- Нүүр
- Сайдын тушаал
- ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРАМ /ХЗДХС-ын 2017 оны А/183-р тушаалаар хасалт хийсэн/
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны
өдрийн А/230 дугаар тушаалын хавсралт
/ХЗДХС-ын 2017 оны А/183-р тушаалаар хасалт хийсэн/
ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/-оор хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн хорих ялыг биечлэн эдлүүлэх, тэдгээрт холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан хорих ангийн дэглэмийг харгалзан тухайн хорих ангид мөрдөх байршил, чиглэл, хөдөлгөөн, дотоод цагийн хуваарийг энэ журамд нийцүүлэн хорих ангийн дарга баталж мөрдүүлнэ.
1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалтын дагуу Баривчлах ял эдлүүлэх байр /анги/-д энэ журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Ялтныг хүлээн авах
2.1. Хорих ял эдлэхээр хуваарилагдан ирсэн ялтныг гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, төлөөлөгч, нийгмийн ажилтан, тоо бүртгэлийн ажилтан, эмч, ерөнхий жижүүр /ээлжийн дарга/-ийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авна.
2.2.Ялтныг дор дурдсан баримт бичгийг үндэслэн хүлээж авна:
2.2.1.шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, эсхүл магадлал;
2.2.2.иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг иргэний баримт бичиг, хэрэв тийм бичиг баримт байхгүй бол иргэний бүртгэлийн байгууллагын албан ёсны зурагтай лавлагаа;
2.2.3.эрүүл мэндийн даатгалын болон халамжийн дэвтэр;
2.2.4.ялтныг тухайн хорих ангид хуваарилсан эрх бүхий байгууллагын шийдвэр.
2.3.Иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, халамжийн дэвтэргүй ялтан хуваарилагдаж ирсэн бол энэ тухай түүний хувийн хэрэгт тэмдэглэл хийж, хорих анги, иргэний бүртгэлийн байгууллагатай хамтран бичиг баримтын бүрдлийг хангаж, хуульд заасан халамжийн үйлчилгээнд хамруулна.
2.4.Энэ журмын 2.2-т заасан баримт бичиг хоорондоо зөрчилтэй, овог нэр, зураг, нас хүйс, хорих ял эдлэх дэглэм зөрсөн, эсхүл шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй бол ажлын 3 хоногт багтаан ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.
2.5.Ял эдлэхээр хуваарилагдан ирсэн ялтны биед үзлэг, эд зүйлд нэгжлэг хийж, энэ үеэр илэрсэн хориотой эд зүйлийг энэ журмын 8.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, энэ тухай тодорхой тэмдэглэл үйлдэн, хувийн хэрэгт хавсаргана.
2.6.Хүлээн авсан ялтныг эмчийн үзлэгт хамруулж, халдварт өвчтэй хүн илэрвэл бусад ялтнаас тусгаарлан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
2.7.Эмч үзлэгийн явцад тухайн ялтны биеийн эрүүл мэндийн байдал, нас, хүйс, жин, өндөр болон гэмтэл, шарх, сорви, шивээс, мэнгэ зэрэг онцлох содон тэмдгийг тоо бүртгэлийн ажилтнаар хувийн хэрэгт тэмдэглүүлнэ.
2.8.Шинээр хүлээн авсан ялтныг 14 хүртэл хоног тусгаарлан байрлуулж, хорих ангийн дотоод журамтай танилцуулан зохих сургалтад хамруулах ба энэ хугацаанд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар дараах ажлыг зохион байгуулна:
2.8.1.тухайн хорих ангийн хориотой бүс, ялтны эрх, үүргийн талаар танилцуулах;
2.8.2.биечлэн уулзаж, зан байдлыг тодорхойлж, сэтгэл зүйн оношлогоо хийх;
2.8.3.ялтны боловсролын түвшин, мэргэжил, хөдөлмөрийн дадлага, чадварыг тогтоох;
2.8.4.ялтныг байрлуулах, хөдөлмөрлөх хуваарь гаргах;
2.8.5.ялтныг өөрт нь таарсан нэг загварын гадуур хувцас, гутал болон ор дэрний хэрэглэлээр хангах;
2.8.6.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;
2.8.7.ялтан тухайн хорих ангид ял эдлэхээр ирсэн талаар түүний ар гэрт нь нэн даруй мэдэгдэж, хорих ангийн байршил, уулзалтын хуваарь, хориглох эд зүйлсийг танилцуулах;
2.8.8.ялтны мөнгө, үнэт эдлэл, үнэт цаас зэргийг хорих ангийн санхүүд шилжүүлэн нэрийн данс нээж хадгалуулна. Ялтан банкинд харилцах данстай байгаа бол түүний талаарх мэдээллийг нийгмийн ажилтан ар гэрийнхэнд нь мэдэгдэж мөнгөн гуйвуулгын талаарх мэдээллийг хүргүүлнэ.
2.9.Сургалтад хамрагдсан ялтныг нийгмийн ажилтны саналыг үндэслэн ангийн даргын баталсан хуваарийн дагуу өрөөнд байрлуулна.
Гурав. Хорих ангийн дотоод дэг
3.1.Ялтны ажлын дотоод цагийн хуваарийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 120.7–д зааснаар хорих ангийн дарга батална.
3.2. Ялтан ажлын цагийн хуваарийг мөрдөж байгаа эсэхэд харуул хамгаалалтын ажилтнууд хяналт тавих ба зөрчсөн тохиолдолд шаардлага тавьж, биелүүлээгүй бол энэ журмын 20.2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн акт үйлдэн ерөнхий жижүүр, ээлжийн даргад танилцуулна.
