A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАТАЛГААНЫ ТУСГАЙ ДАНСНЫ ГҮЙЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын

2014 оны А-04 дүгээр тушаалын хавсралт

 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН

СЭРГЭЭЛТИЙН БАТАЛГААНЫ ТУСГАЙ ДАНСНЫ

ГҮЙЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Энэхүү журмаар төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг байршуулах төрийн сангийн тусгай дансны (цаашид “тусгай данс” гэх) орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавихтай холбогдсон бусад харилцааг зохицуулна.

1.2.Бүх төрлийн ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулна.

1.3.Журмын 1.2-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг тухайн төсөл хэрэгжих сум, дүүргийн нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулна.

ХОЁР.ТУСГАЙ ДАНСНЫ ОРЛОГЫН БҮРДҮҮЛЭЛТ

2.1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9, 9.10, “Ашигт малтмалын тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д заасны дагуу төвлөрүүлнэ.

2.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний зардлыг гадаад валютаар тооцож, төлөвлөсөн тохиолдолд баталгааны мөнгөн хөрөнгийг Монгол Банкны тухайн өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлэн тооцож, тусгай дансанд байршуулна.

2.3.Тусгай дансанд байршуулах баталгааны мөнгөн хөрөнгийг дараах хувь хэмжээгээр тогтооно:

2.3.1.бүх төрлийн ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагаар батлуулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9.10-д заасан хувь хэмжээгээр;

2.3.2.ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг “Ашигт малтмалын тухай” хуулийн 38.1.8-д заасан хувь хэмжээгээр;

2.2.3.газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайн жилийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9.10-д заасан хувь хэмжээгээр;

2.3.4.энэхүү журмын 2.3.1, 2.3.2, 2.2.3-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайн жилийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9.9-д заасан хувь хэмжээгээр;

2.3.5.баталгааны мөнгөн хөрөнгийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд тусгай дансанд байршуулаагүй бол хоног тутамд 0.01 хувийн алданги тооцно.

ГУРАВ.ТУСГАЙ ДАНСНЫ ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ

3.1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн бүх төрлийн ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх төсөл хэрэгжүүлэгчид тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлийг харгалзан буцаан олгоно.

3.2.Дээрхээс бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгчид тусгай дансанд байршуулсан хөрөнгийг тухайн жилийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлийг харгалзан буцаан олгоно.

3.3.Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлээгүй буюу бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 39.3-ыг үндэслэн байгаль орчны асуудал харицсан төрийн захиргааны төв байгуууллага зохих шатны Засаг дарга, Байгаль орчны газартай хамтран нөхөн сэргээлтийн ажлыг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчээс үл маргах журмаар гаргуулна.

3.4.Энэхүү журмын 3.3 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн үед мэргэжлийн байгууллагуудын дунд тендер зарлаж, нөхөн сэргээлтийн ажлын Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг орон нутгийн эрх бүхий байгууллага хуулийн дагуу зохион байгуулна.

3.5.Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх тохиолдолд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил бүрэн хийгдээгүй бол тусгай дансанд байршуулсан баталгааны мөнгөн хөрөнгийг буцаан олгохгүй бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүргийг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээд бүрэн хүлээнэ.

ДӨРӨВ.ТУСГАЙ ДАНСНЫ ГҮЙЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ

4.1.Сум, дүүргийн Төрийн сангийн тусгай дансанд байршуулсан баталгааны мөнгөн хөрөнгийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтын жилийн тайланг тухайн сум, дүүргийн төрийн сангийн төлөөлөгч жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, 12 дугаар сарын 20-ны дотор Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.2.Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тусгай дансанд байршуулсан баталгааны мөнгөн хөрөнгийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтын жилийн тайланг санхүүгийн асуудал хариуцсан нэгж тухайн оны 12 дугаар сард багтаан гаргана.

4.3.Төсөл хэрэгжүүлэгч нь баталгааны мөнгөн хөрөнгийг тусгай дансанд байршуулсныг нотлох санхүүгийн баримтын хуулбарыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан ёсоор хүргүүлнэ.

4.4.Тусгай дансанд байршуулах баталгааны мөнгөн хөрөнгийн хэмжээг цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй байлгаж, уг хөрөнгө нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажилд хүрэлцээтэй эсэх болон түүнийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавина.

