A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны

402 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

Гадаад хэргийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Засгийн газрын танхим, Гадаад хэргийн сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гадаад улс төрийн, эдийн засгийн хийгээд хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, мониторинг хийх, улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалт, удирдлага зохион байгуулалтаар хангах, олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, консулын үйлчилгээ үзүүлэх, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, гадаадад монголын түүх соёл, өв уламжлал, хөгжлийг сурталчлахтай холбогдсон асуудлыг хамааруулан яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн загварыг тодорхойлов.

 

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 зөвлөмжийг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3. Эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

 

·      Монгол Улсын Үндсэн хууль;

·      Засгийн газрын тухай хууль;

·      Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

·      Дипломат албаны тухай хууль;

·      Олон улсын гэрээний тухай хууль;

·      Үндэсний аюулгүй байдлын тухай хууль;

·      Төсвийн тухай хууль;

·      Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

·      Төрийн албаны тухай хууль;

·      Хөрөнгө оруулалтын тухай хууль;

·      Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;

·      Дипломат харилцааны тухай Венийн конвенци;

·      Консулын харилцааны тухай Венийн конвенци;

·      Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенци;

·      Авлигын эсрэг хууль;

·      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;

·      Бусад хууль тогтоомж.

 

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахдаа гадаад харилцааны салбарт бий болсон түүхэн туршлага, олон улсын жишиг, гадаад орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэл,  удирдлага болон үйл ажиллагааны онцлог, төлөвлөлт, зохицуулалтын нийтлэг арга зүйг ашиглан боловсруулав.

 

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь гадаад харилцааны талаарх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, Засгийн газрын танхим, сайдыг цаг үеэ олсон, мэргэжлийн өндөр түвшний зөвлөгөө, дэмжлэгээр хангана. Яам нь гадаад харилцааны салбарын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зөв зохистой удирдан зохицуулна. Яам нь хариуцсан асуудлаар Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээж, яамдыг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтаар хангана.

 

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтоох үндэслэл болно. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарна.

 

Гадаад хэргийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын

хэрэгцээний эх үүсвэр

 

Хүснэгт

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын танхим, Гадаад хэргийн сайд, дэд сайд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус үйлчлүүлэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, дотоод, гадаадын нийт байгууллага, иргэн байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд цаг үеэ олсон, мэргэжлийн өндөр түвшний, алсын хараатай, шуурхай зөвлөгөөгөөр хангаж, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2.2. Үйл ажиллагааны стратегийн гадаад орчин

Олон улсын харилцааны чиг хандлагууд нь Монгол Улсын гадаад орчинд урт хугацаанд нөлөөлж, төрийн гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход зайлшгүй харгалзан үзэх хүчин зүйл болж байна. Даяаршлын үйл явц гүнзгийрэн, улс орнуудын улс төр, эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдэж байгаа цаг үед олон улсын болон бүс нутгийн улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, интеграцид идэвхтэй оролцох Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, нэгдсэн зохицуулалт чухал үүрэгтэй болж байна.

 

Мэдээлэл, харилцаа холбооны технологи хурдацтай хөгжихийн хэрээр гадаад харилцааны субъектүүдийн хүрээ өргөжин тэлж байна. Аюулгүй байдлын уламжлалт утга өөрчлөгдөн, хүний аюулгүй байдлын үзэл баримтлал өргөн дэмжлэг хүлээж, улам олон салбар, хүрээг хамрах болж, терроризмын уламжлалт бус аюул, занал дэлхийн, бүс нутгийн болон улс орнуудын анхаарлын төвд гарч ирэв. Эрдэс түүхий эдийн олон улсын зах зээлийн үнийн өөрчлөлт, санхүүгийн хямрал нь байгалийн баялгаа ашиглаж эхэлж байгаа манай орны хувьд үндэсний уул уурхай, дэд бүтэц,  үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, технологийг татах хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагыг бий болгож байна.

