- Нүүр
- Сайдын тушаал
- БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ДЭЭЖ АВАХ, ТҮҮНИЙГ ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ
Mонгол Улсын Шадар сайдын 2011 оны
19 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ДЭЭЖ АВАХ, ТҮҮНИЙГ ХАДГАЛАХ,
ТЭЭВЭРЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэх, дээжийн үнэ төлөх болон шинжилгээний төлбөр гаргуулах эдгээртэй холбогдон мэргэжлийн хяналтын байгууллага, шалгуулагч этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2.Энэ журам хилийн мэргэжлийн хяналт шалгалтад хамаарахгүй.
Хоёр.Нэр томъёоны тодорхойлолт
2.1.“Дээж” гэж хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдээлэл авах, шийдвэр гаргах зорилгоор авсан нэгжийн бүрдэлийг;
2.2.“Дээж авах” гэж бүтээгдэхүүнээс тодорхой хэсгийг нэгж, тоо, хэмжээ болгон сонгон авахыг;
2.3.“Дээжийн хэмжээ” гэж тухайн сонгон авсан бүтээгдэхүүнийг бүрэн төлөөлж чадах, шаардлага гарсан тохиолдолд шинжилгээг давтан хийхэд хүрэлцэхүйц хэмжээг;
2.4.“Хадгалж байгаа дээж” гэж лабораторийн дотоод хяналт болон сорилтын дүнг баталгаажуулах зорилгоор лабораторит байгаа;
Гурав.Бүтээгдэхүүнээс дээж авах
3.1.Төлөвлөгөөт хяналт шалгалт болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр дээж авч болно.
3.2.Халдварт өвчин болон хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт, хүний амь нас эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл үүссэн зэрэг төлөвлөгөөт бус хяналт шалгалт, түүнчлэн гүйцэтгэлийн шалгалтаар дээж авна.
3.3.Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны газарт үйлдвэрлэж, хадгалж, борлуулж байгаа бүтээгдэхүүнээс дээж, арчдасын шинжилгээг холбогдох стандарт, батлагдсан заавар (аргачлал)-ын дагуу авна.
3.4.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын байцаагч акт үйлдэнэ.
3.5.Бүтээгдэхүүнээс дээж авах актыг гурван хувь үйлдэж, шалгуулагч этгээдээр актад гарын үсэг зурж баталгаажуулан, шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид өгч, үлдэх хувийг шалгалтын материалд хавсаргана. Бүтээгдэхүүнээс дээж авах актад хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн индекс, хувийн дугаар, хувийн бүртгэлийн дугаарыг бичнэ.
3.6.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад тухайн шалгуулагч этгээд ирээгүй тохиолдолд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан дээжийг авах актад гарын үсэг зурж баталгаажуулна.
3.7.Шалгуулагч этгээд дээж авах явцтай холбогдуулан мэргэжлийн хяналтын дээд шатны байгууллага, албан тушаалтанд ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
3.8.Улсын байцаагч шинжилгээнд авсан дээжийн ариун чанар, бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг баримтална.
3.9.Улсын байцаагч дээжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр лабораторид хүргэхдээ дээж өгсөн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн, лаборатори тус бүрт 1 хувийг дээжийн хамт хүлээлгэж өгнө. Бүтээгдэхүүний эрсдэл, тухайн бүтээгдэхүүний онцлог, шинж чанараас хамаарч дээж өгөх лаборатори (нян судлал, хими гэх мэт) болон шинжлэх үзүүлэлтийг улсын байцаагч сонгоно. Шалгуулагч этгээд хүсвэл дээжийг лабораторид хүргэхэд байлцаж болно.
3.10.Улсын байцаагч дээжийг лабораторит хүлээлгэн өгөхөд тухайн лаборатори дээжийг шаардлага хангасан нөхцөлд хадгална. Шалгуулагч этгээдийн хүсэлтээр дээж хадгалалтын нөхцөлийн талаарх мэдээллийг лаборатори гаргаж өгнө.