ТАВ.БУСАД АСУУДАЛ

5.1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан олгохдоо энэ журмын хавсралтад заасан хяналтын хуудсыг баримтлана.

5.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, нөхөн сэргээсэн газрыг хүлээн авах Комиссын дүгнэлт, байгаль орчны хуваарьт аудитын тайлан, төсөл хэрэгжиж буй аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын болон Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн баталгааны мөнгөн хөрөнгийн зохих хувийг төсөл хэрэгжүүлэгчид буцаан олгох эсэх асуудлыг төрийн захиргааны төв байгууллага эсвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар шийдвэрлэнэ.

5.3.Байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлтийн талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн төсөл хэрэгжүүлэгчид баталгааны мөнгөн хөрөнгийн зохих хувийг буцаан олгоход энэхүү журамд тусгасан хяналтын хуудсыг ашиглана.

5.4.Тусгай дансанд байршуулсан баталгааны мөнгөн хөрөнгө нь төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

5.5.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг энэхүү журамд зааснаас бусад зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.

5.6.Энэхүү журмыг зөрчсөн Төрийн сангийн болон төсвийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд “Төсвийн тухай” болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Журмын хавсралт

 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН

БАТАЛГААНЫ ТУСГАЙ ДАНСАНД БАЙРШУУЛСАН

МӨНГӨН ХӨРӨНГИЙГ БУЦААН ОЛГОХ

ХЯНАЛТЫН ХУУДАС

 

20 ... оны ... сарын ..-ний өдөр

 

Баталгааны мөнгөн хөрөнгийг буцаан олгосон тухай мэдээлэл:

Баталгааны мөнгөн хөрөнгийн зохих хувийг олгохоор шийдвэрлэсэн байгууллагын нэр:

Төсөл хэрэгжүүлэгчээс хүлээн авах материалын жагсаалт: /Материалын бүрдлийг хянаж, харгалзах нүдэнд “+” эсвэл “-” гэсэн тэмдэглэл хийнэ/

Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага

1.БОМТ-ний хэрэгжилтийн тайлан

2.БОМТ-ний хэрэгжилтийн тайланд үнэлэлт өгсөн Комиссын дүгнэлт

3.Байгаль орчны хуваарьт аудитын тайлан

Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар

4.Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт

5.Байгаль орчны газрын дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/

Төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн бичиг баримтыг хянасан хүний албан тушаал:

Овог, нэр, гарын үсэг:

Баталгааны мөнгөн хөрөнгөөс буцаан олгох хэмжээ, мян.төг /тоо болон үсгээр/:

Хяналт-шинжилгээний ажилд үлдээх мөнгөн хөрөнгийн хэмжээ /тоо болон үсгээр/:

Хяналтын хуудсыг баталгаажуулсан эрх бүхий хүний албан тушаал:

Овог, нэр, гарын үсэг:

/тэмдэг, гарын үсэг/

Төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл:

Төсөл хэрэгжүүлэгчийн албан ёсны нэр:

Улсын бүртгэлийн дугаар:

Дансны дугаар:

Банкны нэр:

Тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн нийт хэмжээ, мян.төг /тоо болон үсгээр/:

Буцаан олгосон мөнгөн хөрөнгийн нийт хэмжээ, мян.төг /тоо болон үсгээр/:

Хүлээн авагчийн овог, нэр:

Албан тушаал:

Гарын үсэг:

Тайлбар:

 

 

 

 

 

ТУХАЙН ЖИЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ТООЦОХ БҮРЭЛДЭХҮҮН, ЭЗЛЭХ ХУВЬ

 

Бүрэлдэхүүн хэсгүүд

Үнэлгээ

Эзлэх хувь

1

Сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

Маш их

50

2

Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний биелэлт

3

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн хэлэлцүүлгийн тэмдэглэл

4

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

5

Хог, хаягдлын менежментийн төлөвлөгөөний биелэлт

Их

24

6

Химийн бодисын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөний биелэлт

7

Нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

Дунд

16

8

Олон нийтэд тайлагнах хуваарь, төлөвлөгөөний биелэлт

9

Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт

Бага

10

10

Түүх, соёлын өвийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт