A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны

402 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт

 

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

 

Хөдөлмөрийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Хөдөлмөрийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг төлөвлөх, бодлогын удирдамж болон төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын хяналт, шалгалт, дотоод аудитын асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.

 

1.2. Үндэслэл

 

Хөтөлбөрийг боловсруулахдаа Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөрийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэс болгов.

 

1.3. Хууль тогтоомжийн орчин

 

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

 

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль; 
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль; 

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль;
-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль;
-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

 

1.4. Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүйг ашиглаж, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүд боловсруулсан туршлага, сургамжид үндэслэн оролцооны аргыг ашиглав.

 

1.5. Яамны үүрэг, хариуцлагын хуваарь

 

Яам нь хөдөлмөрийн болон ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөрийн талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газарт бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь хөдөлмөрийн салбарын бодлого, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, салбарыг зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ. Яам нь Засгийн газрын хөдөлмөрийн зөвлөхийн үүрэг хүлээнэ.

 

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

 

Хөдөлмөрийн яамны удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу үндсэн хэрэглэгч нь Хөдөлмөрийн сайд, Засгийн газрын танхим байна. Яамны үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь нэг талаас яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн холбогдох бусад байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, гадаад орны болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллага, нөгөө талаас иргэд байна.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэглээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
 

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд шуурхай хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын зөвлөгөө, зөвлөмжөөр хангахад оршино.

 

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

 

2.2.1. хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход салбар хоорондын зохицуулалт хийх;

 

2.2.2. цалин хөлс, хөдөлмөрийн харилцааны оновчтой тогтолцоо, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх;

 

2.2.3. хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний зохистой нөөцийг бий болгох, ажиллах хүчний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

 

2.2.4. хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын чанар, түвшинг дээшлүүлэх;

 

2.2.5. хөдөлмөрийн салбарын хүний нөөцийн чадавх, зохион байгуулалтыг сайжруулах замаар үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх.

 

2.3. Эрхэм зорилго

 

Хөдөлмөрийн яамны эрхэм зорилго нь хөдөлмөрлөх таатай орчин болон хөдөлмөрийн зах зээл дэх тэгш боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай, орлоготой болгоход оршино.

 

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

 

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.4.1. хөдөлмөрийн харилцааны бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;

 

2.4.2. салбарын санхүү, эдийн засгийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;

 

2.4.3. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

 

2.4.4. хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;

 

2.4.5. мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах;

 

2.4.6.  салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

 

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

 

Яам нь үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.1.1. хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах;

 

2.5.1.2. хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

 

2.5.1.3. цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж, ажил, амралтын горим, хөдөлмөрийн норм, нормативын бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.5.1.4. хөдөлмөрийн хэм хэмжээ, олон улсын конвенци, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

 

2.5.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах. 

 

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.2.1. хөдөлмөрийн салбарын бодлогыг нэгтгэн төлөвлөх, төсөв, сангийн бодлоготой уялдуулах;

 

2.5.2.2. салбарын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх;

 

2.5.2.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах;

 

2.5.2.4. төсвийг зарцуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах;

 

2.5.2.5. сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын тусгай санг удирдлага, зохицуулалтаар хангах.

 

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 2.4.3 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.3.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

 

2.5.3.2. аппаратад дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах;

 

2.5.3.3. хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоомж, шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, уялдаа холбоог хангах, аппаратад эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

 

2.5.3.4. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын санхүүжилттэй хөтөлбөр, төслийг уялдуулан зохицуулах.

 

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.4.1. хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсруулах, бодлогын дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөмжөөр хангах;

 

2.5.4.2. хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажиллах хүчний хөгжлийг хангах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах;

 

2.5.4.3. хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

 

2.5.4.4. ажил зуучлах болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг арга зүйн удирдлагаар хангах;

 

2.5.4.5. ажиллах хүч гадаадаас авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

 

2.5.4.6. хөдөлмөрийн хүрээний асуудлаар гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

 

2.5.4.7. хөдөлмөрийн талаар бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн гэрээ, хэлэлцээрт оруулах санал боловсруулж тусгуулах.

