- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2014 оны 341 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
“УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ”
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улс химийн бодисын аюулгүй байдлын олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орж, тэдгээрийн шийдвэр, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл нь Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид нэгдэн орсон явдал юм.
Удаан задардаг органик бохирдуулагч (УЗОБ) нь хлор, бром, фтор агуулсан галогент нүүрс-устөрөгчид бөгөөд маш тогтвортой (амархан задардаггүй), онцгой хортой, хоруу чанараа алдахгүйгээр хол зайд зөөвөрлөгдөх чадвартай байдаг. УЗОБ нь хүний биед орж биохуримтлал, биосоронзлол үүсгэх ба дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлөн, хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлаа хомсдол, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл, мэдрэлийн согог зэрэг өвчнүүдийг үүсгэнэ. Үүгээр ч зогсохгүй эхийн хэвлий дэх урагт нөлөөлж, эхийн сүүгээр дамжин үр удмыг хордуулдаг.
УЗОБ-дад пестицид, үйлдвэрийн химийн бодис, түүнчлэн зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад болон шатаалтын процессоос зориудын бусаар үүсдэг бодисууд орно.
УЗОБ-ийн хор аюулыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, 2001 оны 5 дугаар сард УЗОБ-ийн хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцийг баталж, 2004 онд конвенци хүчин төгөлдөр болсон ба уг конвенцид Монгол Улс 2004 онд нэгдэн орсон.
Уг конвенцийн хавсралтад одоогоор 23 бодис орсон бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээг нь дэлхий нийтээр зогсоож, нөөц, хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар “Устгах” бодисуудыг А, тодорхой тоо хэмжээгээр үйлдвэрлэж, хяналттайгаар ашиглах “Хязгаарлах” бодисуудыг Б, харин В хавсралтад “Зориудын бус үйлдвэрлэл”-ээс үүсдэг бодисуудыг оруулсан байдаг.
Монгол Улс дах УЗОБ-ийн хэрэглээ ба ялгарал
Монгол Улс УЗОБ-пестицидээс гексахлорциклогексаныг (ГХЦГ), гексахлорбензол, хлордан, альдрин, дильдринийг хэрэглэж байсан. Эдгээрээс ГХЦГ-ыг хамгийн их хэмжээгээр ОХУ-аас импортолж, 1958-1989 онд малын гадаад шимэгчтэй тэмцэх, хашаа бууц ариутгах, бэлчээр, таримал ургамлын хорлогч шавьж, царцаатай тэмцэхэд хэрэглэж байсан байна.
Мал угаалгын ванн, пестицидийн агуулах, цацаж хэрэглэж байсан газруудад хөрсний бохирдол үүссэн нь шинжилгээгээр нотлогдсон ба устгах шаардлагатай 5 тн гаруй ГХЦГ хадгалагдаж байна.
Конвенциор УЗОБ-ийн үйлдвэрийн химийн бодис болох гексабромдифенилийн эфир ба гептабромдифенилийн эфир, тетрабромдифенилийн эфир ба пентабромдифенилийн эфир (ПБДЭ) агуулсан бүтээгдэхүүний импорт хэрэглээг бууруулах, хог хаягдлыг 2030 он гэхэд байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусгах үүргийг Талууд хүлээдэг. Эдгээр бодисуудыг цахилгаан болон цахим хэрэгсэл (ЦЦХ), автотээврийн хэрэгсэл, гэр ахуйн тавилга, нийлэг хивс зэрэгт өргөн хэрэглээний олон бүтээгдэхүүнд галд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нэмдэг.
ПБДЭ нь катодын туяаны хоолойтой (КТХ) дэлгэц бүхий ЦЦХ-д агуулагддаг бөгөөд улсын хэмжээнд нийт 328210 ш КТХ-той телевизор, 140480 ш КТХ-той дэлгэц бүхий компьютер ашиглагдаж, тэдгээрт 4.2 т ПБДЭ агуулагдаж байна. Үүнээс жилд 276.9 тн дэлгэц, 1154.3 тн телевизор хаягдал болохоор байгаа юм.
ПБДЭ-ийг автотээврийн хэрэгслийн хуванцар болон полиуретан эд ангийн галд тэсвэрлэх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор 1975-2004 онд хэрэглэж байсан бөгөөд улсын хэмжээнд 2013 оны байдлаар 1975 оноос 2004 оны хооронд үйлдвэрлэсэн нийт 444184 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, улсын бүртгэлээс 2010-2012 онд 1171 тээврийн хэрэгсэл хасагджээ. Ашиглагдаж байгаа болон бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн хуванцар болон полиуретан эд ангид нийт 58,1 т ПБДЭ агуулагдаж байна.
Дээр дурдсан хортой бодис агуулсан хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, устгах менежментийн систем байхгүйгээс ахуйн хог хаягдлын цэгт хаягдаж байна.
Диоксины ялгарлын тооллогоор улсын хэмжээнд эх үүсвэрүүдээс жилд 139 г TEQ (грамм хорын эквивалент) диоксин, фуран ялгарч байгаагийн 42.6 % нь ил шатаалтаас, 29.7 % нь эмнэлгийн хог хаягдлын шатаалтаас, 6.56 % нь хог хаягдлын ландфиллээс үүсч байгааг тогтоолоо. Өөрөөр хэлбэл нийт ялгарлын 78.8 % нь хогтой холбоотой үйл ажиллагаанаас үүсч байна.
Үлдсэн нь дулаан, цахилгааны үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, төмөрлөг, эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс ялгарч байна. Нийт ялгарч буй диоксин, фураны 79.7% нь агаарт, 9.9 % нь хаягдал байдлаар хөрсөнд хаягддаг бол 7.7 % нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд агуулагдаж үлддэг байна.
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт
Монгол Улс анхны Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөрөө 2006 онд баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.
1) УЗОБ-ийн тухай Стокгольмын конвенцийн хавсралтад орсон 18 бодисыг Монгол Улсад ашиглахыг хориглож, 1 бодисын хэрэглээг хязгаарлан, “Полихлортбифенилийн (ПХБ) бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журам”-ыг батлуулан мөрдүүлж байна.
Хог хаягдлын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудад тодорхой заалтуудыг тусган, хөрс, агаар, ундны ус, газрын доорх ус болон аюултай хог хаягдал шатаах зуухны стандартад УЗОБ-ийн үзүүлэлтийг оруулж, шинжилгээний аргын олон улсын стандартуудыг үндэсний стандарт болгон батлууллаа.
2) Үндэсний хөтөлбөрийн “ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсоож, хог хаягдал болон бохирдсон газрыг цэвэрлэх” тэргүүлэх зорилтын хүрээнд ПХБ агуулсан байж болох эрчим хүчний тосон тоног төхөөрөмжийн тооллогыг улсын хэмжээнд явуулж, шинжилгээнд хамруулан шошгожуулж, мэдээллийн сан бий болгов.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дэргэд ПХБ цэвэрлэх цехийг байгуулан, Итали улсын технологи, тоног төхөөрөмжөөр тоноглон, одоогийн байдлаар 600 гаруй тонн бохирдсон тоног төхөөрөмжийг цэвэрлээд байна. Энэ технологи нь ПХБ-ийг цэвэрлээд зогсохгүй тосны бусад үзүүлэлтийг сайжруулж, трансформаторын үйлчилгээг давхар хийдгээрээ онцлог бөгөөд ингэснээр тоног төхөөрөмжийн насжилт уртасч, цэвэрлэсэн тосоо эргүүлэн ашиглах боломжтой болдог.
3) УЗОБ-пестицидүүдийн хэрэглээ болон импортыг хориглосон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
4) Зориудын бусаар үүсдэг УЗОБ-ийн эх үүсвэрт боломжит арга технологи, байгальд ээлтэй практик (БАТ/БЭП) нэвтрүүлэх жишиг төслийг “Дулааны цахилгаан станц-4”-ийн 8 дугаар зууханд хэрэгжүүлж, БАТ/БЭП-ийн аргачлалуудыг орчуулан сурталчлах ажлыг хийж байна.
