- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ /ЭМС-ын 2017 оны А/503 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЭМС-ын 2017 оны А/503 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар тушаалын хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гарган магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр явагдаж, нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх зарчимд тулгуурлана.
1.4.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны удирдлага нь уг ажилд оролцогч талуудын төлөөлөл бүхий Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөл (цаашид зөвлөл гэх) байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сонгон шалгаруулж, томилсон орон тооны бус шинжээч эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.
1.6.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч 2 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.
1.7.Монгол улсад эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлд заагдсан тусламж, үйлчилгээг үзүүлэх болон удаан хугацааны нөхөх эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллага нь 1.6-д заасан хугацаанаас өмнө магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргавал зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. /Энэ заалтад ЭМСС-ын 2016-05-27-ны /197 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
1.8.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жишгийн дагуу үйлчилгээний төлбөр төлнө.
Хоёр. Магадлан итгэмжлэх байгууллага
2.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “магадлан итгэмжлэх байгууллага” гэх) эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангана.
2.2.Магадлан итгэмжлэх байгууллага нь дараах чиг үүрэгтэй:
2.2.1.магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2.2.2.магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах, магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох зөвлөлийн саналыг баталгаажуулах, батламж олгох;
2.2.3.магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх, шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийх талаар зөвлөгөө өгөх, сургалт хийх;
2.2.4.магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлал боловсруулах, магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажил, тусламж үйлчилгээний чанарын хөтөлөр болосруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, магадлан итгэмжлэгдсэн байгууллагад явцын үнэлгээ хийхэд мэргэжлийн нийгэмлэг, холбоод, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээгээр гүйцэтгүүлэх;
2.2.5.магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, гэрээ байгуулж ажиллуулах, сургах;
2.2.6.эрүүл мэндийн байгууллагад шинжээчдийн багийг томилон ажиллуулах;
2.2.7.магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
2.2.8.магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанарын хөтөлбөрийг боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, баталгаажуулах;
2.2.9.аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан хэлтэс, нэгжийг арга зүйгээр хангах, хамтран ажиллах;
2.2.10.ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх, хамтран ажиллах;
2.2.11.эрүүл мэндийн байгууллагуудын төлсөн үйлчилгээний төлбөрийн санхүүжилтээс магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах;
2.2.12.Хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.
2.3.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан хэлтэс, нэгж нь харъяалах нутаг дэвсгэртээ эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.3.1.магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2.3.2.эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх, хүсэлт гаргасан байгууллагын материал бүрдүүлэлтэд зөвлөгөө өгөх, хүлээж авах;
2.3.3.эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй магадлан итгэмжлэлийн үнэлгээнд оролцох;
2.3.4.магадлан итгэмжлэгдсэн байгууллагад дунд хугацааны үнэлгээ хийж, зөвлөлд тайлагнах;
2.3.5.магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
2.3.6.магадлан итгэмжлэгдсэн байгууллагын тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх;
2.3.7.магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн сан бүрдүүлэх;
2.4.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг өөрийн байгууллагын төсөвт тусгаж шийдвэрлүүлнэ.
Гурав. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны үе шат
3.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь дараах үе шаттай явагдана:
3.1.1.Эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэлд бэлтгэх;
3.1.2.Байгууллагын ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийх;
3.1.3.Шинжээчдийн баг газар дээр нь үнэлгээ хийх;
3.1.4.Шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
3.1.5.Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох эсэх шийдвэр гаргах.
3.2.Магадлан итгэмжлэлд бэлтгэх:
3.2.1.эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахаас 12-18 сарын өмнөөс эхлэн дараах бэлтгэл ажлыг хангана:
3.2.2.магадлан итгэмжлэлд бэлтгэх багийг зохион байгуулж, тусламж үйлчилгээний чанар сайжруулах үйл ажиллагаанд хамт олныг оролцуулах;
3.2.3.тусламж үйлчилгээний чанарын төлөвлөгөө (чанарын хөгжлийн хөтөлбөр) батлуулж, хэрэгжүүлэх;
3.2.4.магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон материал бүрдүүлэлтийн талаар мэдээлэл авах;
3.2.5.магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн үнэлгээ хийх;
3.2.6.бэлтгэл ажилд арга зүйн зөвлөгөө авах, шалгуур үзүүлэлтээр үнэлэх аргачлалын сургалтад хамрагдах;
3.2.7.магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын болон шинжээчдийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх.
3.2.8.энэ журмын 3.2-т заасан бэлтгэл ажлыг хангасан байгууллага нь журмын 4-т заасан материалыг бүрдүүлж магадлан итгэмжлэх байгууллагад албан ёсоор хүсэлтээ ирүүлнэ.
3.2.9.магадлан итгэмжлэгдсэн байгууллага батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 60 өдрийн өмнө дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргана.
