- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ҮРЧЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭНТЭЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ ЖУРАМ
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2010 оны
А/396 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ҮРЧЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭНТЭЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэн, түүний гэр бүл /цаашид үрчлэгч эцэг, эх гэх/-ийн хүүхэд үрчлэх зорилго болон тэдний хүүхэд өсгөж хүмүүжүүлэх нөхцөл, чадварыг хангасан эсэхийг тогтоох, хүүхдийг хил дамнан наймаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үрчлэгч эцэг, эхтэй танилцах, ярилцлага хийж дүгнэлт гаргахад оршино.
Хоёр.Ярилцлагын бүрэлдэхүүн
2.1.Ярилцлагыг доорхи бүрэлдэхүүнтэй хийнэ. Үүнд:
2.1.1.үрчлэгч эцэг, эх;
2.1.2.гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын ...... тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Комиссын гишүүд;
2.1.3.үрчлэгч нь хүсэлтээ харьяалах улсын итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулан ирүүлсэн бол тус байгууллагын албан ёсны төлөөлөл.
2.2.Ярилцлагад үрчлэгч эцэг, эх /итгэмжлэгдсэн байгууллагын албан ёсны төлөөлөл/ хүчин төгөлдөр баримт бичигтэйгээ ирнэ.
2.3.Ярилцлагыг Комиссын 3-аас доошгүй гишүүний ирцтэйгээр хүчинтэйд тооцно. Комиссын гишүүн ажлын шаардлагаар эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ярилцлагад оролцох боломжгүй болсон тохиолдолд урьдчилан заавал мэдэгдсэнээр Комиссын дарга ярилцлага хийх эсэхийг шийдвэрлэнэ.
2.4.Комиссын гишүүний эзгүйд түүнийг орлон ажиллах эрх бүхий ажилтан Комиссын даргын зөвшөөрснөөр ярилцлагад оролцож болно.
2.5.Ярилцлагад үрчлэгч эцэг, эх /үрчлэгчийн харьяалах улсын итгэмжлэгдсэн байгууллагын албан ёсны төлөөлөл/ ирээгүй тохиолдолд ярилцлагыг цуцална.
Гурав. Ярилцлагад бэлтгэх
3.1.Ярилцлагад бэлтгэхдээ Комиссын нарийн бичгийн дарга дараахь ажлыг хийж гүйцэтгэнэ:
3.1.1.үрчлэлтийн асуудалтай холбогдох баримт бичгийн бүрдлийг хянаж, танилцуулга бэлтгэн Комиссын даргад урьдчилан танилцуулах;
3.1.2.Комиссын даргын шийдвэрээр ярилцлага хийх өдөр, цагийг товлож, үрчлэгч эцэг, эхэд албан ёсоор мэдэгдэх;
3.1.3.ярилцлагын товыг Комиссын бүх гишүүдэд ажлын 2 өдрийн өмнө мэдэгдэж, танилцуулгыг тараах.
3.2.Комиссын гишүүд ярилцлагын өмнө хүүхэд үрчлэх тухайн гэр бүл, үрчлэгдэх хүүхдийн онцлог, холбогдох материалтай бүрэн танилцсан байна.
3.3.Ярилцлагын орчуулгын асуудлыг үрчлэгчийн харьяалах улсын итгэмжлэгдсэн байгууллагын албан ёсны төлөөлөл хариуцах бөгөөд орчуулагч нь үнэн зөв орчуулах үүрэгтэй.
3.4.Ярилцлагыг урьдчилан бэлтгэсэн өрөөнд тав тухтай орчин, нөхцөлд хийнэ.
Дөрөв. Ярилцлага хийх нь
4.1.Комиссын нарийн бичгийн дарга хүүхэд үрчлэн авч буй эцэг, эх болон тухайн үрчлэлттэй холбогдох мэдээллийг танилцуулна.
4.2.Ярилцлагыг энэ журмын 4.5-д заасан сэдвээр асуулт хариулт, харилцан ярилцах дарааллаар явуулж, Комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлнө.
4.3Ярилцлагаар асуух үндсэн асуултыг Комиссын нарийн бичгийн дарга бэлтгэж гишүүдэд хуваарилан өгнө.
Үндсэн асуултыг асууж, хариулт авсны дараа Комиссын гишүүд үрчлэгч эцэг, эх /итгэмжлэгдсэн байгууллагын албан ёсны төлөөлөл/-ээс нэмэлт асуулт асууж хариулт авна.
