- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2014 оны
402 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Батлан хамгаалах яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Батлан хамгаалахын сайд (цаашид “сайд” гэх) болон Засгийн газрын шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах бодлого, стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилт, дотоод үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсвийн бодлого, зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор баталсан Батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;
-Батлан хамгаалах тухай хууль;
-Зэвсэгт хүчний тухай хууль;
-Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Дайчилгааны тухай хууль;
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
-Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал;
-Төрийн цэргийн бодлогын үндэс;
-Холбогдох бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргааны болон цэргийн байгуулалтын онол, олон улсын туршлагад тулгуурлан, гадаад, дотоод аюулгүй байдлын орчин, батлан хамгаалахын хөгжлийн чиг хандлагад шинжилгээ хийж, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүйг хэрэглэв.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Батлан хамгаалах яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын танхимд бүх талын мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь батлан хамгаалах бодлого, стратегийн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилт, дотоод үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд Засгийн газар, яамны зүгээс өргөн хүрээтэй хандах, зохистой оновчтой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ. Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Батлан хамгаалах яам нь Засгийн газрын батлан хамгаалахын зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
1.6. Батлан хамгаалах бодлого, стратегийн төлөвлөлтийн зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны батлан хамгаалах бодлого, стратегийн төлөвлөлтийн зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байна.
Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ БОДЛОГО, СТРАТЕГИЙН УДИРДЛАГА,
ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Батлан хамгаалах яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын танхим байна.
Яамны стратегийн бодлого зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн бодлого зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана. Үүнд:
2.2.1. олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлого, зорилтыг тодорхойлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
2.2.2. улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур эрх ашигт тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх;
2.2.3. батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх;
2.2.4. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох;
2.2.5. Зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгож, Зэвсэгт хүчнийг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт хүлээсэн үүргүүдийг биелүүлэх чадавхтай, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг болгон хөгжүүлэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Яамны эрхэм зорилго нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцүүлэн, үндэсний аюулгүй байдлыг хангахуйц батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх үндсэн дээр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүний аюулгүй байдлыг найдвартай хангах явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. батлан хамгаалах стратегийн бодлого, төлөвлөлтийг Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдлын орчинтой уялдуулан оновчтой болгох, батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, Зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдсан улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх;
2.4.2. төрийн захиргааны удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг хангах, хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох, орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүгийн зохицуулалтаар хангах;
2.4.3. батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалт, шинэчлэл, гадаадын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах, батлан хамгаалах арга хэмжээний хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
2.4.4. батлан хамгаалах салбарт холбогдох хууль тогтоомжууд, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус аудит явуулж удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
2.4.5. Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхийг дээшлүүлж, зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах хууль, эрх зүйн шинэчлэл, бодлогыг боловсруулж батлан хамгаалах байгуулалтыг төлөвшүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.2. аюулгүй байдлын гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.3. Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний дотор Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.4. улс орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдсан улсын болон цэргийн дайчилгааны болон батлан хамгаалах нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоог хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.5. олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын хандлагад хийсэн шинжилгээнд тулгуурлан батлан хамгаалах салбарын дунд, урт хугацааны төлөвлөлт, батлан хамгаалахын нөөцийн менежментийг төлөвшүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлж боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.6. Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, түүний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт, дунд хугацааны хөтөлбөр боловсруулах.
