A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХИЙН БҮСЭД ОЛГОСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979


Засгийн газрын 2015 оны 120 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ГОЛ,  МӨРНИЙ   УРСАЦ   БҮРЭЛДЭХ  ЭХИЙН   БҮСЭД   ОЛГОСОН
ТУСГАЙ  ЗӨВШӨӨРЛИЙГ  ЦУЦЛАХ,  УСНЫ  САН  БҮХИЙ  ГАЗРЫН
ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН,
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙД ХОЛБОГДОХ АРГА
ХЭМЖЭЭ АВАХ, НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбай (цаашид “хориглосон талбай” гэх)-д холбогдох арга хэмжээ авах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийлгэх үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

Хоёр. Өргөдөл гаргах, хилийн заагийг тогтоох

2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны      2 дугаар сарын 18-ны өдрийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш 3 (гурван) сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана.

2.2. Хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хориглосон талбайн хилийн зааг түүний эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлөөр олгосон талбайтай хэрхэн давхцаж байгаа талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар тодорхойлолт гаргуулж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох ажлыг зохион байгуулах бөгөөд уг асуудлаар комисс байгуулан ажиллуулна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тогтоосон хилийн заагийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд энэхүү комисст хандан хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

2.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох ажлыг зохион байгуулж, уг асуудлаар комисс байгуулан ажиллуулна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тогтоосон хилийн заагийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд энэхүү комисст хандан хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хориглосон талбайн хилийн зааг тогтоосон тодорхойлолтыг үндэслэн сумын Засаг дарга Усны тухай хуулийн 13.1.6-д заасны дагуу хилийн заагийг тэмдэгжүүлнэ./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор нэмсэн/

2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасч солбицолд өөрчлөлт оруулна.

2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран өөрсдийн мэдээллийн санд тулгуурлан тогтооно./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.7. Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй бол геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасч, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулна./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.8. Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.9. Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг мөрдөж ажиллах бөгөөд хууль тогтоомж зөрчсөний улмаас учирсан хохирлыг зохих журмын дагуу арилгана.

2.10. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүстэй давхцалтай талбайн хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу цуцална.

Гурав. Гэрээ байгуулах

3.1. Энэ журмын 2.8-д заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргасан тохиолдолд түүнтэй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2-т заасны дагуу гэрээ байгуулна.

3.2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэрээний төслийг гэрээнд оролцогч талуудад хүргүүлнэ. Гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй тохиолдолд тухайн этгээд үндэслэл бүхий саналаа гэрээний төслийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.

3.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ журмын хүрээнд талбайгаа бүхэлд нь болон хэсэгчлэн буцаан өгсөн, эсхүл давхцал бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайд гэрээ байгуулсан этгээд талбайг бусдад хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлсэн тохиолдолд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд шилжүүлэн авсан этгээдтэй  гэрээг шинэчлэн байгуулна./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

3.4. Далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт олборлолт явуулж болно./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
 

3.5. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 2.1-д заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй эсхүл    3.1-д заасан гэрээг байгуулаагүй тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу цуцална.

Дөрөв. Хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаа
явуулах, нөхөн сэргээлт хийх

4.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг нийтэд мэдээлэх болон хүсэлт, өргөдөл хүлээн авах, талбайн солбицолд өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах бөгөөд тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу хүлээн авна.

4.2. Гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техник, эдийн засгийн үндэслэлд олборлохоор тусгагдсан нөөцөд өөрчлөлт орохооргүй тохиолдолд уулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн дагуу батлуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлэх эрх нээгдэнэ./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 35.4-т заасны дагуу уурхайг хүлээн авах Улсын комиссыг ажиллуулна./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчинд учруулсан хохирол, ойн нөөцөд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлын тооцоог мэргэжлийн байгууллагаар хийлгэх, баталгаажуулах ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

4.5. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өмнө эвдрэлд орсон болон тухайн жилд эвдрэлд орох талбайн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлыг тооцуулан 100 хувь тусгай дансанд урьдчилан байршуулна. Нөхөн сэргээлтийн ажлыг жил бүр орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг холбогдох журмын дагуу буцаан авах хүсэлт гаргаж болно.

4.6. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, тайланг хүлээн авна.

4.7. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох журам, гэрээний хэрэгжилтэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллах бөгөөд хяналт шалгалтын ажлын тайлан, дүгнэлтийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр шуурхай хүргүүлнэ.

4.8. Тухайн аймгийн Засаг дарга нь нөхөн сэргээсэн газрыг хүлээн авах ажлыг аймгийн Байгаль орчны газар болон Усны сав газрын захиргаатай хамтран зохион байгуулж, жил бүр мэдээлнэ.

4.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худаг, өвөлжөө, бусад барилга байгууламж, түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан тохиолдолд хохирлыг тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчид нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байршуулах зардлыг хариуцна.

4.10. Энэхүү журмын 2.2, 2.4, 4.3, 4.4-т заасан ажлыг гүйцэтгүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.11. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 дугаар эрэмбээс дээших эрэмбийн гол, мөрний голдрилд явуулж байгаа олборлолтын  үйл ажиллагаанд энэ журмын 2.2-2.9 дэх заалт хамаарахгүй./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор нэмсэн/

Тав. Хариуцлага тооцох

5.1. Энэ журмын 2.2, 2.6-д заасныг буруу тогтоосон, энэхүү журмын 2.2-т заасан хилийн заагийг  тогтоосноос хойш 2.4-т заасан хилийг тэмдэгжүүлээгүй болон 2.7, 2.8-д заасан өөрчлөлтийг нэг сарын дотор хийгээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага ногдуулна./ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

5.2. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.1-д заасан гэрээний биелэлтэд хяналт тавих явцад илэрсэн алдаа, дутагдалтай холбогдуулан авсан арга хэмжээ (шийтгэвэр, албан шаардлага, акт, дүгнэлт)-ний талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр шуурхай мэдэгдэнэ.

 

-------о0о------