- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ, ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2014 оны 354 дүгээр
тогтоолын 3 дугаар хавсралт
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙГ
ТОГТООХ, ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Энэхүү журмын зорилго нь нийгмийн даатгалын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох харилцааг зохицуулахад оршино.
2. Нийгмийн даатгалын байцаагч нь нийгмийн даатгалын итгэмжит зөвлөх (цаашид "итгэмжит зөвлөх" гэх), нийгмийн даатгалын зөвлөх (цаашид "зөвлөх" гэх), нийгмийн даатгалын тэргүүлэх (цаашид "тэргүүлэх" гэх) гэсэн мэргэшлийн зэрэгтэй байна.
3. Итгэмжит зөвлөх, зөвлөх, тэргүүлэх мэргэшлийн зэргийг Ерөнхий газрын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгож, түдгэлзүүлнэ.
4. Итгэмжит зөвлөх мэргэшлийн зэрэг авсан байцаагчид 20 хувийн, зөвлөх мэргэшлийн зэрэг авсан байцаагчид 15 хувийн, тэргүүлэх мэргэшлийн зэрэг авсан байцаагчид 10 хувийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингаас тооцож сар бүр олгоно. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны жил бүрийн төсөвт тусгаж батлуулна.
5. Нийгмийн даатгалын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох дүрмийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
---oOo---
Текст томруулах
A
A
A