2.5.2. Үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. төрийн захиргааны удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг хангах;
2.5.2.2. хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж хангах;
2.5.2.3. цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг хангах, хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг бодлогын удирдамжаар хангах;
2.5.2.4. батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яамны нээлттэй байдлыг хангах, иргэд, цэргийн алба хаагчдад үзүүлэх мэдээлэл, үйлчилгээний ажлыг бодлогын удирдамжаар хангах;
2.5.2.5. батлан хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах, цахим санг байгуулж, үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн техник хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж, сүлжээний найдвартай ажиллагааг зохион байгуулах;
2.5.2.6. батлан хамгаалах төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг нөөцийн зохицуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэн боловсруулж, батлан хамгаалах зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх;
2.5.2.7. салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, эрхлэх.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, цэргийн байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх;
2.5.3.2. зэвсэглэл, техник, материал хэрэгслийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, зэвсэглэл, техникийг шинэчлэхтэй холбоотой техник-эдийн засгийн үндэслэл, нөөцийг бүрдүүлж, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.3.3. цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай орнуудаас үзүүлж буй тусламжийн бараа, материалыг хүлээн авах, илүүдэлтэй болон үндсэн хөрөнгийн данснаас хасагдсан зэвсэглэл, техник, эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;
2.5.3.4. төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжилтийг зохицуулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
2.5.4.2. батлан хамгаалах тухай эрх зүйн актууд, захирамжлалын баримт бичгүүдийн биелэлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, биелэлтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх;
2.5.4.3. төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, эрсдэлийн удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн цэргийн итгэлцлийг бэхжүүлэх замаар Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;
2.5.5.2. батлан хамгаалах чадавхийг дээшлүүлж, зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх;
2.5.5.3. батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;
2.5.5.4. Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, дадлагад оролцуулахад дэмжлэг үзүүлж, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА (БИЗНЕС)-НЫ
СТРАТЕГИЙН ЗАГВАР
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтална:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН
ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.3.1. Стратегийн бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд батлан хамгаалах стратегийн бодлого, төлөвлөлтийг Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдлын орчинтой уялдуулан оновчтой болгох, батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, Зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдсан улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах хууль, эрх зүйн шинэчлэл, бодлогыг боловсруулж, батлан хамгаалах байгуулалтыг төлөвшүүлэх, бодлогын удирдамжаар хангах, аюулгүй байдлын гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний дотор Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, улс орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдсан улсын болон цэргийн дайчилгааны болон батлан хамгаалах нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоог хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын хандлагад хийсэн шинжилгээнд тулгуурлан батлан хамгаалах салбарын дунд, урт хугацааны төлөвлөлт, батлан хамгаалахын нөөцийн менежментийг төлөвшүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлж боловсруулах, бодлогын удирдамжаар хангах зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, түүний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт, дунд хугацааны хөтөлбөр боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайдыг батлан хамгаалах асуудлаар мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангаж, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг мэргэшлийн зөвлөгөө, цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, түүний батлан хамгаалах асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.
3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг хангах, хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох, орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүгийн зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрийн захиргааны удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг хангах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж хангах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг хангах, хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг бодлогын удирдамжаар хангах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яамны нээлттэй байдлыг хангах, иргэд, цэргийн алба хаагчдад үзүүлэх мэдээлэл, үйлчилгээний ажлыг бодлогын удирдамжаар хангах, батлан хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах, цахим санг байгуулж үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн техник хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж, сүлжээний найдвартай ажиллагааг зохион байгуулах, батлан хамгаалахын эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг нөөцийн зохицуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэн боловсруулж, батлан хамгаалах зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх, салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, эдийн засгийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллагсдыг ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу төсөв, санхүүгийн ил тод байдлыг нийтэд ил тод мэдээлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, зэвсэгт хүчний анги, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, төрийн холбогдох бусад байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Төрийн албаны зөвлөл, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалт, шинэчлэл, гадаадын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах, батлан хамгаалах арга хэмжээний хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, цэргийн байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, зэвсэглэл, техникийг шинэчлэхтэй холбоотой техник, эдийн засгийн үндэслэл, нөөцийг бүрдүүлж, хэрэгжилтийг зохицуулах, цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай орнуудаас үзүүлж буй тусламжийн бараа, материалыг хүлээн авах, илүүдэлтэй болон үндсэн хөрөнгийн данснаас хасагдсан зэвсэглэл, техник, эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжилтийг зохицуулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад мэргэшлийн зөвлөгөө өгөх замаар батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, олон нийт, зэвсэгт хүчний анги, байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байх болно. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, бусад холбогдох яам, агентлаг, Төрийн өмчийн хороо байна.
3.3.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд батлан хамгаалах салбарт холбогдох хууль тогтоомжууд, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус аудит явуулж удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах тухай эрх зүйн актууд, захирамжлалын баримт бичгүүдийн биелэлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, биелэлтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, төсөв санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, эрсдэлийн удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, салбарын хэмжээний дотоод аудитын хяналтыг хэрэгжүүлэхэд оршино. Энэ нь хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит бүртээ дүгнэлт зөвлөмж гаргах замаар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр ашигийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, үр дүн, үр ашигийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Зэвсэгт хүчний анги, байгууллага, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллага, аудитын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон тооцоолох төвүүд байна.
3.3.5. Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхийг дээшлүүлж, зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн цэргийн итгэлцлийг бэхжүүлэх замаар Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, батлан хамгаалах чадавхийг дээшлүүлж, зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, дадлагад оролцуулахад дэмжлэг үзүүлж, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улс болон бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, улмаар улс орны аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хэлбэрийг өргөжүүлэх замаар тус тус хангагдана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Гадаад харилцааны яам (Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам), бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сангийн яам, элчин сайдын яамд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.
Текст томруулах
A
A
A