3.3.Ялтныг 2.5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдохоор байрлуулах бөгөөд нийтийн байр, тасалгаа нь өдрийн цагт байгалийн гэрэл тусах ердийн цонхтой, оройн цагаар хяналт тавих бүрэн боломж бүхий гэрэлтүүлэгтэй байна. Гэрэлтүүлэх хэрэгслийн унтраалга, цахилгааны залгуурыг /разетка/ жижүүрийн хяналтад байхаар байрлуулна.
3.4.Ялтны байр, өрөөний халаалт, агааржуулалт, талбайн хэмжээ нь хууль тогтоомжид заасан, олон улсын хэмжээнд дагаж мөрдөж байгаа хэм хэмжээний шаардлагыг хангасан байвал зохино.
3.5.Ялтны байрны цонх, хаалганд төмөр торон бэхэлгээ хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэгдэл цоож, бэхэлгээ хийж телекамерийн хяналтыг тасралтгүй тавина.
3.6.Ялтны байр, өрөөнд орыг харуул хамгаалалтын хяналтад саад учруулахааргүйгээр байрлуулна.
3.7.Ялтны хувцасны баруун талын энгэрт хувийн дугаар, нэрийг харуулсан 5x8 см-ийн хэмжээтэй таних тэмдэг байна.
3.8.Ялтны амрах өрөө нь гадуур хувцасны өлгүүр, гутлын тавиуртай байна.
3.10.Хорих ангийн цагийн хуваарьт зурагтын нэвтрүүлэг үзэх цагийг тодорхой тусгах ба хорих анги нь ялтныг ном, сонин, сэтгүүл ашиглах нөхцөлөөр хангана. Хорих анги нь номын сан, шашны зан үйлийн өрөөтэй байна.
3.11.Ялтны нийтийн байранд зурагт, хөгжмийг нийтэд хүртээмжтэй хэлбэрээр ашиглахаар зохион байгуулна.
3.12.Ялтан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулах, өлсгөлөн зарлах, суулт хийхийг хориглоно.
Дөрөв. Гяндангийн дотоод дэг
4.1. Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр томилогдсон бүрэлдэхүүн Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 дугаар тушаалаар баталсан “Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам”-д заасны дагуу гяндангийн ялтанд хяналт тавина.
4.2.Ялтан бичгээр хүсэлт гаргаж, албан хаагчидтай гяндангийн уулзалтын өрөө, төлөөлөгч нарын албан өрөөнд тус тус уулзах бөгөөд ялтныг уулзалтад ирүүлэх, буцаахдаа нэг нэгээр нь, гарыг нь ард нь гавлан авчирч, шаланд бэхлэгдсэн хөлийн гав зүүсний дараа уулзалт явагдана.
4.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт заасны дагуу гяндангийн ялтны төрөл, садантайгаа жилд 2 удаа хийх түр хугацааны уулзалт нь зөвхөн ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд явагдаж дууссан байна.
4.4.Гяндангийн ялтан биедээ бэлэн мөнгө хадгалахгүй, зөвхөн нэрийн дансан дахь мөнгөөр хэрэгцээт барааны захиалгыг нийгмийн ажилтнаар дамжуулж хорих ангийн дэлгүүрээр үйлчлүүлнэ.
4.5.Байгалийн гамшиг, гал түймэр, үер, эмнэлгийн яаралтай тусламж, цагийн тариа хийх зэрэг онцгой тохиолдлоос бусад үед 22.00-06.00 цагийн хооронд гяндангийн хорих өрөөний хаалга онгойлгохыг хориглоно.
4.6.Гяндангийн хорих өрөө нь дараах нөхцөлийг хангасан байна:
4.6.1.хорих өрөө нь ялтанд хяналт тавих боломжтой торон болон төмөр хаалгатай, хаалга нь хязгаарлагчтай, хагас /45 градус/ онгойхоор зохицуулагдсан байхаас гадна байнгын цоожтой байх;
4.6.2.нэг өрөөнд хоёроос илүүгүй ялтныг хорих ба шаардлагатай гэж үзвэл прокурортой зөвшилцөн ганцаарчлан байрлуулах;
4.6.3.хорих өрөө нь байгалийн агааржуулалт, гэрэлтүүлэг, тогтоосон хэмийн дулаантай, цэвэр, бохир усны холболттой байх;
4.6.4.зурагтыг ялтнууд үзэх боломжтойгоор хонгилд байрлуулж, ангийн даргын баталсан цагийн хуваариар үзүүлэх ба нэг зэрэг олон сувгаар үзүүлэхгүй байна.
4.7.Сэтгэл зүйч гяндангийн ялтнуудад сэтгэл засал, сэтгэл зүйн оношлогоо хийн тусгайлсан сургалтад хамрагдах ялтны нэрсийг гаргаж, хорих ангийн даргаар батлуулна.
4.8.Гяндангийн ялтныг хорих өрөөнд нь эмчлэх ба зайлшгүй шаардлагаар эмчилгээг эмч, сувилагчийн өрөөнд хийх бол нэг нэгээр нь гавтай авч ирэх ба эмчлэх, сувилах үед шалтай бэхлэгдсэн хөлийн гав зүүнэ. Хөлийн гав зүүсний дараа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагаар гарын гавыг урьд нь гаргах буюу салгаж эмнэлгийн ор, сандалд гавлаж болно.
4.9.Ялтны хөдөлгөөнийг давхардуулан хийхгүй бөгөөд шаардлагатай үед эхний ялтныг байршуулж, аюулгүй байдлыг хангасны дараа дараагийн ялтны хөдөлгөөнийг хийнэ.
