A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны

402 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт

 

АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,

 БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

 

Аж үйлдвэрийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Засгийн газрын танхим, Аж үйлдвэрийн сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрлэлийн бодлого, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, чөлөөт бүсийг хөгжүүлэх  бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох, үнэлгээ өгөх, мэдээллийн нэгдсэн сан байгуулах асуудлыг хамааруулсан үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загвар, нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлов.

 

1.2. Үндэслэл

 

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан Аж үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3. Эрх зүйн орчин

 

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

 

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;

-Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль;

-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль;

-Технологи дамжуулах тухай хууль;

-Чөлөөт бүсийн тухай хууль;

-“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль;

-“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль;

-“Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль;

-Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого;

-Үйлдвэрлэл технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл;

-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал;

-Бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр.

 

1.4. Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, гадаад орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэлийн удирдлага, үйл ажиллагааны онцлог, төлөвлөлт, зохицуулалтын арга зүйг ашиглаж, яамдын үйл ажиллагааны стратеги боловсруулж ирсэн туршлага, сургамжийг харгалзсан болно.

 

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

 

Яам нь Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн бодлого, төлөвлөлтийн удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл, үйлдвэр, чөлөөт бүс, худалдаа, үйлчилгээний чиглэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх тэдгээрийн жилийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлсон үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө зохиох түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан биелэлтийг хангуулна. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган тэдгээрийн харилцан уялдааг зохицуулах, хууль тогтоомжид заасан бусад асуудлыг хэрэгжүүлэн ажиллана.

 

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг анхаарч хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамааруулав:

 

Аж үйлдвэрийн яамны стратегийн удирдлага,

зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Аж үйлдвэрийн сайд, Засгийн газар байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн үйлчлүүлэгч хэрэглэгч нь  яамд, иргэд байх бөгөөд шууд бус үйлчлүүлэгч нь Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болно. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Үйлдвэржилтийн үндэсний цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дотоод, гадаад худалдаа, үйлчилгээ, чөлөөт бүс, экспорт, импорт зэрэг бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

Аж үйлдвэрийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

 

2.2.1. хүнд болон хөнгөн үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үр дүнг үнэлэх;

 

2.2.2. түлш (хатуу, хийн, шингэн төлөв дэх)-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-хими, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлого боловсруулах;

 

2.2.3. үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах, хөгжүүлэх;

 

2.2.4 салбарын үйлдвэрлэлд тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;

 

2.2.5. салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулах, ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, орлого, бүтээмжийг өсгөх эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх;

 

2.2.6. иргэд, аж ахуйн нэгж, орон нутгаас гарч байгаа үүсгэл санаачилга, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүй иргэд, ахмад настан, оюутан, залуучуудыг хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцуулах;

 

2.2.7. дотоод, гадаад худалдаа, үйлчилгээ, чөлөөт бүсийн бодлогыг төлөвлөх, зохицуулалтыг үндэсний түвшинд хангах замаар эдийн засгийн бүтцийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх;

 

2.2.8. өндөр технологийн шинэ салбаруудыг хөгжүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

 

2.3. Яамны алсын хараа

           

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээг либералчлах, чөлөөт бүсийг хөгжүүлэх салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангана.

 

2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

Аж үйлдвэрийн яамны эрхэм зорилго нь аж үйлдвэрийн болон худалдаа, үйлчилгээний урт, дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэхэд оршино.

 

2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт

 

Яам нь эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:

 

2.5.1. сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр болон шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрх зүйн мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх;

 

2.5.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.5.3. хүнд үйлдвэрийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

2.5.4. хөнгөн үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, чөлөөт бүсийн тогтолцоог хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулах, аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг зохион байгуулах;

 

2.5.5. жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

2.5.6. худалдааны бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.5.7. бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гарган гүйцэтгэлийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

 

2.6. Үйл ажиллагааны гол зорилт

 

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.6.1.1. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах, үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах;

 

2.6.1.2. хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээний төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

 

2.6.1.3. орон нутаг, бүс нутгийн үйлдвэржилт, худалдаа, үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.1.4. салбаруудын үйлдвэржилтийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.1.5. хууль тогтоомж, бодлого, урд, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

 

2.6.2.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төсөл хөтөлбөр, гэрээний хэрэгжилтийг хянах, тайлан мэдээ гаргах;

 

2.6.2.2. яамны дотоод ажил хэргийг эрхлэх, зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, яамны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах;

 

2.6.2.3. яамны мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх.

 

2.6.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

 

2.6.3.1. хүнд үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж,  төмөрлөгийн үйлдвэрлэл, түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах, эцсийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.3.2. машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.3.3. газрын тос, нүүрсийг шингэрүүлэх болон кокс химийн үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах.

 

2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.6.4.1. хөнгөн үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон түүний дотор экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.4.2. аж үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.4.3. өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах, зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.4.4. хөнгөн үйлдвэрийг жижиг дунд болон хүнд үйлдвэртэй нягт уялдуулан кластер хэлбэрээр хөгжүүлэх.

 

2.6.4.5. чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, худалдаа, тээвэр-ложистикийг дэмжих бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.4.6. үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

 

2.6.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

 

2.6.5.1. жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүй, бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;

 

2.6.5.2. жижиг, дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой уялдуулах, кластераар хөгжүүлэх, шинжлэх ухаан-төр-бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.5.3. жижиг, дунд үйлдвэрлэлийг чадавхижуулах, бизнес инкубаторын тогтолцоог хөгжүүлэх, борлуулалтын сүлжээг дэмжих сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

 

2.6.5.4. жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүгийн хүртээмжийг  нэмэгдүүлэх, татвар, зээл, зээлийн батлан даалт, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх ажлын хүрээний жижиг дунд үйлдвэрийн Засгийн газрын тусгай сан болон сум хөгжүүлэх санг удирдлага, зохицуулалтаар хангах;

 

2.6.6.5. ахуйн үйлчилгээний салбарын эрх зүй, бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;

 

2.6.6.6. жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар бодлогын судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох мэдээллээр хангах.

