- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХ, АРИЛЖИХ ЖУРАМ (Засгийн газрын 2019-2-20-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2014 оны 371 дүгээр
тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС
ГАРГАХ, АРИЛЖИХ ЖУРАМ
(Засгийн газрын 2019-2-20-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Засгийн газрын үнэт цаас гаргахад Төсвийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Засгийн газрын үнэт цаасыг Засгийн газрын нэрийн өмнөөс санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “Сангийн яам” гэх) гаргана. Сангийн яам нь Засгийн газрын үнэт цаасыг гаргахдаа Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсан байна.
1.4. Засгийн газрын үнэт цаасыг Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн дагуу биржийн бус арилжаагаар болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу биржийн арилжаагаар арилжиж болно.
1.5. Засгийн газрын үнэт цаасны төлбөр тооцоог гүйцэтгэх журам, арилжааны саналыг хуваарилах болон саналыг хуваарилах дараалал, арилжааны дүнг мэдээлэх аргачлалыг Сангийн яам арилжаа эрхлэгчтэй хамтран тогтооно.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “Засгийн газрын үнэт цаас” (цаашид “ЗГҮЦ” гэх) гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1.3-т заасан өрийн хэрэгслийг;
2.1.2. “ЗГҮЦ-ны нөхцөл” гэж ЗГҮЦ-ны хүү, хугацаа, нэрлэсэн үнэ болон купон төлөгдөх давтамжийг;
2.1.3. “шууд оролцогч” гэж өөрийн болон шууд бус оролцогчийн нэрийн өмнөөс ЗГҮЦ худалдан авах, худалдах эрх бүхий Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг;
2.1.4. “шууд бус оролцогч” гэж шууд оролцогчоор дамжуулан ЗГҮЦ худалдан авах, худалдах хөрөнгө оруулагчийг;
2.1.5. “арилжаа эрхлэгч” гэж ЗГҮЦ-ны арилжааг зохион байгуулах этгээдийг;
2.1.6. “цахим арилжааны систем” гэж ЗГҮЦ-ыг арилжих үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээлэх цахим сүлжээг;
2.1.7. “арилжааны хуанли” гэж ЗГҮЦ-ны арилжааны товыг урьдчилан зарласан хуваарийг;
2.1.8. “арилжааны мэдэгдэл” гэж ЗГҮЦ-ны арилжааны нөхцөлийг тусгасан жагсаалт бүхий зарлалыг;
2.1.9. “ЗГҮЦ-ны арилжаа” гэж цахим арилжааны системээр дамжуулан ЗГҮЦ худалдах, худалдан авах үйл ажиллагааг;
2.1.10. “өрсөлдөөнт санал” гэж ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд хүүгээр өрсөлдөх саналыг;
2.1.11. “өрсөлдөөнт бус санал” гэж ялгавартай үнэтэй арилжааны үед амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын жигнэсэн дундаж хүүгээр, нэгдсэн үнэтэй арилжааны үед амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын таслагдсан хүүгээр тус тус биелэх саналыг;
2.1.12. “ялгавартай үнэтэй арилжаа” гэж өрсөлдөөнт бус санал нь тухайн арилжааны амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын жигнэсэн дундаж хүүгээр, өрсөлдөөнт санал нь тухайн шууд оролцогчийн ирүүлсэн хүүгийн саналаар биелэх ЗГҮЦ-ны арилжааны хэлбэрийг;
2.1.13. “нэгдсэн үнэтэй арилжаа” гэж өрсөлдөөнт бус санал болон өрсөлдөөнт санал нь тухайн арилжааны амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын таслагдсан хүүгээр биелэх ЗГҮЦ-ны арилжааны хэлбэрийг;
2.1.14. “арилжааг дахин нээх” гэж үнэт цаас гаргагч өмнө нь арилжаалсан үнэт цаастай ижил нөхцөлөөр нэмэлт үнэт цаас гаргахыг;
2.1.15. “хуримтлагдсан хүү” гэж тодорхой үнэт цаасны арилжааг дахин нээх эсхүл үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны үед ЗГҮЦ-ны хүү хуримтлуулж эхлэх өдрөөс төлбөр тооцооны өдрийн хооронд хуримтлагдсан хүүгийн дүнг;
2.1.16. “хүү хуримтлуулж эхлэх өдөр” гэж ЗГҮЦ-нд хүү тооцож эхлэх өдрийг эсхүл төлбөр тооцоо хийх өдөр нь арилжаа явагдсан өдрөөс хойш бол үнэт цаасны төлбөр тооцоо хийх өдрийг;
2.1.17. “төлбөр тооцооны өдөр” гэж ЗГҮЦ-ны арилжаагаар худалдан авсан үнэт цаасны төлбөрийг гүйцэтгэх өдрийг;
2.1.18. “хадгалагч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 45.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээдийг;
2.1.19. “өмчлөгч эрхийн бүртгэгч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 46.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээдийг;
2.1.20. “тооцоо гүйцэтгэгч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 43.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээдийг;
2.1.21. “төлбөр гүйцэтгэгч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 44.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээдийг;
2.1.22. “бохир үнэ” (dirty price) гэж ЗГҮЦ худалдан авагчаас худалдагчид төлж байгаа дүн буюу ЗГҮЦ-ны хуримтлагдсан хүүг агуулсан дүнг;
2.1.23. “цэвэр үнэ” (clean price) гэж бохир үнээс ЗГҮЦ-ны хуримтлагдсан хүүг хассан дүнг.