Тав. Ялтныг хооллох
5.1.Ялтан хорих ангийн даргын баталсан дотоод цагийн хуваарийн дагуу, тогтоосон газарт, эмнэлэг, сахилгын байр, тусгаарлах тасалгаанд байгаа бол өрөөнд нь харуул хамгаалалтын хяналтын дор хооллоно.
5.2.Ялтан өглөө цай талх, өдөр, орой, тогтоосон хэмжээний илчлэгтэй халуун хоол, цайгаар хангагдах ба сүү, сүүн бүтээгдэхүүнийг ялтны хүнсэнд орлуулан хэрэглэж болно.
5.3.Хүнсний нярав нь хүнсний материалыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан газар /агуулах/-т хадгалж, өдөр тутамд батлагдсан нормын дагуу хянагч-тогоочид хүнсийг олгоно.
5.5.Эмч хоол бэлтгэх, боловсруулах, олгох явц, хүнсний хадгалалт, хамгаалалт, гал тогоо, хоолны хэрэгслийн ариун цэвэр, цэвэрлэгээ, эрүүл ахуйн шаардлагад өдөр тутамд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хоолны дээжийг заавал авч, зохих журмын дагуу 72 цаг хадгалан устгах үүрэг хүлээнэ.
5.6.Ялтанд хоногт олгож буй хоолны дээжийг улирал тутамд шинжилгээнд өгч, илчлэгийг тодорхойлуулах бөгөөд хууль тогтоомжид заасан хэмжээнд хүрээгүй бол нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Хоолны илчлэг тодорхойлуулсан баримтыг хорих ангийн санхүүд хадгална.
5.7.Ялтныг ердийн тасалгааны хэмд хооллож, хооллосны дараа 30 минутаас доошгүй хугацаанд байранд нь байлгана.
5.8.Ялтны байр, гал тогоонд нэг өдөрт ялтанд олгогдох хүнсний орц норм, 7 хоногийн хоолны цэсийг гарган ил байрлуулж, түүний дагуу хоолоор хангана.
5.9.Ялтныг хэрэгцээтэй үед нь уух ундны усаар ангийн захиргаа хангана.
Зургаа. Ялтны ариун цэвэр
6.1.Хорих анги нь ялтныг өөрийгөө цэвэр авч явахыг шаардах ба ариун цэвэр, эрүүл мэндээ сахихад шаардлагатай ус болон нүүр, гар, эдийн савангаар сар тутам хангах үүрэгтэй.
6.2.Ялтны халуун усны газарт шүршүүр байрлуулж, батлагдсан хуваарийн дагуу 14 хоног тутам усанд оруулж, бүртгэл хөтөлнө. Хөдөлмөр эрхэлж буй ялтныг хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 7 хоног тутам, шаардлагатай бол тухай бүр усанд оруулж болно.
6.3.Ялтан хувийн чөлөөт цагаараа хувцас, цагаан хэрэглэлээ угаах, хатаах, индүүдэх зориулалтын дагуу тохижуулсан өрөө, тасалгаагаар хангагдана.
6.4.Эрэгтэй ялтан халимагтай /0,3 см-ээс их/ байхыг хориглоно.
6.5.Эмэгтэй ялтан үсээ задгай тавихыг хориглоно.
Долоо. Албан хаагч ялтантай харьцах
7.1.Хорих байгууллагын албан хаагчдын зүгээс ялтантай хүнлэг, энэрэнгүй, хууль ёсны эрх, эрх чөлөөг хүндэтгэж эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хүрээнд харьцана.
7.2.Хорих байгууллагын албан хаагч ялтныг ял шийтгэл, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр ялгаварлан харьцахыг хориглоно.
7.3.Ялтан албан хаагчтай харьцахдаа түүний албан тушаал, эсвэл цолыг хэлж, өөрийн овог нэр, шийтгүүлсэн эрүүгийн хуулийн зүйл, заалтыг танилцуулж, хүсэл гомдлоо товч тодорхой илэрхийлнэ.
7.4.Ялтнууд хоорондоо энгийн иргэдийн адилаар бие биенээ “Та” гэж харьцана.
Найм. Үзлэг, нэгжлэг
8.1.Ялтны бие, байр, түүний ойр орчинд албан хаагч ямар ч үед үзлэг, нэгжлэг хийж болно.
8.2.Эмэгтэй ялтны биед эмэгтэй албан хаагч, эрэгтэй ялтны биед эрэгтэй албан хаагч үзлэг, нэгжлэг хийнэ.
8.3.Амьдралын бүсэд орж, гарч байгаа ялтанд тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байгаа ээлжийн бүрэлдэхүүн үзлэг, нэгжлэг хийнэ.
8.4.Хүчлэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед нийт албан хаагчийн хүчээр үзлэг, нэгжлэг хийнэ.
8.5.Үзлэг, нэгжлэгийг 7 хоногт 2-оос доошгүй удаа хийж, үзлэг, нэгжлэгээр илэрсэн хориотой эд зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэн хорих ангийн удирдлагад танилцуулж, дараах байдлаар шийдвэрлүүлнэ:
8.5.1.ялтны хувийн хэрэгцээнд хэрэглэхийг хориглосон эд зүйлсийг ар гэрт нь буцаах, боломжгүй бол тэмдэглэл үйлдэж хадгалах;
8.5.2.зайлшгүй тохиолдолд улсын орлого болгох;
8.5.3.чанарын хувьд эдэлж хэрэглэх боломжгүй буюу байгаль орчин, хүний эрүүл мэнд, амь насанд хор учруулж болох эд зүйлсийг акт тогтоож, тэмдэглэл үйлдэн устгах.
8.6.Хорих ангийн даргын тушаалаар байгуулагдсан комисс энэ журмын 8.5.2 дахь хэсэгт заасны дагуу улсын орлогод авах эд зүйлсийг тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан борлуулж, олсон орлогыг хорих ангийн төсөвт шилжүүлнэ.
Ес. Ялтанд зөвшөөрөх эд зүйлс
9.1.Ялтан дараах эд зүйлсийг өөртөө буюу өрөөндөө хадгалан хэрэглэж болно:
9.1.1.гурилан бүтээгдэхүүн ;
9.1.2.нүүр, гар, хамар, хөлсний алчуур, сам, нүүр, гарын тос, зайгаар ажилладаг сахлын машин, шүдний оо, сойз, гарын, эдийн болон шингэн саван, ариун цэврийн хэрэглэл, цаас;
9.1.3.бугуйн цаг;
9.1.4.аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад сонин, ном, сэтгүүл;
9.1.5.нормын болон ээлжийн дотуур хувцас;
9.1.6.спортын хувцас;
9.1.7.ардын уламжлалт тоглоом;
9.1.8.гэр бүлийн гишүүдийн фото зураг;
9.1.9.3асгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө.
9.1.10.Тогтоосон цэгт татах тамхи.
9.2.Дээрх 9.1-д зааснаас бусад эд зүйлсийг ялтанд болон хорих өрөөнд байлгахыг хориглоно.
Арав. Хяналтын бүртгэл
10.1.Хорих ангийн дотоод цагийн хуваарийн дагуу нэгдсэн бүртгэлийг өдөрт 2 удаа, хэсэгчилсэн бүртгэлийг шаардлагатай тохиолдолд хийнэ.
10.2.Нэгдсэн бүртгэлд бүх ялтныг овог нэрээр нь дуудаж бүртгэнэ. Тухайн бүртгэлийн хугацаанд ажилд томилогдсон буюу гадуур байгаа ялтныг байршил, цаг хугацаагаар нь бүртгэлийн дэвтэрт тодорхой тэмдэглэнэ.
10.3.Эмнэлэгт хэвтэж байгаа болон сахилгын байр, тусгаарлах тасалгаанд байгаа ялтныг өрөөнд нь овог нэрээр нь дуудаж бүртгэнэ.
10.4.Шаардлагатай үед амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд хэсэгчилсэн бүртгэл хийж болно.
10.5.Нэгдсэн буюу хэсэгчилсэн бүртгэлийг ерөнхий жижүүр буюу ээлжийн даргын удирдлагын дор харуул, хамгаалалтын ажилтнууд гүйцэтгэнэ.
10.6.Бүртгэлийн дэвтэр нь жижүүрийн тэмдэглэлийн нэг хэсэг болох бөгөөд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга дууссан дэвтрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нууцыг хамгаалах журам”-д заасны дагуу архивт шилжүүлнэ.
Арван нэг. Түр ба удаан хугацааны уулзалт
11.1.Түр, болон удаан хугацааны уулзалтыг хорих ангийн дарга, гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргын бичгээр өгсөн зөвшөөрлөөр ерөнхий жижүүр буюу ээлжийн дарга зохион байгуулна.
11.2.Ялтан харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр томилогдсон бүрэлдэхүүний хяналтад түр болон удаан хугацааны уулзалт хийнэ.
11.4.Түр болон удаан хугацааны уулзалтаар ирсэн хүний иргэний цахим үнэмлэхийн хуулбар, өргөдлийг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч баримт бичгийн бүрдлийг нягталж, ялтны ял эдэлж байгаа дэглэм, уулзах хугацааг магадлан хуульд заасны дагуу тодорхойлон энэ журмын 11.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд танилцуулна.
11.5.Удаан хугацааны уулзалтын өрөөнд ор, ширээ, сандал, хүнсний зүйлс хадгалах шүүгээ байх бөгөөд уулзалтын үргэлжлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар тогтооно.
11.6.Түр уулзалтын өрөөнд ширээ, сандал байрлуулах бөгөөд уулзалтын хугацааг эрх бүхий албан тушаалтан 3 цагт багтаан тодорхой зааж шийдвэрлэх ба уулзалтад харуул хамгаалалтын ажилтан байлцаж, хяналт тавина.
11.7.Харуул хамгаалалтын ажилтны шаардлага биелүүлээгүй болон дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож, энэ тухай хорих ангийн удирдлагад мэдэгдэнэ.
11.8.Харуул хамгаалалтын алба уулзалтад хяналт тавьж, ялтанд өгч буй хүнсний болон бусад эд зүйлд үзлэг, нэгжлэг хийх бөгөөд ялтанд өгөхийг хориглосон эд зүйлс үзлэг, шалгалтаар илэрвэл тэдгээрийг түр хурааж, уулзалт дууссаны дараа уулзалтаар ирсэн хүнд буцаан өгч тэмдэглэл үйлдэн уг ялтны хувийн хэрэгт хавсаргана.
11.9.Удаан хугацааны уулзалтаар доор дурдсан нэг удаагийн хэрэгцээнээс илүү ирсэн болон хэрэглээгүй үлдсэн зүйлсийг уулзалтаар ирсэн хүнд буцаан олгоно:
- Гурилан бүтээгдэхүүн 5кг;
- Гурил 10кг;
- Будаа 5кг;
- Сахар 2кг;
- Мах 4 кг;
- Хүнсний ногоо 4 кг /бүх төрөл нийлээд/;
- Жимс 2 кг;
- Сүү 2 литр;
- Хагас боловсруулсан бүтээгдэхүүн 2 кг хүртэл байх ба бусад ахуйн хэрэгцээний зүйлс 5 ширхэгээс илүүгүй байна. Хүнсний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг уулзалтаар ирсэн хүн хариуцна.
