A

A

A

Бүлэг: 1979

 

/Ерөнхийлөгчийн 2017 оны 103-р зарлигаар хүчингүй болсон/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн

18 тоот зарлигийн хавсралт

 

 

ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

        1.1.Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч /цаашид “шүүгч” гэх/-ийн албан тушаалд нэр дэвшүүлэх, бүртгэх, үнэлэх, дүгнэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг /цаашид “Сонгон шалгаруулалт” гэх/ энэ журмаар зохицуулна.

        1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон эдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

        1.3.Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хариуцлагатай,бие даасан, хараат бус, хууль, шударга ёсыг эрхэмлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.

Хоёр.Сонгон шалгаруулалтыг зарлах,

 нэр дэвшигчийг бүртгэх

        2.1.Шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/-ийн дарга тушаал гаргана.

        2.2.Шүүгчийн эрх зүйн байдлын  тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан шүүгчийн сул орон тооны зарыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлана.

        2.3.Шүүгчийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан хуульч, шүүгч /цаашид “Нэр дэвшигч” гэх/ нэрээ дэвшүүлнэ.

        2.4.Нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан, баримт бичгийг бүрдүүлэн Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/-д ирүүлнэ. Нэр дэвшигч баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

        2.5.Ажлын алба нэр дэвшигчийн дараах баримт бичгийг холбогдох байгууллагаас авч нягтлан шалгана:

                 2.5.1.ял шийтгүүлж байгаагүй, шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй тухай;

                 2.5.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон тус үйл ажиллагааг эрхэлж байгаа хугацааны тухай;

                 2.5.3.бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өр, төлбөргүй тухай;

                 2.5.4.эрхэлсэн ажил, нэр хүнд, зан төлөвийн тухай;

                 2.5.5.нэр дэвшигч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн сүүлийн 12 сарын хугацаанд шүүгч, прокурорэсхүл өмгөөлөгчөөр ажиллахад мэргэжлийн үйл ажиллагааны түвшингээр тэнцэхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн эсэх тухай;

           2.5.6.нэр дэвшигч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн дүрэм зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж хариуцлага хүлээсэн эсэх;

                 2.5.7.шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн дүгнэлт.

        2.6.Нэр дэвшигчийн баримт бичгийг Ажлын алба хүлээн авч, бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/-д хүргүүлнэ. Мэргэшлийн хороо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 – 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.1 – 6.1.3, 6.2, 7.1.1 – 7.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг нэр дэвшигч тус бүрээр гаргаж, гурав хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

      2.7.Ажлын алба Мэргэшлийн хорооноос ирүүлсэн нэр дэвшигчдийн талаарх дүгнэлтийг Ерөнхий зөвлөлд танилцуулж, бүртгэнэ. Бүртгэсэн нэр дэвшигчдийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.  Нэр дэвшигчийн талаар Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу ирүүлсэн өргөдөл, гомдлыгАжлын алба нягтлан шалгаж, Ерөнхий зөвлөлд танилцуулна.

        Гурав. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

 

        3.1.Ажлын алба Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт заасан шалгалт авах ажлыг зохион байгуулах чиг үүргийн дагуу дараах ажлыг хэрэгжүүлнэ. Үүнд:

       

           3.1.1.шалгалтын хуваарийг тухайн шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн дотор Ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулах;

                   3.1.2.нэр дэвшигчийн биеийн байцаалт, баримт бичгийг шалгаж, суудлын дугаар сугалуулан шалгалтын танхимд оруулах;

                3.1.3.бичгийн шалгалтын явцад хяналт тавьж, шалгалтын танхимд авч орохыг хориглосон ном, сурах бичиг, гарын авлага, хууль, хуулийн тайлбар, тусгайлан бэлтгэсэн материал, гар утас, флаш диск болон бусад адилтгах хэрэгслийгашиглах, бусдад саад учруулах, хоорондоо ярилцах зэрэгзөрчил гаргасан тохиолдолд нэр дэвшигчийн шалгалтыг зогсоон танхимаас гаргах бөгөөд энэ тухайтэмдэглэл хөтлөн Мэргэшлийн хороондмэдэгдэх;

                 3.1.4.техникийн саатлын улмаас шалгалтыг “сонгон шалгаруулалтын програм” ашиглан гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд “Word” програм дээр бичүүлэн шалгалтын материалыг кодлох, энэ тухай баримтжуулах;

                 3.1.5.шалгалтын явцыг дуу, дүрс бичлэгээр болон тэмдэглэл хөтлөн баримтжуулах.

        3.2.Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт ашигласан, шалгалтын материалд таних тэмдэг, тусгай тэмдэглэгээ хэрэглэсэн зэрэг зөрчил илэрвэл энэ тухай тэмдэглэл үйлдэн нэр дэвшигчийн шалгалтын материалыг Мэргэшлийн хороо хүчингүйд тооцно.

