A

A

A

Бүлэг: 1979


Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 130 дугаар 
тушаалын нэгдүгээр хавсралт

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ
АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад салбарын бодлого, үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавигдах нийтлэг шаардлага, стандартуудын хэрэгжилтийг тогтоох, зөвлөмж өгөхөд энэхүү журмын зорилго оршино.

1.2. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг /цаашид “сургалтын байгууллага” гэх/ аттестатчилахад энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Аттестатчилах ажлыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “агентлаг” гэнэ/ зохион байгуулна.

1.4. Сургалтын байгууллагыг 4 жил тутам 1 удаа, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл авч сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 3-аас доошгүй жилийн дараа аттестатчилна.

1.5. Аттестатчилах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг агентлагийн дарга батална.

Хоёр. Аттестатчиллах үйл ажиллагааны зохион байгуулалт

2.1 Аттестатчилах үйл ажиллагааг агентлагийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэнэ.

2.2 Сургалтын байгууллагыг аттестатчилах ажлын хэсэг нь Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн үйлдвэр үйлчилгээний салбарын зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх, ухааны яам, холбогдох салбарын яам, агентлаг, мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.3 Аттестатчилалд хамрагдах сургалтын байгууллагын жагсаалтыг агентлагийн дарга тухайн хичээлийн жилд багтаан баталгаажуулах бөгөөд аттестатчилалд хамрагдах сургалтын байгууллагад албан бичгээр аттестатчилах мэдэгдлийг хүргүүлнэ.

2.4 Ажлын хэсгийн гишүүд аттестатчилалд орох сургалтын байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй эсэхийг бичгээр мэдүүлсэн байна.

2.5 Ажлын хэсэг нь үйл ажиллагаандаа энэхүү журам болон Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, холбогдох эрх зүйн баримт бичиг, норм нормативыг удирдлага болгоно. 

2.6 Аттестатчиллын үйл ажиллагаа дараах үе шаттай байна.
2.6.1. Хяналтын шалгуур үзүүлэлтийг дүгнэх
2.6.2. Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг дүгнэх.

2.7. Аттестатчиллыг дараах үзүүлэлтүүдийн дагуу явуулна. Үүнд

2.7.1. Хяналтын шалгуур үзүүлэлтүүд (25 оноо)
2.7.2. Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүд (75 оноо)
2.7.2.1. Сургуулийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, менежментийн бодлоготой байх;
2.7.2.2. Сургалтын агуулга, арга зүй, чанарын үнэлгээ;
2.7.2.3. Удирдах ажилтан, багшлах боловсон хүчний чадавхийг бэхжүүлсэн байдал;
2.7.2.4. Сургалтын зорилго зорилтыг хангасан сургалтын орчин бүрдүүлсэн байх;
2.7.2.5. Суралцагчдад зориулсан үйлчилгээ нь тэдний эрх ашигт нийцсэн байх.

2.8. Энэ журмын 2.7.1-д заасан аттестатчилагдаж буй сургалтын байгууллагын гаргасан тайлан мэдээ шаардлагатай баримт бичгийг үндэслэн дүгнэнэ.


Гурав. Аттестатчиллын дүгнэлт гаргах

3.1. Ажлын хэсэг удирдамжид заасан хугацаанд багтаан сургалтын байгууллагыг аттестатчилж дүгнэлт гаргана. Ажлын хэсэг нь тухайн сургалтын байгууллагад мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгч аттестатчиллын дүнг сургалтын байгууллагын удирдлага, агентлагийн даргад танилцуулна.

3.2.  Сургалтын байгууллагын үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргахдаа байгууллага тус бүрээр 1-100 хүртэл оноогоор дүгнэж, үнэлгээг өгнө. Үнэлгээ нь дараах хэлбэртэй байна. Үүнд
• 91-100 оноо      Сайн
• 81-90.9 оноо     Хангалттай
• 70-80.9 оноо    Дунд
• 69,9 оноо буюу түүнээс доош  Хангалтгүй

3.3. Нийт 70-аас дээш оноо авсан сургалтын байгууллагыг “аттестатчилагдсанд” тооцож, 4 жилийн хугацаатай “Аттестатчиллын гэрчилгээ”-г олгоно. Аттестатчиллын гэрчилгээг агентлагын даргын шийдвэрийг үндэслэн олгоно.

3.4.  Нийт 69.9 буюу түүнээс доош оноо авч “Хангалтгүй” үнэлгээтэй аттестатчилагдсан сургалтын байгууллагыг аттестатчилагдаагүйд тооцож сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь эсвэл зарим мэргэжлээр элсэлт авахыг зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээний санал дүгнэлт гаргаж болно. Энэ талаарх дүгнэлтийг агентлаг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ. 

Дөрөв. Бусад

4.1.  Сургалтын байгууллагыг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан аттестатчиллын шалгуур үзүүлэлтийн дагуу аттестатчилж, дүгнэлт гаргаж, ажлын хэсгийн гишүүд гарын үсгээр баталгаажуулан, тухайн байгууллагын удирдлага /захирал/-д танилцуулна.

4.2.  Аттестатчилалд орсон сургалтын байгууллагын захирал дүгнэлттэй танилцаж, гарын үсэг зурна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол ажлын хэсэгт тайлбар өгч болно. Тайлбарыг бичгээр албажуулж ажлын хэсгийн дүгнэлтэд хавсаргана.

4.3.  Аттестатчилах үйл ажиллагаатай холбогдон гарах маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

Тав. Аттестатчилалын санхүүжилт

5.1.    Аттестатчилах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг агентлагийн жил бүрийн батлагдсан төсөвийн зардлаас санхүүжүүлнэ.

5.2.    Ажлын хэсгийн гишүүдэд ажлын хөлс олгоно. Ажлын хөлсний хэмжээг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

 

---оОо---