A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны

402 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт

 

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2016-9-7-ны өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд (цаашид "сайд" гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж болон төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлов.

 

1.2. Үндэслэл

 

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3. Хууль тогтоомжийн орчин

 

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

 

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай;

-Төсвийн тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Хөдөлмөрийн тухай хууль;

-Нийгмийн даатгалын тухай хууль;

-Нийгмийн халамжийн тухай хууль;

-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль;

-Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль;

-Хүний хөгжил сангийн тухай хууль;

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль;

-Гэр бүлийн тухай хууль;

-Бусад хууль тогтоомж.

 

1.4. Арга зүй

 

Хөтөлбөрийг боловсруулахдаа хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хуримтлагдсан туршлага, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж байсан туршлага, сургамжид тус тус тулгуурлан төрийн байгууллагын өөрчлөлтийн олон улсын нийтлэг жишиг, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлтийн арга зүйг ашиглав.

 

1.5. Яамны үүрэг, хариуцлагын хуваарь

 

Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх талаар үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь салбарын стратегийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын өргөн хүрээтэй асуудлыг ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, Засгийн газрын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.

 

Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий зураг

 

1.6. Стратегийн удирдлага, зохион байгуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны удирдлага, зохицуулалтын эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газар (танхим) байна. Яамны үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн холбогдох бусад байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, гадаад орны болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байна.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг тогтоож, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 


Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд, хөнгөн шуурхай хангаж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын асуудлаар бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.  

 

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

 

2.2.1. монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүн амын хөгжлийг хангах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

 

2.2.2. нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзан хүн амын бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах;

 

2.2.3. удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх.

 

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

Монгол Улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг  хэрэгжүүлж, иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлэн хүний хөгжлийг хангахад оршино.

 

2.3.1. Хэтийн зорилго. Амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн нийгмийн цогц бодлогод тулгуурлан монгол хүний хөгжлийг хангана.

 

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

 

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.4.1. хүн ам, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн үзэл баримтлал, цогц бодлого, стратегийг боловсруулан хүн амыг хөгжүүлж, нийгмийн баталгааг нь хангах, төсөв, эдийн засаг, санхүүгийн бодлогын удирдамжаар хангах;

 

2.4.2. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль, эрх зүй болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах;

 

2.4.3. хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

2.4.4. хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

 

2.4.5. хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, салбарын статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

 

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

 

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.1.1. хүн амын хөгжлийн урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хууль тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.5.1.2. нийгмийн хамгааллын салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

 

2.5.1.3. салбарын стратегийн төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зарцуулах, тайлагнах.  

 

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

 

2.5.2.2. хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилган хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сайд болон аппаратад шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон дотоод дэмжлэг үзүүлэх;

 

2.5.2.3. хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ салбарт бусад орнуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийг зохицуулах, дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллага, гадаад орноос хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг нэгтгэн зохицуулах.

 

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 2.4.3 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.3.1. хүн амын хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн нэгдмэл байдлыг хангах, хүн амын дотоод, гадаад шилжих хөдөлгөөний сөрөг үр дагаврыг багасгах, салбар дундын бодлогын  уялдааг зохицуулах;

 

2.5.3.2. хүн ам зүйн цонхны үе дэх хүн ам зүй, жендэр, гэр бүл, ахмад настны асуудлыг уялдуулан төлөвлөж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах;

 

2.5.3.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх;

 

2.5.3.4. хүн амын тодорхой бүлгүүдийн хувьд хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

 

2.5.3.5. хүүхэд, залуучуудын хөгжлийг хангах таатай орчныг бүрдүүлэхэд  чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах, энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах,  хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

 

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.4.1. нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах, даатгалын харилцааг “даатгуулагч” төвтэй болгон хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

 

2.5.4.2. тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, албан бус салбарт ажиллагчид болон малчдыг нийгмийн даатгалд хамруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, тэтгэврийн сангийн бие даасан байдлыг хангах  чиглэлээр тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх бодлогыг  хэрэгжүүлэх;  

 

2.5.4.3. нийгмийн халамжийн хавтгайрсан бодлогыг хязгаарлаж, халамж, асрамж зайлшгүй шаардлагатай хүн ам, зорилтот бүлгүүдэд чиглэсэн, олон улсын жишигт нийцсэн шинэ төрлийн тусламж, үйлчилгээг санаачлан стандартчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах,;

 

2.5.4.4. ядуурлаас ангижрахын тулд хүн өөрөө ажил, хөдөлмөр эрхлэх бүтээлч ухамсарыг иргэдэд төлөвшүүлэх салбар дундын бодлогын уялдааг зохицуулах.

