- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ЗАГВАР
Засгийн газрын 2014 оны 387 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ЗАГВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил (энэ баримт бичигт тодорхойлох стратеги, загварын агуулгыг бичнэ);
1.2. Үндэслэл (энэ баримт бичгийг боловсруулах эрх зүйн үндэслэлийг бичнэ);
1.3. Хууль тогтоомжийн орчин (хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийг тодорхой зааж бичнэ);
1.4. Арга зүй (хөтөлбөрийг боловсруулахад ашигласан арга зүйг бичнэ);
1.5. Агентлагийн үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь (эрхэлсэн сайдын өмнө тухайн агентлагийн хүлээх үүрэг, хариуцлага, ямар асуудлаар хэрэглэгчийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж бичнэ);
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч (агентлагийн үндсэн хэрэглэгч болон үйлчлүүлэгчийг бүлгээр тодорхойлон зургаар үзүүлж, тэдэнд үзүүлэх үйлчилгээг бүлэг хэрэглэгчээр тодорхойлж бичнэ, гэхдээ зарим үйлчилгээний төрөл нь зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон ажилтны ажлын байрны тодорхойлолтод байх тул энд хураангуй байдлаар авч үзнэ).
Хоёр. Агентлагийн үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар (агентлагийн үйл ажиллагааны мөн чанарыг хамгийн хураангуй байдлаар тодорхойлж бичнэ);
2.2. Тэргүүлэх чиглэл (агентлагийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг бүлэглэн тодорхойлж, ач холбогдлын дарааллаар бичнэ);
2.3. Эрхэм зорилго (агентлагийн үйл ажиллагааны эрхэм зорилгыг хамгийн товч, оновчтой хэлбэрээр бичнэ);
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт (агентлагийн үйл ажиллагааны эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд ойрын жилд баримтлах стратегийн зорилтыг тодорхойлно. Гэхдээ энд салбарын стратегийн зорилт бус зөвхөн тухайн агентлагийн стратегийн зорилтыг тодорхойлно. Баримтлах зарчим нь стратегийн зорилтоос зохион байгуулалтын бүтцийн нэгж гардаг гэсэн онол, арга зүйг баримтална);
2.5. Үйл ажиллагааны гол зорилт (агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт бүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлно. Үйл ажиллагааны гол зорилт нь ихэвчлэн бүлэг ажлын байрны зорилтыг тодорхойлох үндэслэл болдгийг анхаарах);
2.6. Үйл ажиллагааны зорилт (агентлагийн үйл ажиллагааны зорилтыг зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлох, ажлын байрны тодорхойлолтод тусгахаар тэмдэглэнэ);
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар (агентлагийн эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтыг зураглан гаргаж харуулна).
Гурав. Агентлагийн бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтцийн нэгжийн
үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим (агентлагийн стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим, эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим, үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим, бүтцийн хувьд энгийн байх зарчим, тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим, хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим, үйл ажиллагааны давхардалгүй байх, улс төржихгүй байх зарчмыг тус тус баримтална);
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар (стратегийн зорилтод тулгуурласан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн загвар гаргаж санал болгоно. Гэхдээ энд нэгжийн оноосон нэр хэрэглэхгүй, оноосон нэр нь сайдын тушаалаар батлагдана);
3.3. Зохион байгуулалтын бүтэц (үйл ажиллагааны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлно. Тухайн нэгжийн үндсэн үүрэг нь уг бүтэц гарсан стратегийн зорилт байх бөгөөд харин чиг үүрэг нь уг стратегийн зорилтын хүрээний үйл ажиллагааны гол зорилтууд байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгж бүрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлсны үндсэн дээр тухайн нэгжийн хүлээх хариуцлага, үндсэн хэрэглэгч болон үйлчлүүлэгчийг нэрээр зааж, тэдэнд үзүүлэх үйлчилгээг бүлэг хэрэглэгч бүрээр тодорхойлж бичнэ. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дотор бие даасан нэгж байж болохгүйг анхаарах).
------- оОо -------
Текст томруулах
A
A
A