A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн

     2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн

                                                                                А/204 дугаар  тушаалын хавсралт

БИЕЧИЛСЭН ХАМГААЛАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

          1.1.Энэхүү журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан иргэдийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлага, аюул заналхийллээс хамгаалах зорилгоор биечилсэн хамгаалалт /цаашид "Хамгаалалт" гэх/-д авах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна./ХЗДХС-ын 2021 оны А/78-р тушаалаар өөрчлөн найруулсан/

        1.2.Энэ журмын 1.1–т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Тагнуулын байгууллагын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Цагдаагийн албаны тухай,  Авлигын эсрэг хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай, Хувийн хамгаалалтын тухай, Байгууллагын нууцын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг үндэслэнэ./ХЗДХС-ын 2017 оны А/153, 2021 оны А/78-р тушаалаар өөрчлөлт  орсон/

            1.3.Цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар /цаашид "Эрх бүхий байгууллага" гэх/ нь энэхүү журмыг хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд дагаж мөрдөнө./ХЗДХС-ын 2017 оны А/153-р тушаалаар өөрчлөлт  орсон/

        1.4.Биечилсэн хамгаалалтыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан байгууллагаас томилогдсон ажилтан /цаашид "Хамгаалагч" гэх/ хэрэгжүүлнэ. Хамгаалагч нь хамгаалалтын ажлын чиглэлээр бэлтгэгдсэн, галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүй тулалдах мэх эзэмшсэн байна. /ХЗДХС-ын 2021 оны А/78-р тушаалаар өөрчлөн найруулсан/

          1.5.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.4-т заасан зарчмыг баримтална.

          1.6.Хамгаалалтын арга хэмжээнд шаардлагатай холбоо, тээвэр, орон байр, галт зэвсэг, тусгай хэрэгсэл нэг бүрийг эрх бүхий тухайн байгууллага бүрэн хариуцаж зохион байгуулна.     

          1.7.Хамгаалагч шаардлагатай тохиолдолд галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, биеийн хүчийг холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэнэ.

Хоёр. Хамгаалалтын хэлбэр, түвшин

 

          2.1.Хамгаалалтын арга хэмжээний хэлбэр:

                     2.1.1.биечилсэн хамгаалалтын үед хамгаалагч нь хамгаалуулагч этгээдийг биечлэн дагаж, хамгаална;

                     2.1.2.орчны хамгаалалтын үед хамгаалагч нь хамгаалуулагч этгээдийг гадуур зорчих үед тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тодорхой чиглэл, орчинд ил хэлбэрээр хамгаалалтын арга хэмжээг зохион байгуулна;

                     2.1.3.далд хамгаалалтын үед хамгаалагч нь хамгаалуулагч этгээдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тэдний ажиллаж, амьдарч, байрлаж байгаа орчин, явах зам, чиглэлийн дагуу заналхийлэгч этгээдийг илрүүлэх, үйдлийг нь таслан зогсоох, хамгаалуулагч этгээдээс бусад хүнд мэдэгдэхгүйгээр арга хэмжээг зохион байгуулна.

2.2.Хамгаалалт нь хамрах хүрээ, хүч хэрэгсэл, нөхцөл байдлаас шалтгаалан дараах  түвшинтэй байна:

2.2.1.нэгдүгээр;

2.2.2.хоёрдугаар;

2.2.3.гуравдугаар.

          2.3.Нэгдүгээр түвшний хамгаалалтын үед хамгаалуулагч этгээдийн амь насанд  бодитой аюул, заналхийлсэн, бие махбодид хохирол учруулсан, тарчлаасан, байнгын дарамтад байлгасан, гэмт хэрэг үйлдэхийг тулган шаардсан зэрэг өндөр эрсдэлтэй нь  тогтоогдсон үед 24 цагаар, тодорхой хугацаанд тасралтгүйгээр энэ журмын 2.1.1-2.1.3-д заасан хэлбэрээс сонгож болон давхар арга хэмжээг зохион байгуулж болно.

2.4.Хоёрдугаар түвшний хамгаалалтын үед хамгаалуулагч этгээдийг айлган сүрдүүлсэн, дарамталсан, дагаж мөшгисөн, ятгасан, нөлөөлсөн, мөнгө эд зүйл, албан тушаал амласан зэрэг эрсдэл тогтоогдсон үед энэ журмын 2.1.1-2.1.3-д заасан хэлбэрээс сонгож болон давхар арга хэмжээг зохион байгуулж болно.

2.5.Гуравдугаар түвшний хамгаалалтын үед хамгаалуулагч этгээдтэй уулзах, харилцаа тогтоохыг оролдох зэрэг эрсдэл учирч болзошгүй нь тогтоогдсон үед энэ журмын 2.1.2-д заасан хэлбэрээр арга хэмжээг зохион байгуулна.

 

Гурав. Хамгаалалтыг хэрэгжүүлэх болон цуцлах

      3.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд мөн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан зохих шийдвэр гаргана. /ХЗДХС-ын 2017 оны А/153-р тушаалаар өөрчлөн найруулсан/

          3.2.Энэ журмын 3.1-т заасан шийдвэр гаргахдаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийг харгалзана. /ХЗДХС-ын 2017 оны А/153-р тушаалаар өөрчлөн найруулсан/

          3.3.Хамгаалалтад авах тухай шийдвэрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас хамгаалуулагч этгээдтэй хамгаалалтын арга хэмжээний нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгайлан гэрээ байгуулна.

          3.4.Хамгаалагч болон хамгаалуулагч этгээдийн эрх үүргийг энэ журмын 3.3-д заасан гэрээгээр зохицуулна.