 

2.6.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

 

2.6.6.1. гадаад, дотоод худалдааны бодлогын уялдааг хангах, боловсронгуй болгох, худалдааны бодлогыг Монгол Улсын болон үйлдвэрлэлийн хөгжлийн бодлоготой уялдуулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.6.2. гадаад, дотоод худалдааны нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

2.6.6.3. хоёр болон олон талт худалдааны харилцааг хөгжүүлэх, бодлого төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.6.4. бүс нутгийн интеграцид нэгдэх, оролцох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, хяналт тавих, хил орчмын худалдааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

 

2.6.6.5. дотоод худалдаа, үйлчилгээний бодлого боловсруулах, зохицуулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих. 

 

2.6.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд: 

 

2.6.7.1. салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх үр дүнд нь үнэлгээ өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоодын хяналт шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх;

 

2.6.7.2. салбарын бодлого, төсвийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх;

 

2.6.7.3. статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

 

2.7. Үйл ажиллагааны зорилт

 

Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

 

2.8.Үйл ажиллагааны стратегийн загвар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

 

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

 

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

 

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

 

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

 

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);

 

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

 

3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

 

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

 

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Дээр дурдсан зарчим болон Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг дараах байдлаар тодорхойлж байна:

 

Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны ерөнхий загвар

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:

 

3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр болон шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрх зүйн мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах, үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах, хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээний төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, орон нутаг, бүс нутгийн үйлдвэржилт, худалдаа, үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах, салбаруудын үйлдвэржилтийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, хууль тогтоомж, бодлого, урд, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын нэгж, санхүү, эдийн засгийн нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан шийдвэрлэж ажиллана. Энэ нь Аж үйлдвэрийн сайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

 

3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төсөл хөтөлбөр, гэрээний хэрэгжилтийг хянах, тайлан мэдээ гаргах, яамны дотоод ажил хэргийг эрхлэх, зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, яамны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах, яамны мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд мэдээллийн технологийн нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, яамны болон аппаратын албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөн зохион байгуулах, дотоод сургалт, сурталчилгааг төлөвлөн зохицуулах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, тайлагнах, тушаалын төслийг эрх зүйн  хувьд хянах, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг арга барил, арга зүйг нэвтрүүлэх, удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хүний нөөцийг чадавхижуулах, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сүлжээг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажил, үйлчилгээ хамарна.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бүх яамд, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

 

3.3.3. хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд хүнд үйлдвэрийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд хүнд үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, уул уурхайн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, түлш (хатуу, хийн, шингэн төлөв дэх)-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогыг машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд төмөрлөгийн үйлдвэрлэлийн нэгж, машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийн нэгж, газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь Аж үйлдвэрийн сайдыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

 

3.3.4. хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд хөнгөн үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, чөлөөт бүсийн тогтолцоог хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулах, аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон түүний дотор экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, аж үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах, зохион байгуулах, зохицуулах, хөнгөн үйлдвэрийг жижиг, дунд болон хүнд үйлдвэртэй нягт уялдуулан кластер хэлбэрээр хөгжүүлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, худалдаа, тээвэр-ложистикийг дэмжих бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад хөнгөн үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулж, төр, хувийн хэвшлийн харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Сангийн яам, стандартчилал, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага, бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

3.3.5. жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүй, бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах, жижиг, дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой уялдуулах, кластераар хөгжүүлэх, шинжлэх ухаан-төр-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг чадавхижуулах, бизнес инкубаторын тогтолцоог хөгжүүлэх, борлуулалтын сүлжээг дэмжих сургалт зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүгийн хүртээмжийг  нэмэгдүүлэх, татвар, зээл, зээлийн батлан даалт, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх ажлын хүрээний жижиг, дунд үйлдвэрийн санг удирдлага, зохицуулалтаар хангах, ахуйн үйлчилгээний салбарын эрх зүй, бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар бодлогын судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаарх бодлого, шийдвэр, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, санхүү, хүний болон бусад нөөцөөр дэмжих, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон бусад яамд байна.

 

3.3.6. худалдааны бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургаадугаар зорилтын хүрээнд худалдааны бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд гадаад, дотоод худалдааны бодлогын уялдааг хангах, боловсронгуй болгох, худалдааны бодлогыг Монгол Улсын болон үйлдвэрлэлийн хөгжлийн бодлоготой уялдуулах, бодлогын удирдамжаар хангах, гадаад, дотоод худалдааны нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хоёр болон олон талт худалдааны харилцааг хөгжүүлэх, бодлого төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, бүс нутгийн интеграцид нэгдэх, оролцох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, хяналт тавих, хил орчмын худалдааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, дотоод худалдаа, үйлчилгээний бодлого боловсруулах, зохицуулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан ажиллана. Энэ нэгж нь Аж үйлдвэрийн сайдыг эдийн засаг, гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний  бодлогыг улсын хэмжээнд болон бүс нутаг, салбар, аймаг, нийслэлийг хөгжүүлэхэд чиглэсэн, улс орны тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бүх яамд, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

 

3.3.7. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гарган гүйцэтгэлийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоодын хяналт шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх, салбарын бодлого, төсвийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх, статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх бүх албан тушаалтныг статистик мэдээ, мэдээллээр хангах, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын үр дүнг үндэслэн дүгнэлт, зөвлөмжийг цаг тухайд нь гаргах замаар хэрэгжинэ. Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарц, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх бөгөөд ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын нэгж, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.