Ярилцлагыг дор дурьдсан сэдвийн хүрээнд явуулна:
- їрчлэгч эцэг, эхийн санаа, зорилго, хүүхэд үрчлэн авах шалтгаан;
- үрчлэгч эцэг, эхийн эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт болон санхүүгийн нөхцөл байдал;
- үрчлэгч эцэг, эхийн үрчлэлтийн талаарх ойлголт;
- тухайн гэр бүлийн түүх болон ирээдүйн төлөвлөгөө;
- үрчлэгдэх хүүхдийн эрүүл мэндийн байдал;
- үрчлэгдэх хүүхдийн онцлог;
- хүүхдийг ирээдүйд хэрхэн нийгэмшүүлж, боловсрол олгох талаар үрчлэгч эцэг, эхийн хандлага;
- үрчлэлттэй холбогдох хоёр орны хууль тогтоомж болон бусад.
4.6.Үрчлэгч эцэг, эх /харьяалах улсын итгэмжлэгдсэн байгууллагын албан ёсны төлөөлөл/-д үрчлэлтийн дараа хяналт тавих гэрээний заалт бүрийг танилцуулж хэрхэн ойлгох талаар тайлбарлана.
Тав.Комиссын гишүүдийн эрх, үүрэг
5.1.Ярилцлагыг Комиссын дарга удирдан явуулна.
5.2.Комиссын гишүүд дараахь эрх, үүрэгтэй:
5.2.1.үрчлэгч эцэг, эхээс үндсэн болон нэмэлт асуулт асууж, хариулт авах;
5.2.2.санал, дүгнэлт гаргах;
5.2.3.үрчлэгдэх хүүхдийн нөхцөл байдалтай биечлэн очиж танилцах, асран хамгаалагчаас нь мэдүүлэг авах;
5.2.4.ярилцлагад товлосон цагт ирж, идэвхи санаачлагатай, ажил хэрэгч оролцох;
5.2.5.Монгол Улсын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх;
5.2.6.өөрийн гаргасан саналын үндэслэлийг тайлбарлах.
Зургаа.Ярилцлагаас дүгнэлт гаргах
6.1.Ярилцлагын дараа Комиссын даргын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлэх эсэх талаар санал хураалт явуулна.
6.2.Санал хураалтад оролцсон Комиссын гишүүдийн олонхийн саналаар эцсийн дүгнэлт гаргана.
6.3.Хүүхдийг үрчлүүлэхээс татгалзах саналтай Комиссын гишүүн өөрийн санал, дүгнэлтийг Удирдлагын зөвлөлийн хуралдаанд бичгээр танилцуулна.
6.4.Комиссын гишүүд ярилцлагыг үндэслэн дараахь тохиолдолд хүүхдийг үрчлүүлэхээс татгалзаж болно. Үүнд:
6.4.1.үрчлэгч эцэг, эхийн хариултууд нь бүрдүүлж ирүүлсэн материал дахь мэдээлэлтэй зөрж байсан;
6.4.2.хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлснийг нь тогтоосон;
6.4.3.хүүхэд үрчилж авсны дараа гараx асуудлыг шийдвэрлэх арга замыг мэдэхгүй, эргэлзсэн хариултууд өгсөн;
6.4.4.хүүхэд үрчилж авах шалтгаан, нөхцөл нь тодорхой бус байсан;
6.4.5.үрчлэгч эцэг болон эхийн санаа, зорилго нийлэхгүй байсан;
6.4.6.үрчилж авах гэж буй хүүхдийн талаар мэдээлэл аваагүй байсан;
6.5.Комиссын нарийн бичгийн дарга ярилцлагын тэмдэглэл, дүгнэлтийг ажлын 2 хоногт багтаан Комиссын гишүүдийн гарын үсгээр баталгаажуулж Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулахаар танилцуулна.
Долоо.Бусад
7.1.Ярилцлагын дүгнэлтийн талаар Комиссын нарийн бичгийн дарга танилцуулга бэлтгэн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.
7.2.Ярилцлага болон үрчлэлттэй холбогдох баримт бичгийг байгууллагын архивт хадгална.
7.3.Хүүхдийг үрчлүүлэхээс татгалзсан тохиолдолд холбогдох баримт бичгийг байгууллагын архивт хадгалж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон хүүхэд үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэний харьяалах улсын итгэмжлэгдсэн төв байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.
7.4.Үрчлэлтийн талаарх мэдээлэл, нууцыг мэдэж байгаа ярилцлагын бүрэлдэхүүн Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, Хувь хүний нууцийн тухай хуульд заасны дагуу үрчлэлтийн нууцыг задруулахыг хориглоно.
7.5.Энэ журмын 7.4.-т заасан мэдээлэл, нууцыг задруулсан этгээд нь холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
Текст томруулах
A
A
A