- Нүүр
- Сайдын тушаал
- ЗОРИУЛАЛТЫН ЧИРЭГЧ АВТОМАШИН АШИГЛАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ ХЗС-ын 2015-08-28-ны А/190 тоот тушаалаар хүчингүй болгосон
Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05 -ны өдрийн
А/218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ЗОРИУЛАЛТЫН ЧИРЭГЧ АВТОМАШИН АШИГЛАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6-д заасан замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгсэл ашиглан тусгай хашаа талбайд зөөж шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Хоёр.Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа
2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 6-д заасны дагуу зөрчил гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагчийн шийдвэрээр тусгай хашаа /талбай/-нд зөөж шилжүүлнэ.
2.2. Түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө тухайн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ нь ирсэн тохиолдолд тусгай хашаа /талбай/-д шилжүүлэхгүйгээр хүлээлгэн өгөх ба зөрчил гаргасан этгээдэд хуульд заасан арга хэмжээ авна.
2.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагч зөөж, шилжүүлэх шаардлагатай зөрчлийн талаар мэдээллийг нийслэлд Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч, орон нутагт цагдаагийн газар, хэлтсийн ерөнхий зохицуулагчид мэдэгдэнэ. Ерөнхий зохицуулагч нь мэдээллийг хүлээн авч бүртгэлд бүртгэнэ.
2.4. Зөөж шилжүүлэх шийдвэр гаргасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагч тухайн тээврийн хэрэгслийн гадна талд үзлэг хийнэ.
Тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт сэжиг бүхий зүйл байгаа эсэхийг нягталж, энэ тухай тэмдэглэлд тусгана.
2.5. Энэ журмын 2.4-д заасны дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдэнэ. Шаардлагатай бол фото болон дүрс бичлэгийн хэрэгслээр бэхжүүлж болно.
2.6. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол энэ журмын 2.3-д заасан албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж, бүртгүүлнэ.
2.7. Түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож, хөдөлгөөнд саад учруулсан үндэслэлээр саатуулагдсан тээврийн хэрэгслийн жолоочид тусгай хашаа /талбай/-г хариуцсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох асуудлыг шалгаж шийдвэрлэнэ.
Гурав. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа
3.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагч тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд зөөж шилжүүлэхдээ зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийг дуудлагаар ирүүлнэ.
3.2. Дуудлагаар ирсэн зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийн техникийн ажилтанд тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлийн хувийг өгч гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.
3.3. Зогсоолын тоормос, Хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгагдаагүй тээврийн хэрэгслийг өргөгч хэрэгслээр өргөн ачиж, харин салгагдсан бол тээврийн хэрэгслийг хагас цоройлгон ачих байдлаар зөөж шилжүүлнэ.
3.4. Зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийн жолооч нь С, Е ангилалтай тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил жолоодсон, дадлага туршлага бүхий иргэн байх ба тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх явцад савж, гулсаж унахаас сэргийлж ивүүр, татлага, бэхэлгээ хэрэглэнэ.
3.5. Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл нь зориулалтын чирэгч техник хэрэгслээр тоноглогдсон, тусгай зориулалтын шар өнгийн тусгай гэрэл дохиотой, холбооны хэрэгслээр хангагдсан байна.
3.6. Зөөж шилжүүлж буй тээврийн хэрэгспийг техникийн ажилтан тусгай хашаа /талбай/-нд үүрэг гүйцэтгэж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгнө.
3.7. Зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тухайн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байгаа хуулийн этгээд бүрэн хариуцах бөгөөд зөөвөрлөх үед гарсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хариуцсан нутаг дэвсгэртээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний дагуу зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийг ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.
4.2. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсний зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцна.
4.3. Тээврийн хэрэгслийн зөөж, шилжүүлэх шийдвэртэй холбогдсон гомдол, маргааныг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг үл зөвшөөрвөл шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.
— оОо —
Текст томруулах
A
A
A