2.2. Засгийн газрын богино хугацаат үнэт цаас (цаашид “ЗГБХҮЦ” гэх) гэдэгт хуанлийн 1 жилээс богино хугацаатай өрийн хэрэгслийг, дунд хугацаат үнэт цаас гэдэгт хуанлийн 1 жилээс 10 жил хүртэлх хугацаатай өрийн хэрэгслийг, урт хугацаат үнэт цаас гэж хуанлийн 10 жилээс дээш хугацаатай өрийн хэрэгслийг тус тус ойлгоно. Дунд болон урт хугацаат үнэт цаас (цаашид “бонд” гэх) нь купон төлдөг үнэт цаас байна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗГҮЦ-ны арилжаанд оролцогчдын чиг үүрэг
Гурав. ЗГҮЦ-ны арилжаанд оролцогч
3.1. Дараах этгээд нь ЗГҮЦ-ны арилжаанд оролцогч байна:
3.1.1. Сангийн яам;
3.1.2. арилжаа эрхлэгч;
3.1.3. шууд оролцогч;
3.1.4. шууд бус оролцогч;
3.1.5. ЗГҮЦ-ны хадгалагч, өмчлөх эрхийг бүртгэгч, тооцоо гүйцэтгэгч, төлбөр гүйцэтгэгч.
Дөрөв. Сангийн яамны чиг үүрэг
4.1. Сангийн яам нь ЗГҮЦ-ны арилжаанд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. ЗГҮЦ-ны арилжааны хуанлийг бэлтгэн мэдээлэх;
4.1.2. арилжааны мэдэгдлийг үнэт цаас гаргах бүрт бэлтгэн мэдээлэх;
4.1.3. Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ЗГҮЦ-ны нөхцөлийг тогтоох;
4.1.4. ЗГҮЦ-ны арилжааны дүнг тухай бүр олон нийтэд мэдээлэх;
4.1.5. ЗГҮЦ-ны төлбөр, тооцоонд хяналт тавих;
4.1.6. ЗГҮЦ-ны үндсэн болон купоны төлбөрийг төлөх;
4.1.7. арилжаа эрхлэгч, шууд оролцогч, хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгч болон ЗГҮЦ-ны арилжаанд оролцогч бусад этгээдээс арилжааны мэдээлэл, ЗГҮЦ эзэмшигчийн талаарх мэдээлэл, судалгааг авах;
4.1.8. ЗГҮЦ-ны хуваарилалтад хязгаар тогтоох;
4.1.9. ЗГҮЦ-ыг Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-нд бүртгүүлэх;
4.1.10. ЗГҮЦ-ны зах зээлийг хөгжүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах чиглэлээр шаардлагатай бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
4.1.11. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
4.2. Сангийн яам нь ЗГҮЦ-ны арилжаагаар худалдах үнэт цаасны хэмжээ, хуваарилалтын хязгаарыг тухай бүр тогтооно.
4.3. Сангийн яам нь ЗГҮЦ-ны арилжааны хуанлийг улирлаар бэлтгэн баталгаажуулсны үндсэн дээр өөрийн болон арилжаа эрхлэгчийн цахим хуудсанд байрлуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухайн улирлын өмнөх сарын 2 дахь долоо хоногт багтаан нийтэд мэдээлнэ.
4.4. Үнэт цаас гаргагч нь ЗГҮЦ-ны арилжааны мэдэгдэл, үр дүнг өөрийн болон арилжаа эрхлэгчийн цахим хуудаст байрлуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухай бүр нийтэд мэдээлнэ.
Тав. Арилжаа эрхлэгчийн чиг үүрэг
5.1. Арилжаа эрхлэгч нь ЗГҮЦ-ны арилжаанд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. ЗГҮЦ-ны арилжааг явуулах цахим системээр хангах, уг системийн найдвартай, шуурхай байдлыг хангаж ажиллах;
5.1.2. ЗГҮЦ-ны арилжааг зохион байгуулах, Сангийн яамны тогтоосон хязгаарын дагуу хуваарилалт хийх;
5.1.3. Сангийн яаманд ЗГҮЦ-ны арилжааны хэмжээ, нөхцөл, хүүгийн талаар зөвлөх;
5.1.4. ЗГҮЦ-ны арилжааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн хандлагын талаар судалгаа, шинжилгээ хийж Сангийн яамыг мэдээллээр хангах;
5.1.5. ЗГҮЦ-ны зах зээлийн ил тод байдлыг хангах;
5.1.6. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
5.2. Сангийн яам нь ЗГҮЦ-ны зах зээлийн нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр ЗГҮЦ-ыг биржийн болон биржийн бус хэлбэрээр арилжиж болно. Арилжаа эрхлэгчийг Сангийн яам cонгоно.
Зургаа. Шууд оролцогчийн чиг үүрэг
6.1. Шууд оролцогч нь ЗГҮЦ-ны арилжаанд оролцохдоо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.1.1. арилжааны хуанли болон мэдэгдлийг шууд бус оролцогчид хүргүүлэх;
6.1.2. ЗГҮЦ-ыг анхдагч зах зээлээс худалдан авах, хоёрдогч зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулах, хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах;
6.1.3. шууд бус оролцогчийн эрхийг хамгаалах, түүнийг ЗГҮЦ-тай холбогдох үнэн зөв мэдээллээр хангах;
6.1.4. худалдан авсан ЗГҮЦ-ны төлбөр тооцоог тогтоосон хугацаанд гүйцэтгэх;
6.1.5. шууд бус оролцогчийн ЗГҮЦ худалдан авах, худалдах саналыг хүлээн авч, түүнийг төлөөлөн ЗГҮЦ-ны арилжаанд оролцох, арилжааны дүнг мэдээлэх;
6.1.6. ЗГҮЦ-ны анхдагч болон хоёрдогч зах зээлийн талаар судалгаа, шинжилгээ хийж Сангийн яам болон шууд оролцогчийг зөвлөлгөө, мэдээллээр хангах;
6.1.7. ЗГҮЦ худалдан авах, худалдах саналаа цахим арилжааны системээр дамжуулан арилжаа эрхлэгчид хүргүүлэх;
6.1.8. шууд бус оролцогчийн худалдан авсан, худалдсан ЗГҮЦ-тай холбогдох мэдээллийг Сангийн яам, арилжаа эрхлэгчид хүргүүлэх;
6.1.9. өөрийн болон харилцагч шууд бус оролцогчийн худалдан авсан ЗГҮЦ-ны төлбөрийг хариуцах.
6.2. Сангийн яамны шийдвэрээр ЗГҮЦ-ны зах зээлд үндсэн дилер (primary dealer)-ийн тогтолцоог нэвтрүүлж болно. Энэ тохиолдолд зөвхөн үндсэн дилер нь ЗГҮЦ-ыг анхдагч зах зээлээс худалдан авах эрхтэй байх бөгөөд тэрээр худалдан авсан ЗГҮЦ-аа хоёрдогч зах зээлд худалдах үүрэг хүлээнэ.
6.3. Үндсэн дилерийн эрх, үүрэг, урамшуулал, ЗГҮЦ-ны зах зээл дэх оролцоог энэхүү журамтай нийцүүлэн Сангийн яамтай байгуулсан гэрээний хүрээнд зохицуулна.
Долоо. Шууд бус оролцогч
7.1. Шууд бус оролцогч нь ЗГҮЦ-ны арилжаанд шууд оролцогчоор дамжуулан оролцоно.
