A

A

A

Бүлэг: 1979

Гадаад харилцааны сайдын 2013 оны 11 дүгээр

сарын 15-ны өдрийн А/91 дүгээр  тушаалын

 хавсралт

 

                                                                            ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

                                            Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь хилийн чанадад хүн худалдаалах  болон бусад төрлийн хүнд, онц хүнд гэмт хэргийн хохирогч  /цаашид “хохирогч” гэх/ болсон  Монгол Улсын иргэний аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, эх оронд нь буцаах хүртэлх хугацаанд Дипломат төлөөлөгчийн газраас /цаашид “ДТГ” гэх/ түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох,  эх оронд нь буцаан авчирах зэрэг хуульд заасан бусад  үйлчилгээг үзүүлэх харилцааг зохицуулахад оршино.

 

1.2. “Хохирогч”  гэж  Хүн  худалдаалахтай  тэмцэх  тухай хуулийн  3.1.2 -т заасны дагуу “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоосон эсэхээс үл шалтгаалан энэ журмын 1.1-д заасан гэмт хэргийн  улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн хүнийг хэлнэ.

 

1.3 Өөрийн эзэмшил бүхий байртай ДТГ нь зохих шаардлага хангасан өрөө гарган тохижуулж, хохирогчийг аюулгүй орчинд байх нөхцөлийг бүрдүүлж, энэхүү журамд заасан үйлчилгээг үзүүлнэ.

 

1.4.ДТГ нь өөрийн байранд тусгай өрөө гарган үйлчилгээ үзүүлэх боломжгүй тохиолдолд хохирогчийн аюулгүй байдлыг хангахуйц байр /зочид буудал/-д байрлуулж,  журамд заасан  холбогдох  арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Гадаад харилцааны яамны бүрэн эрх, чиг үүрэг

 

2.1  Гадаад харилцааны яам нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.3.1, 5.3.2, 11.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

2.2  Гадаад харилцааны яам нь Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллага,  Хил хамгаалах ерөнхий газар, хилийн чанад дахь ДТГ, Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөл /цаашид “Дэд зөвлөл” гэх/, холбогдох төрийн бус байгууллагатай хохирогчийн асуудлаар мэдээлэл солилцож, хамтран ажиллахдаа  Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 4, 10 дугаар  зүйл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3.1-д заасан зарчмыг удирдлага болгоно.

 

Гурав. Хохирогчийг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх

 

3.1.Гэмт  хэргийн  хохирогч  болсон нь  тухайн  улсын  холбогдох  эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээлэл, тодорхойлолт болон тухайн иргэний гаргасан өргөдөл, шаардлагатай гэж үзвэл гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тохиолдолд ДТГ-ын тэргүүн, түүний эзгүйд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хохирогчийг хүлээн авч, түр  хугацаагаар орон байраар хангах асуудлыг шийдвэрлэнэ.

 

3.2 Монгол Улсын эрх бүхий байгууллага буюу хууль сахиулах байгууллагын өгсөн мэдээллээр хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэнийг хамгаалах байранд хүлээн авч болно.

 

3.3 Суугаа  орондоо  болон  хавсран  суух,  хавсран  хариуцах   улсад нь хохирогч болсон нь тогтоогдсон иргэний талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газарт 24 цагийн дотор мэдэгдэнэ.

 

3.4.Хохирогчид  буцах үнэмлэх олгон  эх оронд нь буцаах хүртэлх хугацаанд орон байр, хоол хүнсээр  хангах, хохирогчыг эх оронд нь авчрах тээврийн зардлын  асуудлыг шийдвэрлэнэ.

 

3.5  Хохирогч  нь  биедээ  ямар  нэг   бичиг  баримтгүй  тохиолдолд  түүний паспорт, иргэний үнэмлэхийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас шууд авах, шаардлагатай тохиолдолд Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан авч, хохирогчид  буцах үнэмлэх олгоно.

 

3.6 ДТГ, Гадаад харилцааны яамны Консулын газар нь хохирогчийн ар гэр, төрөл төрөгсөдтэй холбоо тогтоож,  хохирогчийн  баримт бичгийн бүрдлийг хангахад тэднээс зохих дэмжлэг авч болно. Шаардлагатай тохиолдолд Цагдаагийн байгууллагаас хохирогчийн талаарх бичиг баримтын лавлагаа, тодорхойлолтыг авч болно.

 

3.7 ДТГ-нь хохирогчид шаардлагатай тохиолдолд  мэргэжлийн эмч, сэтгэл зvйч, өмгөөлөгчийн  тусламж үзүүлж болно.

 

3.8  Энэ журмын 3.3, 3.6 дахь хэсэгт  заасан үйлчилгээг хохирогчид үзүүлэхэд гарсан  зардлыг эхний ээлжинд  ДТГ-ын  төсвөөс гаргана.

 

3.9 ДТГ-нь энэ журмын 3.7 дахь хэсэгт заасны дагуу хохирогчид үзүүлсэн, үйлчилгээний бодит зардлын баримтыг нэгтгэн, хохирогчийг эх оронд нь буцааснаас хойш 1 сарын дотор  Консулын газарт  ирүүлнэ. Консулын газар баримтыг нягтлан Иргэдэд туслах сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулан, хөрөнгийг тухайн ДТГ-т  шилжүүлнэ. 

 

3.10 ДТГ-ын ажилтан, суугаа орны өөр муж, хотод болон хавсран суугаа оронд очиж хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд томилолт, унаа байрны зардлыг Иргэдэд туслах сангаас гаргаж болно. 

 

3.11  Энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  хохирогч болсон нь тогтоогдсон иргэнийг эх оронд нь буцаахад суугаа орны холбогдох байгууллагын болон олон улсын  байгууллагын хандив тусламж авч болно. 

 

3.12 Хохирогчоор тогтоогдсон иргэнийг суугаа орны хууль журмын дагуу холбогдох байгууллага нь хамгаалалтад авч, түр хугацаагаар байрлуулан, эх оронд нь буцаах асуудлыг өөрийн зардлаар шийдвэрлэхэд энэ журам хамаарахгүй бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газар болон ДТГ-аас тухайн иргэний бичиг баримтын бүрдүүлэлтэд туслалцаа үзүүлнэ.

 

 

                      

       -оОо-