 

Монгол Улсын байр суурийг зөв тодорхойлох, аюулгүй байдал, эдийн засгийн тогтворжилт, өсөлтийг хангах, Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэх, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах зорилгын хүрээнд гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, гадаад улс төрийн, эдийн засгийн болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зорилтууд тус яамны өмнө тавигдаж байна.

 

2.3. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Гадаад хэргийн яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

 

2.3.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;

 

2.3.2. Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэх;

 

2.3.3. Монгол Улсын иргэдийн эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах.

 

2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Гадаад хэргийн яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршино.

 

Энэ эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлээр улс орны болон дэлхий дахины улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тууштай явуулах зорилтуудыг удирдлага болгоно.

 

2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

 

2.5.1. гадаад улс төрийн болон эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлогын нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах;

 

2.5.2. гадаад улс төрийн болон эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг төрөлжсөн зохицуулалтаар хангах;

 

2.5.3. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

 

2.5.4. бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх.

 

2.6. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.6.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.6.1.1. Монгол Улсын гадаад хоёр болон олон талт хамтын ажиллагааны бодлоготой холбоотой төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл болон бодлогын бусад баримт бичгийг боловсруулах;

 

2.6.1.2. гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааны холбоотой гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээ хийх, байгуулах;

 

2.6.1.3. улсын хэмжээнд гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах.

 

2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

 

2.6.2.1. хөрш болон бусад оронтой бүх талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;

 

2.6.2.2. олон талт хамтын ажиллагааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;

2.6.2.3. консулын албаны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;

 

2.6.2.4. олон улсын эрх зүйн болон олон улсын гэрээ, түүний эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;

 

2.6.2.5. гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааны бодлого, түүний хэрэгжилтийг мэдээлэх, гадаадад монголын түүх соёл, өв уламжлал, хөгжлийг сурталчлах нэгдсэн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;

 

2.6.2.6. хөрш орнуудтай хилийн боомтын асуудлаар хамтран ажиллах;

 

2.6.2.7. хүний эрхийн олон усын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хяналт тавих, хүний эрхийн олон улсын гэрээний илтгэлийг боловсруулахад оролцох;

 

2.6.2.8. эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, Монголын эдийн засгийн хөгжлийг сурталчлахад шаардлагатай механизмуудыг хилийн чанадад бий болгох, дэмжлэг үзүүлэх;

 

2.6.2.9. дипломат ёслолын албыг төгөлдөржүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах.

 

2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:


 

2.6.3.1. төрийн захиргаанд хуулийг дээдлэх ёсыг хэвшүүлэх, ил тод байдлыг дэмжих, удирдлагаар хангах;

 

2.6.3.2. хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, гүйцэтгэлийн бодит үнэлгээнд тулгуурласан мерит тогтолцоог нэвтрүүлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, хэрэгжүүлэх;

 

2.6.3.3. Гадаад хэргийн сайдаас шийдвэр гаргахад шаардлагатай хууль, эрх зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;

 

2.6.3.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулалтад бүх талын дэмжлэг үзүүлэх, шилэн дансны хуулийг мөрдүүлэх, хяналт тавих;

 

2.6.3.5. гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг эрхлэх;

 

2.6.3.6. гадаад харилцааны салбарын мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах.

 

2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.6.4.1. гадаад улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, санал үндэслэл боловсруулах;

 

2.6.4.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, салбарын хэмжээнд дотоод аудитыг зохион байгуулах.

 

2.7. Үйл ажиллагааны зорилт

 

Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

 

2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар


 

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны ерөнхий загвар

Загвар

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

 

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавх, мерит тогтолцоо, гүйцэтгэлийн менежментэд тулгуурласан бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх);

3.1.8. бүтцийн чиг үүргийн ялгаа, зааг нь тодорхой, төвлөрсөн, давхцалгүй, орхигдохгүй, үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн, төсөв хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах зарчмыг баримталсан байх бөгөөд энэхүү зарчмыг цаашид ажлын байрны тодорхойлолтыг батлахад баримтлах.