 

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.5.1. хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн явцад дотоодын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх замаар оновчтой бодлого, стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

 

2.5.5.2. нийгмийн хамгааллын мэдээллийн сан, сангийн менежментийг хөгжүүлэх, хүн амын хөгжлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

 

2.5.5.3. хууль тогтоомжийн хэрэгжилт болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган зөвлөгөө, мэдээллээр хангах.

 

2.6. Үйл ажиллагааны зорилт

 

Яамны үйл ажиллагааны гол зорилтуудын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:


 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны

үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим

 

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

 

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

 

3.1.2. бүтэц энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

 

3.1.3. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх ажлын болон бусад агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

 

3.1.4. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

 

3.1.5. улс төржихгүй байх зарчим (яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн болон шашны аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

 

3.1.6. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

 

3.1.7. өндөр бүтээмжтэй багаар ажиллах зарчим (үйл ажиллагааны зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажилтнууд харилцан уялдаатай, бие биенээ дэмжин ажиллах)

 

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны үйл

ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:

 

Яамны үүрэг функцийн ерөнхий байдал

3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд хүн ам, нийгмийн хамгааллын цогц бодлого, стратегийг боловсруулан хүн амыг хөгжүүлж, нийгмийн баталгааг нь хангах, төсөв, эдийн засаг, санхүүгийн бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд хүн амын хөгжлийн урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах бодлогын удирдамжаар хангах, нийгмийн хамгааллын салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын стратегийн төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зарцуулах, тайлагнах чиг үүрэг хэрэгжүүлнэ.  Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

 

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, төсөв, санхүүгийн ил тод байдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд мэдээлэх замаар сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ нэгжийн гол түнш нь Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

 

3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль эрх зүй болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ салбарт бусад орнуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийг зохицуулах, дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллага, гадаад орноос хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг нэгтгэн зохицуулах, хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилган хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сайд болон аппаратад шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон дотоод дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

 

Энэ нэгж  нь яамны үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг гаргах, бичиг хэрэг, архивыг эрхлэх, сайдын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах, олон нийттэй харилцах, яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүй болон дотоод үйлчилгээ үзүүлэх, салбарын хууль тогтоомжийн төслийг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, мөрдөж байгаа хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах, бусад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагаа, хүний нөөцийг төлөвлөж, зохион байгуулах, давтан сургалт болон ажлын байранд сургалт явуулж, цомхон, чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

 

3.3.3. хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд хүн амын хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн нэгдмэл байдлыг хангах, хүн амын дотоод, гадаад шилжих хөдөлгөөний сөрөг үр дагаварыг багасгах салбар дундын бодлогын  уялдааг зохицуулах, хүн ам зүйн цонхны үе дэх хүн ам зүй, жендэр, гэр бүл, ахмад настны асуудлыг уялдуулан төлөвлөж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүн амын тодорхой бүлгүүдийн хувьд хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хүүхэд, залуучуудын хөгжлийг хангах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах, энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн нэгж, залуучуудын хөгжлийн нэгж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн нэгж ажиллана.

 

Энэ нэгж нь чиг үүгээ хэрэгжүүлэхдээ сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын чиг үүрэгтэй давхардалгүй, дотоод хэрэгт нь оролцохгүй ажиллана.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төвүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

 

3.3.4. нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах, даатгалын харилцааг “даатгуулагч” төвтэй болгон хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах, тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, албан бус салбарт ажиллагчид болон малчдыг нийгмийн даатгалд хамруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, тэтгэврийн сангийн бие даасан байдлыг хангах чиглэлээр тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн хавтгайрсан бодлогыг хязгаарлаж, халамж, асрамж зайлшгүй шаардлагатай хүн ам, зорилтот бүлгүүдэд чиглэсэн, олон улсын жишигт нийцсэн шинэ төрлийн тусламж, үйлчилгээг санаачлан стандартчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, ядуурлаас ангижрахын тулд хүн өөрөө ажил, хөдөлмөр эрхлэх бүтээлч ухамсрыг иргэдэд төлөвшүүлэх салбар дундын бодлогын уялдааг зохицуулах чиг үүрэг хүлээнэ.

 

Энэ нэгж нь нь чиг үүгээ хэрэгжүүлэхдээ сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын чиг үүрэгтэй давхардалгүй, дотоод хэрэгт нь оролцолгүй ажиллана.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь байгууллага, иргэд байна.

 

3.3.5. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, салбарын статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн явцад дотоодын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх замаар оновчтой бодлого, стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн хамгааллын мэдээллийн сан, сангийн менежментийг хөгжүүлэх, хүн амын хөгжлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж дүгнэлт, зөвлөмж гарган зөвлөгөө, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны болон төсвийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Үүнийг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнг үнэлж дүгнэн, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг дүгнэлт, зөвлөмжөөр хангаж, бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааг сайжруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төсөвт байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яамны ижил төстэй зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байна.