A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

                                                                                     Засгийн газрын 2014 оны

402 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

 

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

 

Сангийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр“ гэх)-ийн зорилго нь Сангийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын нэгдсэн төсөв, эдийн засгийн бодлого, санхүүгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж болон төрийн захиргааны удирдлага, хууль зүйн зөвлөгөөгөөр хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад дотоод хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ, төрийн сангийн үйлчилгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, худалдан авах ажиллагаа, зээл тусламж, өрийн удирдлагын бодлого, зохицуулалт зэрэг асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги болон бүтцийн өөрчлөлтийн загварыг тодорхойлоход оршино.

 

1.2. Үндэслэл

 

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого“, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3. Хууль тогтоомжийн орчин

 

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

 

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

-Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;

-Даатгалын тухай хууль;

-Төрийн аудитын тухай хууль;

-Шилэн дансны тухай хууль;

-Бусад хууль тогтоомж.

 

1.4. Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, эдийн засаг, төсөв, санхүү, даатгал, эрсдэлийн удирдлага, санхүүжилтийн шинэчлэлт, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүйг ашиглаж, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж байсан туршлагад тулгуурлав.

 

1.5. Сангийн яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

 

Сангийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд санхүү, төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зээл тусламж, нягтлан бодох бүртгэл, дотоод аудит, худалдан авах ажиллагааны бодлого, төрийн сангийн үйл ажиллагаа, санхүүгийн хяналт шалгалтын хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд дээр дурдсан чиглэлээр бүх талын цаг үеэ олсон зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ. Яам нь санхүүгийн бодлого, төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтын тэнцвэртэй байдал, нийгэм, эдийн засгийн салбаруудын харилцан уялдаа холбоог хангах, төсвийн хяналт, санхүүгийн болон стратегийн эрсдэлийн удирдлагын асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Сангийн яам нь Засгийн газрын санхүүгийн зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.

 

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм.

 

Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

 

Сангийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын

хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн  газар (танхим) байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоож, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Сангийн яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хууль тогтоомж, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

 

2.2.1. санхүү, эдийн. Санхүү төсвийн удирдлагын чадавхийг бэхжүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах;

 

2.2.2. санхүү, эдийн засгийн шинэчлэл, зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн бодлого явуулах;

 

2.2.3. улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, стратегитай уялдуулсан санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлого, удирдлага, зохицуулалтаар хангах;

 

2.2.4. санхүүгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн удирдлагыг бэхжүүлэх, хяналтыг чангатгаж үр нөлөөг дээшлүүлэх;

 

2.2.5. нягтлан бодох бүртгэл, аудитын бодлого, удирдлагаар хангах;

 

2.2.6. төрийн сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;

 

2.2.7. санхүүгийн дотоод хяналтын бодлого, удирдлагаар хангах;

 

2.2.8. яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх;

 

2.2.9. улс орны санхүү, төсвийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, сайд, Засгийн газрын танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.2.10. Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүгийн төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг мэргэшлийн өндөр түвшинд үзүүлэх.

 

2.3. Үйл ажиллагааны зарчим

 

Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим бол Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн.

 

2.4. Алсын хараа

 

Яамны алсын хараа нь Монгол Улсын санхүү, эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэн Мянганы хөгжлийн зорилт, үзүүлэлтийг биелүүлж, цаашдаа хөгжингүй орнуудын дундаж жишигт хүргэх явдал мөн.

 

2.5. Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

Сангийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн санхүү, төсвийн таатай орчин бүрдүүлэх, санхүү, эдийн засгийн оновчтой удирдлагаар хангахад оршино.

