A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны

402 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

 

Барилга, хот байгуулалтын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Барилга, хот байгуулалтын сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, хэрэгжилтийг зохицуулалтаар хангах, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх асуудлыг хамарсан Барилга, хот байгуулалтын яамны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлов.

 

1.2. Үндэслэл
 

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан Барилга, хот байгуулалтын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3. Хууль тогтоомжийн орчин

 

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль;
-Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль;
-Барилгын тухай хууль;
-Хот байгуулалтын тухай хууль;
-Газрын тухай хууль;

-Газрын төлбөрийн тухай
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль;
-Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль;
-Геодези, зураг зүйн тухай хууль;
-Орон сууцны тухай хууль;
-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль;
-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

 

 

1.4. Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын жишиг, байгууллагын өөрчлөлтийн арга зүй, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, сургамжийг ашиглав.


1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

 

Яам нь хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд барилга, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон хэрэгжилтийг зохицуулах харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Барилга, хот байгуулалтын яам нь хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.

 

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:  


Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги

 

 2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Яамны үйл ажиллагааны мөн чанар нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

 

2.2.1. хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

 

2.2.2. барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

 

2.2.3. барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

 

2.2.4. үл хөдлөх хөрөнгийн зах зээл, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;

 

2.2.5. төрийн захиргаа, хүний нөөц, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тогтолцоог хэрэгжүүлэх, удирдлагаар хангах;

 

2.2.6. салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх;

 

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, чанар, аюулгүй ажиллагаа, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

 

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилтууд

 

Барилга, хот байгуулалтын яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг хэрэгжүүлнэ:

 

2.4.1. хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлт боловсруулах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах;

 

2.4.2. хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг бодлогын удирдамжаар хангах;

 

2.4.3. барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.4.4. барилгын чанар, аюулгүй байдлын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.4.5. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, яамны үйл ажиллагааны явцад хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, санхүү, хөрөнгө оруулалт, түүний үр ашгийг дээшлүүлэх.

 

2.5. Үйл ажиллагааны гол зорилтууд

 

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтуудыг хэрэгжүүлнэ:

 

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.1.1. хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.5.1.2. үл хөдлөх хөрөнгийн зах зээл, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын удирдамжаар хангах;

 

2.5.1.3. салбарын норм, нормативын тогтолцоог бүрдүүлэх.

 

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

                       

2.5.2.1. хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах;

 

2.5.2.2. газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах;

 

2.5.2.3. геодези, зураг зүйн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах.

 

            2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

                       

2.5.3.1. барилгын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.5.3.2. барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.5.3.3. орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомж, бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.

 

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.4.1. барилгын чанар, аюулгүй байдлын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах;

 

2.5.4.2. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.

 

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.5.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

 

2.5.5.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

 

2.5.5.3. хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч тайлагнах;

 

2.5.5.4. яамны үйл ажиллагааны явцад хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах;

 

2.5.5.5. санхүү, эдийн засгийн  удирдлага менежментээр хангах,  хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх.

 

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

 

2.6. Үйл ажиллагааны стратеги, бүтэц, зохион байгуулалтын уялдаа (загвар)

 

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар

 

Гурав. Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

 

Яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

 

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратеги зорилттой уялдсан байх);

           

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

           

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

           

3.1.4. бүтцийн нэгж энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

           

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх. Энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

           

3.1.6. улс төржихгүй байх зарчим (яамны албан хаагч нь сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан, өндөр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх);

           

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
 

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Дээрх зарчим болон Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

 

Барилга, хот байгуулалтын яамны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар 

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

 

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн зохион байгуулалтын бүтцийн дор дурдсан бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:


3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлого төлөвлөлт боловсруулах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын тогтолцоог бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын болон нэгж, норм, нормативын нэгж ажиллана.

           

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь барилга, хот байгуулалтын сайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

           

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, мэргэжлийн холбоод, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

3.3.2. хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах, газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах, геодези, зураг зүйн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн харилцан уялдааг хангах, зохион байгуулах, зохицуулах, бусад нэгж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудыг бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

           

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгж, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Зам, тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

3.3.3. барилга, нийтийн аж ахуйн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, барилгын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомж, бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бусад нэгж, холбогдох байгууллагуудыг мэдээ, мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, холбогдох байгууллагуудыг стратегийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын хувилбар боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн холбоод, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.

 

3.3.4. барилгын чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд барилгын чанар, аюулгүй байдлын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, барилгын чанар, аюулгүй байдлын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

           

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бусад нэгж, холбогдох байгууллагуудыг мэдээ, мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудыг стратегийн бодлого боловсруулахад санал, дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн хувилбар боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

           

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.

 

3.3.5. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, яамны үйл ажиллагааны явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, санхүү, хөрөнгө оруулалт, түүний үр ашгийг дээшлүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч тайлагнах, яамны үйл ажиллагааны явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, санхүү, эдийн засгийн  удирдлага менежментээр хангах,  хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж, санхүү, эдийн засгийн нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааг зохион байгуулах, үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг эрхлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх, аппаратын дотоод ажлыг зохицуулах, хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах, Засгийн газрын шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж хууль тогтоомжид нийцүүлэн гаргах, хууль тогтоомж, сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалын биелэлтэд хяналт тавих, биелэлтийг тайлагнах, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг сурталчлах, яамны чиг үүрэгтэй холбогдон гарсан хууль тогтоомжийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, тайлагнах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх,  санхүү, эдийн засгийн удирдлага менежментээр хангах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, боловсрол сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.