A

A

A

Бүлэг: 1979


Засгийн газрын 2014 оны 354 дүгээр
                                          тогтоолын 1 дүгээр хавсралт


НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилт нь  нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлэн орлого, зарлагын гүйцэтгэлийг хангаж хяналт тавих, даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг тогтоож, хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд олгох, нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлүүлэх,  иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах, ач холбогдлыг ойлгуулан таниулах замаар хамралтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах,   нийгмийн даатгалын  байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах харилцааг зохицуулахад  оршино.

1.2. Нийгмийн даатгалын байгууллага, байцаагч үйл ажиллагаандаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан  зарчим баримтална.

1.3. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-ын  гаргасан шийдвэрийг нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талууд дагаж мөрдөнө.

1.4. Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, тэдгээрийн ажилтан нь нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-ын  хяналтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, шаардлагатай мэдээллээр ханган нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй.

1.5. Нийгмийн даатгалын бүх шатны байгууллага нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, шимтгэлийн орлогыг бүрдүүлэх, улсын төсвөөс олгох хөрөнгө, нийгмийн даатгалын сангуудын зарлага, санхүүжилтийн талаар санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага,  төрийн сан,  банктай ажлаа нягт уялдуулан мэдээллээр хангах, тайлан мэдээг тогтоосон хугацаанд гаргаж өгөх зэргээр хамтран ажиллана.

Хоёр. Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага,
зохион байгуулалт

  2.1. Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тогтолцоо, зохион байгуулалтын бүтэцтэй байна.

2.2. Нийгмийн даатгалын ерөнхий газар (цаашид "Ерөнхий газар" гэх) нь биеэ даасан үйл ажиллагаа явуулж, нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтэс нь Ерөнхий газар болон тухайн шатны  Засаг даргын, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь Ерөнхий газар, нийслэлийн нийгмийн даатгалын газрын болон дүүргийн Засаг даргын,  сумын нийгмийн даатгалын тасаг нь (ажилтан) аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын Засаг даргын  удирдлагад  тус тус ажиллана.

2.3. Ерөнхий газар нь аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

2.4. Ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн зорилт, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж, Ерөнхий газрын даргад шийдвэр гаргахад туслах, зөвлөх үүрэг бүхий Ерөнхий газрын даргын зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхий газрын дарга батална.

2.5. Бүх шатны нийгмийн даатгалын байгууллага нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудасны загварыг Ерөнхий газрын дарга баталж мөрдүүлнэ.

Гурав. Ерөнхий газрын чиг үүрэг, эрх

3.1. Ерөнхий газар нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

3.1.1. Ерөнхий газар нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ;

3.1.2. нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, түүний хэрэгжилтийг хангах журам, аргачлал, чиглэл, зөвлөмж  гаргах;

3.1.3. нийгмийн даатгалын доод шатны байгууллагын үйл ажиллагааг удирдах, шалган зааварлах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, шилдэг туршлага, сайн менежментийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хариуцлага тооцож  арга хэмжээ авах;

3.1.4. нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдал, үр дүнг тодорхойлж, боловсронгуй болгох талаар санал боловсруулж, холбогдох газарт уламжлах;

3.1.5. эрдэм шинжилгээ, боловсрол, төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран буюу дангаараа нийгмийн даатгалын хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, таниулах, иргэн (даатгуулагч)-ийг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох арга хэмжээ авах;

3.1.6. нийгмийн даатгалын сангийн анхан шатны нягтлан бодох бүртгэлийн маягтуудын загвар, хөтлөх журмыг боловсруулж батлуулах;

3.1.7. ажил олгогч, даатгуулагчаас шимтгэлийг бүрэн төлүүлэх, тооцоо хийх, бүртгэлд тусгах, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төлбөрийг зохих журмын дагуу шуурхай олгуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

3.1.8. ажил олгогч, даатгуулагчийн өргөдөл, гомдол, мэдээллийг хянаж шийдвэрлэх, урамшуулах үйл ажиллагааг дэмжин туслах;

3.1.9. даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаанд хяналт тавьж, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг удирдан зохион байгуулж шалган зааварлах;

3.1.10. нийгмийн даатгалын байгууллагыг өндөр мэргэжил, мэдлэгтэй, үнэнч шударга, чадварлаг хүний нөөцөөр хангаж бэхжүүлэх, тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, шагнаж урамшуулах;

3.1.11. Ерөнхий газрын болон бүсийн төвийн аймгийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд “Сургалтын төв” байгуулах замаар нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудыг тасралтгүй сургах, мэргэшүүлэх, салбарын мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх;

3.1.12. даатгалын сангуудын жилийн орлого, зарлагын төсөв, даатгалын санд улсын төсвөөс олгох татаас болон нийгмийн даатгалын байгууллагын төсвийг жил бүр зохиож нийгмийн даатгалын сангийн  төсвийн төсөлд тусгуулах;