5) Олон нийт, зорилтот бүлгүүдэд (эрчим хүч, байгаль орчин, гааль, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нарт) зориулсан сургалтуудыг хийж, гарын авлага, тараах материал, сурталчилгааны нэвтрүүлэг бэлтгэн сурталчилж байна.
“Химийн хорт болон аюултай бодис ба УЗОБ” сурах бичиг гарган, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас боловсруулсан “Ногоон зуух” сургалтын материалыг орчуулан сургалтад ашиглаж эхэллээ.
Өндөр хөгжилтэй орнуудад мэргэжилтнүүдийг УЗОБ-ийн менежмент, тэргүүний технологитой танилцах, шинжилгээ хийх арга зүйд суралцах сургалтад хамруулан чадавхижууллаа.
6) УЗОБ-ийн хяналт-шинжилгээ ба судалгаа, шинжилгээний чадавх бий болгох зорилгоор БОНХЯ, ШУА-тай хамтран Удаан задардаг бохирдуулагчийн лаборатори байгуулж, ПХБ-ийн шинжилгээний хийн хроматограф (GC), диоксин тодорхойлох хийн хроматограф/масс спектрийн багаж (GC/MS MS), хуванцарт фтор, хлор, бром тодорхойлох түргэвчилсэн шинжилгээний рентген флоуресценцийн багаж (X-ray) агаараас диоксин, фураны дээж авах төхөөрөмж зэргээр тоноглож, ажиллагсдыг сургаж дадлагажууллаа.
УЗОБ-ийн хөтөлбөрийг шинэчлэх шаардлага
УЗОБ-ийн тухай Стокгольмын конвенцийн Талуудын 4 дүгээр бага хурлаас 2009 онд 9 бодис, 2011 онд хуралдсан 5 дугаар бага хурлаас 1 бодис нэмж орсонтой холбоотойгоор Талуудад үндэсний хөтөлбөрөө энэ нэмэлт орсноос хойш 2 жилийн дотор шинэчилж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Энэхүү шаардлагын дагуу УЗОБ-ийн тооллогыг пестицид, үйлдвэрийн химийн бодис, диоксин ба фуран, ПХБ гэсэн 4 чиглэлээр 2013 онд хийж, нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр цаашид УЗОБ-ийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг шаардлага, ач холбогдлоор нь эрэмбэлэн зорилго, зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа.
Хоёр. Үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. УЗОБ-ийн хор нөлөөллөөс байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Энэ хөтөлбөрийн зорилгыг хангахад дараах зорилтуудыг дэвшүүлж байна:
2.2.1. УЗОБ-той холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах;
2.2.2. шинэ-УЗОБ-үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах зохистой менежментийг бий болгох замаар УЗОБ-ийн байгаль орчинд ялгарах ялгарлыг бууруулах, улмаар хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг багасгах;
2.2.3. эх үүсвэрээс ялгарах зориудын бусаар үүсдэг УЗОБ-ийн ялгарлыг бууруулах;
2.2.4. УЗОБ-пестицидээр бохирдсон газрыг олж тогтоон, цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
2.2.5. полихлортбифенилгүй орон болох.
Гурав. Хөтөлбөрийн үндсэн зарчим
3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчмыг баримтална:
3.1.1. УЗОБ-ийн тухай Стокгольмын конвенцийн үндсэн зарчим, чиглэлийг баримтална;
3.1.2. Монгол Улсын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлоготой уялдсан байна.
Дөрөв. Хэрэгжүүлэх үе шат
4.1. УЗОБ-ийн тухай үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хугацааг 2 үе шаттай байхаар тодорхойлж байна.
I үе шат (2014-2020 он)-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, хог хаягдал, аюултай хог хаягдал, ялангуяа УЗОБ агуулсан хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар цуглуулах, дахин боловсруулах, устгах менежментийг бий болгох, УЗОБ бодисуудыг тодорхойлох лабораторийн чадавхийг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
II үе шат (2020-2040 он)-УЗОБ агуулсан бараа бүтээгдэхүүний хэрэглээг зогсоох, нөөц хаягдлыг устгах, бохирдсон газруудыг хоргүйжүүлэх, үүсэлтийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.1. УЗОБ-той холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1.1. УЗОБ-той холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинжилгээний болон зөвшөөрөгдөх хэмжээний стандартыг шинэчлэх, шинээр гаргах.
