A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨМРИЙН ХҮДЭР, ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТЛОХОД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 103 дугаар
тогтоолын  хавсралт

 

ТӨМРИЙН ХҮДЭР, ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ
ЭКСПОРТЛОХОД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ
АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
Нэг. Ерөнхий зүйл

1.1. Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоход энэ аргачлалыг мөрдлөг болгоно.

Хоёр. Борлуулалтын үнэлгээг тооцох

2.1. Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон бүх төрлийн төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4-т заасан үнийн мэдээлэлд үндэслэн тооцно. /Энэ заалтад ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.2. Аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнийг үндэслэн тооцуулах тохиолдолд энэхүү аргачлалд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайланд хавсаргах бөгөөд тайланг мөн аргачлалын 5-д заасан мэдээ, тайлан, тайлбарын хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ.

2.3. Энэхүү аргачлалын 2.2-т заасан тохиолдолд төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалыг Монгол Улсын хилийн боомт хүртэл тээвэрлэсэн тээврийн болон бусад зардлыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнээс хасч тодорхойлно.

2.4. Аж ахуйн нэгж нь энэхүү аргачлалын 3-т заасан гэрээ, 5-д заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 48.9-т заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол татварын алба борлуулалтын гэрээг нь үндэслэн тухайн аж ахуйн нэгжийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эцсийн тооцоог хийж, холбогдох тайланг баталгаажуулна.

2.5. Аж ахуйн нэгж энэхүү аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон, нэг сард экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээ нь бусад аж ахуйн нэгжийн тухайн боомтоор экспортолж байгаа ижил ангилал, стандарт бүхий төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын мөн аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлсон үнээс     10-аас  дээш хувиар зөрүүтэй бол  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг уг аргачлалын 2.1-д заасны дагуу тооцно.

Гурав. Гэрээнд тавих шаардлага

3.1. Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээ нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

3.1.1. бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээг тодорхой тусгасан байх;

3.1.2. Монгол Улс болон экспортоор гаргах улсад мөрдөж байгаа төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын төрөл, чанар, ангиллын талаарх мэдээллийг агуулсан байх;

3.1.3. бараа нийлүүлэх нөхцөлийг заасан байх;

3.1.4. экспортын баримт бичиг бүрдүүлэлтийн хураамж, бараа ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихтай холбогдон гарах зардлыг хариуцах нөхцөлийг тусгасан байх;

3.1.5. төлбөрийн нөхцөл, төлбөр хүлээн авах, шилжүүлэх дансны мэдээллийг тусгасан байх;

3.1.6.  гэрээлэгч талуудын мэдээллийг иж бүрэн тусгасан байх.

3.2. Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээ болон энэхүү аргачлалын   5-д заасан мэдээ, тайлан, тайлбар нь мөн аргачлалд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг уг аргачлалын 2.1-д заасны дагуу тодорхойлно. Энэ тохиолдолд мөн аргачлалын 2.4-т заасан тооцоог хийхгүй.

3.3. Аж ахуйн нэгж нь гэрээ, түүнийг дагалдах санхүүгийн болон бусад баримт бичгийг монгол хэл дээр үйлдэж татварын албанд хүргүүлнэ. Хэрэв баримт бичгийг монгол хэл дээр үйлдээгүй бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг эх баримт бичигт хавсаргах бөгөөд холбогдох зардлыг тухайн аж ахуйн нэгж өөрөө хариуцна.

Дөрөв. Хяналт тавих

4.1. Дараах байгууллага олон улсын зах зээл дээрх үнийн хөдөлгөөн, өсөлт, бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээнд хяналт тавьж ажиллана.

4.1.1. санхүү, татварын болон уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

4.1.2. татвар, гааль, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

4.1.3. салбарын мэргэжлийн холбоод.

4.2. Аж ахуйн нэгж нь төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын чанарын талаар Гаалийн төв лабораторийн дүгнэлт гаргуулахаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг экспортод гаргасан тухайн бүтээгдэхүүний дээжийн хамтаар сар тутам уг лабораторид хүргүүлнэ.

4.3. Энэ аргачлалын 4.2-т заасан лаборатори нь Монгол Улсын итгэмжлэгдсэн лаборатори байна.

 


4.4. Гаалийн байгууллага нь энэхүү аргачлалын 4.2-т заасны дагуу шинжлүүлж байгаа төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын хяналтын дээжийг 2 сард нэгээс доошгүй удаа өөр бусад итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэн, үр дүнг харьцуулан, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогчийн сар бүр ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд хяналт тавьж ажиллана.

