- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2014 оны 298 дугаар
тогтоолын хавсралт
ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Үндэслэл, шаардлага
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан ба Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд хог хаягдлын менежментийг сайжруулж хог хаягдлыг бууруулах, хүн амын амьдрах тав тухтай эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр зорилтуудыг тодорхойлсон байдаг. 2012 онд байгаль орчны багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 6.1.5-д хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлахаар заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн үндэслэл болж байна.
Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жил тутамд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон. Тухайлбал, 2009 онд жилд 820 мянган тонн хог хаягдал улсын хэмжээнд гаргадаг байсан бол 2013 оны байдлаар 2.4 сая тонн хог хаягдал үүсч, 4 жилийн дотор 3 дахин нэмэгджээ. Үүнээс төмөр металлын хаягдлыг оруулалгүйгээр 4.4 хувийг нь дахин ашигласан байна. Хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь бараа, бүтээгдэхүүний хэрэглээ огцом өсч байгаатай холбоотой юм. Тухайлбал, 2011 оны байдлаар импортоор авсан химийн бодис 8.9%, албан тасалгааны тоног төхөөрөмж, электрон бараа 28.6%, аккумлятор, хуучин дугуй 28.1%, хуучин автотээврийн хэрэгсэл 71.8%-иар тус тус өссөн байна.
Одоо улсын хэмжээнд 329 сум, суурин газар, 21 аймгийн төвд 1-2, Улаанбаатар хотын хэмжээнд 5, нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг ажиллаж,125 мян.га талбайг хамарч байна. Зөвхөн ердийн хог хаягдал төдийгүй уул уурхайн үйл ажиллагаанаас гарах хүнд металл, химийн хорт бодис агуулсан хаягдал, чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодис, пестицид, тэдгээрийн сав, баглаа боодол, ашигласан тос, зай хураагуур, мөнгөн ус агуулсан хэмжлийн багаж, хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг зэрэг үйлдвэрлэл, ахуйгаас гарах аюултай хог хаягдлын хэмжээ ч ихэсч, хур хуримтлал бий болсоор байна. Энэ талаар 2009 онд хэсэгчлэн хийсэн тооллого судалгааг эс тооцвол улсын хэмжээнд аюултай хог хаягдлын нэгдсэн бүртгэл, хяналтын ажил бараг бүхэлдээ орхигдсон.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага 2007 оноос эхлэн 21 аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфилл технологийн дагуу засч тохижуулах ажлыг үе шаттайгаар хийх шаардлагыг орон нутагт тавьж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч энэ ажил өнөөг хүртэл технологийн дагуу бүрэн хийгдэж чадахгүй байна.
Харин Улаанбаатар хотын хувьд 2006-2010 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хэрэгжүүлсэн "Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрт ахуйн хог хаягдлыг булшлах төвлөрсөн цэг байгуулж, хог тээвэрлэх автомашины парк шинэчлэлийг хийсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2013 оны 13 дугаар тогтоолоороо “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 оны хөтөлбөр” батлан гаргаж, хог хаягдлыг зориулалтын уутанд хийлгэж хэвшүүлэх, нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээг өргөжүүлэх, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон ажлыг өрнүүлж байна.
Гэсэн хэдий ч бодит байдал дээр хотын захын хороолол, хөдөө орон нутаг хогондоо дарагдсан байдал хэвээрээ, хог хаягдлын нэгдсэн менежментийн тогтолцоо төлөвшөөгүй, хатуу хог хаягдлыг ил задгай хамаагүй хаядаг, тогтмол хугацаанд татан зайлуулдаггүй, зөвхөн газарт дарж булах аргаар устгадаг, аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүйгээс ихээхэн хэмжээний хуримтлал үүссэн, хог хаягдлын цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа зэргээс хүрээлэн байгаа орчин бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.
Иймд ногоон хөгжлийн үзэл санааг дэлгэрүүлэн хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргаж нөөц, түүхий эдийн хэмнэлттэй, үр ашигтай, хаягдал багатай цэвэр технологийг дэмжих замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, бохирдуулагч нь төлбөр төлөх, 3R (бууруулах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах) зарчимд тулгуурлан иргэдийн сэтгэлгээг өөрчилж, ухамсрыг дээшлүүлэх, хог хаягдлыг зайлуулах дэд бүтцийг бий болгох, чадавхийг бэхжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, бүх нийтийн оролцоотойгоор хамтдаа хог хаягдлыг бууруулж, цэвэр эрүүл орчинг бүрдүүлэх чиглэлээр зорилго, үйл ажиллагааг тодорхойлж нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
2.1. Нөөцийн үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээ, технологийг дэмжин хаягдлыг бууруулж, байгаль орчинд хал багатайгаар зайлуулах, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хатуу хог хаягдлын зохистой менежментийг төлөвшүүлж, цэвэр эрүүл орчин бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг шийдвэрлэнэ:
2.2.1. хог хаягдлын эрх зүйн орчин, менежментийг боловсронгуй болгож хэрэгжилтийг сайжруулах, хариуцлага, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх;
2.2.2. үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, нөөц, түүхий эдийн зарцуулалтыг багасгах, хэмнэх замаар хог хаягдлыг бууруулах болон хаягдалгүй дэвшилтэт технологийг дэмжих, үйлдвэрлэлийн хог хаягдлын зохистой менежмент, хяналтын тогтолцоог бүрдүүлэх;
2.2.3. аюултай хог хаягдлын менежментийг сайжруулж байгаль орчинд хал багатайгаар зайлуулах чадавхийг бүрдүүлж, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлэх;
2.2.4. хүн амд ногоон хэрэглээний соёл, хог хаягдлыг ангилан ялгах, амьдрах орчны эрүүл ахуйн зөв дадлыг төлөвшүүлэх замаар амьдралын тав тухтай орчин бүрдүүлэх;
2.2.5. хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, эрчим хүч гаргах зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг бууруулах.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
3.1.1. хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг хөхиүлэн дэмжих;
3.1.2. хог хаягдлыг байгаль орчинд хал багатай арга технологиор зайлуулах;
3.1.3. хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, үйлдвэрлэл дээр нь бууруулах;
3.1.4. үйлдвэрлэлийн хог хаягдлын менежментийг тухайн үүсгэгчээр нь хариуцуулах, бохирдуулагч нь төлбөр төлөх;
3.1.5. иргэд, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, түншлэлд тулгуурлах;
3.1.6. гадаад орны хог хаягдлын менежментийн тэргүүн туршлагыг өөрийн онцлогт тохируулан бүтээлчээр нэвтрүүлэх.
Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Хөтөлбөрийн 2.2.1-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоог бүрдүүлэх, үйлдвэрлэгч нь бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг эргүүлэн татаж ашиглах, хариуцлага хүлээлгэх, техникийн болон менежментийн шаардлага тогтоох, хог хаягдлыг бууруулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
4.1.2. хог хаягдлын тооллого явуулж бүртгэлжүүлэн, мэдээллийн цахим сан бүрдүүлж хог хаягдлын хэмжээ, урсгалыг байнгын хяналттай болгох;
4.1.3. хог хаягдлын менежментийн тогтвортой санхүүжилтийн орчин, дэд бүтцийг бий болгох;
4.1.4. аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, энэ хүрээнд хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах өртөг-үр ашгийн тооцоо, хөрөнгө оруулалтын зардлыг тооцоолж гаргах;
4.1.5. хог хаягдлын ангиллын систем, менежментийн тогтолцоонд Европын холбооны стандартыг нэвтрүүлэх;
4.1.6. хог хаягдлын менежментэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөнөөр ашиглаж, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих.
4.2. Хөтөлбөрийн 2.2.2-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. холбогдох яамд тухайн салбарын үйлдвэрлэл эрхлэлтээс гарах хатуу хог хаягдлыг хянах, байгаль орчинд халгүй арга технологиор зайлуулах менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
4.2.2. нөөц, түүхий эдийн зарцуулалтыг багасгах, хэмнэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар хог хаягдлыг бууруулах, хаягдалгүй дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжих;
4.2.3. хог хаягдлыг бууруулах, менежментийг сайжруулах шийдлүүд, гадаад орны тэргүүн туршлагыг судалж, туршин нэвтрүүлэх;
4.2.4. хог хаягдал, хорт бодисын ялгарлаас үүдэлтэй орчны бохирдлыг хянах хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлж, шинжлэх лабораторийн чадавхийг бэхжүүлж хүрээлэн байгаа орчны чанарын бодит мэдээлээр хангагдах.
4.3. Хөтөлбөрийн 2.2.3-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. аюултай хог хаягдлын менежмент, зохицуулалтын чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
4.3.2. хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэл бүхий хог хаягдлыг халгүй аргаар зайлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хог хаягдлыг дахин боловсруулах, устгал хийх “экопарк” хотхон байгуулах;
4.3.3. аюултай хог хаягдлыг устгах, түр хадгалах зориулалтын байгууламжийг бүсчлэн байгуулж аюултай хог хаягдлын хяналтгүй тархалтыг хумих чадавхийг бүрдүүлэх;
4.3.4. аюултай хог хаягдлын талаарх хуулийн хэрэгжилтийг хангах менежментийн чадавхийг бэхжүүлж, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй импортын бараа, бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах.