3.1.13. нийгмийн даатгалын төвлөрсөн санд улсын төсвөөс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын санд цаг тухайд нь шилжүүлэн зарцуулалтад хяналт тавих;

3.1.14. нийгмийн даатгалын сангийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байгууллагын төсвийн гүйцэтгэлийн тайланг улирал бүр, мэдээг сар бүр гаргаж, санал, дүгнэлтийн хамт холбогдох байгууллагад танилцуулах;

3.1.15. нийгмийн даатгалын байгууллагуудыг мэдээллийн сүлжээнд оруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим тооцоолох техник хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах;

3.1.16. нийгмийн даатгалын байгууллага, ажилтны буруугаар ажил олгогч, даатгуулагчийн гаргасан зардлыг хуульд заасан журмын дагуу гаргуулах;

3.1.17. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

   3.2. Ерөнхий газар нь дор дурдсан эрх эдэлнэ:

3.2.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан эрхийг эдэлнэ.

3.2.2. аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын сан тус бүрийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төвлөрүүлэн авч нэгдсэн журмаар хуваарилан зарцуулах;

3.2.3. нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу хөрөнгийн боломжид тулгуурлан тодорхой төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх санал боловсруулж, холбогдох байгууллагад оруулах;

3.2.4. нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж болон нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, даатгалын үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар  тушаал гаргах;

3.2.5. нийгмийн даатгалын байгууллагын ажилтнаас мэргэжлийн болон мэргэшлийн шалгалт авч ажилдаа тэнцэж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдний ажлын үр дүнг харгалзан хууль тогтоомжид заасны дагуу шагнаж урамшуулах;

3.2.6. олон улсын хөдөлмөрийн байгууллага, холбоо болон гадаадын бусад байгууллага, орнуудтай нийгмийн даатгалын асуудлаар ажил хэргийн холбоо тогтоож хамтран ажиллах;

3.2.7. хууль тогтоомжид заасан бусад эрх.

3.3. Нийгмийн даатгалын байгууллага нь дараах  асуудлаар шүүхэд нэхэмжлэл буюу гомдол гаргана:

3.3.1. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан,  зайлсхийсэн зэрэг  тохиолдолд   даатгуулагчийн хууль ёсны  эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг  төлүүлэхээр;

3.3.2. албан үүргээ гүйцэтгэхэд нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, доромжилсон, заналхийлсэн түүнийг үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруутай этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу шийтгэл хүлээлгэхээр;

3.3.3 нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн   хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулахаар;

3.3.4. нийгмийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй бусад асуудлыг шийдвэрлүүлэхээр.

Дөрөв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн
           даатгалын байгууллагын эрх, үүрэг

4.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, тасаг, ажилтан дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

     4.1.1. тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох, үйлчилгээний төлбөр өгөх ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх;

     4.1.2. тухайн нутаг дэвсгэр дэх ажил олгогч, даатгуулагчаас нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хугацаанд нь даатгалын сан тус бүрт оруулах, Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн үүргийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмж болон цэргийн тэтгэвэрт зориулж улсын төсвөөс олгох хөрөнгийг авч даатгалын сангуудын орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж  хэрэгжүүлэх;

     4.1.3. тухайн нутаг дэвсгэр дэх хуулийн этгээдэд ажиллаж байгаа  даатгуулагчдад нийгмийн даатгалын  дэвтэр олгож, бүртгэл хөтлөх;

     4.1.4. нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж, зөрчил, дутагдлыг арилгах, тэргүүн туршлага, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах;

     4.1.5. нийгмийн даатгалын сангуудын тайлан, мэдээ, нийгмийн даатгалын холбогдолтой мэдээллийг тогтоосон журмын дагуу Ерөнхий газарт гаргаж өгөх;

     4.1.6. нийгмийн даатгалын хяналтын албадыг үнэнч шударга, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүйч, хуульч, мэдээллийн технологи, хүний их эмч мэргэжилтэй, ажлын зохих мэдлэг, дадлага, туршлагатай хүний нөөцөөр хангах;

     4.1.7. нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг зохих журмын дагуу захиран зарцуулах;

     4.1.8. даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааны талаарх мэдээлэл, тодорхойлолтыг хянаж, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын ажлыг шалган зааварлах;

     4.1.9. нийгмийн даатгалын сангуудын жилийн орлого, зарлагын төсөв, даатгалын санд улсын төсвөөс олгох татаас болон нийгмийн даатгалын байгууллагын төсвийг жил бүр зохиож хугацаанд нь Ерөнхий газарт ирүүлэх;

     4.1.10. дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

     4.1.11. аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэс нь энэ дүрмийн 3.2.2, 3.2.3 дахь заалтад зааснаас бусад эрхийг эдэлнэ.

     4.1.12. сумын нийгмийн даатгалын тасаг (байцаагч) нь   энэ дүрмийн   3.2.1 дэх хэсэгт заасан холбогдох эрхийг эдэлнэ.

     4.1.13. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, эрх.

 

           
---oOo---