11.10.Удаан хугацааны уулзалтын өрөө нь хоногт 4500 төгрөг байх ба уг зардлыг ялтан, уулзалтаар ирсэн хүн хариуцаж хорих ангитай тооцоо хийнэ.
11.11.Түр хугацааны уулзалтыг ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд хүчлэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед түр хугацааны уулзалтыг хязгаарлахгүй.
11.12.Амралтын өдрүүдэд өөр орон нутаг, газар /тухайн хорих анги байрлаж буй газраас бусад аймаг, сум, хот/-аас уулзалтаар ирсэн иргэдийг иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бусад баримтыг нь үндэслэн уулзуулах асуудлыг хорих ангийн дарга нэн даруй шийдвэрлэнэ.
11.13.Уулзах хүсэлт гаргасан хүнтэй ялтан уулзахыг зөвшөөрөөгүй тохиолдолд хувийн хэрэгт нь тэмдэглэл үйлдэж, өөрөөр нь гарын үсэг зуруулна.
11.14.Чанга, онцгой дэглэмд ял эдэлж буй ялтны хүсэлтээр удаан хугацааны уулзалтыг түр хугацааны уулзалтаар сольж болно. Энэ тохиолдолд удаан хугацааны уулзалтад тооцогдоно.
11.15.Ялтны хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй иргэнтэй удаан хугацааны уулзалт хийлгэхийг хориглоно.
Арван хоёр. Захидал, илгээмж, мөнгөн гуйвуулга
12.1.Хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч ялтныг байлцуулан захидал, илгээмжийг задлан үзлэг хийж, хүлээн авсан тухай өөрөөр нь гарын үсэг зуруулах бөгөөд хориглосон зүйл илэрвэл энэхүү журамд зааснаар шийдвэрлэнэ.
12.2.Хорих ангид байхгүй ялтны нэр дээр ирсэн захидал, илгээмжийг задлахгүйгээр “Буцаан хүргүүлэв.” тэмдэг дарж хаягаар нь явуулна.
12.3.Ялтны нэр дээр ирсэн мөнгөн гуйвуулгыг түүний нэрийн дансанд хадгалах бөгөөд ялтан юунд хэдий хэмжээгээр зарцуулах тухай баримт гаргаж, гарын үсэг зурж авна.
12.4.Дараах утга, шинж байдал агуулсан захидлыг ялтанд өгөхгүй:
12.4.1.оргох болон бусад гэмт хэрэгт уриалсан;
12.4.2.хэн нэгнийг гутаан доромжилсон, айлган сүрдүүлсэн;
12.4.3.садар самууныг сурталчилсан;
12.4.4.ялтны сэтгэл зүйд цочрол үзүүлж болзошгүй;
12.4.5.нууц тэмдэг, тусгай кодоор бичигдсэн.
12.5.Ялтанд өгч болохгүй утга, агуулгатай захидал байвал тоо бүртгэлийн байцаагч нь ангийн дарга, гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргад танилцуулан тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт нь хавсаргаж хадгална.
12.6.Ялтны бусдад илгээх захидлыг тоо бүртгэлийн ажилтан хянан, бүртгэлд оруулж илгээнэ.
12.7.Тухайн захидалтай танилцсан алба хаагч нь ялтны хувийн нууцыг бусдад задруулахгүй, чанд хадгалах үүрэгтэй ба хувийн нууцыг задалсан тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Арван гурав. Ялтны эрх, үүрэг
13.1.Ялтан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хууль”-ийн 115 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:
13.1.1.жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан 7 хоногт 1 удаа 09.00-17.00 цагийн хооронд, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан 7 хоногт 1 удаа 09:00-17:00 цагийн хооронд, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан 14 хоногт 1 удаа 09:00-17:00 цагийн хооронд, гянданд ял эдэлж байгаа ялтан сард 1 удаа 09:00-17:00 цагийн хооронд 5 минутаас илүүгүй хугацаагаар суурин утсаар ярих;
13.1.2.өөрийн нэрийн дансан дахь мөнгөөр хүнс, нэн тэргүүний хэрэгцээт бусад зүйлийг хорих ангийн дэлгүүрээс худалдан авах;
13.1.3.жирийн, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан их, дээд сургууль, коллежид өөрийн зардлаар эчнээгээр суралцах.
13.2.Хорих ангийн дарга ялтныг төрөл, садантайгаа өөрийн зардлаар утсаар ярих нөхцөл боломжоор хангах ажлыг зохион байгуулна. Харуул хамгаалалтын болон нийгмийн ажилтан нь тухайн ялтан өөрийн төрөл, садантайгаа ярьж байгаа эсэхэд хяналт тавьж хэнтэй, ямар дугаарын утсанд, ямар хугацаанд ярьсан тухай дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
13.3.Хорих ангийн дэлгүүрт худалдах барааны жагсаалтыг хорих ангийн дарга батална.
13.4.Ялтан өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан бол хорих байрны захиргаа Хуульчдын холбоонд хандаж албан ёсны өмгөөлөгч томилуулна.
13.5.Энэ журмын 13.1.2 дахь хэсэгт заасан ялтан ялынхаа хоёрны нэгээс доошгүйг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд их, дээд сургууль, коллежид эчнээгээр суралцах хүсэлт гаргасныг хорих ангийн даргын саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга суралцахыг зөвшөөрсөн тушаал гаргана.
13.6.Эчнээ сургалтыг зөвхөн хорих ангийн байранд явуулна.
13.7.Ялтныг эчнээгээр суралцуулах асуудлыг тухайн ялтны ар гэр, эсхүл түүний өмгөөлөгч нь суралцуулах сургуулийн захиргаатай урьдчилан тохиролцож, сургалтыг хорих ангийн байрлалд явуулахыг зөвшөөрөн гэрээ байгуулж, элсэлтийн болон төгсөлтийн шалгалт өгөх үеийн харуул хамгаалалтыг хорих ангийн дарга зохион байгуулна.