 

                 Дөрөв. Нэр дэвшигчийг үнэлж, дүгнэх шалгуур

        4.1.Энэ журамд заасан шалгуур тус бүрийн дагуу шалгалтын материалыг үнэлж, дүгнэхэд баримтлах үнэлгээний журмыг Мэргэшлийн хороо батална.

        4.2.Нэр дэвшигч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг дараах шалгуураар үнэлж, дүгнэнэ:

                 4.2.1.шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар;

                 4.2.2.шүүгчээр ажиллах зан төлөв, мэргэжлийн ёс зүй.

 

Тав. Шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх

        5.1.Мэргэшлийн хороо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-4.1.8 дахь хэсэгт заасан шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын шаардлагыгнэр дэвшигч хангасан эсэхийг дараах арга, ажиллагаагаар үнэлж, дүгнэнэ:

                 5.1.1.эрх зүйн мэдлэг, чадварыг дараах аргаар шалгаж тогтооно:

                         а.эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг сорилоор /тест/ шалгах;

                         б.материаллаг болон процессын хэм хэмжээг үйл баримтад тохируулан сонгож, тайлбарлан хэрэглэх чадварыг тухайн шүүгчийн сул орон тоонд нийцсэн эрх зүйн нэг тохиолдол шийдвэрлүүлэх аргаар шалгах.

                 5.1.2.монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадварыг мэргэшлийн чиглэлээр тодорхой сэдэв сонгуулан эссэ бичүүлж, түүнийгээ тайлбарлан илтгэх аргаар шалгана.

                 5.1.3.мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг түгээмэл болон шүүхийн хэрэглээний програм дээр даалгавар өгч шалгана.

        5.2.Энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан мэдлэг, чадварыг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:

                 5.2.1.эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах 30 хүртэл оноо;

                 5.2.2.эрх зүйн тохиолдол шийдвэрлэх 40 хүртэл оноо;

                 5.2.3.эссэ бичиж, илтгэх 20 хүртэл оноо;

                 5.2.4.мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадвар 10 хүртэл оноо.

 

Зургаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах

мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх

        6.1.Мэргэшлийн хороо давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын шаардлага хангасан эсэхийг энэ журмын 5 дугаар зүйлд зааснаас гадна нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах хугацаанд дангаар шийдвэрлэсэн таван хэрэг, маргааны шийдвэрийг тохиолдлын журмаар сонгон авч, тухайн хэрэг маргааныг холбогдох эрх зүйн эх сурвалжийг тайлбарлан хэрэглэж, тодорхой, ойлгомжтой шийдвэрлэсэн эсэхийг задлан шинжилж, дүгнэнэ.

         6.2.Энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан мэдлэг, чадварыг 100 хүртэлх оноогоор дүгнэнэ.

        6.3.Мэргэшлийн хороо давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын дүнг энэ журмын 5.2 болон 6.2 дахь хэсэгт дүгнэсэн онооны голчоор тодорхойлно.

Долоо.Хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллах

 мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх

        7.1.Мэргэшлийн хороо хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын шаардлага хангасан эсэхийг энэ журмын 5 дугаар зүйлд зааснаас гадна дараах арга ажиллагаагаар үнэлж, дүгнэнэ:

                 7.1.1.тухайн шүүгчийн сул орон тоонд нийцсэн эрх зүйн хүрээнд шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичих;

                 7.1.2.Үндсэн хуулийн зүйл, заалтад онолын тайлбар бичих.

        7.2.Энэ журмын 7.1 дэх хэсэгт заасан мэдлэг, чадварыг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:

                 7.2.1.шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичих 50 хүртэл оноо;

                 7.2.2.онолын тайлбар бичих 50 хүртэл оноо.

        7.3.Мэргэшлийн хороо хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын дүнг энэ журмын 5.2 болон 7.2 дахь хэсэгт дүгнэсэн онооны голчоор тодорхойлно.

 

Найм. Ерөнхий шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх

        8.1.Мэргэшлийн хороо анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч энэ журмын 5-6 дугаар зүйлд заасан тухайн шатны шүүхийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын шаардлага хангасан эсэхийг дүгнэхээс гадна Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж, тодорхойлсон байна.

        8.2.Нэр дэвшигчийн удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварыг урьдчилан бэлтгэсэн шалгуурын дагуу Мэргэшлийн хороо шалгаж, 100 хүртэлх оноогоор дүгнэнэ.

        8.3.Мэргэшлийн хороо Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын дүнг энэ журмын 5-6 дугаар зүйлд заасан тухайн шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлагын дагуу үнэлсэн дүн, энэ журмын 8.2 дахь хэсэгт дүгнэсэн онооны голчоор тодорхойлно.

