- Нүүр
- Сайдын тушаал
- ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛЛУУЛАХ, АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР НЬ УРАМШУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын
2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А-110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛЛУУЛАХ, АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР НЬ УРАМШУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Байгалийн ховор ба ховордсон, их хэмжээгээр ашигладаг нөөц баялгийг хамгаалах зорилгоор түүний тархац, нутгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцсан идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж болно.
1.3.Улсын тусгай хамгаалалттай нутагт ажиллах идэвхтэн байгаль хамгаалагчдын хариуцах нутаг дэвсгэрийн хэмжээг тухайн хамгаалалтын захиргааны дарга тогтооно.
Хоёр.Идэвхтэн байгаль хамгаалагчид тавигдах шаардлага
2.1.Идэвхтэн байгаль хамгаалагч дараахи шаардлагыг хангасан байна.
2.1.1.ял шийтгүүлж байгаагүй, 18 насанд хүрсэн байх;
2.1.2.бүрэн дундаас дээш боловсролтой;
2.1.3.тухайн нутгийн оршин суугч байх.
Гурав.Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулахаар гэрээ байгуулах
3.1.Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулахаар тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болгосон иргэний материалыг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж нь хянан энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан иргэнтэй гэрээ байгуулна.
3.2.Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулахаар тухайн тусгай хамгаалалттай нутгийн орчны зөвлөлөөс санал болгосон иргэний материалыг тухайн тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаа нь хянан энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан иргэнтэй гэрээ байгуулна.
3.3.Энэ журмын 3.1, 3.2-т заасан эрх бүхий этгээд идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулахаар санал болгосон иргэнтэй гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл байгаа бол тайлбарлаж, хариу мэдэгдсэн байна.
3.4.Идэвхтэн байгаль хамгаалагчид үнэмлэх, энгэрийн тэмдгийг гэрээ байгуулсан албан тушаалтан олгоно.
3.5.Идэвхтэн байгаль хамгаалагч нь гэрээний хугацаа дуусмагч идэвхтэн байгаль хамгаалагчийн энгэрийн тэмдэгийг буцаан өгнө.
3.6.Идэвхтэн байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор дараахь үйл ажиллагаа явуулна:
3.6.1.иргэдийн ан агнах, байгалийн нөөц баялгийг ашиглах зөвшөөрөл, төлбөр, хураамж төлсөн эсэхийг шалгаж, ашиглалт явуулах газар нутгийг зааж өгөх;
3.6.2.зохих зөвшөөрөлгүй буюу төлбөр, хураамжаа төлөөгүй иргэдийн ан агнах, байгалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг нь зогсоож, тухайн нутгаас гарч явахыг шаардах;
3.6.3.байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон үйлдэлд акт бичиж баримтжуулах;
3.6.4.байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон тухай мэдээллийг нэн даруй хүргүүлэх;
3.6.5.ой, хээрийн түймэр, үер, усны аюул зэрэг гамшиг тохиолдох үед тэр тухай мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай авах;
3.6.6.хариуцсан нутаг дэвсгэрийнхээ нөөц баялгийг иргэд ахуйн хэрэгцээндээ хэрэглэх тохиолдолд түүний газар нутаг, хил хязгаарыг зааж өгөх, зөвөлгөө өгөх;
3.6.7.хог хаягдлын нэгдсэн цэг тогтоолгох, зориулалтын газарт хаяж байгаа эсэхийг шалгах;
3.6.8.усны сан бүхий газрын онцгой, эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх;
3.7.Идэвхтэн байгаль хамгаалагч жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор тухайн жилд хийсэн ажлынхаа тайланг өөрийн томилсон албан тушаалтанд хүргүүлнэ.
Дөрөв.Идэвхтэн байгаль хамгаалагчийг урамшуулах
4.1.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж, Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаанаас идэвхтэн байгаль хамгаалагчийг ажлын үр дүнгээр нь шагнан урамшуулахдаа дараахи зарчмыг баримтална:
4.1.1.байгалийн нөөц баялгийг хууль бусаар бэлтгэсэн, агнасан, түүсэн тухай мэдээлсэн, илрүүлсэн, энэ журмын 3.6.8-д заасан зөрчлийг илрүүлж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажилласан бол идэвхтэн байгаль хамгаалагчийг тухайн зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн 15 хувиар тус тус шагнаж урамшуулна.
4.2.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж, Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргааны дарга нар идэвхтэн байгаль хамгаалагчийн ажлыг жил тутам дараах үзүүлэлтээр дүгнэнэ:
4.2.1.илрүүлсэн хэрэг зөрчлийн тоо;
4.2.2.байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн бууралт;
4.2.3.мэдээлэл өгч арга хэмжээ авахуулсан хэрэг зөрчлийн тоо, хэмжээ.
4.3.Энэ журмын 4.2-т заасан үзүүлэлтээр хамгийн өндөр амжилт гаргасан 5 байгаль хамгаалагчийг жил тутам шалгаруулж байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний нэрэмжит шагналаар шагнана.
4.4.Байгалийн нөөц баялгийг хууль бусаар бэлтгэсэн, түүсэн, агнасны улмаас учирсан хохиролд тавигдсан нөхөн төлбөрөөс байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийн 15 хүртэл хувиар тухайн зөрчлийг илрүүлэн, нөхөн төлбөрийг барагдуулахад идэвхи зүтгэл гарган ажилласан идэвхтэн байгаль хамгаалагчийг урамшуулна.
4.5.Сум, дүүргийн Засаг дарга өндөр амжилт гаргасан 1, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгжийн дарга 3 хүртэл идэвхтэн байгаль хамгаалагчийг жил тутам шалгаруулан нэрэмжит шагналаар шагнаж байна.
4.6.Идэвхтэн байгаль хамгаалагчийг унаа, бие хамгаалах болон холбооны хэрэгслээр хангах үүргийг сум, дүүргийн Засаг дарга, тухайн тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргааны дарга хариуцан хэрэгжүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A