 

2.6. Үйл ажиллагааны стратегийн зорилт

 

Сангийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.6.1. төсөв, татвар, хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдал, орон нутгийн хөгжлийн сангийн хууль тогтоомж, бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, хэтийн, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсөөлөл, худалдааны бодлогыг нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын уялдааг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.3. санхүү, эдийн засаг, төсөв, дотоод аудит, худалдан авах ажиллагааны салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого стратеги, шийдвэр, хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлогын удирдамжаар хангах, худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих;

 

2.6.4. нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.5. санхүүгийн зах зээл, даатгалын бодлого, санхүүгийн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох хууль тогтоомж, урт болон дунд хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.6. төсвийн хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.7. зээл, тусламж, Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, өрийн мэдээллийн баазыг бүрдүүлэх;

 

2.6.8. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, санхүүгийн мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх;

 

            2.6.9. Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх, төрийн сангийн үйл ажиллагааг зохистой удирдлагаар ханган хэрэгжүүлэх, төрийн сангийн нэгдсэн дансны удирдлагыг хэрэгжүүлэх, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх;

 

2.6.10. төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төсвийн эрсдэлийн удирдлагаар хангах, төрийн дотоод аудитын хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт, дотоод аудитын болон санхүүгийн хяналт шалгалтын дүрмийг боловсронгуй болгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, төсөл, хөтөлбөр, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;

 

2.7. Үйл ажиллагааны гол зорилт

 

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:

 

2.7.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын  хүрээнд:

 

2.7.1.1. төсвийн болон төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтоомж, бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.1.2. татварын хууль тогтоомж, давхар татвар, уул уурхайн татвар, бодит салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын төсвийн болон баялгийн сангуудын орлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.1.3. улсын төсөв, орон нутгийн төсөв, хүний хөгжил сангийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсвийн зардлыг судлах, тооцох, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.1.4. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн асуудлаар бодлого, стратеги боловсруулах, судлах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах.

 

2.7.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

 

2.7.2.1. макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөл гаргаж, тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.2.2. хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүн амын өсөлт, хөгжил, нийгмийн салбарыг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.2.3. хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах арга зүй, аргачлал боловсруулах;

 

2.7.2.4. салбаруудын хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах.

 

2.7.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

 

2.7.3.1. санхүүгийн салбарын хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.7.3.2. санхүүгийн хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.7.3.3. худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги боловсруулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүх төрлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.3.4. худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийн үе шатуудад улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих, мэдээлэл солилцох, худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэх, дүнг нэгтгэн тайлагнах, холбогдох этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах.

 

2.7.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.7.4.1. нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.4.2. төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, бүртгэл нэвтрүүлэх, аж ахуйн нэгжийн тайлан хүлээн авч, мэдээллийн сан бүрдүүлэх.

 

2.7.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

 

2.7.5.1. санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хууль тогтоомж, урт болон дунд хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.5.2. Засгийн газрын санхүүгийн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүгийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.7.5.3. эрдэс баялгийн орлогоос төсвийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий баялгийн сангийн орлого, зарлага, санхүүгийн хөрөнгийн удирдлагын талаарх бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

 

2.7.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

 

2.7.6.1. улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, зөвлөмж боловсруулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах;

 

2.7.6.2. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жилийн төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, зохицуулалт хийх, санхүүжилтийн эрх нээх, хэрэгжилтэд хяналт тавих;

 

2.7.6.3. хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх, хяналт, мониторингийн мэдээллийн цахим тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх.

 

2.7.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

 

2.7.7.1. зээл, тусламжийн нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

2.7.7.2. олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

 

2.7.7.3. Засгийн газрын өрийн удирдлага, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн мэдээллийн баазыг бүрдүүлэх;

 

2.7.7.4. олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос авах зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавих, зээл, тусламжийн мэдээллийн сан бүрдүүлэх.

 

2.7.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

 

2.7.8.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, яамны удирдлага, албан хаагчдад дэмжлэг үзүүлэх;

 

2.7.8.2. яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах;

 

2.7.8.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, зарцуулах, санхүүгийн тайлан гаргах;

 

2.7.8.4. Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, мэдээллийн дотоод сүлжээ ажиллуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

 

2.7.9. Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.7.9.1. төрийн сангийн нэгдсэн данс, мөнгөн хөрөнгийн зохистой, үр ашигтай удирдлагаар хангах, зохион байгуулах, бүртгэх, тайлагнах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.7.9.2. төсвийн хууль тогтоомж, шийдвэр, батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг санхүүжүүлэх, бүртгэл хөтлөх, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг боловсруулах, тайлагнах;

 

2.7.9.3. улсын төсөв болон төсвийн захирагчдын  төлбөр, тооцоог зохих дүрэм, журмын дагуу шуурхай хийж гүйцэтгэх, төрийн сангийн төлбөр тооцооны мэдээллийн системийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;

 

2.7.9.4. төрийн сангийн ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх.