7.2. Шууд бус оролцогч нь хадгалагчид буюу төвлөрсөн хадгаламжид үнэт цаасны данс болон төлбөрийн данстай байна.
7.3. Шууд бус оролцогч нь ЗГҮЦ-ны зах зээлийн талаарх мэдээлэл, судалгааг шууд оролцогчоос авах эрхтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг
зохион байгуулах
Найм. ЗГҮЦ, түүнийг анхдагч зээл дээр арилжих журам
8.1. ЗГҮЦ-ны үнэ нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэгдэнэ. ЗГҮЦ нь хадгалагчид биет бус хэлбэрээр бүртгэлтэй байна.
8.2. Сангийн яам болон арилжаа эрхлэгч нь ЗГҮЦ-ны арилжааг цахим арилжааны системээр дамжуулан өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус хэлбэрээр зохион байгуулна.
8.3. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа нь арилжааны мэдэгдлийг зарласнаар эхэлж, ЗГҮЦ-ыг худалдан авсан эзэмшигчийг хадгалагч болон өмчлөх эрхийн бүртгэгч бүртгэснээр дуусгавар болно.
8.4. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг урьдчилан зарласан арилжааны хуанлийн дагуу товлосон өдөр, тогтоосон хэмжээ, нөхцөлөөр явуулна.
8.5. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа явуулах, ЗГҮЦ-ны купоны болон үндсэн төлбөрийг гүйцэтгэх өдрүүд нь нийтээр амрах баярын эсхүл 7 хоногийн амралтын өдөр таарч байвал тэдгээрийг өмнөх ажлын өдөр нь гүйцэтгэнэ.
8.6. ЗГҮЦ-ны арилжаанд оролцогч нь үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг мөрдөж, зах зээлийн зарчим, ил тод, шударга байдлыг хангаж ажиллана.
8.7. Сангийн яам өмнө нь зохион байгуулсан, хугацаа нь дуусаагүй ЗГҮЦ-ны арилжааг дахин нээж болно.
8.8. Сангийн яам нь ЗГҮЦ-ны хуваарилалтыг арилжааны мэдэгдэлд заасны дагуу нэгдсэн эсхүл ялгавартай үнэтэй арилжааны хэлбэрийн аль нэгээр гүйцэтгэнэ.
8.9. ЗГҮЦ-ны өгөөж, үнэ, купон, хуримтлагдсан хүүг тооцох аргачлалыг Сангийн яам арилжаа эрхлэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тогтооно.
8.10. Сангийн яам болон арилжаа эрхлэгч нь ЗГҮЦ-ны арилжааны хамгийн өндөр, хамгийн бага хүү болон жигнэсэн дундаж эсхүл таслагдсан хүүгийн талаарх мэдээллээс бусад мэдээллийн нууцыг хадгална.
Ес. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны саналыг цуцлах
9.1. Сангийн яам болон арилжаа эрхлэгчийн зүгээс ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд шууд оролцогчдыг үгсэн тохиролцсон эсхүл үндэслэлгүй өндөр хүүгийн санал ирүүлсэн гэж үзвэл Сангийн яам нь уг саналыг цуцлах эрхтэй бөгөөд санал цуцалсан талаар тайлбар хийхгүй.
9.2. Санал цуцалсантай холбогдуулж үнэт цаас гаргагч нь тухайн арилжааны мэдэгдэлд зааснаас бага хэмжээний үнэт цаас арилжиж болно.
9.3. ЗГҮЦ-ны арилжааг эрчим хүчний саатал, программ хангамжийн гэмтэл эсхүл бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цуцалж болно.
9.4. ЗГҮЦ-ны арилжааг цуцалсан тохиолдолд Сангийн яам нь шууд оролцогчид дараагийн арилжаа явагдах огноо болон хугацааг арилжаа эрхлэгчээр дамжуулан мэдэгдэнэ.
Арав. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас
10.1. Засгийн газар нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан жижиглэнгийн үнэт цаасыг гаргаж, олон нийтэд санал болгож болно.
10.2. Сангийн яам нь Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжааг зохион байгуулах, олон нийтэд санал болгох арилжаа эрхлэгчийг сонгож, гэрээ байгуулан ажиллаж болно.