13.8.Ялтны суралцахтай холбогдон гарах зардлыг хорих анги хариуцахгүй бөгөөд суралцах хугацаандаа сахилгын зөрчил гаргавал сургалтыг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
Арван дөрөв. Өргөдөл, гомдол, хүсэлт
14.1.Ялтан шийтгүүлсэн хэргийн талаар болон хорих ангийн үйл ажиллагаа, албан хаагчдын харилцааны талаар, түүнчлэн хууль тогтоомжоор олгосон бусад боломжоо эдлэх талаар хорих ангийн захиргаа, бусад байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж болно.
14.2.Ялтны өргөдөл, гомдол, хүсэлтийг нийгмийн ажилтан хүлээн авч, бүртгэсний дараа хорих ангийн даргад танилцуулж харьяаллын дагуу шилжүүлнэ.
14.3.Өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг нийгмийн ажилтан тухай бүр нь ялтанд танилцуулж, гарын үсэг зуруулан хувийн хэрэгт нь хавсаргана.
Арван тав. Хувийн чөлөөт цаг
15.1.Хорих ангийн даргын баталсан цагийн хуваарийн дагуу ялтан хөдөлмөрлөх болон амрах, хооллохоос бусад хугацааг чөлөөт цагт тооцно.
15.2.Ялтан чөлөөт цагаараа спортоор хичээллэх танхим, хорих ангийн шашны зан үйлийн өрөө, номын санг ашиглаж болно.
Арван зургаа. Ялтанд чөлөө олгох
16.1.Жирийн дэглэмтэй хорих анги, баривчлах байранд ял эдэлж байгаа ялтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөө олгож болно.
16.2.Чөлөө хүсэгч иргэн нь сум, дүүргийн Засаг дарга, нийслэлд дүүргийн болон гуравдугаар шатлалын, орон нутагт нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт болон чөлөө хүссэн өргөдлийг хорих анги, баривчлах байрны даргад гаргана.
16.3.Хорих анги, баривчлах байрны дарга холбогдох баримт бичгийн бүрдэл, чөлөө авах ялтны төрөл, садангийн хоёроос доошгүй хүний иргэний бичиг баримтыг шалган төрөл садан гэдэг нь нотлогдвол, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын тодорхойлолтыг үндэслэн тушаал гаргаж чөлөө олгоно.
16.4.Чөлөө олгохдоо ялтан, түүний төрөл, садангийн хүнээс барьцаа мөнгө, эд зүйл авахыг хориглоно.
16.5.Чөлөөгөөр гарч байгаа ялтныг түүний төрөл, садангийн хоёроос доошгүй хүний батлан даалтад хүлээлгэн өгнө.
16.6.Батлан даагч нь ялтныг гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр буцаан авч ирэх үүрэг хүлээнэ.
16.7.Ялтныг чөлөөний хугацаа дуусахад хорих анги, баривчлах байранд буцаж ирээгүйгээс хорих байгууллагад учирсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.
16.8.Хорих анги, баривчлах байрны дарга ялтанд чөлөө олгосон тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газарт нэн даруй мэдэгдэнэ.
16.9.Чөлөөгөөр гарах ялтан, түүний батлан даагч чөлөөний хугацаанд нийслэлд бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт, орон нутагт явах бол тухайн аймаг, сум дахь шийдвэр гүйцэтгэх албанд ажлын цагаар өдөрт 1 удаа бүртгүүлэх үүрэгтэй. Чөлөөгөөр гарсан ялтан орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд бүртгүүлсэн бол бүртгэсэн албан хаагч энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт шуурхай мэдээгээр танилцуулна.
16.10.Хэрэв чөлөөний хугацаандаа бүртгүүлээгүй, оршин суух газартаа байгаагүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол чөлөөг даруй зогсоож, уг ялтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулна.
16.11.Ялтанд эрүүгийн өөр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, эсхүл ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн буюу оргохыг завдсан, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, урьд чөлөө авсан үндэслэлээр дахин чөлөө авах хүсэлт гаргасан, түүнчлэн энэ журмын 16.2-т заасан баримт бичиг зөрчилтэй байгаа бол ялтанд чөлөө олгохыг хориглоно.
Арван долоо. Ялтныг хөдөлмөрлүүлэх
17.1.Төлөөлөгч, тоо бүртгэлийн байцаагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын саналыг үндэслэн хорих ангийн даргын баталсан хуваарийн дагуу ялтныг хөдөлмөрт хуваарилна.
17.2.Ялтны хөдөлмөрийн хуваарийг хорих ангийн даргын шийдвэрээр өөрчилнө.
17.3.Дараах нөхцөлд ялтныг хөдөлмөрт гаргахыг хориглоно:
17.3.1.харуул хамгаалалтын зохих шаардлага хангагдаагүй;
17.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эсхүл энэ талаар зааварчилгаа өгөгдөөгүй;
17.3.3.ялтны эрүүл мэндийн байдал муу, сэтгэл санаа тогтворгүй байгаа тухай эмч болон сэтгэл зүйчийн тодорхойлолт гарсан.
17.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.7 дахь хэсэгт заасны дагуу чанга, онцгой дэглэмтэй хорих ангийн ялтны ажил, амралтын цагийг өөрөөр тогтоох бол тухайн хорих ангийн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзана.
17.5.Хорих анги нь ялтнаар хөдөлмөр эрхлүүлэхдээ түүний мэргэжил, хөдөлмөрийн чадварыг харгалзаж болно.