 

2.7.10. Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:

 

2.7.10.1. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт, бүх шатны төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, төсөв, санхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, аюулгүй байдал, Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа, Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан дотоод аудит явуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах;

 

2.7.10.2. Засгийн газрын санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн орлого, зарцуулалт, арвилан хэмнэлт, үр ашиг, тусгай зориулалтын сангууд, төсөл, хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой, Засгийн газрын хувь оролцоотой болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар олгогдсон эрхийн үйлчлэх хүрээний хуулийн этгээд, Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжсэн хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх;

 

2.7.10.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгжийг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах, дунд хугацааны дотоод аудитын стратегийг боловсруулах, дотоод аудит болон санхүүгийн хяналт шалгалтын дүрмийг боловсронгуй болгон мөрдүүлэх, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сертификат олгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалтыг хийх;

 

2.7.10.4. санхүү, төсвийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний хэрэгжилтийн явц болон харьяа агентлаг, яамны дотоод бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах;

 

2.7.10.5. яамны үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар удирдлагад дэмжлэг үзүүлэх, дотоод аудитын болон эрсдэлийн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

 

            2.8. Үйл ажиллагааны зорилт

 

            Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

2.9. Үйл ажиллагааны стратегийн загвар

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Сангийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар

2.10. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө

 

Яамны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулан баталж ажиллана. Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсвийн ерөнхийлөн захирагч (Сангийн сайд)-аас төсвийн шууд захирагч (Төрийн нарийн бичгийн дарга)-тай байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.

 

Гурав  Сангийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

 

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

 

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

 

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх ажлын болон бусад агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

 

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

 

3.1.4. бүтэц энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

 

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

 

3.1.6. улс төржихгүй байх зарчим (яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

 

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

 

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

 

Сангийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

3.3. Зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараах байдлаар тодорхойлж байна:

 

3.3.1. төсвийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төсөв, татвар, хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдал, орон нутгийн хөгжлийн сангийн хууль тогтоомж, бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төсвийн болон төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтоомж, бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, татварын хууль тогтоомж, давхар татвар, уул уурхайн татвар, бодит салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын төсвийн болон баялгийн сангуудын орлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, улсын төсөв, орон нутгийн төсөв, хүний хөгжил сангийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсвийн зардлыг судлах, тооцох, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн асуудлаар бодлого, стратеги боловсруулах, судлах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд төсвийн нэгтгэлийн нэгж, төсвийн орлогын нэгж, төсвийн зарлагын нэгж, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын төсөв, санхүүгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд байна.

 

3.3.2. эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, хэтийн, дунд, богино хугацааны стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсөөлөл, худалдааны бодлогыг нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын уялдааг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөл гаргаж, тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүн амын өсөлт, хөгжил, нийгмийн салбарыг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах арга зүй, аргачлал боловсруулах, салбаруудын хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд макро эдийн засгийн бодлогын нэгж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь Сангийн сайдыг нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг улс, бүс нутаг, салбарын бодлого, эрх зүйн болон улс орны тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны хэрэгжилт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.