3.11.Бүтээгдэхүүнээс дээж авснаар шалгуулагч этгээдийн үйлдвэрлэлийн горимын хэвийн үйл ажиллагаа алдагдах тохиолдолд түүнийг шинжилсний дараа дээжийг буцаан олгоно. Дээжийг буцаан олгохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:
1/шалгуулагч этгээд үйлдвэрлэлийн горимын хэвийн үйл ажиллагаа алдагдах талаар үндэслэл бүхий баримтын хамт, дээжийг буцаан авах тухай хүсэлтийг гаргана.
2/улсын байцаагч шалгуулагч этгээдийн хүсэлтийг үндэслэн буцаан олгох талаар энэ журмын 3.9-д заасан тэмдэглэлд бичнэ.
3/лаборатори тэмдэглэлийг үндэслэн бүтээгдэхүүний дээжийг шинжилсэний дараа улсын байцаагчид дээжийг буцаан олгоно. Дээжийг буцаан олгоогүй тохиолдолд сорилтын дүнг тайлбарын хамт улсын байцаагчид өгнө.
4/улсын байцаагч дүгнэлтийг дээжийн хамт эсвэл дүгнэлтийг тайлбарын хамт шалгуулагч этгээдэд өгнө.
3.12.Их хэмжээгээр савлагдсан бүтээгдэхүүнээс дээжийг таслан авахад ариун чанар болон шинж чанар алдагдахаар бол дээжийн үлдэгдлийг шалгуулагч этгээдэд буцаан олгох талаар энэ журмын 3.9-д заасан тэмдэглэлд бичиж лабораторид хүргэнэ.
Тэмдэглэлийг үндэслэн дээжийн үлдэгдлийг шалгуулагч этгээдэд лаборатори хүлээлгэн өгнө.
3.13.Лабораторийн дотоод хяналт болон сорилтын дүнг баталгаажуулах зорилгоор лабораторит хадгалж байгаа дээжийг шинжлүүлж болно.
3.14.Энэ журмын 3.13-д заасны дагуу шинжилгээ хийсэн дээж нь стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй тухай улсын байцаагчийн үйлдсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шалгуулагч этгээдийн хүсэлтээр улсын байцаагч давтан дээжийг авч шинжлүүлнэ.
3.15.Давтан дээжийн шинжилгээний дүнг шалгуулагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.
Дөрөв. Бүтээгдэхүүний дээжийг хадгалах, тээвэрлэх
4.1.Шинжилгээнд авсан бүтээгдэхүүний дээжийг хадгалах сав, баглаа боодол нь дээжийн шинж чанарт нөлөөлөл үзүүлэхгүй материалаар хийгдсэн, зориулалтын болон эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.
4.2.Дээжийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь холбогдох стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.
4.3.Түргэн гэмтэх, хадгалалтын онцгой нөхцөл шаардагдах бүтээгдэхүүний дээжийг зөөвөрлөх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй бол термометр бүхий мөстэй сав, зөөврийн хөргөгчийг ашиглана.
4.4.Дээжийг авснаас хойш 6 цагийн дотор лабораторид хүргэнэ. Дээжийг тогтоосон хугацаанд хүргэх боломжгүй тохиолдолд лабораторит урьдчилан мэдэгдэж, хадгалалтын үеийн горимыг баримтлан 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр хүргэнэ.
4.5.Гомдлын дагуу болон хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт, халдварт өвчин гарсан тохиолдолд дээжийг яаралтай авч лабораторид хүргүүлнэ.
4.6.Хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчснөөс дээжийн шинж чанар алдагдсан бол лаборатори дээжийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
Тав.Дээжийн үнэ болон шинжилгээний төлбөр
5.1.Шинжилгээнд авсан дээжийн үнийг төлөх
5.1.1.хяналт шалгалтын явцад шинжилгээний зориулалтаар авсан дээжийн үнийг шинжилгээний дүнг харгалзан санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалаар тогтоосон үнийг баримтлан төлнө.