 

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.5.1. мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

 

2.5.5.2. мэргэжлийн сургалтын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах;

 

2.5.5.3. мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг удирдлага, зохицуулалтаар хангах.

 

2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 2.4.6 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.6.1. салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

 

2.5.6.2 салбарын хууль тогтоомж, төсөв, санхүүгийн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

 

2.5.6.3. статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

 

2.5.6.4. компьютер, тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх. 

 

2.6. Үйл ажиллагааны зорилт

 

Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг дэвшүүлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

 

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги загвар

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим

 

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримталсан:

 

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).

 

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдааг хангах, чадварлаг байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

 

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой илэрхийлэгдэж байх, тухайлбал, яамны бүтэц, нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

 

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

 

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах);

 

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яаманд ажиллагсад нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

 

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд бодитой, үр өгөөжтэй байх).

 

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараах байдлаар тогтоов:

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна: 

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна:

 

3.3.1. хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд хөдөлмөрийн харилцааны бодлогыг төлөвлөх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, нийгмийн зөвшлийн 3 талт харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж, ажил, амралтын горим, хөдөлмөрийн норм, нормативын бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хөдөлмөрийн хэм хэмжээ, олон улсын конвенци, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хөдөлмөрийн харилцааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нийгмийн түншлэлийн байгууллагууд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Сангийн яам байна.

 

3.3.2. санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд салбарын санхүү, эдийн засгийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хөдөлмөрийн салбарын бодлогыг нэгтгэн төлөвлөх, төсөв, сангийн бодлоготой уялдуулах, салбарын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, төсвийг зарцуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын тусгай санг удирдлага, зохицуулалтаар хангах, чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд сангийн зарцуулалтын нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг эрхлэх асуудлын хүрээний бодлого, шийдвэрийн хувилбар, төсвийн төсөл боловсруулах, төсвийг хуваарилах, үр ашигтай зарцуулах талаар цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээгээр хангах, салбарын бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогын удирдамж, санхүүгийн дэмжлэгээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд хэрэглэгч нь Засгийн газрын тусгай сангууд, яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Хууль зүйн яам байна.

 

3.3.3. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, аппаратад дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоомж, шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, уялдаа холбоог хангах, аппаратад эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын санхүүжилттэй хөтөлбөр, төслийг уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангах, хөдөлмөрийн салбар дахь уламжлалт харилцаатай гадаад орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, шинээр хамтын ажиллагаа өрнүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулж, зохицуулах, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргаж тайлагнах, албан хэрэг хөтлөх, бодлого, шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэхэд эрх зүй, хамтын ажиллагааны болон дотоод зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах, олон нийттэй нээлттэй харилцах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, гадаад орон, олон улсын байгууллага, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна.

 

3.3.4. хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хөдөлмөр эрхлэлтийн хэтийн болон ойрын бодлогыг боловсруулах, бодлогын дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөмжөөр хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажиллах хүчний хөгжлийг хангах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, ажил зуучлах болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг арга зүйн удирдлагаар хангах, ажиллах хүч гадаадаас авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн хүрээний асуудлаар гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн талаар бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн гэрээ, хэлэлцээрт оруулах санал боловсруулж тусгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих нэгж, ажиллах хүчний шилжих хөдөлгөөний нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэх талаарх бодлого, шийдвэр, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, санхүү, хүний болон бусад нөөцөөр дэмжих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам байна.

 

3.3.5. мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн сургалтын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, байгууллага, аж ахуйн нэгжийг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх бодлого, шийдвэр, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа сургалтын төв, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, санхүү, хүний болон бусад нөөцөөр дэмжих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, аж ахуй нэгжийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд, яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам байна.

 

3.3.6. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургаадугаар зорилтын хүрээнд салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

 

Энэ үндсэн үүргийн хүрээнд салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж өгөх, салбарын хууль тогтоомж, төсөв, санхүүгийн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, компьютер, тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээнд санхүүгийн хяналт шалгалт хийх, дотоод аудит явуулах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах, салбарын бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарц, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх бөгөөд ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг  эрхлэх газар, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж, салбарын бүх байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.