 

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо дараах загвартай байна:

 

Гадаад хэргийн яамны бүтцийн

ерөнхий тогтолцооны загвар

Загвар

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн загвараас зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараах байдлаар тодорхойлж байна:

 

3.3.1. бодлого төлөвлөлт, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь гадаад бодлого, эдийн засгийн болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлогын нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангахад Гадаад хэргийн сайдад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, гадаад бодлого, олон улсын харилцааны тодорхой асуудлаарх Монгол Улсын байр суурийг тодорхойлох, Гадаад хэргийн яамны үйл ажиллагааг Улсын Их Хурал, Засгийн газар болон бусад төрийн болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, шуурхай хэлхээ холбоог хангах, гадаад бодлого, бүс нутаг, олон улсын харилцааны яаралтай асуудлаарх Монгол Улсын байр суурийг тодорхойлох ажлыг яамны хэмжээнд шуурхай зохион байгуулах, яамны үйл ажиллагааны төлөвлөгөө, өндөр дээд түвшний айлчлалын төлөвлөгөөг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, зөвлөмж боловсруулах зэрэг чиг үүргийг хариуцан ажиллана.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах асуудал, сайдын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, Улсын Их Хурал, түүний Байнгын хороог сайдын эрхлэх асуудлын хүрээний талаарх шаардлагатай мэдээллээр хангах, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бүх шатанд тайлбар, зөвлөгөө, лавлагаа өгөх, сайдаас Улсын Их Хурлын чуулганд хийх мэдээллийн болон Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулт, асуулгын хариултын төслийг бэлтгэх ажлыг зохион байгуулах ажлыг хариуцна.

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага, яамд, Засгийн газрын агентлаг, Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, шууд бус хэрэглэгч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, иргэд, бусад хэрэглэгч байна.

 

3.3.2. хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Эдгээр нэгжүүд нь гадаад улс төрийн болон эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг төрөлжсөн зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, бүс нутгийн улс орнууд болон олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

3.3.2.1. хөрш орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь ОХУ, БНХАУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

 

  • ОХУ, БНХАУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг зохих түвшинд байлгах, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

 

  • улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;
  • хоёр талын харилцааны асуудлаар бүс нутгийн болон дэлхий нийтийн хөгжлийн хандлага, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын байр суурийг боловсруулах;

 

  • хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг бодлогын удирдамж, чиглэлээр хангах, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

 

3.3.2.2. Европ, Америкийн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Европ, Америкийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

 

  • Европ, Америкийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

 

  • улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

 

  • хоёр талын харилцааны асуудлаар бүс нутгийн болон дэлхий нийтийн хөгжлийн хандлага, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын байр суурийг боловсруулах;

 

  • Европ, Америкийн орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг удирдан бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

 

3.3.2.3. Ази, Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Ази, Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

·      Ази, Ойрхи Дорнод, Африкийн бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

 

·      улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

 

·      хоёр талын харилцааны асуудлаар бүс нутгийн болон дэлхий нийтийн хөгжлийн хандлага, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын байр суурийг боловсруулах;

·      Ази, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг удирдан бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

 

3.3.2.4. олон талт хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн болон олон улсын Засгийн газар хоорондын бусад байгууллага, олон улс, бүс нутгийн яриа хэлэлцээний механизмын хүрээнд явуулах бодлогыг боловсруулах, олон талт үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан үйл ажиллагааг эрхлэн явуулна:

 

  • Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагатай улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт харилцах өдөр тутмын ажлыг гүйцэтгэж, тэдгээрийн өмнө манай улсын хүлээсэн үүргийг биелүүлэх;

 

  • олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чигийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх;

 

  • олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн шугамаар зохиогдож байгаа хурал, чуулганд төлөөлөгчид оролцуулах, баримтлах удирдамж боловсруулах, байр сууриа илэрхийлэх;

 

  • бүс нутаг, олон улсын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанд манай улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ази, Европын уулзалт, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, Умард Атлантын гэрээний байгууллага, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт зэрэг механизмуудтай ажиллах;

 

  • мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, олон улсын терроризмтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохицуулах;

 

  • Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг удирдан бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

 

Энэ нэгжийн бүтцэд Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны нэгж ажиллаж Зүүн хойд Ази руу чиглэсэн олон талт механизмыг хөгжүүлэх, оролцох, Их Түмэн санаачилга хөтөлбөр, Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган  зэрэг байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн шугамаар зохиогдож байгаа хурал, чуулганд төлөөлөгчид оролцуулах, баримтлах удирдамж боловсруулах, байр сууриа илэрхийлэх үйл ажиллагааг эрхлэн явуулна.

 

Энэ нэгжийн бүтцэд олон улсын хамтын ажиллагааны сангийн асуудал хариуцсан нэгж ажиллаж сангийн хөрөнгийг бүрдүүлэх, төлөвлөх, Гадаад хэргийн сайдын төсвийн багцын төрийн сангийн тусгай дансанд байршуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, түүний дагуу зарцуулах, зарцуулах үйл ажиллагааг эрхлэн явуулна.

 

Хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын Төлөөлөгчийн газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, бусад хэрэглэгч байна.

 

3.3.2.5. эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь гадаад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн таатай орчныг бүрдүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан үйл ажиллагааг эрхлэн явуулна:

·      эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын хүрээнд хэрэгжилтийг нь зохион байгуулах, зохицуулах;

 

·      гадаадын хөрөнгө оруулалтын урт, дунд, богино хугацааны бодлого боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах, бараа эргэлтийг нэмэгдүүлэх таатай орчныг бүрдүүлэх бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

·      гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн чиглэлийн байгууллагатай харилцахад дэмжлэг үзүүлэх;

 

·      эдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон асуудлаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.

Эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, бусад хэрэглэгч байна.

 

3.3.3. гадаад сурталчилгаа, мэдээллийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, Монгол Улсын талаар хилийн чанадад эерэг ойлголт өгөх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан үйл ажиллагааг явуулна:

 

·      гадаадад монголын түүх соёл, өв уламжлал, хөгжил дэвшлийг бүх арга хэлбэрээр сурталчлан таниулах, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг сурталчилгааны материалаар хангах;

·      дипломат албаны үйл ажиллагааг нийтэд мэдээлэх, яамны цахим хуудсанд тавих мэдээллийг бэлтгэх;

 

·      хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харьцах, тэднийг яаманд болж байгаа арга хэмжээг сурталчлах ажилд оролцуулах болон хэвлэлийн бага хурал хийх ажлыг зохион байгуулах;

 

·      дотоод гадаадын өдөр тутмын хэвлэлийн тойм бэлтгэж яамны удирдлага, ажилтнуудад түгээх, мэдээллийн сан бүрдүүлэх.

 

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын Төлөөлөгчийн газар, яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, бусад хэрэглэгч байна

 

3.3.4. олон улсын эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь олон улсын эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах, гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого, зорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хоёр болон олон талт бүхий л салбарын гэрээний төсөл боловсруулах, байгуулахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээнд нэгдэн орох асуудлыг судалж санал боловсруулах, нэгдэж орсон гэрээний биелэлтийн тухай илтгэл, мэдээлэл нэгтгэн боловсруулж гаргах, түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээнд нэгдэн орох, хэрэгжилтийн тайланг нэгтгэж гаргах, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.  