Дөрөв. Бүрдүүлэх материал
4.1.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь дараах материалыг бүрдүүлнэ:
4.1.1.магадлан итгэмжлэлд хамрагдах тухай албан хүсэлт;
4.1.2.мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
4.1.3.хугацаа дуусаж байгаа магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар;
4.1.4.магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн өөрийн үнэлгээний тайлан;
4.1.5.тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийг (чанарын төлөвлөгөө) хэрэгжүүлсэн тайлан;
4.1.6.сүүлийн 2 жилийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтүүд;
4.1.7.бэлтгэл ажлын болон шинжээчдийн өгсөн зөвлөмжийн биелэлт;
4.1.8.магадлан итгэмжлүүлэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт.
4.2.Анх удаа магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж байгаа байгууллага нь 4.1.3-т зааснаас бусад материалыг бүрдүүлнэ.
Тав. Магадлан итгэмжлэх шалгуурын үнэлгээ
5.1.Магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагаас материал хүлээж авснаас хойш 30 өдрийн дотор магадлан итгэмжлэх товыг гаргаж, хариу мэдэгдэнэ.
5.2.Ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийж, шаардлага хангасан бол хүсэлт гаргасан байгууллагад 3-5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг томилж ажиллуулна, хэрэв материал шаардлага хангаагүй бол тухайн байгууллагад буцаана.
5.3.Томилогдсон шинжээчдийн баг эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн өөрийн үнэлгээний тайлантай танилцаж, тухайн байгууллагын тусламж үйлчилгээний шатлал, үйлчилгээний хүрээнээс хамааран 1-2 хүртэлх өдөр газар дээр нь үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.
5.4.Шинжээчдийн баг үнэлгээний нэгдсэн дүгнэлт гаргаж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан тухайн байгууллага, хамт олонд танилцуулж зөвлөмж өгнө.
5.5.Шинжээчдийн багийн ахлагч нь магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын 3-5 өдөрт багтаан үнэлгээтэй холбоотой баримт материалыг магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ.
5.6.Шинжээчдийн багийн нэгдсэн дүгнэлтийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
5.7.Магадлан итгэмжлэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилон шинжээчдийн багийн дүгнэлтэд хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт хийлгүүлж болно. Энэ тохиолдолд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэнэ.
5.8.Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг хангаагүй эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгохгүй бөгөөд энэ журмын 4-т заасан бэлтгэл ажлыг хангасны дараа дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.
Зургаа. Магадлан итгэмжлэл олгох
6.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох эсэх шийдвэр гаргана.
6.2.Анх удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 1, 2 жилийн хугацаатайгаар, давтан магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 1-5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэл олгоно.
6.3.Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт тус бүрийг хангасан байвал 100 хувь гэж үнэлэх ба шалгуурыг хангасан хувийг харгалзан магадлан итгэмжлэл олгоно. Анх удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллагад шалгуур үзүүлэлтийг 80-85 хувь хангасан бол 1 жил, 86-аас дээш хувьд 2 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэл олгоно.
Давтан магадлан итгэмжлэгдсэн байгууллагад шалгуур үзүүлэлтийг 85-86,9 хувь хангасан бол 1 жил, 87-88,9 хувьд 2 жил, 89-90,9 хувьд 3 жил, 91-95,9 хувьд 4 жил, 96-аас дээш хувьд 5 жилийн хугацаатайгаар тус тус олгоно.
6.4.Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 өдрийн дотор шинжээчдийн өгсөн зөвлөмжийг тусгасан, чанарын тасралтгүй байдлыг хангах “Тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үлгэрчилсэн загварыг магадлан итгэмжлэх байгууллага батална.
6.5.Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаад 1 ба түүнээс дээш жилийн дараа хүсэлтээ гаргах, тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлээгүй бол анх удаа магадлан итгэмжлэгдсэнээр үнэлэгдэнэ.
Долоо. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох
7.1 Магадлан итгэмжлэлийг дор дурдсан нөхцөлд хүчингүй болгоно:
7.1.1.магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний технологи, эрүүл ахуйн нөхцөл, халдвараас сэргийлэх дэглэм, өвчтөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон болох нь тогтоогдсон;
7.1.2.магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан;
7.1.3.магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний шатлал, чиглэл, тусгай зөвшөөрөл өөрчлөгдсөн эсхүл татан буугдсан, 6 сараас илүү хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон.
Найм. Маргааныг шийдвэрлэх
8.1.Эрүүл мэндийн байгууллага нь шинжээчдийн багийн өгсөн дүгнэлттэй санал нийлэхгүй бол магадлан итгэмжлэх байгууллагад хүсэлт гаргаж шинжээчдийн хоёрдахь багийг томилуулж болно. Энэхүү хоёрдахь багийн дүгнэлт нь магадлан итгэмжлэх байгууллагын эцсийн шийдвэрийн үндэслэл болно.
8.2.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан маргааныг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
8.3.Эрүүл мэндийн байгууллага нь зөвлөлийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох хууль тогтоомжид заасан дагуу гомдол гаргаж болно.
8.4.Орон тооны бус шинжээч, шинжээчдийн баг нь гэрээнд өөрөөр заагаагүй бол буруу дүгнэлт гаргаснаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцана.
----оОо----
Текст томруулах
A
A
A