A

A

A

Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд,

Хууль зүйн сайдын хамтарсан

2014 оны 10 дугаар сарын 24-ны
өдрийн, А/356,А/182
дугаар тушаалын хавсралт

 

ГЭРЧ, ХОХИРОГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН

ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

                                       

Нэг. Нийтлэг үндэслэл

          1.1.Энэ журмын зорилго нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон, хамгаалалтанд байгаа гэрч, хохирогчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулахад оршино.

          1.2.Хамгаалалтанд байгаа гэрч, хохирогчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай, Цагдаагийн албаны тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд баримтлах удирдамж, стандарт болон энэ журмыг баримтална. /ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

           2.1.Гэрч, хохирогч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан байгууллага /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/ бүрдүүлэх бөгөөд бүх шатны эрүүл мэндийн байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран гэрч, хохирогчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. 

         2.2.Эрх бүхий байгууллагын хамгаалалтын нэгж нь хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн бүртгэл хөтлөх ба Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тодруулга авч, мэдээлэл солилцон байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа болон бусад шаардлагатай арга хэмжээг төлөвлөхөд ашиглана./ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

         2.3.Гэрч, хохирогчийг эрүүл мэндийн байгууллагад хэвтүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд түүний аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг хамгаалалтанд авсан байгууллага хариуцна. Хамгаалалт зохион байгуулахад шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцэхгүй тохиолдолд эрх бүхий байгууллагаас дэмжлэг авч болно./ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

         2.4.Эрүүл мэндийн байгууллагын удирдлага энэ журмын 2.3 дэх хэсэгт заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, шаардлагыг хангасан өрөө, тасалгааг тусгайлан гаргаж үйлчилнэ.

         2.5.Эрх бүхий байгууллага нь төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай гэрч, хохирогчийг анх хүлээн авсан эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авна./ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

 

Гурав. Гэрч, хохирогчийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах

 

          3.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.5 дахь хэсэгт заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан гэрч, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирснаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэж, ердийн журмаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдана.

          3.2.Хамгаалалтанд авсан эрх бүхий байгууллага нь энэ журмын 3.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэрч, хохирогчийг эрүүл мэндийн байгууллагад хүргэх, тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.

           3.3.Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн байгууллага нь эрх бүхий байгууллагын алба хаагчийн анхны шаардлагаар гэрч, хохирогчийг аливаа баримт бичиг шаардахгүйгээр шууд хүлээн авч, дараалал харгалзахгүйгээр шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. /ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

         3.4.Гэрч, хохирогчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нь гэрч, хохирогчид үзүүлсэн тусламж, үйлчилгээ, түүний хувийн мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

        3.5.Гэрч, хохирогч ердийн журмаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдахаас бусад тохиолдолд түүний нэр, хаяг, утасны дугаар нууц байх бөгөөд хүргэж ирсэн албан хаагчийн өгсөн мэдээллийн дагуу бүртгэнэ.

           3.6.Хамгаалалтанд авсан эрх бүхий байгууллагын дуудлагын дагуу томилогдсон эмнэлгийн мэргэжилтэн гэрч, хохирогчийн байрлаж буй газар очиж анхны болон амь тэнссэн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Гэрч, хохирогч аюулгүй газарт буюу хамгаалах байранд байгаа тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэргэжилтнийг уг газарт авчрах, буцаан хүргэх ажиллагаа болон хамгаалах байрны байршил, хүрэх замын чиглэлийн нууцлалыг хамгаалалтанд авсан байгууллага хуриуцна./ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

         3.7.Гэрч, хохирогчийн амь насанд нь аюултайгаас  бусад тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаас татгалзсан бол түүнд албадлага хэрэглэхээс зайлсхийх бөгөөд энэ тухай тэмдэглэл хөтөлж, хувийн хэрэгт хавсаргана./ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

         3.8.Гэрч, хохирогчид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх шаардлага гарч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах явцад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан холбогдох байгууллагын хамгаалалтын нэгж нь эрүүл мэндийн байгууллагыг ажиллах нөхцөл, боломжоор хангана. /ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

         3.9.Эрх бүхий байгууллага нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байсан байгууллагыг гэрч, хохирогчтой зөвшилцөн өөрчилж болно.

 

Дөрөв. Эрх бүхий байгууллагын хүлээх үүрэг

 

           4.1.Эрх бүхий байгууллага нь гэрч, хохирогчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

            4.1.1.гэрч, хохирогчийг эрүүл мэндийн байгууллагад хэвтүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд тэдний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг зөв тогтоож, түүнд тохирсон хамгаалалтын арга хэмжээ авах;

               4.1.2.гэрч хохирогч нь цаг хугацааны хувьд эрүүл мэндийн байгууллагын туслалцааг авах боломжгүй тохиолдолд эрүүл мэндийн анхны болон амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хамгийн ойр орших эрүүл мэндийн байгууллагад хүргэх, гэрч, хохирогчийн гэр бүлийн гишүүнд энэ тухай яаралтай мэдэгдэж, уулзах нөхцөл боломжоор хангах. /ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

           4.2.өөрийн байгууллагын албан хаагчдад эрүүл мэндийн анхны болон амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дадал, чадвар олгох сургалтыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулах./ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

 

Тав. Гэрч, хохирогчийн хүлээх үүрэг

          5.1.Гэрч, хохирогч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

          5.1.1.энэ журмын 3.1 дэх хэсэгт заасан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх;

        5.1.2.эмч, эмнэлгийн мэргэжилтэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой асуумжид үнэн зөв мэдээлэл өгөх. /ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

           5.2.Гэрч, хохирогч нь хамгаалалтын арга хэмжээнд хамрагдахаас өмнө авч байсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үргэлжлүүлэн авах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах бол энэ журмын гуравдугаар хэсэгт заасныг баримтална./ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171 тушаалаар өөрчлөлт оруулсан/

                                  

Зургаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал

          6.1.Эрх бүхий байгууллага нь дор дурдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс бусад зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.10 дахь хэсэгт заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гаргуулж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ:

                     6.1.1.Эрүүл мэндийн тухай хуульд заасан улсын төсвөөс санхүүжих тусламж, үйлчилгээ;

                     6.1.2.иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалаас санхүүжих тусламж, үйлчилгээ;

                     6.1.3.энэ журмын 6.3 дахь хэсэгт заасан тусламж, үйлчилгээ.

6.2.Эрүүл мэндийн байгууллага нь гэрч, хохирогчийн амь насыг аврах, эрүүл мэндэд учирсан ноцтой аюулыг нэн даруй арилгахад шаардагдах энэ журмын 6.1.1-6.1.3 дахь хэсэгт зааснаас бусад эрүүл мэндийн төлбөртэй тусламж, үйлчилгээг өөрийн зардлаар үзүүлж, гарсан зардлыг эрх бүхий байгууллага гаргана.

6.3.Гэрч, хохирогч нь гэрч, хохирогчоор тогтоогдохоос өмнө авсан гэмтэл, бэртэл, бусад өвчний шалтгаанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, түүнчлэн урьд авч байсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үргэлжлүүлэн авах болон эд, эрхтэний донор болох зардлаа өөрөө хариуцна.

 

Долоо. Бусад

7.1.Эрх бүхий байгууллага нь энэ журмыг зөрчсөн гэрч, хохирогчийн хамгаалалтын арга хэмжээг цуцлах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулахад гарсан зардлыг нөхөн төлүүлэх асуудлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

 

----- оОо -----