A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 41 дүгээр 
тогтоолын хавсралт                           


 
АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР АВАХ, ХӨНГӨЛӨЛТ
ҮЗҮҮЛЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  1.1.  Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Ажлын байрны төлбөр гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн (цаашид "байгууллага" гэх) гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө хуулиар ногдуулсан төлбөрийг ойлгоно.

1.3. Гадаадын иргэнд сар бүр ногдуулах ажлын байрны төлбөрийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.1-д заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

Хоёр. Ажлын байрны төлбөр авах

2.1. Байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.1-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага (цаашид “эрх бүхий байгууллага” гэх)-д  ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө.

2.2. Эрх бүхий байгууллага ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төвлөрүүлэх бөгөөд ажлын байрны төлбөр төлсөн эсхүл хөнгөлөлт үзүүлсэн, чөлөөлсөн тухай бүртгэл хөтөлнө.

2.3. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэн тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, буцсан тохиолдолд уг байгууллагын хүсэлт болон иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн урьдчилан төлсөн төлбөрийн зөрүүг тухайн төсвийн жилд багтаан буцаан олгоно.

Гурав. Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

  3.1. Дор дурдсан гадаадын иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө:

3.1.1. Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтан, түүний гэр бүл;

3.1.2. олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар (НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбар гэх мэт)-т ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүл;

3.1.3. боловсролын байгууллага, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын зөвлөх, мэргэжилтэн, багш, эрдэм шинжилгээний ажилтан;

3.1.4. Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээний дагуу ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтан;

3.1.5. Монгол Улсын олон улсын гэрээ болон төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байгаа сайн дурын ажилтан;

3.1.6. хууль ёсны зөвшөөрөл авч Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын төрийн бус (ашгийн бус) байгууллагын ажилтан.

3.2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, гишүүн, удирдах бүрэлдэхүүний 3 хүртэлх төлөөлөгчийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө.

3.3. Байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүч, мэргэжилтнийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах бол Засгийн газрын шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлж болно.

3.4. Эдийн засагт онцгой ач холбогдол бүхий шинэ технологи нэвтрүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэх, нийтийн хэрэглээний зориулалттай төмөр зам, нисэх буудал, цахилгаан болон дулааны станц, олон улсын сүлжээний дээд зэрэглэлийн зочид буудал, метро барих бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхэд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.
3.5. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлагийн урилга болон гэрээний дагуу судалгаа, шинжилгээ хийлгэх, зөвлөгөө авах зорилгоор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын байрны төлбөрийг 50  хувь хөнгөлнө.

3.6. Гадаадын ажилтан, мэргэжилтнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөхөд Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газар, яам, Засгийн газрын агентлагийн байгуулсан гэрээ, тухайн иргэний мэргэжлийн диплом, үнэмлэх, байгууллагын хүсэлтийг тус тус үндэслэнэ.

3.7. Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч, цагаач иргэн болон Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэнээс энэ журамд заасан төлбөрийг авахгүй.
3.8. Ашигт малтмал болон газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлнө. (Засгийн газрын 2022 оны 80 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)


      Дөрөв. Бусад зүйл

4.1. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага нь ажлын байрны төлбөрийн талаарх тайланг улирал тутам гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.2. Энэхүү журамд заасны дагуу төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх гадаадын ажилтан, мэргэжилтний талаар байгууллага нь үнэн зөв тодорхойлолт гаргах  үүрэгтэй.

4.3. Байгууллага ажлын байрны төлбөрийг 1 сараас дээш хугацаагаар төлөөгүй нөхцөлд эрх бүхий байгууллага тухайн гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

4.4. Энэ журмыг зөрчсөн байгууллагад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 12.1-д  заасан хариуцлага хүлээлгэнэ.

4.5. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэхүү журмын биелэлтэд хяналт тавина.

 

------ оОо ------