Арван нэг. ЗГҮЦ-ны биржийн болон биржийн бус арилжаа
11.1. ЗГҮЦ-ыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.21, 11.1-д заасны дагуу нийтэд буюу 50-иас дээш хөрөнгө оруулагчдад санал болгон худалдах тохиолдолд арилжаа эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр дамжуулан зохион байгуулна.
11.2. ЗГҮЦ-ыг биржээр арилжихад Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баримтална.
11.3. Энэ журмын 11.2-т зааснаас бусад хэлбэрээр буюу биржийн бус хэлбэрээр арилжих тохиолдолд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу зохион байгуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа
Арван хоёр. ЗГҮЦ худалдах, худалдан авах захиалга өгөх
12.1. Шууд оролцогч нь ЗГҮЦ-ыг худалдах, худалдан авах шууд бус оролцогчийн захиалгыг биелүүлэхээр гэрээ байгуулсан тохиолдолд захиалгын мэдээллийг нэн даруй хоёрдогч зах зээлийн арилжааны системд оруулна.
12.2. ЗГҮЦ худалдах, худалдан авах хэлцлийг цэвэр үнээр, төлбөр тооцоог бохир үнээр хийнэ.
12.3. Шууд оролцогч нь ЗГҮЦ худалдах, худалдан авахад зуучлах үйлчилгээнд холбогдох нөхцөлийг агуулсан гэрээг шууд бус оролцогчтой байгуулах бөгөөд гэрээнд дараах агуулга бүхий зохицуулалт тусгахыг хориглоно:
12.3.1. шууд оролцогчийн хууль бус үйл ажиллагааны улмаас шууд бус оролцогчид хохирол учруулснаас үүсэх хариуцлагыг хязгаарлах;
12.3.2. шууд оролцогчийн хууль бус үйл ажиллагааны улмаас шууд бус оролцогчид учирсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн дүнд дээд хэмжээ тогтоох;
12.3.3. хууль тогтоомж болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх, гэрээг цуцлах шууд бус оролцогчийн эрхийг хязгаарлах эсхүл шууд оролцогчид давуу эрх олгох;
12.3.4. Иргэний хуулийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлах боломжгүй, маргаан гарсан тохиолдолд өөрт ашигтайгаар тайлбарлах боломжтой заалт.
Тайлбар: Нэр томъёог хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгоход хялбараар бичнэ. Хэрэв тухайн нэр томьёо салаа буюу олон утгатай, нарийвчлан тодорхойлох шаардлагатай бол нэр томьёоны тайлбар хийнэ.
12.4. Үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр ЗГҮЦ-ыг арилжих журмыг Сангийн яам арилжаа эрхлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
Арван гурав. Шууд оролцогчийн
үйл ажиллагаанд хориглох зүйлс
13.1. Шууд оролцогчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
13.1.1. шууд бус оролцогчид ЗГҮЦ, түүний арилжааны талаар хуурамч мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх;
13.1.2. дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох;
13.1.3. ЗГҮЦ-ны үнийг зохиомлоор тогтоон барих, өсгөх, бууруулах үйлдэл, оролдлого хийх;
13.1.4. ЗГҮЦ-ны арилжааны явцад тухайн үнэт цаасны үнэ, ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор хуурамч болон олон нийтийг төөрөгдүүлэх гүйлгээг өмчлөгч нь өөрчлөгдөөгүй буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн хооронд хийх;
13.1.5. шууд бус оролцогчийн өмчлөлд байгаа ЗГҮЦ-ны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгох, гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгийг ашиглах;
13.1.6. биелүүлэх зорилгогүйгээр их хэмжээний захиалга оруулах, түүнд олон дахин засвар хийх, цахим арилжааны системд нэг захиалгыг олон хэсэг хувааж оруулах.
Арван дөрөв. Бусад
14.1. Сангийн яам нь биет бус ЗГҮЦ-ыг зөвхөн арилжаа эрхлэгчээр дамжуулан арилжина.
14.2. Сангийн яам нь ЗГҮЦ-ыг анхдагч болон хоёрдогч зах зээлд зуучлан борлуулсны шимтгэл, холбогдох төлбөрийг арилжаа эрхлэгчтэй байгуулсан гэрээний дагуу төлнө.
14.3. ЗГҮЦ-ны арилжаанд хууль тогтоомжийн хүрээнд Сангийн яам, арилжаа эрхлэгч, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.
14.4. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--------o0o-------
Текст томруулах
A
A
A