 

Түүнчлэн энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах ажлыг үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах, хэлэлцээ хийх, ёсчлон бэлтгэх, батлуулах, бүртгэх, архивт хадгалуулах, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээний эрх зүйн уялдааг хангах, орчуулгыг хянан баталгаажуулах, олон улсын гэрээний бүртгэл хөтлөх, хэвлэн нийтлүүлэх, биелэлтэд нь ерөнхий хяналт тавих, олон улсын эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн бүтцэд хилийн боомтын асуудал хариуцсан нэгж ажиллаж хөрш оронтой хилийн боомтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн харилцааны гэрээний биелэлтийг хангуулах, хил орчмын тулгамдсан асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах, улсын хил шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулна.

 

            Энэ нэгжийн бүтцэд хүний эрхийн асуудал эрхэлсэн нэгж ажиллаж Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг олон улсын эрх зүйд нийцүүлэх, тайлагнах, үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах, хэлэлцээ хийх, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээний эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйл ажиллагааг эрхэлнэ.

 

Олон улсын эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, яамд, Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын Төлөөлөгчийн газар, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Хууль зүйн яам, Сангийн яам, холбогдох бусад яам, агентлаг байна.

 

3.3.5. консулын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь консулын албаны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын консулын бодлогыг боловсруулан, төлөвлөн хэрэгжүүлэх, консулын харилцааг эрхлэн гүйцэтгэх, гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, иргэдэд туслах сангийн ажлыг хариуцах, хилийн чанадад зорчиж байгаа монгол иргэдийн бүртгэл, судалгааг хийх, консулын асуудлаар байгуулагдсан гэрээ, хэлэлцээр, протоколын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, иргэд хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, дипломат, албан зэргийн виз олгох, гадаадын иргэдийн асуудлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицуулах, тэдэнд консулын үйлчилгээ үзүүлэх, нотариатын үйл ажиллагаа явуулах, хилээр зорчиж байгаа иргэдийн бүртгэл тооцоог нэгтгэх, судалгаа хийх, консулын тайлан гаргах, өөрийн улсын гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газар, Консулын төлөөлөгч болон Өргөмжит консулуудыг консулын холбоотой асуудлаар мэргэжлийн удирдлага, бодлогын удирдамж, чиглэлээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгж нь гадаадад сурч, ажиллаж, аж төрж байгаа Монгол Улсын иргэд, харьяат, уугуул, иргэдийнхээ эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийг эх орондоо эргэж ирэх, суурьших, ирж очих, ажиллах, амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, үйлчилгээ үзүүлэх хэрэглэгч нь Монгол Улсын иргэд, гадаад орнуудаас Монгол Улсад зорчиж байгаа иргэд, консул, өргөмжит консул байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, консулын төлөөлөгч, өргөмжит консул, Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.

 

3.3.6. дипломат ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь Монгол Улсын үндэсний онцлог, ёс заншил болон олон улсын жишиг, хэм хэмжээнд нийцүүлэн дипломат ёслолын бодлого, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн үүрэгтэй.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын гадаад оронд хийх албан ёсны айлчлал болон гадаадын дээд, өндөр хэмжээний зочин төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэлийг хангах, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих, гадаадын зочин төлөөлөгчид төр, засгийн удирдагч нарт бараалхах, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газруудын эрх ямба, халдашгүй дархан эрхтэй холбогдсон асуудал, дипломат корпусыг баяр ёслолын арга хэмжээнд урьж оролцуулах зэрэг дипломат ёслолтой холбогдсон харилцааны талаар зөвлөгөө өгөх, зохицуулах, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага, Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн ёслолын алба, тэдгээрийн ажилтнууд, төрийн хамгаалалтын ажилтнууд байна.

