна.
2.6 Эмчлүүлэгчийг хоёр хүний оролцоотойгоор авч явах арга, техник
2.6.1 Сувилагч нэг гараараа үйлчлүүлэгчийг сугадан нөгөө гараараа үйлчлүүлэгчийн сугадсан гарыг бугуй хэсгээс нь атган барьж хэвлий рүү нь шахна. Үйлчлүүлэгчийг хоёр талаас нь сугадан дундаа хийн их биеийн дагуу шахаж явна.
2.6.2 Нэг сувилагч үйлчлүүлэгчийг араас нь цээжээр нь тэвэрч, хоёрдугаар сувилагч үйлчлүүлэгчийн өвдгөөр тэвэрч их биедээ шахан өргөж явна.
2.7 Эмчлүүлэгчийг гурван хүний оролцоотойгоор авч явах арга, техник
2.7.1 Гурван сувилагч оролцох ба хоёр сувилагч нэг нэг гараараа хоёр талаас нь сугадан, нөгөө гараараа үйлчлүүлэгчийн сугадсан гарыг бугуй хэсгээс нь атган барьж хэвлий рүү нь шахна. Үйлчлүүлэгчийг хоёр талаас нь сугадан дундаа хийн их биеийн дагуу шахаж явна. Гуравдах сувилагч үйлчлүүлэгчийн араас хоёр талын дал орчим гарын алгаар дарж түлхэх байдлаар үйлчлүүлэгч урагш явахад дэм үзүүлнэ.
2.7.2 Гурван сувилагч оролцоно. Хоёр сувилагч үйлчлүүлэгчийн хөлийг өвдөгний үеэр нугалан нэг гараараа үйлчлүүлэгчийн өвдөгний үеэр нь тэвэрч нөгөө гараараа үйлчлүүлэгчийн хөлийг шилбэ хэсгээр нь барих ба өвдөгний үеэр тэвэрсэн гараараа шилбэнээс гарынхаа бугуй хэсгээр атган барьж хөдөлгөөнийг хязгаарлана.
Гурав. Тусгаарлах аргыг хэрэглэх журам
3.1 Зорилго
Нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх, мөн тэдгээрийн сэтгэцийн байдлыг ажиглаж тогтоох зорилгоор сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмнэлгийн тасралтгүй хараа хяналтад байлгахын тулд тусгай өрөөнд тусгаарлана.
3.2 Тусгаарлах өрөөнд хэвтүүлэх заалт
3.2.1 Хий үзэгдэл, дэмийрлийн хам шинж бүхий хурц солиорлууд
3.2.2 Сэтгэц хөдөлгөөний дошгирол
3.2.3 Ухамсарт ухааны алдагдал
3.2.4 Эпилепсийн статуст орж болзошгүй үргэлжилсэн уналтын байдал
3.2.5 Гүнзгий сэтгэл гутрал
3.2.6 Амиа егүүтгэх бодолтой, зорилго төлөвлөгөөтэй
3.2.7 Амиа егүүтгэх оролдлого хийсэн
3.2.8 Сэтгэл хөөрөл догширлын хам шинж
3.2.9 Нейролептикийн хорт хамшинжтэй
3.2.10 Эмчилгээнээс татгалзаж оргох хандлагатай
3.3 Тусгаарлах аргыг хэрэглэх
3.3.1 Үйлчлүүлэгчийг эмчлэгч эмчийн заалтаар тусгаарлах өрөөнд оруулах ба гаргана.
3.3.2 Үйлчлүүлэгчийг хоногийн 24 цагийн турш ээлжийн сувилагч болон туслах сувилагчийн тасралтгүй хараа хяналтад эмчилгээ, асаргаа, сувилгааг хийнэ.
3.3.3 Үйлчлүүлэгч сэтгэцийн хурц байдалтай байгаа бол эмчийн заалтаар зөвшөөрөгдсөн номхотгох аргыг хэрэглэн, хийсэн үйлдлийн талаар тусгай протокол хөтөлнө.
3.3.4 Үйлчлүүлэгчийн гадаад дүр төрх, биеэ хэрхэн авч яваа байдал, дохио зангаа, хар аяндаа буюу ганцаараа ярьж байгаа үг хэллэгүүд зэргийг байнгын ажиглалтаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт”-т тодорхой тэмдэглэнэ. Уг тэмдэглэлтэй эмч нар танилцан шаардлагатай мэдээллүүдийг өвчний түүхэнд тусгана.
3.3.5 Тусгаарлах өрөөнөөс гадагш гарах шаардлагатай тохиолдолд эмнэлгийн ажилчдаас хэн нэг нь заавал хамт явж, эргүүлэн авчирч тусгаарлах өрөөний сувилагч, туслах сувилагчид хүлээлгэн өгнө.
3.3.6 Үйлчлүүлэгчийг дараагийн ээлжийн эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэн өгөхдөө бие махбодын үзлэгийг хамтран хийх ба үйлчлүүлэгч тус бүрийн сэтгэцийн байдлыг сэтгэцийн ажиглалтын дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэн хүлээлгэж өгнө.
3.3.7 Тусгаарлах ерөөнд үйлчлүүлэгчид хяналт тавихын зэрэгцээ сэтгэцийн байдалд нь тохируулан эерэг хандлага гарган харилцана.
3.3.8 Үйлчлүүлэгч түрэмгий авирлах, хэрүүл маргаан гаргах үед эмчид мэдээлэн яаралтай арга хэмжээ авна.
3.4 Тусгаарлах аргыг хэрэглэх үед тавих хяналт
3.4.1 Үйлчлүүлэгчийн хийж буй үйлдэл, хооллолт, бусадтай харилцаж буй байдал, ор дэр, хувцас, шүүгээ зэрэгт нь тогтмол үзлэг хийнэ.
3.4.2 Аюултай үйлдэл хийхэд ашиглаж болзошгүй иртэй үзүүртэй зүйлс, хагарч болзошгүй эд зүйл, шүдэнз, нарийн олс, гутлын үдээс, бүс даавуу, хадаг, үсний боолт зэргийг хураан авч тусгайлан хадгална.
3.4.3 Үйлчлүүлэгч орон дээрээ хэвтэх, унтах үедээ толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөх зэрэг сэжигтэй үйлдлүүдэд тогтмол үзлэг хийнэ.
3.4.4 Эргэлтээр ирсэн хүнсний зүйл болон хооллолтын байдалд хяналт тавьж зөвлөгөө өгнө.
----оОо--------
Текст томруулах
A
A
A