4.4. Хөтөлбөрийн 2.2.4-т заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1. ахуйн хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, татан зайлуулах дэд бүтцийн байгууламж, машин механизмыг хүртээмжтэй байдлаар бий болгох, холбогдох заавар, аргачлал, стандартыг боловсруулж нэвтрүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах;
4.4.2. ахуйн хог хаягдлыг ангилан ялгах, зориулалтын уут сав хэрэглэх, хогийн цэгт хаях зэрэг дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа өргөнөөр явуулах, иргэдийн санал, санаачилгыг дэмжих;
4.4.3. хог хаягдлыг бууруулах, амьдрах орчноо цэвэрлэж тохижуулах чиглэлээр орон нутгийн засаг захиргааны зүгээс нийтийг хамарсан компанит ажлуудыг зохион байгуулах;
4.4.4. хот, суурин газар бүрт эрүүл ахуйн шаардлага хангасан хогийн цэг байгуулах, өргөтгөх;
4.4.5. ахуйн хэрэглээнээс гарах хог хаягдлын ангилал, дахин боловсруулалт, химийн бодисын зохистой хэрэглээ, хувь хүний нийгмийн хариуцлагын талаар олон нийтэд мэдлэг олгох.
4.5. Хөтөлбөрийн 2.2.5-д заасан зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1. бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг үйлдвэрлэгч эргүүлэн татаж ашиглах, дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлэх;
4.5.2. хог хаягдлыг дахин боловсруулах, эрчим хүч гаргах, бордоо, зам талбай, барилгын материал үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагааг дэмжих;
4.5.3. компанийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, үйлдвэрлэгчид хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, үйлдвэрлэл дээр нь бууруулах, импортлогчид олон дахин ашиглагдах бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, өөрсдийн нийлүүлж байгаа бараанаас гарах хог хаягдлын менежментийг шийдэх, хариуцлага хүлээх чиглэлээр эрх зүйн зохицуулалт бий болгож хэрэгжүүлэх.
Тав. Хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
I үе шат (2014-2017 он)
Хог хаягдлыг бууруулах эрх зүй, зохион байгуулалтын орчныг боловсронгуй болгож, менежментийг сайжруулах, дэд бүтцийн болон санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
II үе шат (2018-2022 он)
Хог хаягдлаас үүдэлтэй орчны доройтлыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, ногоон хэрэглээний соёл, нийгмийн хариуцлагын ойлголтыг төлөвшүүлж, хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болж цэвэр эрүүл орчин бүрдэнэ.
Зургаа. Санхүүжилт
6.1. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
6.1.2. хог хаягдлын үйлчилгээний хураамж;
6.1.3. олон улсын байгууллага, хандивлагчийн зээл, тусламж;
6.1.4. аж ахуйн нэгж, байгууллагаас гаргах хөрөнгө;
6.1.5. бусад эх үүсвэр.
Долоо. Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
7.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр хог хаягдлын зохистой менежментийн эхлэл тавигдаж, хот суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч, нийт хог хаягдлын 20-оос доошгүй хувийг эргүүлэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дахин боловсруулж, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадал хэвшиж, хог хаягдлын урсгалын статистик мэдээ, цахим сан бүрдүүлэх, аюултай хог хаягдал хуримтлагдахаас сэргийлэх чадавх бүрдсэн байна.
7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар тогтоож, 2013 оны тоон мэдээллийг суурь болгон авч үзнэ:
Шалгуур үзүүлэлт |
нэгж |
Суурь үзүүлэлт |
Хүрэх түвшин |
|
2013 он |
2018 он |
2022 он |
||
Байгальд булж зайлуулах хог хаягдлын хэмжээ |
сая.тн |
2.3 |
3.2 |
4.3 |
хувь |
95.6 |
90 |
78 |
|
Дахин боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хог хаягдлын хэмжээ |
хувь |
4.4 |
10 |
22 |
Хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө |
тоо |
12 |
22 |
336 |
Эрүүл ахуйн шаардлага хангасан хогийн цэг |
тоо |
3 |
12 |
40 |
Хог хаягдлыг устгаж зайлуулах зориулалтын байгууламж |
тоо |
15 |
20 |
200 |
Сав, баглаа боодлыг эргүүлэн ашиглах хэмжээ |
тн/жил |
17700 |
70200 |
135000 |
Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14000 стандартыг нэвтрүүлэх аж ахуйн нэгж, байгууллага |
тоо |
1 |
4 |
20 |
Текст томруулах
A
A
A