 

            Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын эдийн засгийн зохицуулалт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр, боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бүх яамд, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

 

3.3.3. хууль, худалдан авах ажиллагааны бодлого асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд санхүү, эдийн засаг, төсөв, дотоод аудит, худалдан авах ажиллагааны салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого стратеги, шийдвэр, хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлогын удирдамжаар хангах, худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд санхүүгийн салбарын хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, санхүүгийн хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги боловсруулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүх төрлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийн үе шатуудад улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих, мэдээлэл солилцох, худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэх, дүнг нэгтгэн тайлагнах, холбогдох этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь санхүү, төсөв, татвар, гааль, нягтлан бодох бүртгэл болон худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, шийдвэрийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журам, аргачлал, зааврын төсөл боловсруулах, яамны зохион байгуулалтын бусад нэгжүүдтэй энэхүү хүрээнд хамтран ажиллах, яамдаас боловсруулан ирүүлж байгаа аливаа шийдвэрийн төсөлд эрх зүйн зөвлөгөө, санал хүргүүлэх, бүх талын дэмжлэг үзүүлэх, аливаа гэрээний төсөлд эрх зүйн дүгнэлт гаргах, эрх зүйн мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх, санхүүгийн хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, сайдын зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, хуралдааны материалыг албажуулах, яамны хариуцсан асуудлын чиглэлээр гарсан эрх зүйн маргаан, гомдол, нэхэмжлэлд хариу бэлтгэх, яамыг төлөөлөн оролцох зэрэгт чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөлгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг сайжруулах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байна.

 

3.3.4. нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж, бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, бүртгэл нэвтрүүлэх, аж ахуйн нэгжийн тайлан хүлээн авч, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд энэ нэгж нь хариуцсан асуудлаар төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид аргачлал, зөвлөлгөө өгөх, сургалт, семинар зохион байгуулах, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол байгуулах, элэгдэл тооцох норм, норматив, аргачлал боловсруулах, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан хүлээн авах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт бүх байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн хороо байна.

 

3.3.5. санхүүгийн бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагаанын стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, даатгалын бодлого, санхүүгийн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох хууль тогтоомж, урт болон дунд хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хууль тогтоомж, урт болон дунд хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, Засгийн газрын санхүүгийн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүгийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, эрдэс баялгийн орлогоос төсвийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий баялгийн сангийн орлого, зарлага, санхүүгийн хөрөнгийн удирдлагын талаарх бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүүгийн зах зээл, даатгалын бодлогын нэгж, санхүүгийн хөрөнгийн удирдлагын нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газрын дангаар болон олон улсын, гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудтай санхүүгийн салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хөрөнгийн удирдлага, бодлогын зөвлөгөө, зохицуулалтаар хангах, улсын төсөв, санхүүгийн байгууллагуудын зээл, тусламж, Засгийн газрын үнэт цаас зэрэг эх үүсвэрээс зээлдүүлэх зээлийн бодлого, нөхцөл, зээл олгох үйл ажиллагааг тодорхойлох, Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, авлагын шинжилгээ хийх, зээлийн эрсдэлийг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр Засгийн газрын үр ашигтай, оновчтой санхүүгийн хөрөнгийн удирдлагын бодлого стратегийг тодорхойлж, эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлэх, Засгийн газрын санхүүгийн хөрөнгийн эрсдэлийн удирдлагыг оновчтой зохион байгуулах, сайжруулах санал боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүгийн хөрөнгийн богино, дунд, урт хугацааны төлөвлөлтийг хийх, гүйцэтгэлийг хангуулах, тайлагнах, ил тод байдлыг хангах замаар хэрэгжинэ.

 

Мөн даатгал, банк, үнэт цаас, бичил санхүү, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, улсын зээлжих зэрэглэл, хөрөнгийн бирж, санхүүгийн түрээс, ипотек, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагууд болон Засгийн газрын санхүүгийн хөрөнгийн удирдлага зэрэг санхүүгийн салбарыг хамарсан бүхий л үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, санхүүгийн зах зээлийн урт, дунд болон богино хугацааны бодлого, стратеги боловсруулах, санхүүгийн зах зээл, төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагууд болон Засгийн газрын санхүүгийн хөрөнгийн удирдлагын талаар холбогдох судалгаа, шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, санхүүгийн бүтцийн өөрчлөлт, төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, санхүү, эдийн засгийн тэнцвэрт харьцааг хангах чиглэлээр судалгаа хийж дүгнэлт гаргах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт болон аж ахуйн нэгж байгууллага, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

 

3.3.6. төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, зөвлөмж боловсруулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жилийн төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, зохицуулалт хийх, санхүүжилтийн эрх нээх, хэрэгжилтэд хяналт тавих, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх, хяналт, мониторингийн мэдээллийн цахим тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын төсөв, санхүүгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд байна.

