A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ /ХНХС-ын 2019 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/ХНХС-ын 2019 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй/

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын

17-ны өдрийн А/197 тоот тушаалын хавсралт

 

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ

ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1 Энэхүү үлгэрчилсэн журмын зорилго нь политехник коллеж, мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн төв /цаашид “сургалтын байгууллага” гэх/-д техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтын элсэлтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Үлгэрчилсэн журмын үндсэн зарчим нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн элсэлт зохион байгуулах явдал юм.

1.3 Сургалтын байгууллагууд энэхүү үлгэрчилсэн журмыг баримтлан холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн суралцагч элсүүлэх журмаа боловсруулж, сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн захирлын тушаалаар батлан мөрдөнө.

Хоёр.Суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тооны санал ирүүлэх

 

2.1 Сургалтын байгууллагуудад элсэлт зохион байгуулах мэргэжлийн чиглэл, хяналтын тооны саналаа Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/-ийн орон нутгийн салбар зөвлөлтэй зөвшилцөж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт /тухайн орон нутгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа/, байгууллагынхаа хүчин чадал, багш нарын ур чадвар, нөөцийн төвшин, дадлагын бааз, сургалтын орчны бүрдэлт, бүс орон нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулж жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/-т ирүүлнэ.

2.2 Сургалтын байгууллагын хяналтын тооны саналыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэх ба Зөвлөл хэлэлцэн зөвлөмж гаргана.

Гурав. Элсэлт зохион байгуулах

3.1 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд өдрийн, оройн,  хосмог сургалтын хэлбэрээр суралцагч элсүүлж болно.

3.2 Мэргэжлийн боловсрол олгох сургалтад суурь боловсролтой иргэнийг элсүүлнэ.

3.3 Техникийн боловсрол олгох сургалтад Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан иргэнийг элсүүлнэ.

3.4 Мэргэжлийн сургалтад мэргэжлийн ур чадварын төвшин, боловсролын төвшин харгалзахгүйгээр элсүүлнэ.

3.5 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт нь төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын стандарт, хөтөлбөрт заасан хугацаагаар сургалт явуулна.

3.6 Техникийн боловсрол, мэргэжлийн боловсролын элсэлтийг 6 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулах ба шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацааг сунгаж нэмэлт элсэлтийг зохион байгуулж болно. Түүнчлэн мэргэжлийн индексийн жилээс хамааран 1,5 жилээр төгсөгчдийн элсэлтийг 2-р сард зохион байгуулж болох бөгөөд ингэхдээ сургалтын захиалгыг хяналтын тооны саналдаа тусгаж, тухайн оны 11 дүгээр сарын 1-ний дотор элсэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг болон статистик мэдээг төрийн захиргааны төв байгууллагад  ирүүлснээр ногдох санхүүжилтийг авах эрхтэй болно.

3.7 Мэргэжлийн сургалтыг нийгмийн түншлэгчид болон ажил олгогчид, үйлдвэр аж ахуйн газартай харилцан тохиролцсоны үндсэн дээр сургуулийн хүчин чадал, сургалтын орчинд нийцүүлж сургалт эхлэх огноог уян хатан байдлаар зохицуулан зохион байгуулж болно. Сургалтын захиалгыг урьдчилан төлөвлөж, элсэлтийн тооны саналдаа тусгасан байх ба тухайн оны 11 дүгээр сарын 1-ний дотор элсэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг болон статистик мэдээг Төрийн захиргааны төв байгууллагад ирүүлснээр ногдох санхүүжилтийг авах эрхтэй болно.

3.8 Элсэлт зохион байгуулах хэлбэр, элсэлтийн комисс байгуулах, бүртгэх, элсүүлэх асуудлыг сургалтын байгууллагууд элсэлтийн журамдаа тодорхой тусгах ба элсэлтийн үйл ажиллагаанд ил тод байдлыг хангаж, элсэхийг хүсэгчдэд тэгш боломж олгоно.

3.9 Элсэлттэй холбоотой гарсан санал гомдлыг сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс өөрийн эрх, үүргийн хүрээнд зохицуулна.

Дөрөв. Элсэгчдийн шалгаруулалт

4.1 Элсэгчдэд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн сургалтын байгууллагын элсэлтийн журамд тусгаж баталгаажуулан мөрдөж ажиллана.

4.2 Элсэлтийн ажлыг оновчтой болгох үүднээс мэдлэг, ур чадварын төвшин тогтоох шалгалт авч болно.

4.3 Мэргэжлийн боловсрол олгох сургалтанд элсэгчдийг сонгон шалгаруулахдаа суурь боловсролын гэрчилгээний дундаж оноо, төвшин тогтоох шалгалтыг харгалзан үзнэ.

4.4 Техникийн боловсрол олгох сургалтанд  элсэгчдээс элсэх мэргэжлийн ерөнхий суурь хэсгийн буюу технологийн хичээлээр шалгалт авна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа техникийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж мэргэжлийн чиг баримжаатай болсон элсэгчдэд сургалтын байгууллага элсэлтийн журамд заасны дагуу давуу эрх олгож болно.

4.5 Сонгон шалгаруулалтанд тэнцсэн элсэгчдэд суралцах эрхийн бичгийг сургалтын байгууллагаас олгоно. Тогтоосон хяналтын тооны дагуу суралцах эрхийн бичгийг Үнэт цаасны газраас авч тайланг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  ирүүлнэ.