A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дүгээр тушаалын хавсралт

 

 

УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь улс хоорондын шуудангийн илгээмж (цаашид “илгээмж” гэх)-ийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх үйл ажиллагаанд хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зарчмыг баримтална.

1.3.Илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд Дэлхийн Шуудан Холбооны конвенц, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц, Шуудангийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 30 дугаар тушаалаар баталсан Шуудангийн үйлчилгээ үзүүлэх дүрэм, энэхүү журмыг мөрдөж ажиллана.

1.4.Гаалийн байгууллага нь эрсдэл тооцох системд тулгуурлан түргэвчилсэн байдлаар илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийнэ.

1.5.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтныг байлцуулан хилийн чанадаас ирсэн илгээмжид гаалийн хяналт, шалгалт хийнэ.

1.6.Гаалийн байгууллага буухиа шууданг Дэлхийн шуудан холбооны конвенци, Шуудангийн тухай хуулийн дагуу эхний ээлжинд гаалийн үзлэг, шалгалтад хамруулна.

Хоёр. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх илгээмж

2.1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө.

2.1.1.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж.

2.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.24-т заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

2.2.1.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж.

Гурав. Илгээмжид гаалийн хяналт хийх

3.1.Илгээмжийг хилийн чанадаас ирэхэд улсын хилээр орсон үеэс, хилийн чанадад илгээхэд гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн хяналтын бүсэд орсон үеэс гаалийн байгууллага хяналтад авна.

3.2.Гаалийн байгууллага илгээмжийн богцны шошгон дээрх мэдээлэл, гадуур дагалдах маягт (Монгол Улсын стандарт “Шуудангийн хэрэглэгдэхүүн” 2 дугаар хэсэг, MNS 5380-2:2004), ачааны манифест зэ‎ргийг хооронд нь тулган шалгаж, тээврийн баримтанд “гаалийн хяналтад байгаа” гэсэн тэмдэг дарж, дээрх маягт болон ачааны манифестийн нэг хувийг авч үлдэн, бусад хувийг холбогдох гүний гаалийн байгууллагад илгээмжийн хамт шилжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хилийн гаалийн байгууллага хяналт, шалгалт болон бүрдүүлэлтийн ажиллагааг гүйцэтгэж болно.

3.3.Гаалийн байгууллага хяналтад орсон илгээмжийн гадуур, дотуур дагалдах маягт болон бусад бичиг баримтыг үндэслэн битүүмжлэлийг шалгаж, баглаа, боодлыг задлан, гаалийн автоматжуулалтын системийн “Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүртгэл”-д бүртгэнэ.

3.4.Илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхэд рентген, металл илрүүлэгч, эрэлч нохой, наркотест ашиглаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд илгээмжид эрх бүхий байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.

3.5.Гаалийн хилээр нэвтрүүлэх илгээмжид тарифын болон тарифын бус хязгаарлалттай бараа байхгүйг баттай тогтоосон тохиолдолд дор дурдсан төрлийн илгээмжид шалгалт хийхгүй.

3.5.1.хувийн ил болон битүүмжилсэн захидал;

3.5.2.хараагүй хүмүүст зориулсан ном зохиол.

3.6.Илгээмжид шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан энэ журмын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу илгээ‎‎мжид гаалийн шалгалт хийсэ‎н тухай тэмдэглэл үйлдэж, гаалийн болон шуудангийн байгууллагын ажилтан гарын үс‎эг зурж баталгаажуулах бөгөөд задалсан илгээмжийг гаалийн таних тэмдэг бүхий наалт, туузан наалтаар битүүмжлэн, гаалийн байцаагчийн тэмдэг дарна.

3.7.Илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах, эсхүл хилийн чанадад илгээх хүртэлх хугацаанд тэдгээрийг шуудангийн үйлчилгээний стандартын дагуу битүүмжилсэн хэлбэрээр гаалийн хяналтын төвлөрсөн буюу тухайн шуудангийн байгууллагын зарлуулсан гаалийн хяналтын бүсэд хадгална.

3.8.Илгээмжийг гаалийн хяналтан дор тээвэрлэхэд гаалийн байгууллага тээврийн хэрэгсэл, эсхүл богцонд гаалийн тэмдэглэгээ хийх бөгөөд боломжтой гэж үзсэн тохиолдолд илгээгч буюу дамжуулан өнгөрүүлсэн орны гаалийн байгууллагын тэмдэглэгээг ашиглаж болно.

3.9.Дэлхийн шуудан холбооны конвенци, түүний хавсралтууд, Шуудангийн тухай хуулийн 24.1-д заасан болон бусад хууль тогтоомжоор хориглосон барааг илгээмжээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

3.10.Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр илгээмжийг гадаадад илгээх, гадаадаас ирсэн илгээмжийг задлах, баглаа боодлыг өөрчлөх, хүлээн авагчид олгохыг шуудангийн байгууллагад хориглоно.

