- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ /Ерөнхийлөгчийн 2017 оны 129-р зарлигаар хүчингүй болгосон/
/Ерөнхийлөгчийн 2017 оны 129-р зарлигаар хүчингүй болгосон/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаар зарлигийн хавсралт
ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Цагдаагийн тангараг өргөх ажиллагааг зохион байгуулахдаа энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо цагдаагийн тангараг /цаашид “Тангараг” гэх/ өргөнө.
1.3. Тангараг өргөх ажиллагааг явуулах газар, өдөр цагийг Нийслэлд цагдаагийн төв байгууллагын дарга, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга тушаалаар тогтооно.
1.4 Тангараг өргөх бүрэлдэхүүний нэрсийн жагсаалт, тангараг бүхий хэвлэмэл хуудсыг урьдчилан бэлтгэсэн байна. Хэвлэмэл хуудсанд иргэн гарын үсэг зурснаар тангараг өргөсөн нь баталгаажна.
1.5. Гарын үсэг зурсан тангарагийн хэвлэмэл хуудсыг алба хаагчийн хувийн хэрэгт хадгална.
Хоёр. Тангараг өргөх ажиллагаа
2.1. Тангараг өргөх бүрэлдэхүүн ёслол амралтын дүрэмт хувцастай жагсана. Нийслэлийн цагдаагийн хүрээний байгууллагуудад Цагдаагийн төв байгууллагын туг, бусад цагдаагийн хүрээний байгууллагуудад Төрийн далбаа /цаашид туг, далбаа гэх/-г тус тус жагсаалтын эхэнд зална. Туг, далбааны дараа хөгжимчдийг жагсаана.
2.2. Цагдаагийн академи, цагдаагийн мэргэжлийн сургалтын төвд суралцаж төгсөгчид тангараг өргөх үед Цагдаагийн академийн тугийг зална.
2.3. Тангараг өргөх ажиллагааг Нийслэлд Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга, Цагдаагийн академид тус академийн захирал /цаашид “удирдах дарга” гэх/ тус тус удирдана. Эдгээр албан тушаалтнууд нь тангараг өргөх ажиллагааг зохион байгуулах албан тушаалтанг томилно.
2.4. Тангараг өргөх ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон албан тушаалтан нь Тангараг өргөх ажиллагаанд бэлэн болсон тухай удирдах даргад илтгэж, Тангараг өргүүлэх тухай тушаалыг уншина.
2.5. Туг, далбааг жагсаалын өмнө тусгайлан зассан газарт байрлуулж, тангараг өргөх ажиллагааг ээлжээр зохион байгуулж явуулна. Тангараг өргөж байгаа ээлжийн бүрэлдэхүүний нэг нь тангарагийг бусдадаа дуулдахуйц тод дуугаар уншихад бусад нь дагаж хэлнэ.
2.6. Тангараг уншиж дуусмагц тангараг өргөсөн ээлжийн бүрэлдэхүүн нь тангараг бүхий хэвлэмэл хуудсанд гарын үсэг зураад туг, далбааны өмнө очин малгайгаа авч, зүүн гар дээрээ барьж, баруун өвдөг дээрээ сөгдөн адис авч малгайгаа өмсч ёслоод жагсаалд орно.
2.7. Тангараг өргөх ажиллагаа дуусмагц туг, далбааг жагсаалын эхэнд байрлуулж, тангараг өргөж дууссан тухай удирдах даргад илтгэнэ.
2.8. Удирдах дарга нь тангараг өргөсөн бүрэлдэхүүнд баяр хүргэхэд гурвантаа “Ура” цуурайтуулна. Хөгжимд төрийн дуулал эгшиглэнэ. Тангараг өргөсөн бүрэлдэхүүн “Төрийн дуулал”-ыг дагаж дуулна.
2.9. Тангараг өргөсөн бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж өнгөрнө.
2.10. Ёслолын жагсаалыг удирдах, туг, далбааг залж гаргах, жагсаалд байрлуулах, буцааж оруулахдаа “Монгол Улсын Цэргийн жагсаалын дүрэм”-ийн холбогдох заалтуудыг нэгэн адил мөрдөнө.
-оОо-
Текст томруулах
A
A
A