4.5. Гаалийн удирдах төв байгууллага нь аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын талаарх итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг нэгтгэн татварын албанд дараа сарын 5-ны дотор хүргүүлж байна.

4.6. Экспортын төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, дагалдах бодисын хувь найрлага, чийгшил, ангиллыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтооно.

4.7. Энэхүү аргачлалын 4.1-д заасны дагуу төрийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, хяналт тавих нарийвчилсан зааврыг татвар, гааль, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

Тав. Мэдээ тайлан, тайлбар хүргүүлэх

5.1. Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын талаарх дор дурьдсан мэдээллийг дараа сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ:

5.1.1. өмнөх сард экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын тоо хэмжээ, төрөл, чанарын үзүүлэлтийг батлагдсан ангилал тус бүрээр;

5.1.2. гэрээнд заасан борлуулалтын үнийг тохиролцсон үндэслэл, тооцоолол, нөхцөл;

5.1.3. төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал худалдан авагчийн албан ёсны нэр, бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа хаяг;

5.1.4. төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал худалдан авагчтай шууд болон шууд бусаар харилцан хамааралтай эсэх талаарх мэдээлэл, тодруулга;

5.1.5. энэхүү аргачлалын 2.3-т заасан зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримт;

5.1.6. төлбөрийн нөхцөл, үнийн нэхэмжлэх;

5.1.7. өмнөх сард экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалыг олборлосон уурхайн талбайн талаар болон түүнд хамаарах ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл;

5.1.8. өмнөх сард экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын чанарын үзүүлэлтийг тодорхойлсон Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Гаалийн төв лабораторийн дүгнэлт;

5.1.9. туслан гүйцэтгэгч, тээвэрлэгчээс ажил, үйлчилгээ авч байгаа тохиолдолд холбогдох гэрээ, тээврийн болон бусад зардлын төлбөрийн баримт, тээвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний мэдээлэл.

5.2. Аж ахуйн нэгж нь төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээг татвар, гаалийн байгууллагад хүргүүлсэн байна.

5.3. Энэ аргачлалын 5.2-т заасан гэрээ бүрт энэхүү аргачлалын хавсралтад заасан мэдээллийг хавсарган харьяалах татварын албанд ирүүлнэ.

5.4. Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинээр байгуулсан тохиолдолд тухайн гэрээний баталгаажсан хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор татвар, гаалийн байгууллагад хүргүүлнэ.

5.5. Энэхүү аргачлалын 5.4-т заасныг биелүүлээгүй тохиолдолд тухайн гэрээний дагуу экспортолсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг мөн аргачлалын 2.1-д заасны дагуу тодорхойлно. Энэ тохиолдолд  уг аргачлалын 2.4-т заасан тооцоог хийхгүй.

5.6. Татварын алба зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт материал, тайлбар, танилцуулгыг аж ахуйн нэгжээс гаргуулан авах эрхтэй.


-----оОо-----

 

Засгийн газрын 2015 оны 103 дугаар тогтоолоор баталсан

“Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход

ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  тооцох

аргачлал”-ын хавсралт

 

 

 

ТӨМРИЙН ХҮДЭР, ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН

БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

 

Экспортлогч:

Сар

Худалдан авагчийн нэр

Хүдэр, баяжмалын  төрөл

БТКУС-ийн код

Гэрээний дугаар

Экспортод ачуулсан хэмжээ /тн/

Бараа нийлүүлэх нөхцөл заасан  гэрээний нэгж үнэ /ам.долл/

Гэрээний нийт үнэ

/ам.долл/

Авто тээврийн зардал /төг/

Төмөр замын  зардал /төг/

Экспортын төмрийн хүдрийн үзүүлэлт

Төмрийн агуулга Fe  (%)

Хүхрийн агуулга  S(%)

Чийгшлийн хэмжээ (%)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар:

 

1.    Мэдээлэл гаргагч нь тухайн сард экспортолсон, экспортод ачуулсан төмрийн хүдэр, төмрийн баяжмалын төрөл тус бүрээр энэ хүснэгтийн мэдээллийг сард нэг удаа гаргана.

 

2.    Энэхүү мэдээлэлд тухайн сард экспортолсон бүтээгдэхүүнд Гаалийн төв лабораторийн болон олон улсад итгэмжлэгдсэн лабораторийн олгосон дээжийн дүгнэлтийн хувийг хавсаргана.