 

3.3.7. хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлага хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд зээл, тусламж, Засгийн газрын өрийн удирдлагыг боловсронгуй болгох хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, өрийн мэдээллийн баазыг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд зээл, тусламжийн нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, Засгийн газрын өрийн удирдлага, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн мэдээллийн баазыг бүрдүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос авах зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавих, зээл, тусламжийн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд зээл, тусламжийн бодлогын нэгж, өрийн удирдлагын нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт болон аж ахуйн нэгж байгууллага, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

 

3.3.8. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, санхүүгийн мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, яамны удирдлага, албан хаагчдад дэмжлэг үзүүлэх, яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, зарцуулах, санхүүгийн тайлан гаргах, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг эрхлэх, мэдээллийн дотоод сүлжээ ажиллуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, зохион байгуулалтын нэгж, санхүүгийн мэдээллийн технологийн нэгж ажиллана.

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг боловсруулах болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд өндөр мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга туршлагыг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

 

            3.3.9. төрийн сангийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх, төрийн сангийн үйл ажиллагааг зохистой удирдлагаар ханган хэрэгжүүлэх, төрийн сангийн нэгдсэн дансны удирдлагыг хэрэгжүүлэх, зохицуулалтаар хангах, үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрийн сангийн нэгдсэн данс, мөнгөн хөрөнгийн зохистой, үр ашигтай удирдлагаар хангах, зохион байгуулах, бүртгэх, тайлагнах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, төсвийн хууль тогтоомж, шийдвэр, батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг санхүүжүүлэх, бүртгэл хөтлөх, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг боловсруулах, тайлагнах, улсын төсөв болон төсвийн захирагчдын  төлбөр, тооцоог зохих дүрэм, журмын дагуу шуурхай хийж гүйцэтгэх, төрийн сангийн төлбөр тооцооны мэдээллийн системийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн сангийн ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд санхүүжилт, тайлан бүртгэлийн нэгж, төлбөр тооцооны нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад төрийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад өндөр мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсвийн шууд захирагч, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсвөөс санхүүждэг бүх байгууллагын санхүүгийн ажилтан, төрийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн нэгж, ажилтнууд байна.

 

3.3.10. Төсвийн хяналт, эрсдэлийн  удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төсвийн эрсдэлийн удирдлагаар хангах, төрийн дотоод аудитын хууль тогтоомж, бодлого, стратеги, стандарт, дотоод аудитын болон санхүүгийн хяналт шалгалтын дүрмийг боловсронгуй болгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, төсөл, хөтөлбөр, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт, бүх шатны төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, төсөв, санхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, аюулгүй байдал, Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа, Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан дотоод аудит явуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах, Засгийн газрын санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн орлого, зарцуулалт, арвилан хэмнэлт, үр ашиг, тусгай зориулалтын сангууд, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой, Засгийн газрын хувь оролцоотой болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар олгогдсон эрхийн үйлчлэх хүрээний хуулийн этгээд, Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжсэн хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгжийг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах, дунд хугацааны дотоод аудитын стратегийг боловсруулах, дотоод аудит болон санхүүгийн хяналт шалгалтын дүрмийг боловсронгуй болгон мөрдүүлэх, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сертификат олгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалтыг хийх, санхүү, төсвийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, гэрээний хэрэгжилтийн явц болон харьяа агентлаг, яамны дотоод бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах, яамны үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар удирдлагад дэмжлэг үзүүлэх, дотоод аудитын болон эрсдэлийн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт дотоод аудит хийх, санхүүгийн хяналт шалгалт хийх, үр ашиг, үр дүнг үнэлж дүгнэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсвийн бүх шатны захирагч, төсвөөс санхүүждэг байгууллагын санхүүгийн ажилтан, төрийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,  бусад яамны ижил төстэй зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтнууд байна.