3.5.Хамгаалуулагч этгээд нь хамгаалалтын үйл ажиллагаанд харш аливаа сөрөг үйлдэл хийхийг хориглох тухай энэ журмын 3.3-д заасан гэрээнд тусгана.

         3.6.Хамгаалуулагч этгээд нь хамгаалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хамгаалагчаас явуулж буй үйл ажиллагаанд харш аливаа үйлдэл гаргасан тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах саналаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад заасан албан тушаалтанд хүргүүлж, хамгаалалтын арга хэмжээг цуцлах шийдвэр гаргуулна./ХЗДХС-ын 2021 оны А/78-р тушаалаар өөрчлөн найруулсан/

            3.7.Насанд хүрээгүй хамгаалуулагчийн хувьд түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй энэ журмын 3.3-д заасан гэрээг байгуулна. /ХЗДХС-ын 2021 оны А/78-р тушаалаар нэмсэн./

Дөрөв. Хамгаалалтын арга хэмжээ

 

       4.1.Хамгаалалтад авах тухай шийдвэрийг хүлээн авмагц үүрэг гүйцэтгэх эрх бүхий байгууллага нь хамгаалалтын арга хэмжээг нэн даруй зохион байгуулна. Шаардлагатай гэж үзвэл эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээлгүй хамгаалалтанд авч прокурор, шүүгчид нэн даруй мэдэгдэнэ. /ХЗДХС-ын 2017 оны А/153-р тушаалаар өөрчлөлт  орсон/

        4.2.Хамгаалалтын арга хэмжээг зохион байгуулахдаа хэргийн нөхцөл байдал, аюулын эрсдэлийн түвшинг харгалзан заавал үндсэн болон нөөц төлөвлөгөө гаргаж ажиллана. Төлөвлөгөө нь хамгаалалтын түвшнээс шалтгаалан өөр байх ба дор дурдсан зүйлийг зайлшгүй тусгана. /ХЗДХС-ын 2017 оны А/153-р тушаалаар өөрчлөлт  орсон/

                    4.2.1.Үндсэн төлөвлөгөөнд:

                           - хүч, хэрэгслийн тооцоо;

                            - хамгаалуулагч этгээдийн хувийн мэдээлэл, холбогдох судалгаа;

                            - заналхийлэгч этгээдийн мэдээлэл, холбогдох судалгаа;

                            - хамгаалуулагч этгээдийн байнга зорчдог хаяг, байршлыг тогтоох;

                            - хамгаалалтын орчны судалгаатай байх;

 - орон байрны байршил, орчин, бүтэц, зохион байгуулалт, гарц, гал, сантехник, цахилгаан холбоо, дохиолол хамгаалалтын техник хэрэгсэл, зорчих зам маршрут, нөөц гарц, зам, эрсдэлтэй газрын талаарх судалгаа;

                            - орчны барилга, байгууламж зэргийг тодорхой тусгах;

                            - эрсдлийн үнэлгээ хийх;

                            - бусад.

                    4.2.2.Нөөц төлөвлөгөөнд:

  - үндсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй саад, аюулаас зайлсхийх зорилгоор нэмэлтээр ажиллах хүч хэрэгсэл, ашиглах объект, орц гарц, нөөц зам болон бусад судалгааг тусгасан байна.

          4.3.Хамгаалагч нь хамгаалалтын орчны талаар тогтмол судалгаа хийж хамгаалалтын үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй сөрөг нөхцөл байдлыг арилгах арга хэмжээг холбогдох байгууллага албан тушаалтантай хамтран зохион байгуулж, төлөвлөгөөнд тодотгол хийнэ.

          4.4.Хамгаалалтын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа эрсдэлтэй байдлыг эрх бүхий байгууллагын удирдлагад танилцуулж холбогдох албан тушаалтнуудаас дэмжлэг авч болно.

          4.5.Хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ төрийн тусгай хамгаалалтад авагдсан обьектод нэвтрэх бол Төрийн тусгай хамгаалалтын газарт урьдчилан мэдэгдэнэ.

          4.6.Төрийн тусгай хамгаалалтад байгаа хамгаалуулагч нарыг үзвэр, үйлчилгээ, олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцох үед биечилсэн хамгаалалт зохион байгуулах шаардлагатай үед энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын газарт урьдчилан мэдэгдэх болон тухайн төрийн тусгай хамгаалалтын гадуур хамгаалалтын албаны дарга эсхүл ахлах ажилтанд бичиг баримт, зэвсэг, тусгай хэрэгслээ үзүүлж тус тусын хамгаалуулагч этгээдийн аюулгүй байдлыг хангаж,  эрсдлийг бууруулахын тулд төрийн тусгай хамгаалалт зохиогдож буй бүсийн гадна талд ажиллана.

          4.7.Хамгаалалтын арга хэмжээний үед хамгаалуулагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд хамгаалалтыг зохион байгуулж байгаа эрх бүхий байгууллагаас албаны шалгалт явуулна.

 Тав. Бусад

5.1.Хамгаалагч нь хамгаалуулагч этгээдийн байнга болон түр оршин суудаг обьектуудад зөвшөөрөлгүйгээр гадны хүн дур мэдэн нэвтрүүлэх, тэдэнтэй уулзуулах, хувийн харилцаа тогтоох,  хүсэлт тавих, хувийн мэдээллийг бусдад дамжуулахыг хатуу хориглоно./ХЗДХС-ын 2021 оны А/78-р тушаалаар өөрчилсөн/

5.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтныг хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

...оОо...