3.11.Гаалийн байгууллага байхгүй аймаг, сум, дүүргийн шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан гадаадад илгээх болон хүлээн авагчид нь олгох илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлтийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт шуудангийн байгууллагын ажилтныг байлцуулан гаалийн байгууллага хийнэ.

3.12.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх илгээмжид гаалийн байгууллага хяналт тавина.

3.13.Илгээмжийг гаалийн хяналтан дор тээвэрлэхдээ шуудан илгээмжийн байгууллагын тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй тохиолдолд гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчээр тээвэрлүүлнэ.

Дөрөв. Илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх

4.1.Илгээмжийг илгээгч, хүлээн авагч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд илгээмжээр илгээхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараанд холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна.

4.2.“Эдийн тодорхойлолтын маягт” (CN22, CN23, CP72 г.м.) болон дагалдах бусад бичиг баримтад тухайн илгээмжтэй холбоотой, гаалийн байгууллагад шаардлагатай мэдээлэл бүрэ‎н багтсан бол тэдгээрийг дор дурдсанаас бусад тохиолдолд гаалийн мэдүүлэг гэж үзнэ:

4.2.1.аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100.0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа; 

4.2.2.шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ‎‎, геологи, байгаль, амьтан судлал, палентологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа; 

4.2.3.Монгол Улсын хилээ‎‎р нэ‎втрүүл‎эхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа; 

4.2.4.экспортын татвартай бараа; 

4.2.5.барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа.

4.3.Энэхүү журмын 4.2.1-4.2.5-д заасан бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.

4.4.Шуудангийн байгууллагаас гаалийн байгууллагад цахим хэлбэрээр урьдчилан ирүүлсэн илгээмжийн мэдээллийг үндэслэн гаалийн урьдчилсан бүрдүүлэлтийг хийж болно.

4.5.Гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх зорилгоор илгээмжийг задлах, боох, савлах, жигнэх, хадгалах, илгээгчээс нь хүлээн авах, хүлээн авагчид нь гардуулах үүргийг шуудангийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

4.6.Энэ журмын 4.2.1-д заасан дүнгээс илүүгүй үнэ бүхий загварын бараа, танилцуулга, сурталчилгааны зориулалттай буюу мэдээллийн шинж чанартай ном, сэтгүүл, хуурцаг, бусад зүйлс болон хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнээс илүүгүй ижил төрлийн хоёроос илүү үнэ бүхий бараанд “Гаалийн бүрдүүлэлтийн хуудас” (Маягт 2)-аар гаалийн бүрдүүлэлт хийнэ.

4.7.Гаалийн байгууллага байхгүй аймаг, сум, дүүргийн шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан хилийн чанадад илгээх илгээмжид тухайн шуудангийн салбарын эрхлэгч шалгалт хийж, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт хүргүүлнэ.

4.8.Хүлээн авагчид хаягаар нь гардуулах, эсхүл гаалийн байгууллага байхгүй аймаг, сум, дүүргийн шуудангийн үйлчилгээний салбарт хүргэх илгээмжид шуудангийн байгууллагын ажилтныг байлцуулан гаалийн улсын байцаагч биет шалгалт хийсэн тохиолдолд холбогдох албан татвар, хураамжийг ногдуулан, энэ журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу нэхэмжлэх хуудас, тэмдэглэл бичиж, шуудангийн ажилтанд хүлээлгэж өгнө.

4.9.Гаалийн байгууллага байхгүй аймаг, сум, дүүргийн шуудангийн үйлчилгээний салбарын эрхлэгч илгээмжийг хүлээн авагчид олгох үед гаалийн байгууллагын ногдуулсан албан татвар, хураамжийг төлүүлж (гаалийн байгууллагын татварын харилцах дансанд тушаана), тайланг энэ журмын 3 дугаар хавсралтад заасан маягтын дагуу сар бүрийн 25-ны өдрийн дотор Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар дахь гаалийн байгууллагад хүргүүлнэ.

Тав. Илгээмжийг илгээгчид нь буцаах

5.1.Шуудангийн байгууллага дараах тохиолдолд илгээмжийг илгээгчид буцаана:

5.1.1.гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй; 

5.1.2.илгээгч буюу хүлээн авагч нь гаалийн байгууллагаас ногдуулсан татвар, хураамжийг төлөхөөс татгалзсан; 

5.1.3.хүлээн авагчийн хаяг тодорхойгүй.

Зургаа. Илгээмжийг олгох

6.1.Гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан зохион байгуулна.