5.2. Шинэ-УЗОБ-үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах зохистой менежментийг бий болгох замаар УЗОБ-ийн байгаль орчинд ялгарах ялгарлыг бууруулах, улмаар хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг багасгах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.2.1. шинэ-УЗОБ-үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах зохистой менежментийг бий болгох;
5.2.2. шинэ-УЗОБ-үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний импорт, хэрэглээг бууруулах;
5.2.3. шинэ-УЗОБ-үйлдвэрийн химийн бодисыг тодорхойлох, судалгаа хийх лабораторийн чадавх бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх.
5.3. Эх үүсвэрээс ялгарах зориудын бусаар үүсдэг УЗОБ-ийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.3.1. хог хаягдлын ил шатаалтаас үүсэх диоксин, фураны ялгарлыг бууруулах;
5.3.2. эмнэлгийн хог хаягдлын шатаалтаас үүсэх диоксин, фураны ялгарлыг бууруулах;
5.3.3. цахилгаан станцын зуух, уурын болон ус халаагуурын зуух, гэрийн зуух зэрэг нүүрсээр ажилладаг зуухнаас ялгарах диоксин, фураны ялгарлыг бууруулахад БАТ/БЭП нэвтрүүлэх.
5.4. УЗОБ-пестицидээр бохирдсон газрыг олж тогтоон, цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.4.1. УЗОБ-пестицидээр бохирдсон газрыг олж тогтоох, цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5.4.2. УЗОБ-пестицидийн хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах.
5.5. Полихлортбифенилгүй орон болох зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.5.1. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсоож, ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар 2020 он гэхэд цэвэрлэж дуусгах;
5.5.2. ПХБ-ээр бохирдсон газруудыг олж тогтоох, цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
санхүүжилт
6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
6.2.1. Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүгийн туслалцаа;
6.2.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;
6.2.3. байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгө;
6.2.4. улсын болон орон нутгийн төсөв;
6.2.5. байгаль хамгаалах сан;
6.2.6. бусад.
Долоо. Гарах үр дүн, түүнийг тайлагнах
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэх болно:
7.1.1. УЗОБ агуулсан бараа бүтээгдэхүүн, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин боловсронгуй болно;
7.1.2. аюултай хог хаягдал, цахим болон цахилгаан хэрэгсэл болон авто тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, хадгалах, устгах менежментийн систем бий болно;
7.1.3. УЗОБ агуулсан бараа бүтээгдэхүүний хэрэглээ буурна;
7.1.4. боломжит арга технологи, байгальд ээлтэй практик (БАТ/БЭП) нэвтрүүлэх замаар эх үүсвэрүүдээс үүсэх диоксин ба фураны үүсэлтийг бууруулна;
7.1.5. УЗОБ-ийн эх үүсвэр, бохирдсон газрын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бий болно;
7.1.6. УЗОБ-аар бохирдсон газруудыг цэвэрлэнэ;
7.1.7. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг зогсоож, нөөц хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусна;
7.1.8. УЗОБ химийн бодисын судалгаа, хяналт-шинжилгээ, биомониторинг хийх чадавх бий болно;
7.1.9. хүн амын амьдрах орчны чанар сайжирна.
7.2. Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт конвенцийн болон үндэсний хөтөлбөрийн тайланг 4 жил тутамд, ПХБ устгах явцын тайланг 5 жил тутамд гаргаж хүргүүлнэ.
7.3. Монгол Улсын Засгийн газарт хөтөлбөрийн биелэлтийн явцын тайланг хагас, бүтэн жилээр, хөтөлбөрийн үр дүнгийн тайланг үе шат бүрээр гаргаж тайлагнана.
---oOo---
Текст томруулах
A
A
A