- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2015 оны 72 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Цөмийн энергийн комисс (цаашид "комисс" гэх)-ын зорилт нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулахад оршино.
1.2. Комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, цөмийн энергийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
1.3. Комиссын дэргэд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй орон тооны бус Эрдэмтдийн зөвлөл болон Цацрагийн аюулгүйн зөвлөл (цаашид “зөвлөл”) ажиллана. Зөвлөлүүдийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг комисс батална.
1.4. Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институт дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
1.5. Комисс, түүний ажлын алба тус тус тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 195-р тогтоолоор нэмэлт орсон/
Хоёр. Комиссын удирдлага, бүрэлдэхүүн
2.1. Комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 375 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
2.2. Комиссын нарийн бичгийн дарга нь комиссын ажлын албаны дарга байна.
Гурав. Комиссын үйл ажиллагааны зохион байгуулалт
3.1. Комиссын үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Комиссын хуралдаанд комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэйгээр оролцоно. Хуралдааныг гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчинтэйд тооцно. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 375 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
Шаардлагатай гэж үзвэл цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэд болон холбогдох бусад этгээдийг оролцуулан хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно. /Энэ заалтад ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 195-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.2. Хуралдааныг комиссын дарга даргална. Комиссын даргын түр эзгүйд хуралдааныг комиссын даргын үүрэг болгосноор комиссын орлогч дарга, эсхүл аль нэг гишүүн даргална. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 375 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
3.3. Комиссын нарийн бичгийн дарга нь комиссын өдөр тутмын ажлыг хариуцаж, ажлын албыг удирдана. Нарийн бичгийн дарга нь комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангана.
3.4. Комиссын хуралдааны тэмдэглэлд комиссын дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Комиссын даргын түр эзгүйд хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.
3.5. Комисс нь хууль тогтоомж, энэ журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Шийдвэрийг олонхийн саналаар гаргана.
3.6. Комиссын гаргасан шийдвэрийг цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.
Дөрөв. Комиссын чиг үүрэг
4.1. Комисс нь Цөмийн энергийн тухай хуулийн 7.1, 11.1, 18.8-д зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгох, тэдэнтэй орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
4.1.2. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, гүйцэтгэлд хяналт тавих;
4.1.3. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацрагийн ослын хор уршгийг арилгах талаар яаралтай авах арга хэмжээний талаарх саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
4.1.4. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах;
4.1.5. нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд түүний хохирлыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
4.1.6. эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт цөмийн технологи нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
4.1.7. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах дэд бүтцийг боловсронгуй болгох, хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;
4.1.8. цөмийн энергийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, давтан сургах;
4.1.9. цацрагийн үүсгүүртэй ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, давтан сургах, тусгай хөтөлбөрийн дагуу нарийн мэргэжлийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээ авах;
4.1.10. цөмийн энергийн салбарын үйл ажиллагааг сурталчлах, цөмийн энергийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах.
Тав. Комиссын гишүүний эрх, үүрэг
5.1. Комиссын гишүүн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
5.1.1. комиссын хуралдаанд биечлэн оролцож, өөрийн эрхлэх ажлын хүрээнд шийдвэрлэх асуудлаар санал оруулах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр санал өгөх; /Энэ заалтад ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 195-р тогтоолоор нэмэлт орсон/
5.1.2. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөгөө өгөх, тавьсан санал, хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, гүйцэтгэсэн ажлын тайлангаа комисст тайлагнах;
5.1.3. комиссын даргаас олгосон бусад эрх, үүрэг.
Зургаа. Комиссын ажлын албаны даргын эрх, үүрэг
6.1. Комиссын ажлын албаны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.1.1. ажлын албаны үйл ажиллагааг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдах;
6.1.2. комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
6.1.3. ажлын албаны төсвийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;
6.1.4. хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;
6.1.5. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн ажилтныг албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэх;
6.1.6. ажлын албаны үйл ажиллагааны журам, зааврыг баталж, мөрдүүлэх;
6.1.7. ажлын албаны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах;
6.1.8. хууль тогтоомж, Засгийн газар болон комиссын шийдвэр, энэхүү дүрмээр олгосон бусад чиг үүрэг.
6.2. Комиссын ажлын албаны дарга нь Олон улсын атомын энергийн агентлаг дахь Үндэсний ерөнхий зохицуулагч байна.
6.3. Комиссын ажлын албаны дарга энэ дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.
Долоо. Комиссын ажлын алба
7.1. Комисс ажлын албатай байна. Ажлын албаны албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагч байна. /Энэ заалтад ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 195-р тогтоолоор 2 дахь өгүүлбэр нэмсэн/
7.2. Комиссын ажлын алба дор дурдсан нэгжтэй байна:
7.2.1. цөмийн энерги болон цөмийн технологийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж;
7.2.2. цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж;
7.2.3. захиргаа, хүний нөөц, санхүүгийн асуудал хариуцсан нэгж;
7.2.4. гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж.
7.3. Цөмийн энерги болон технологийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тус нэгж нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх эрх зүйн орчныг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал боловсруулж, хууль тогтоомж, бодлого, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, цөмийн энергийн комисст мэргэжлийн зөвлөгөө өгч, шуурхай мэдээллээр хангах үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлнэ.
7.4. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийг боловсронгуй болгох, цөмийн болон цацрагийн аюулгүй байдалтай холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тус нэгж нь цөмийн болон цацрагийн хяналт-шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг сайжруулахад чиглэгдсэн үйлчилгээг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид үзүүлнэ.
Тус нэгжийн бүрэлдэхүүнд улсын хэмжээнд цөмийн болон цацраг идэвхт, цацрагийн үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах чиг үүрэг бүхий Изотоп контор, ионжуулагч цацраг бүртгэх багаж, тоног төхөөрөмжийн нэгдмэл байдлыг хангах, тохируулга хийх лаборатори ажиллана.
7.5. Захиргаа, хүний нөөц, санхүүгийн асуудал хариуцсан нэгж нь төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, материаллаг баазыг бэхжүүлэх, цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тус нэгжийн үйл ажиллагаа нь мэргэшсэн хүний нөөцөөр цөмийн энергийн салбарын тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэх бөгөөд салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургаж хөгжүүлэх, комиссийн архив бичиг хэргийг хөтлөх, хадгалах, хамгаалах асуудлыг хариуцна.
7.6. Гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж нь цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад орны туршлагыг судлах, гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
7.7. Комиссын ажлын албаны даргын гадаад томилолтын асуудлыг комиссын дарга шийдвэрлэнэ.
7.8. Комиссын ажлын албаны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга болон ажилтнуудын гадаад томилолтын асуудлыг ажлын албаны дарга шийдвэрлэнэ.
7.9. Гадаад улс болон олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочин, төлөөлөгч урих асуудлыг комиссын даргын зөвшөөрснөөр ажлын албаны дарга шийдвэрлэнэ.
Найм. Комиссын үйл ажиллагааны зардал
8.1. Комиссын үйл ажиллагааны зардлыг Ерөнхий сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
Ес. Комиссын гадаад харилцаа
9.1. Комисс нь өөрийн эрх хэмжээний асуудлаар Олон улсын атомын энергийн агентлаг болон гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын бусад байгууллагатай харилцаа тогтоож, хамтран ажиллана.
Арав. Бусад зүйл
10.1. Комисс нь тухайн жилийн үйл ажиллагааныхаа тайланг дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
10.2. Комисс нь монгол, англи хэлээр өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай мэдээллийг харуулсан вэб хуудастай байна.
----оОо----
Текст томруулах
A
A
A