5.1.2.шинжилгээнд авсан дээжийн хадгалалт, тээвэрлэлт, температурын горимыг баримтлаагүйгээс ариун чанар, бүрэн бүтэн байдал, дээжийн аюулгүй байдал алдагдаж гэмтсэнээс шинжлэх боломжгүй болсон бол буруутай албан тушаалтан бүтээгдэхүүний дээжийн үнийг төлнө.
5.2.Дараах тохиолдолд шинжилгээнд авсан дээжийн үнийг төлөхгүй
5.2.1.улсын байцаагчийн дүгнэлтээр стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний дээж;
5.2.2.халдварт өвчин болон хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийн үед авсан бүтээгдэхүүний дээж;
5.2.3.сорилтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд давтан шинжилгээ хийх дээж;
5.2.4.хуульд өөрөөр заагаагүй бол бусад тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллага хариуцна.
5.3.Дараах тохиолдолд шалгуулагч этгээдээс шинжилгээний төлбөрийг гаргуулна.
5.3.1.байцаагчийн дүгнэлтээр дээж нь стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй;
5.3.2.шалгуулагч этгээдийн хүсэлтээр давтан шинжилгээ хийлгэсэн;
5.3.3.халдварт өвчин болон хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийн үед;
5.3.4.хуульд өөрөөр заагаагүй бол бусад тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллага хариуцна.
Зургаа.Төлбөр тооцоо хийх
6.1.Дээжийн үнийг шинжилгээний дүнг харгалзан шилжүүлнэ.
6.2.Улсын байцаагч шинжилгээнд авсан дээжийн мэдээ (хавсралт 3)-г гаргаж, нэгдсэн төв лаборатори болон орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүд сар бүрийн 20-ны дотор гаргаж өгнө.
6.3.Хэрэв харьяаллын бус лабораторид шинжлүүлсэн дээж нь улсын байцаагчийн дүгнэлтээр стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангавал 6.2-т заасан мэдээг байгууллагынхаа санхүүд өгнө.
6.4.Дээжийн үнийг төлөхдөө Мэргэжлийн хяналтын байгууллага болон лабораторийн санхүү дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
6.4.1.удирдамж, бүтээгдэхүүнээс дээж авах акт, лабораторид дээж өгсөн тэмдэглэл, байцаагчийн дүгнэлт зэргийг нягтлан үзэх;
6.4.2.шалгуулагч этгээдийн нэр дээж авах акт, нэхэмжлэлд байгаа нэртэй тохирч буй эсэх;
6.4.3.санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үнийн аргачлалын дагуу дээжийн үнийг тооцсон эсэх;
6.5.Санхүүгийн ажилтан лабораторийн дээж хүлээн авагчийн тайланд тусгасан үнийн тооцоог сар бүрийн эцэст нэгтгэн, 6.4-д заасан арга хэмжээг хэрэгжүүлсний дараа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дансанд нэхэмжлэхийг үндэслэн зөвхөн төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлнэ.
6.6.Шалгуулагч этгээд улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн авсны дараа дээжийн үнийн нэхэмжлэлийг нэгдсэн төв лаборатори болон орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүд өгнө.
6.7.Улсын байцаагчийн дүгнэлтээр дээж нь стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй нь тогтоогдвол, дүгнэлтийг шалгуулагч этгээдэд шинжилгээний төлбөрийг барагдуулсны дараа өгнө.
6.8.Энэ журмын 3.14-д заасны дагуу төлбөрийг урьдчилан барагдуулсны дараа давтан шинжилгээг хийнэ.
Долоо.Хүлээлгэх хариуцлага
7.1.Энэхүү журмыг зөрчсөн ажилтан, албан тушаалтанд тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авна.
Текст томруулах
A
A
A