Ес.Шүүгчээр ажиллах зан төлөв, мэргэжлийн ёс зүйг үнэлж, дүгнэх

        9.1.Шүүгчээр ажиллах зан төлөв, мэргэжлийн ёс зүйн төлөвшил, шударга ёсыг эрхэмлэх, бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагыг нэр дэвшигч хэрхэн хангасныг энэ журмын 9.1.1,9.1.2, 9.1.3 дахь хэсэгт заасан аргаар үнэлж, дүгнэнэ:

                9.1.1.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэгийг урьдчилан бэлтгэсэн сорилоор шалгах;

                9.1.2.шүүгчээр ажиллах зан төлөвийг тодорхойлох ярилцлага хийх;

                9.1.3.Ажлын алба нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар дор дурдсан шаардлага хангасан 10 хүнээс 5-ыг тохиолдлын журмаар сонгож, асуулга авна. Асуулга нь зөвхөн тухайн нэр дэвшигчийн ёс зүйн холбогдолтой мэдээлэл байна. Асуулга авах хүний нэр, албан тушаалыг тодорхой бичсэн байх бөгөөд энэ тухай мэдээллийн нууцлалыг хадгална:

                       а.анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар түүний сурч, ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын ажилтан;

                       б.давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар шүүхийн иргэдийн төлөөлөгч, прокурор, өмгөөлөгч, шүүгч, шүүхийн захиргааны болон хамт сурч, ажиллаж байсан байгууллагын ажилтан;

                       в.хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар прокурор, өмгөөлөгч, шүүгч, шүүхийн захиргааны болон хамт сурч, ажиллаж байсан байгууллагын ажилтан.

        9.2.Нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах зан төлөв, мэргэжлийн ёс зүйн шаардлага хангасан эсэхийг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:

                 9.2.1.ёс зүйн мэдлэг шалгах 50 хүртэл оноо;

                 9.2.2.ярилцлага 25 хүртэл оноо;

                 9.2.3.асуулга 25 хүртэл оноо.                    

Арав. Үнэлгээ гаргах

        10.1.Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн үнэлгээг энэ журмын 5-9 дүгээр зүйлд заасан шалгуур тус бүрийг үнэлсэн онооны голчоор гаргана. Үүнд:

                 10.1.1.үнэлгээ 60 хүртэл оноо буюу хангалтгүй;

                 10.1.2.үнэлгээ 60- 80 хүртэл оноо буюу хангалттай;            

                 10.1.3.үнэлгээ 80 оноо ба түүнээс дээш буюу бүрэн хангалттай.

    10.2.Мэргэшлийн хороо нэр дэвшигч тус бүрийг энэ журмын 10.1 дэх хэсэгт заасны дагуу дүгнэн үнэлгээг нэр дэвшигч тус бүрт цахим хэлбэрээр танилцуулна.

        10.3.Мэргэшлийн хороо нэр дэвшигчдийн шалгуур тус бүрийн үнэлгээг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хугацаанд гарган 24 цагийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

        10.4.Мэргэшлийн хорооны үнэлгээнд “хангалттай” болон “бүрэн хангалттай” үнэлгээ авсан нэр дэвшигчдийн нэрсийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулахаар Монголын хуульчдын холбоонд хүргүүлнэ.

        10.5.“Хангалттай” болон “бүрэн хангалттай” үнэлгээ авсан нэр дэвшигчийг Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн сонгон шалгаруулалтын нөөцөд /цаашид “нөөцөд” гэх/ бүртгэнэ.

        10.6.Нөөцөд байгаа нэр дэвшигч үнэлгээгээ ахиулах зорилгоор, тухайн болон өөр шүүхийн шүүгчийн, харин хангалтгүй үнэлгээ авсан нэр дэвшигч бусад шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад дахин оролцож болно.

 

Арван нэг. Ерөнхий зөвлөлийн ярилцлага,

нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, өргөн мэдүүлэх

11.1.Ерөнхий зөвлөл хангалттай болон түүнээс дээш үнэлгээ авсан нэр дэвшигчийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичиг, мэдээллийг судлан үзэж, нэр дэвшигч тус бүртэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, дүгнэлт гаргана.  

11.2.Ерөнхий зөвлөл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчид нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.     

11.3.Шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэр дэвшигчийн овог, нэр, нас, хүйс, боловсрол, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэлт, Мэргэшлийн хорооны үнэлгээ, Монголын хуульчдын холбооны болон Ерөнхий зөвлөлийн ярилцлагын дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

 

Арван хоёр. Нэр дэвшигч гомдол гаргах

12.1.Нэр дэвшигч аливаа гомдлоо нэг хоногийн дотор Мэргэшлийн хороонд бичгээр гаргана.

12.2.Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж, гурав хоногийн дотор хариуг бичгээр өгнө.

-о0о-