17.6.Ялтны хөдөлмөрийн хөлсийг түүний нэрийн дансанд төвлөрүүлж, ялтан энэ журмын 12.3, 13.1.1 дэх хэсэгт заасны дагуу зарцуулж болно.
17.7.Ялтны хөдөлмөрийн хөлснөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8, 121 дүгээр зүйлийн 121.3-т зааснаар зохих суутгалыг хийнэ. Гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөргүй ялтан нь сард нэг удаа төрөл садангийн хүний данс руу мөнгө шилжүүлж болно.
17.8.Ялтны хөдөлмөрийн норм, үнэлгээ, хөлс, түүний нэрийн дансны үлдэгдлийн талаар хариуцсан нягтлан бодогч нь сар тутам уг ялтанд танилцуулж, гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт нь хавсаргана.
17.9.Ялтныг төрийн нууц, цэрэг стратегийн ач холбогдолтой онцгой обьектод түүнчлэн чанга, онцгой дэглэмтэй ялтныг бусад аж ахуйн нэгж байгууллагад гэрээгээр ажиллуулахыг тус тус хоргилно.
Арван найм. Ялтны дунд зохиох сургалт,
хүмүүжлийн ажил
18.1.Хорих анги нь ялтныг шийтгүүлсэн хэрэг, түүний нийгмийн хор аюул, бусдад учруулсан хохирол, тэдгээрээс үүдэн гарсан үр дагаврыг ойлгуулах, хорих ялын зорилгыг хангах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор сургалт, хүмүүжлийн ажилд хамруулна.
18.2.Хорих анги дахь сургалт, хүмүүжлийн ажлыг сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хариуцан, батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулах бөгөөд хорих ангийн дарга өдөр тутмын удирдлагаар хангаж, бусад нэгж дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
18.3.Сургалт, хүмүүжлийн ажлыг ялтны шийтгүүлсэн хэрэг, насны онцлог, хувийн байдал, хорих ялын дэглэмээс хамаарч ялгамжтай явуулах бөгөөд сургалтыг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв явуулын болон суурин хэлбэрээр зохион байгуулна.
18.4.Хорих анги өөрийн үйлдвэрлэлийн чиглэл, онцлогт тохируулан мэргэжлийн сургалт явуулж болно.
18.5.Ялтны дунд зохиох сургалт, хүмүүжлийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлах бөгөөд энэхүү сургалт, хүмүүжлийн ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, шашны байгууллагыг татан оролцуулж болно.
18.6.Хорих анги ялтны дунд явуулж байгаа сургалт, хүмүүжлийн ажил, хамрагдсан ялтны тоо, үр дүнгийн талаарх мэдээллийг Тогтоол гүйцэтгэх газарт сар бүр танилцуулна.
Арван ес. Ялтныг урамшуулах
19.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлд заасан урамшууллыг ялтанд дараах тохиолдолд олгоно:
19.1.1.хорих ангийн дотоод журмыг чанд сахиж, сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрлөх үүргээ хангалттай биелүүлсэн;
19.1.2.хорих ангиас зохиож буй ажилд идэвхтэй оролцсон;
19.1.3.ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн, шинэ санаачилга гаргаж хэрэгжүүлсэн;
19.1.4.ерөнхий боловсролын сургалтад хамрагдсан ялтан нь улирлын болон жилийн эцсийн хичээлийн дүнгээр “А” үнэлэгдсэн.
19.2.Ялтныг урамшуулах тухай санал, тодорхойлолтыг тухайн ангийн аль ч албан хаагч, нийгмийн ажилтнаар дамжуулан хорих ангийн захиргаанд гаргаж болно.
19.3.Ялтныг урамшуулах бол хорих ангийн дарга тушаал гаргана.
19.4.Оногдуулсан ялын хуульд заасан хэсгийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргана. Засарч хүмүүжсэнээ зан байдлаар харуулсан гэдгийг Улсын дээд шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөмжид зааснаар ойлгоно.
19.5.Ялтныг урамшуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Ялтанд шагналын хоног олгох, ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэмийг өөрчлөхөд мөрдөх журам”-ыг баримтална.
Хорь. Сахилгын шийтгэл
20.1.Ялтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулна.
20.2.Алба хаагч илрүүлсэн зөрчлийн талаар тэмдэглэл үйлдэж, ерөнхий жижүүр, ээлжийн даргад танилцуулна. Ерөнхий жижүүр, ээлжийн дарга нь 24 цагийн дотор ангийн даргад танилцуулж шийдвэр гаргуулна.
20.3.Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг тухайн ялтанд танилцуулж зөрчлийн тэмдэглэлд гарын үсэг зуруулна. Гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай зөрчлийн тэмдэглэлд тусгана.
20.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.6 дахь хэсэгт зааснаар ялтны ял эдлүүлэх дэглэмийг чангаруулах тухай шүүгчийн захирамж нь тухайн ялтны урьд гаргасан зөрчлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.
Хорин нэг. Ялтны аюулгүй байдлыг хангах
21.1.Амь нас, эрүүл мэндэд нь аюул, занал бий болсон тохиолдолд ялтан ямар ч албан хаагчтай харьцаж тусламж хүсэх эрхтэй бөгөөд мэдээллийг авсан алба хаагч ялтны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, энэ тухай хорих ангийн удирдлагад нэн даруй мэдэгдэнэ.
21.2.Ялтны аюулгүй байдлыг хангах зорилгоор ерөнхий жижүүр, ээлжийн дарга үндэслэл бүхий тогтоол үйлдэн түүнийг тусгаарлах тасалгаанд шилжүүлж болно.
