A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 28 дугаар
тогтоолын хавсралт


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН
ТАЛТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо (цаашид “Үндэсний хороо” гэх) нь Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий үндэсний зөвлөлдөх (орон тооны бус) байгууллага мөн.

1.2.  Үйл ажиллагааны үндсэн зорилго нь хөдөлмөрийн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлаар үндэсний хэмжээнд зөвлөлдөх, нийгмийн зөвшлийн тогтолцоог хөгжүүлэх, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон эдийн засаг, нийгмийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хамтын маргааныг зохицуулах, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавихад оршино.

1.3.  Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгоно.

1.4.  Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг зөвшилцөх зарчмаар шийдвэрлэнэ.

1.5.  Үндэсний хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

1.6.  Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусгана.

Хоёр. Үндэсний хорооны бүрэлдэхүүн

2.1.  Үндэсний хороо нь Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын тэнцүү тооны төлөөлөл бүхий нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2.  Үндэсний хорооны дарга, дэд дарга, бүрэлдэхүүнийг Хөдөлмөрийн тухай  хуулийн 138.4-т заасны дагуу  томилно.

2.3.  Үндэсний хорооны дарга нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

2.4.  Үндэсний хороо нь нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор гурван талын төлөөлөл бүхий орон тооны ажлын албатай (цаашид “ажлын алба” гэнэ) байна.

2.5.  Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг Үндэсний хороо тогтооно.

2.6.  Үндэсний хороо нь ажлын онцлог, шаардлагыг харгалзан салбар хороо, түр болон байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно.

Гурав. Үндэсний хорооны үйл ажиллагааны чиглэл, бүрэн эрх

3.1. Үндэсний хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1. хөдөлмөрийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх;

3.1.2. нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

3.1.3. хөдөлмөр, нийгмийн түншлэлийн талаар зөвлөлгөөн, сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлах, хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх асуудлаар холбогдох байгууллагад зөвлөгөө өгөх;

3.1.4. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих;

3.1.5. Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн улсын хэмжээний байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал боловсруулж, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3.1.6. үндсэн зорилгоо хэрэгжүүлэх хүрээнд зөвлөмж гаргах;

3.1.7. хорооны бүрэн эрхийн асуудлаар мэргэжилтэн, шинжээч ажиллуулах, төрийн болон төрийн бус байгууллагаас шаардлагатай мэдээлэл, тайлбар, лавлагааг гаргуулж авах, холбогдох байгууллагын төлөөлөгчдийг урьж хуралдаанд оролцуулах;

3.1.8. бусад.

3.2. Үндэсний хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 138.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Дөрөв. Үндэсний хорооны хуралдаан

4.1. Үндэсний хорооны хуралдаанд талууд төлөөлөгчөө бүрэн оролцуулах үүрэг хүлээнэ. Хуралдааныг нийт гишүүдийн болон тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн 60-аас доошгүй хувь оролцсон тохиолдолд хуралдуулна.


4.2. Үндэсний хороо улирал тутам хуралдана. Хуралдааныг Үндэсний хорооны дарга, дэд дарга зарлан хуралдуулна. Шаардлагатай үед аль нэг талын санаачилснаар ээлжит бус хуралдаан хийж болно.


4.3. Үндэсний хорооны хуралдаанаас тогтоол, зөвлөмж гаргах бөгөөд түүнд ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн улсын хэмжээний байгууллага тус бүрээс эрх олгосон нэг төлөөлөгч гарын үсэг зурах бөгөөд дараа нь Үндэсний хорооны дарга баталгаажуулан гарын үсэг зурна.

Тав. Ажлын албаны чиг үүрэг

5.1. Үндэсний хорооны Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  5.1.1. Засгийн газар болон ажилтан, ажил олгогчдын байгууллагын ажлын уялдаа, холбоог хангаж Үндэсний хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;

  5.1.2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах.

  5.1.3. Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийн талаар судалгаа, дүгнэлт, танилцуулга бэлтгэх;

  5.1.4. Үндэсний хорооноос гарсан шийдвэрийг албажуулж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах.

 


-------оОо-------