 

3.3.7. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж дор дурдсан үйл ажиллагааг эрхэлнэ:

 

·      Гадаад хэргийн яамны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, мерит тогтолцоог нэвтрүүлэх, гүйцэтгэлийн бодит, найдвартай шалгуур үзүүлэлтийг боловсруулах, төгөлдөржүүлэх, сурталчлах, хөтөлбөр хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, сургалт-давтан сургалтыг зохион байгуулах;

 

·      Гадаад хэргийн сайдаас гаргах шийдвэрт болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулалтад бүх талын дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, Гадаад хэргийн яамны үйл ажиллагааг төсөвтэй уялдуулах;

 

·      өндөр дээд түвшний айлчлалын төлөвлөгөөг нэгтгэх, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, Гадаад хэргийн сайдын төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээ болон аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулах, гүйцэтгэлийг гаргах, гадаад харилцааны нэгдсэн тайлан боловсруулах ажлыг хариуцан зохион байгуулах;

 

·      Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоолоор баталсан журмыг хэрэгжүүлэх зорилгоор гадаад харилцааны нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд төв, орон нутгийн төрийн байгууллагуудын гадаад харилцаанд оролцох үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих, нэгдсэн удирдамжаар хангах;

 

·      хилийн чанадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, үл хөдлөх хөрөнгө авах, түрээслэх, гадаадын дипломат төлөөлөгчийн газар Улаанбаатар болон бусад хот, аймгийн төвд дипломат төлөөлөгчийн газар байгуулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээрт газар олгох, үл хөдлөх хөрөнгө авах бололцоог урт богино хугацаагаар төлөвлөн мэдээлэх, газрын тусгай хэрэгцээнд авах, дипломат төлөөлөгчийн газрын байрны үйлчилгээний асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, харилцан газар, үл хөдлөх хөрөнгийн төлбөрөөс чөлөөлөх хэлэлцээр байгуулах асуудлыг санаачлан яриа хэлэлцээ явуулах;

 

·      яамны үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, аюулгүй байдлыг хангах, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, бичиг хэргийн хөтлөлтийг эрхлэх, яамны нэгжүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлэх, яамны үйл ажиллагаанд удирдлага, зохион байгуулалтын тэргүүний туршлага, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх;

 

·      яамны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг гаргах, тэдэнтэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх, хөдөлмөрийн сахилга бат, дотоод дэг журмыг чанд мөрдүүлэх, мэдээ тайланг гаргуулах, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог оновчтой бүрдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

 

·      дипломат төлөөлөгчийн газар болон төр, засгийн байгууллага хоорондын харилцааг дэмжих чиглэлээр нэгдсэн зохицуулалт, үйлчилгээгээр хангах.

 

Энэ нэгж нь дотроо санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгж, гадаад харилцааны төв архив, хяналт-шинжилгээ, дотоод аудитын нэгжүүдтэй байна.

 

Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгж нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, санхүү, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж, хууль тогтоомжид заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл боловсруулах, төсвийг захиран зарцуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Гадаад харилцааны төв архив нь архивын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, байгууллага, иргэдэд архивын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой болон тус яамны үйл ажиллагааны явцад үүсч бүрдсэн баримт бичгүүдийг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн хадгалах, түүх, улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээний ач холбогдолтой материалуудыг цуглуулах, сан хөмрөгийг бүрдүүлэх, баяжуулах, хосгүй үнэт баримт бичгүүдийг сэлбэн засах, нөхөн сэргээх, тоо бүртгэл хөтлөх, эрдэм шинжилгээ, мэдээллийн лавлагааны сан үүсгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь гадаад улс төрийн, эдийн засгийн хийгээд хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, санал үндэслэл боловсруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, салбарын дотоод аудитыг зохион байгуулах, хийх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн салбарын хэмжээнд хийх хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, аудит, өгөх үнэлгээ бүр нь тодорхой санал, дүгнэлт, зөвлөмжтэй байх бөгөөд энэ нь яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, бодлогыг засч залруулах, төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдэлээс хамгаалахад чиглэгдэж, удирдлагыг шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээгээр хангахад чиглэгдэнэ.

 

Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага, Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын Төлөөлөгчийн газар, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, бусад хэрэглэгч байна.