21.3.Хорих ангийн хамгаалалтын бүсээс гадна ажиллаж байгаа ялтны амь нас, эрүүл мэндэд халдаж болзошгүй тухай мэдээллийг хорих ангийн албан хаагч олж мэдсэн, эсхүл цагдаагийн байгууллагын болон бусад байгууллага, иргэдийн мэдээлэл ирсэн бол харуул хамгаалалтын байнгын хяналтад авах арга хэмжээг шуурхай зохион байгуулна.
21.4.Хорих анги нь аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан ялтанд аюул, занал бий болсон тохиолдолд Тахарын албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллана.
21.5.Хорих ангийн дарга, гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга нь мэдээллийн дагуу аюулгүй байдлыг хангах арга хэмжээний саналаа Тогтоол гүйцэтгэх газрын дарга, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй танилцуулна.
Хорин хоёр. Ялтныг суллах
22.1.Ялтны ял эдэлсэн хугацааны тооцоог хорих ангийн тоо бүртгэлийн ажилтан сар тутамд хийж ялтанд танилцуулна.
22.2.Ялтны ялын өөрчлөлтийн тухай бусад газраас ирүүлсэн шийдвэрийг тоо бүртгэлийн ажилтан тухай бүр ангийн удирдлага болон ялтанд танилцуулж гарын үсэг зуруулна.
22.3.Суллагдаж байгаа ялтныг эмч үзэж тодорхойлолт гаргана.
22.4.Хорих ангийн санхүүгийн ажилтан суллагдаж байгаа ялтантай тооцоо хийж, хариуцуулж өгсөн эд хөрөнгийг гэмтээж, үрэгдүүлсэн бол үнийг 3 дахин нэмэгдүүлж төлүүлнэ.
22.5.Ялтны нэрийн данс хариуцсан санхүүгийн ажилтан нь, нэрийн данс дахь мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл зэргийг тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана.
22.6.Нэрийн данс дахь мөнгө нь ялтны замын зардалд хүрэлцэхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.
22.7.Суллагдах ялтантай тооцоо хийж дууссаны дараа хүний тоо бүртгэлийн ажилтан түүний иргэний цахим үнэмлэх, уг хүний суллагдсан тухай албан тодорхойлолтыг зам явах хуудсын хамт олгоно.
22.8.Өр төлбөртэй ялтан хугацаа дуусч суллагдвал энэ тухай оршин суугаа газрын Шийдвэр гүйцэтгэх албанд албан бичгээр мэдэгдэнэ.
Хорин гурав. Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэл
23.1.Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг хорих ангийн даргын тушаалаар баталж мөрдөнө.
23.2.Хорих ангийн дотоод цагийн хуваарьт заагдсан тодорхой цаг хугацаа, газарт ялтан байрлахыг ялтны байршил гэж ойлгоно.
23.3.Хорих ангийн дотоод цагийн хуваарийн дагуу 06.00 цагаас 22.00 цаг хүртэл үргэлжлэх үйл ажиллагааг ялтны хөдөлгөөн гэж ойлгоно.
23.4.Ялтны хөдөлгөөн нь өглөөний босолт, нүүр гар угаах, цай хоолонд орох, ажилд гарах, ажлаас буух , чөлөөт цаг, халуун усанд орох, унтаж амрах зэрэг хязгаарлалт бүхий хугацааг заасан ялтны зайлшгүй мөрдөх дэгээс бүрдэнэ.
23.5.Ялтнууд ангийн дотоод цагийн хуваариар зохицуулагдсан хөдөлгөөн хязгаарлалтын хугацаатай ажиллах, амрах, хооллох байр, зөвшөөрсөн газруудад явах тодорхой чиглэлтэй байна.
23.6.Ялтны явах чиглэлийг эрхэлдэг ажил, засрал хүмүүжлийн түвшинг харгалзан хэсгээр буюу ялтан нэг бүрээр тогтоож болно.
23.7.Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг тогтоохдоо хорих ангийн дотоод цагийн хуваарьт нийцүүлнэ.
Хорин дөрөв. Ялтан хөдөлмөрлүүлэхийг
хориглосон ажил үүрэг
24.1.Хорих ангийн дор дурдсан объектод ялтныг хөдөлмөрлүүлэхийг хориглоно:
24.1.1.галт зэвсэг, албаны баримт бичиг болон тусгай хэрэгсэл хадгалагдаж байгаа нэгжид;
24.1.2.хамгаалалтын техник хэрэгслийн болон дотоодын хориотой бүсийн хамгаалалтын инженерийн хэрэгслийн засвар үйлчилгээнд;
24.1.3.албаны компьютер, олшруулах, радио, цахилгаан мэдээний аппарат, утас, факс зэрэг техникийн засвар үйлчилгээнд;
24.1.4.тооллого, тооцоотой холбоотой ажил, эм тариа, тэсрэх дэлбэрэх болон хордуулах бодис хадгалдаг байранд;
24.1.5.худалдагч, нягтлан бодогч, мөнгөний нярав, мөн нарийн бүтэцтэй болон өндөр үнэтэй хэрэгсэл хадгалах агуулахад.
Хорин тав. Хорих ял эдлүүлэх ажиллагаанд
тавих хяналт
25.1.Баривчлах, хорих ял эдлүүлэх үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналт тавина.
25.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд хэлтэс, тасгийн алба хаагчид тус тусын чиглэлийн дагуу хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд хяналт тавина.
25.3.Бусад мэргэжлийн байгууллагаас өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэсэгчилсэн шалгалт, үзлэг хийх тохиолдолд удирдамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох газарт, иж бүрэн шалгалт хийх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад тус тус урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хамруулж болно.
25.4.Харьяа дээд шатны байгууллага шалгалт хийх тохиолдолд хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргад удирдамжийг хуулбарлан үлдээнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A